
“ХҮН ТӨВТЭЙ ХОТ”
Түрээслээд өмчлөх, орлогод нийцсэн орон сууц зэрэг төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна
Нийслэл хотын орчны бохирдлыг бууруулах, иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор орон сууцжуулах бодлогыг олон талт хэлбэрээр хэрэгжүүлж эхэллээ. Тухайлбал, Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг батлуулсан. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 114 дүгээр тогтоолоор “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу 2019 оны долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 05-ны өдрийн хооронд 35058 иргэн хүсэлт ирүүлснээс журамд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу эхний ээлжинд 580 иргэнийг сонгон шалгаруулж орон сууцанд хамрууллаа.
Түүнчлэн бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууцыг нийлүүлэх, шинэ суурьшлын бүсэд орон сууц барьж байгуулах, түрээсийн орон сууцны олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа спорт цогцолбор орчимд 940 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны шавыг өнгөрсөн тавдугаар сард тавьсан бол өдгөө барилга угсралтын ажил 90 гаруй хувьтай байна.
Хотын Захирагчийн санаачилгаар 33 чиглэлд сургуулийн автобус үйлчилж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотод анх удаагаа Сургуулийн автобус явуулж эхэллээ. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, сурагчдыг эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих боломжийг бүрдүүлэх зорилготой “Сургуулийн автобус”-аар ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 гаруй сурагчийг зөөж байгаа юм. Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгаанд үндэслэн 33 чиглэлд 40 автобус үйлчилгээнд гаргаад буй. Хамгийн том дэвшил нь эцэг, эхчүүд баар кодоор хүүхдийнхээ аюулгүй байдлыг хянах боломжтой бөгөөд хаана буусан, хаанаас суусан, автобусандаа байна уу, үгүй юу гэдгийг хянах юм. Хотын Захирагч С.Амарсайхан Сургуулийн автобусыг хөдөлгөөнд гаргах үеэр “Энэ ажлын хамгийн гол ач холбогдол нь хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байгаа явдал. Мөн эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчилнө. Түүнчлэн нийлслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зэрэг олон давуу талтай. Энэ бол эхлэл нь. Цаашид Сургуулийн автобусны тоог нэмэх талаар нийслэл хот анхаарч ажиллана” хэмээв.
“Нэг хот-Нэг стандарт” бодлогын хүрээнд тоглоомын талбайнуудыг стандартад нийцүүлэн шинэчилж байна
Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж,хэвшүүлэх зорилгоор Хотын Стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулаад буй. Тус газраас эхний ээлжинд нийслэл дэх хүүхдийн тоглоомын талбайнуудыг стандартад нийцүүлэх, худалдаа, үйлчилгээний газруудын бие засах газар, нийтийн жорлонг стандартад нийцүүлэн үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангах, зам барилгын ажил хийж буй байгууллага, аж ахуйн нэгжүүд иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хэрхэн хангах норм стандартыг баталж мөрдүүлэх зэрэг ажлууд хийгээд байна. Тухайлбал, хүүхдүүдийг осол, гэмтэлд өртөхөөс сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд хуучирч эвдэрсэн, засаж тохижуулах шаардлагатай байсан 258 тоглоомын талбайн судалгааг гаргаж, нэгдсэн стандарттай болголоо. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы ивээл дор “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын 500 гаруй төлөөллүүд хамрагдав.
Зургаан эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижууллаа
Эмнэлгүүдийн гаднах зам талбайн ногоон байгууламж, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, хатуу хучилттай зам талбай, авто зогсоол, орц гарцыг иж бүрэн тохижуулан, эмч, эмнэлгийн ажилчдын иргэдэд үзүүлэх үйлчилгээний ая тухтай байдлыг хангах ажлыг 2016 оноос хийж эхэлсэн. Тэгвэл 2019 онд Багануур, Багахангай, Налайх дүүргийн эмнэлэг, Улсын I төв эмнэлэг, Шүүх эмнэлэг, СЭМҮТ гэсэн 6 эмнэлгийн гадна зам, талбайн тохижилт, гэрэлтүүлэг, явган хүний зам, түргэний машины орц гарц, ногоон байгууламжийг иж бүрэн тохижуулахаар нийслэлийн төсөвт 2.0 тэрбум төгрөгийг батлуулсан бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас худалдан авах ажиллагааг зохион байгуулж, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
ОРЧИН ТӨВТЭЙ БОДЛОГО
Улаанбаатар хот дэлхийн хамгийн утаатай хотуудын “хар жагсаалт”-аас хасагдлаа
2019 оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, хэрэглэхгүй байх Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, сайжруулсан түлшний түгээлт, борлуулалтын ажлыг нийслэл хот хариуцан ажиллаж буй. Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар НОБГ, НМХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар болон ЦУОШГ-аас иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэл хүргэж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 3000 орчим ажилтан алба хаагч гэр хорооллын айл өрхүүдээр орж, сайжруулсан түлшний хэрэглээ, ханан пийшингийн зөв галлагааны талаар мэдээлэл, зөвлөмж өгч ажилласнаар өдгөө угаарын хийн дуудлага эрс багаслаа. Нийслэлчүүд хамтдаа хүчээ нэгтгэн ажилласны үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс буурч, хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын жагсаалтаас хасагдав. Энэ оны арваннэг, арванхоёрдугаар сарын агаарын чанарын голлох үзүүлэлт буюу PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40-60 хувиар буурсан бол PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор 30-50 хувиар буурлаа.
Төв цэвэрлэх байгууламжийн Лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орлоо
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд анх удаагаа Лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж, ашиглалтад орууллаа. Лаг усгүйжүүлэх байгууламж нь хоногт 2500 м3 лаг хүлээн авч усгүйжүүлэх хүчин чадалтай. Лаг усгүйжүүлэгч центрфугийн ажиллах зарчим нь төвөөс зугатах хүчний үйлчлэлийг ашиглан лагийг усгүйжүүлдэг. Нэг минутад 1000-4000 удаа эргэлдэж ус лагийг тус тусад ялган гаргах зарчмаар ажилладаг. Байгууламжид ирэх илүүдэл лагийн чийглэгийн хэмжээ 99 хувь, түүхий лагийн чийглэгийн хэмжээ 94-96 хувь бөгөөд дээрх хоёр төрлийн лагийг усгүйжүүлсний дараа 70 хувь хүртэл чийглэгтэй болох юм. Түүнчлэн илүүдэл лагийн хэмжээ 50 дахин, түүхий лагийн хэмжээг 5-8 дахин, үнэрийг мөн төдий хэмжээгээр бууруулах нөхцөлийг бүрдүүлснээр Улаанбаатар хотын иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүллээ.
380 жилийн ойн хүрээнд хөшөө дурсгалуудыг сэргээн засварлав
Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын хүрээнд соёлын өвийг сэргээн засварлах, сурталчлан таниулах олон арга хэмжээ багтсан. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд 10 гаруй хөшөө баримлуудыг сэргээн засварласны зэрэгцээ их зохиолч, нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөг шинээр бүтээн сүндэрлүүлээд байна. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2019 оны А/55 дугаар тушаалын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу Богд хааны музей орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлж, Үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсны ойн өдрөөр эхний хөшөө дурсгалыг нээх гэж байна. Богд хааны хөшөө барих ажлын явц 80 гаруй хувьтай, хөшөөний суурийн бетон цутгалтын ажил, гэрэлтүүлгийн кабел татах ажил, газар шороо тэгшлэн нягтаршуулах ажил хийгдэж дуусаад байна.
Нийслэлд анх удаа 7.1 км урттай дугуйн болон явган хүний зам тавилаа
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хот энэ жил дугуйн зам болон явган хүний зам тавих ажилд анх удаагаа 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дорвитой бүтээн байгуулалт өрнүүллээ. Тодруулбал, Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл 7,1 км урттай 1,5м өргөнтэй явган зам, 1,5м өргөнтэй дугуйн зам барих иж бүрэн ажлын тендер зарлан, “Алтай рөүд” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллаж байна. Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний баруун талд Туул голын урд эрэг дагуух 1,7 га газарт амралт, спортын талбай байгуулах тохижилтын ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулж тендер зарлан, ажлыг ирэх хавар эхлүүлэхээр болов.
“ТӨЛӨВЛӨЛТ ТӨВТЭЙ ШИЙДЭЛ”
Налайхын зам, Сонсголонгийн гүүр, Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалт дуусаж, хөдөлгөөнийг нээв
Налайхчууд төдийгүй нийслэлчүүдийн хувьд олон жилийн турш хүлээлт үүсгээд байсан Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг 6 сарын дотор гүйцэтгэж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээв. Ингэснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэн, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигчдын аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон давуу талтай. Мөн босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын транзит ачаа тээврийг нэвтрэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлж буйгаараа онцлогтой.
Мөн Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалтыг 6 сарын дотор хийж гүйцэтгэн, хөдөлгөөнийг нээлээ. Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүрний ажилд Хятад, Монголын 500 гаруй инженер, техникийн ажилчид ажилласан бөгөөд Ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс гүүрэн гарцад 100 жилийн баталгаа өгсөн. Нээлтийн ажиллагааны үеэр хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлчүүд та бидэнд тулгамдсан олон асуудал бий. Тэдгээрээс агаарын бохирдол, автомашины түгжрэл нь та бидний эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, санхүүгийн дайсан болоод байна. Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн удирдлагууд эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ гүүрэн гарц нээгдсэнээр Энхтайваны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулах боломжтой” хэмээв.
Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн усан сан, насос станцыг барьж, ашиглалтад орууллаа
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дэд бүтцийн болон бусад хөгжлийн асуудлуудыг ижил тэнцвэртэй хангах зорилготой Сэлбэ, Баянхошууны дэд төвийн ажил 70 орчим хувьтай хэрэгжиж байна. Өнгөрсөн есдүгээр сард Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сэлбэ дэд төвд 1000м3 хүчин чадал бүхий усан сан, насос станцын барилгыг барьж ашиглалтад оруулснаар Сэлбэ болон Дамбадаржаа дэд төвийн иргэд, оршин суугчид ундны усны эх үүсвэрээр хангагдах боломж нээгдэв. Түүнчлэн Баянгол дүүргийн 22 дугаар хороо буюу Баянхошуу дэд төвд 1000м3 хүчин чадалтай усан сангийн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, үйл ажиллагааг эхлүүлснээр Баянхошуу дэд төвд оршин суугаа 3.466 өрхийн 13.163 иргэд ундны цэвэр усны эх үүсвэрээр хангагдах боломж бүрдлээ.
УСУГ-т Хяналт, нэгдсэн удирдлагын Скада систем нэвтрүүлснээр усны алдагдал буурлаа
Улаанбаатарчуудын хувьд ундны усны аюулгүй байдлыг хангах, нөөцөө хянах, усны алдагдлыг бууруулах явдал нэн чухал байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн жилээс эхлэн Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулах дэд төслийн хүрээнд 4 насос станцуудад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, түгээх сүлжээний удирдлагын болон хэмжих худгуудын барилга угсралт, УСУГ-ын удирдлагын төвд СКАДА систем, шилэн кабель болон усны алдагдлыг илрүүлэх систем суурилуулах ажлуудыг хийж эхэлсэн бөгөөд 2019 онд 100 гүйцэтгэж дуусгалаа. Мөн төвийн эх үүсвэрийн цахилгаан хөдөлгүүрт “Harvest Schneider” брэндийн давтамж хувиргагч суурилуулснаар 3 насос хөдөлгүүрийг удирдан ажиллуулах бүрэн боломжтой боллоо. Ингэснээр 3 жилийн дунджаар 1м3 усыг 0.64кВт.ц эрчим хүчээр олборлон түгээдэг байсан бол 2018 оноос 0.51кВт.ц болж 0.12кВт.ц эрчим хүчний хэмнэлттэй ажиллаж эхэллээ. Түүнчлэн олон жилийн насжилттай төвийн шугам сүлжээний доторлогоог сүүлийн үеийн дэвшилт технологиор хийж гүйцэтгэв.
Газар чөлөөлж нийтийн эзэмшлийн спорт талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна
Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрыг хувийн эзэмшилд олгосон байсныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн тавдугаар сард зөвшөөрлийг нь цуцалж, хот мэдэлдээ буцаан авсан билээ. Түүнчлэн “Улаанбаатар” зочид буудлын урд талын цэцэрлэгт хүрээлэн, УДЭТ-ын өмнөх цэцэрлэгт хүрээлэн болон хуучнаар “Гутлын 22” буюу Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн зэрэг нийтийн эзэмшлийн гудамж талбайнуудыг хувийн эзэмшилд олгосон байсныг цуцалсан.
Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгжүүд эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглалгүй эзэнгүй орхигдуулж хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар 5 байршилд газар чөлөөлөн, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн IV хороо, “Дипломат-95” дугаар байрны гадна талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн, Баянзүрх дүүргийн IV хороо, ХХЕГ-ын баруун талд хөл бөмбөгийн талбай, залуучуудад зориулсан скитийн талбай, иргэд олон нийтэд зориулсан амрах талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг иж бүрэн тохижилтын ажлуудыг эхлүүлээд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.12.27 БААСАН №257 (6224)








