
Д.ЖАВХЛАН, Ч.ОЛДОХ
Монголын сонирхогчдын боксын холбооноос тамирчдынхаа бэлтгэлийг өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар Орхон аймаг дахь Спорт, сургалт бэлтгэлийн “Олимп” бааз дээр хийгээд иржээ. Энэхүү цугларалтыг Монгол Улсын Ардын багш, Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Д.Банди удирдсан юм. Түүнтэй ярилцлаа.
-Бокс сонирхогчид, тамирчдын дунд “Банди багшийн бэлтгэл өөр шүү” гэсэн яриа, түүнд хамрагдах гэсэн тамирчдын хүсэл эрмэлзэл их байгаа нь анзаарагдсан. Тэгэхээр Эрдэнэтийн “Олимп” баазад хийсэн энэ удаагийн цугларалтад хэдэн тамирчин хамрагдав. Бэлтгэл хэр хангагдсан бэ?
-Боксын үндэсний шигшээ багийн тамирчид, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн хамтаар 40 хоногийн хамтарсан бэлтгэл хийлээ. Өсвөр үе, залуучууд, эмэгтэй шигшээ багийн тамирчид ч энэ удаагийн цугларалтад бүрэн хамрагдсан. Шагнал, урамшууллын журмаар тэмцээн, уралдаанд нэг, хоёрдугаар байрт орсон багийн дасгалжуулагч нарыг авч явж туршлага судлууллаа. Өмнө нь ийм том цугларалт болж байгаагүй. Энэ олон хоногийн бэлтгэл сургуулилт хийх нөхцөл бололцоогоор хангасан холбооныхоо удирдлагад нийт багш, дасгалжуулагчдынхаа өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна. Энэ жил боксын тамирчдын хувьд олон тэмцээнд оролцоно. Тэр бүх тэмцээний бэлтгэлийн суурийг энэ цугларалтаар тавьж өглөө. Бэлтгэл, сургуулилт гэж юу болох, дэглэм сахих гэж юу болох, бэлтгэлийг яаж хийдэг юм бэ, ямар сценариар явуулдаг вэ гэдгийг харуулсан. Зарим нь их гайхаж байна лээ.
-Одоо та бүхний өмнө байгаа хамгийн том тэмцээн юу вэ?
-Сондгой тоогоор төгссөн жил эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн тив, дэлхийн аваргын тэмцээн өнждөг боловч манай ширэн бээлийтнүүд энэ онд тун завгүй байгаа. Учир нь Азийн наадам, Армийн дэлхийн аварга, эмэгтэйчүүдийн тив, дэлхийн аварга, оюутны дэлхийн аварга, залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимп гээд уралдаан тэмцээн тасрахгүй чухал мөчүүд энэ онд тохиож байна. Залуучуудын дэлхийн аваргаас залуучуудын олимпод оролцох тамирчдыг сонгон шалгаруулна.
Түүнээс гадна 2016 оны Рио-де-Жанейрогийн олимп эхлэхэд хоёр жил үлдлээ. Тэгэхээр залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилт үндсэндээ олимпийн бэлтгэл рүү чиглэх учиртай. Өсвөр үеийн тамирчдын хувьд 2020 оны олимпийн бэлтгэл гэж ойлгож болно. Дэлхийд боксын спорт өндөр хөгжсөн улсууд 2012 оны Лондоны олимпийн маргаашаас эхлээд л Рио-де-Жанейрогийн бэлтгэлд гарчихсан. Бид тэднээс хоцорч болохгүй. Тэгэхээр одооноос эхэлж байгаа нь энэ. Холбооны зүгээс болон Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас энэ чиглэлд анхаарч байгаа.
-Таны хувьд хэсэг хугацаанд завсарлаад боксын Үндэсний шигшээ багтаа эргэж ирлээ. Таныг эзгүй байсан энэ хэдэн жил боксын спорт тодорхой хэмжээнд уналтад орсон гэж бокс сонирхогч, ажиглагчид дүгнэдэг. Тамирчдын үзүүлсэн амжилт ч үүнийг харуулж байгаа?
-Би 1966 онд УБДС-ийн математикийн ангийн хоёрдугаар дамжааны оюутан байлаа. Нэг өдөр хичээлдээ очтол “Боксын дугуйлан хичээллэнэ. Сонирхож байгаа оюутнууд ирж бүртгүүлнэ үү” гэсэн зарлал байсан. Тэр цагаас хойш би эргэлт буцалтгүйгээр өөрийн амьдралаа боксын спортод зориулсан. Одоо бараг 50 жил болох гэж байна. Энэ спортод би хагас зуун жил зүтгэлээ. Үүнээс 10 гаруй жилийг нь боксын спортын тамирчин, боксчин Д.Банди нэрээр үджээ. Үлдсэн 30 гаруй жилд нь боксын дасгалжуулагч хийлээ. Энэ дотроо шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2005-2010 он хүртэл ажилласан. Харин 2010 онд эрүүл мэндийн шалтгаанаар тэтгэвэрт гарсан даа. Энэ хооронд таван жил болжээ. Манай боксчдын оргил амжилт намайг тэтгэвэрт гарснаас хойш дагаад огцом буурсан. Би үүнийг тоо баримтаар батална /Монголд боксын спорт үүсч хөгжсөн, тэмцээн, уралдаанд амжилт гаргасныг үечилсэн графикаар гаргаснаа үзүүлэв/. Өнгөрсөн жил манай боксчдын хувьд чухал жил байлаа. Тив болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Олимпийн дараа болсон гэдгээрээ чухал ач холбогдолтой юм. Гэтэл боксын холбоо шинэчлэгдэх гэсээр байтал нөгөө хэдэн тамирчид нь хэсэг хугацаанд хаягдлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, манайхан хугацаа их алдлаа.
-Таныг Үндэсний шигшээ багийг удирдаж байсан 2008 оны олимпийг монголчууд “Мартахын аргагүй олимп” гэж ярьдаг. Үнэхээр ч боксын спортоос олимпийн аварга, алт мөнгөн медальтнууд дараа нь Миланы дэлхийн аварга төрсөн амжилтын буухиатай он жилүүд байлаа. Гэтэл 2012 оны олимпод энэ үзүүлэлт буурч Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн бол 2013 оны дэлхийн аваргаас У.Мөнх-Эрдэнэ туршлага зааж хүрэл медаль авсан. Энэ бүхэн монголчуудад чамлалттай санагдаж байна. Энэ үзүүлэлтийг яавал ахиулах вэ?
-Тамирчдын амжилт багш, дасгалжуулагчтай холбоотой. Багш, дасгалжуулагчдынхаа мэдлэгийг, арга туршлагыг байнга дээшлүүлж, дэлхийн хэмжээнд барьж байхгүй бол их амархан доошилдог. Энэ чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Манай холбооныхон энэ чиглэлд санаа тавьж, ажиллаж байгаа.
-Асуухгүй байж боломгүй бас нэг асуулт бол 2012 оны Лондоны олимпод монголчууд П.Сэрдамбыг мөнгөн медалийнхаа өнгийг өөрчилнө гэж итгэж байсан. Гэтэл дэлхийд танил болоогүй шинэ тамирчинд “нухуулчихсан”. Тэр үед олон хүн “Банди багш байсан бол нэгдүгээр үеийн дараа зөвлөгөө өгөөд П.Сэрдамбын өөрийнх нь тоглолтыг гаргах байсан. Дасгалжуулагч нар ажилласангүй” гэж шүүмжилдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-2008 оны олимп, Миланы дэлхийн аваргын дараа Монголын бокс дэлхийд эхний гуравт эрэмблэгдэж байсан. Э.Бадар-Ууган, П.Сэрдамба гээд манай тамирчид жиндээ чансаагаараа дэлхийд тэргүүлдэг болсон. Энэ бүхнийг дасгалжуулагчийн нүдээр харвал манай тамирчид ноён оргилд нь хүрчихсэн байсан. Дасгалжуулагч, тамирчин хоёулаа шүү дээ. Гэтэл 2012 оны олимпийн үеэр өмнө хүрсэн оргилоосоо бид инерцээрээ унаж эхэлсэн. Үүнд эргээд л нөгөө дасгалжуулагч, тамирчин хоёр л буруутай. Монголчуудын хувьд П.Сэрдамбыг медаль авна гэдэгт итгэлтэй байсан. Ямар тоглолт гарсныг би та бүхний нэгэн адил телевизээр харж байсан.
-Олимп, дэлхийн аваргуудын залгамж халаа болсон тамирчид таны шавь нарын дунд бий. 2016 оны олимпод Бээжингийн олимпийн амжилтыг давтахыг ч үгүйсгэхгүй. Багш, дасгалжуулагчдын хувьд ямар арга, тактикаар ажиллаж байна вэ?
-Тэр тухай хэлэхэд эрт байна. Ямартай ч өмнө нь бэлтгэл, сургуулилтаа сайн хийх хэрэгтэй. Сая Эрдэнэтэд хийсэн бэлтгэл бол эхлэл юм. Бэлтгэл сургуулилтын дөнгөж суурийг л тавьсан гэж ойлгож болно.
-2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Олон улсын боксын холбооноос гаргасан шинэ дүрмээр боксчид толгойны хамгаалалтгүй тулалдах болсон. Энэ нь манай тамирчдын амжилтад хэр халтай бол?
-Тоглолтын ур чадварт нэг их ялгаа гарахгүй л болов уу. Бага зэргийн бэртэл, гэмтэл авах нь ажиглагдаж байна. Цаашид бид шинэ дүрэмдээ дасан зохицож, бэлтгэлээ тааруулж, техникээ сайжруулна. Өмнө нь толгойны хамгаалалттай тулалддаг байхад боксчид ихэвчлэн ойрын зайнаас хүч үздэг байсан бол одоо хөмсөгний бэртэл авахаас зайлсхийх маягтай зай авч тулалддаг болоод байгаа. Тиймээс хөлний ажиллагаандаа тулгуурлаж бэлтгэл сургуулилтаа төвлөрүүлэх хэрэгтэй юм. Бас онооны шүүлтийн шинэ дүрэм бидний бэлтгэл сургуулилтад багагүй хөдөлгөөн оруулсан.
-Өнөөдөр Монголын ширэн бээлийтнүүдийн дунд лидер тамирчин хэд байна вэ?
-Байлгүй яах вэ. Н.Төгсцогт маань 2016 оны олимпод медалийнхаа өнгийг хувиргах өндөр магадлалтай боксчин. Түүнчлэн У.Мөнх-Эрдэнэ гэдэг “хатуу самар”-ыг мартаж болохгүй. Нас нь хэдий явсан ч түүний туршлага, ур чадвар хэвээрээ байна.
-Өнөө цагийн шилдэг боксчин Отгондалай, Жавхлан нарыг тэдний шийрийг хатаах сайн тамирчид хэмээн яриад байгаа?
-2005 онд намайг шигшээ баг ахлаж байх үед хүмүүс Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарын амжилт гаргах юу л бол гэдэг байлаа. Би энэ талаар “Энэ л миний ертөнц” номдоо товч дурдсан. Би боксчдынхоо сэтгэл зүйг үргэлж өөдрөгөөр цэнэглэдэг хүн. Тэр хэрээр хүүхдүүд маань хийморьтой тулалддаг. Зарим дасгалжуулагч хүүхдүүдтэй харьцахдаа ширүүн дориун байх юм. Би үүнийг их гайхдаг. Яахав залуу хүн болсон хойно алдаж эндэлгүй яахав. Сүүлийн үеийн дасгалжуулагч нар тамирчдынхаа гаргасан өчүүхэн алдааг зарим үед мартах хүн чанар дутагдаад байна уу даа. Загнаж, зандарснаар тамирчны амжилт сайжрах нь юу л бол. Шүүмжлэл бол арай өөр хэрэг. Би тамирчдаа аль болох вакум орчинд байлгах гээд байдаг хүн. Тэмцээний өмнө боксчдын сэтгэл зүйг хадгалж, хайрлана гэдэг тун чухал юм. Залуу тамирчид өөр орчинд очмогцоо автобусны цонхоор тэндэхийн барилга, байшинг харж, өөрт ашиггүй зүйлд хөөрч, энергиэ дэмий үрэх гээд байдаг юм. Бэлтгэл нь жигдэрсэн тамирчин андашгүй. Уяа сойлго нь таарсан морь уяан дээрээ зүүрмэглэж босоогоороо унтаж байдаг шиг тэр болгонд анхаарал хандуулж сүйд болоод байдаггүй.
-Бэлтгэл муу хангасан тамирчин ямаршуухан ааш зан гаргадаг бол?
-Андашгүй шүү, нэг их сэлбэлзээд, олон юм руу үсчээд тогтох янзгүй байдаг юм. Ринг рүү бушуухан гарах гээд нэг их яарна. Тэр хэрээр нөөц нь шавхагддаг байхгүй юу. Ингэж байгаа хүн бол айдастай, түүнээ нууж ядан гаднаа дүр эсгэж, талчиганаж байгаа хэрэг. Айдас багатай хүн бол эсрэгээрээ дөлгөөн тайван, тэр хэрээр зоригтой байдаг. Тамирчны сэтгэлзүйн энэ байдал дээр дасгалжуулагч ажиллах ёстой. Тэгэхээр тэмцээн уралдаанд туршлагатай болгоныг авч явах хууль байхгүй. Хэн сэтгэл зүйн бэлтгэл сайн хангасан нь рингэнд улам жавхаатай тулалддаг. Хүний био римтийг олон өдрийн өмнөөс судалж, түүнд тааруулан ачаалал өгөх нь дасгалжуулагч хүний ухаан юм. Жишээ дурдахад З.Энхзориг, У.Мөнх-Эрдэнэ нарын сэтгэл зүйн тулааны ялагч нь эх орондоо цорын ганц медалийг салхилууллаа. Түүнээс биш хоёр боксчны туршлагын ялгааг хэнбугай нь ч ялгаж чадахгүй.
-Дэлхийн аваргын өмнөхөн хоёр боксчны дунд халз тулаан хийлгэх ер нь зохимжтой юу?
-Бээжингийн олимп эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө би Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Энхзориг, У.Мөнх-Эрдэнэ нарыг Украин руу авч яваад тэмцээнд оруулж байлаа. Тэр нь буруудсан бол тэд олимпийн наадмын шигшээ тулаанд үлдэх байсан уу. Манай дөрөв Украины рингэнд ёстой үзүүлж өгсөн шүү дээ. Тэгэхээр хоёр боксчны дунд халз тулаан хийсэн нь У.Мөнх-Эрдэнийн авсан медалийн замыг зассан байж ч мэдэх талтай.
-Боксчдынхоо амжилтын төлөө монголчууд төдийгүй төр, засаг маань нэг л хүний амыг харж, үгийг нь сонсох ёстой гэдгийг сүүлийн жилүүдэд нийтээрээ ойлгож, бас хүлээн зөвшөөрч байна. Энэ хүн бол та. Монголчууддаа, төр, засагтаа хандаж та юу гэж хэлэх бол?
-Монгол Улс дэлхийд спортоор өндөр хөгжилтэй болсон орнууд шиг дасгалжуулагчаа анхаараач, хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлээч, ингэж спортоо тууштай, амжилттай хөгжүүлээч гэдэг үгийг би олон удаа хэлсэн дээ. Манайх энэ чиглэлд алданг ононг яваад байна. Юуны түрүүнд анхаарах зүйл бол энэ. Би 2000 оноос хойш энэ тухай ярьсан. Өмнө нь манайхан тамирчид, дасгалжуулагчид гэж багш нарыг дандаа хойно нь ярьж ирсэн. Тэгвэл сүүлийн үед дасгалжуулагч, тамирчид гэж багш нарыг өмнө нэрлэж, ярьдаг болсон байна лээ. Энэ бас нэг алхам юм уу даа. Миний үед тамирчдынхаа шагналаас нь гуйж авдаг байсан бол одоо тамирчдын шагналын 50 хувьтай тэнцэх урамшууллыг төр, засгаас дасгалжуулагч нарт олгодог болжээ. Одоо Монголын спортыг өөд нь гаргая, дээшлүүлье гэвэл, дасгалжуулагч нарыг бодлогоор анхаарч, мэдлэг, боловсролыг нь байнга дээшлүүлж, нийгмийн асуудлыг нь шийдэж өгч, шагнал урамшууллыг тамирчныхаас нь илүү хэмжээгээр өгч, нэг номерт авч үзэх ёстой, тэр хэмжээгээрээ тэр хүнээс амжилт шаарддаг байх учиртай. Ингэж байж Монголын спорт өндөр төвшинд, тууштай хөгжинө.