Б.НАМУУНТАМИР
Үндсэн хуулийн цэцийн гадаа өнөөдөр /08.30/ Улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл Үндсэн хуулийн цэцийн бие бүрэлдэхүүнд өөрсдийн байр суурь, албан ёсны хүсэлт шаардлагыг өгөхөөр жагслаа. Тэдний байр суурийг хүргэж байна.
МАХН-ын дарга Н.Энхбаяр: Шүүхийн бүгд найрамдах улс байгуулах гээд байна

-Шүүхийг ард түмэн сонгоё, парламентаа хоёр танхимтай болгоё гэхчлэн нэн чухал асуудлуудыг хэлэлцэхгүй байна. Зөвхөн өөрсдийн ажиллах хугацааг зургаан жил болгоё, намын дарга дуртай хүнээ Засгийн газрын гишүүнээр авдаг болно гэж байна. Үндсэн хуулийг өөрсдөдөө тааруулж, өнгөцхөн засах гээд хэрэггүй. Үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Үндэсний их хуралдай байгуулж байж, ард түмэнтэйгээ хамт, шийдэх ёстой. Эхний хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэг буюу хэд хэдэн төсөл байгаа бол түүнийг нэгтгэх ёстой байсан. Нэгдүгээрт, эхний хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэг буюу хэд хэдэн төсөл байгаа бол түүнийг нэгтгэх ёстой байсан. Дараагийн яригдаж байгаа зүйл бол УИХ-ын гишүүний тоог 99,108 болгоё гээд байгаа. Эрдэмтэд ард түмний тоогоор парламентын гишүүд хэд байх ёстой юм бэ гэдгийг судлаад нарийвчлаад заагаад өгчихсөн байдаг. Тэр тоон дээр Монголд 45-55 гишүүн байвал хангалттай гэж үздэг. Хамгийн гол нь УИХ-ын гишүүн хариуцлагатай байх ёсой. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Үүнд УИХ-ын гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үедээ ийм асуудлуудаар санаачлага гаргаж болохгүй гэж заасан байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг өргөтгөх, эсвэл үүрэг хариуцлагыг сулруулж болохгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудлыг гишүүн өөрөө санаачилж болохгүй юм. Гэтэл ийм зөрчил гаргасан. Одоо үйлчилж байгаа хуулиараа УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болно. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болно гээд зохицуулалт бий. Гэтэл одоо өргөн барьж байгаа энэ төсөлд дөрвөн гишүүн Ерөнхий сайдтайгаа нийлээд таван хүн давхар дээлтэй байж болно гэжээ. Энэ нь өөрөө УИХ-ын гишүүний эрхийг ямар нэгэн байдлаар өргөтгөх, эсвэл хариуцлагыг сулруулах ажил хийгдэж байна шүү дээ.МАН-ын 62 бүлэг, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд Монгол Улсад үндсэндээ Шүүхийн бүгд найрамдах улс байгуулах гээд байна. Хоёр улс Монгол Улсын нутаг дэвсгэрт байж болохгүй. Төрийн өмч гэдгийг төрийн нийтийн өмч болгочихсон. Нийтийн өмчид дөрвөн хэлбэр хамаарна. Нэг нь төрийн өмч, шашны байгууллагын өмч, төрийн бус байгууллагын өмч, орон нутгийн өмч гэж заасан байгаа. Ийм байдлаар байгалын баялгыг төрийн нийтийн гэсэн томъёоллоор ард түмнээс холдуулж, өөрсдөө идэх арга, эрх зүйн үндэсээ бий болгохоор “нийтийн” гэх гоё үгийг ашиглан өмчийн хэлбэрээ бий болгоод байна. Тиймээс Үндсэн хуулийн цэц бол зүгээр нэг цэг таслал хөөцөлдөөд байдаг байгууллага биш. Доторх зүйл заалт нь Үндсэн хуулийн гол гол зарчмуудыг зөрчсөн бол УИХ-д маш яаралтай санамж бичиг өгөх ёстой. Үүн дээр анхаараарай, үүнийгээ зас гэх мэтчилэн. Засахгүй бол хүчингүй болгох хүртэл үүрэгтэй. Гэтэл одоо ажлаа хийхгүй, халаасны томилгооны ажилчид учраас дарга нарынхаа эрх ашгийн төлөө хууль бус үйлдэл хийгээд байна” гэлээ.
МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Улстөрийн захиалгат үйл ажиллагаа явуулдаг болчихсон

-Сүүлийн хэдэн жил Үндсэн хуулийн цэц бол улстөрийн захиалгат үйл ажиллагаа явуулдаг, эрх мэдэлтний хүсэлтийг хангадаг, халаасны томилгоо их хийдэг болсон. Үүний нэг жишээ бол Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хуулиа зөрчин, хууль бусаар хоёр дахь хэлэлцүүлэг яваад байхад үүнийг зогсоох, болиулах, засаж залруулах арга хэмжээ авахгүй байгаа учраас шударга үнэний дуу хоолой болж, өнөөдрийн нийгэмд ард түмнээ төлөөлөн Монгол Улсын бүх нутагт байгаа ард иргэдийнхээ саналыг авч Үндсэн хуулийг боловсруулсан МАХН-ын зүгээс энэхүү хууль бус үйлдлээ таслан зогсоож, Үндсэн хуулийн цэц үүргээ гүйцэтгээсэй гэсэн үүднээс жагсаж байна. УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлгийн хоёр дахь шат явж байгаа. Энэ хэлэлцүүлэг нь өөрөө Үндсэн хуулинд нэмэлт өөрлөлт оруулах тухай хуулийг ноцтойгоор зөрчин хэлэлцүүлгийг хийж байгаа. Хуулиндаа хэлэлцүүлгийн нэгдүгээр шатандаа саналуудаа аваад, ард түмнээр хэлэлцүүлээд нэгтгэж нийлүүлсэн нэг төслийг хоёр дахь шатны хэлэлцүүлэгт оролцуулах журамтай үүнийг зөрчөөд байна. Анх МАН-ын бүлгийн 62 гишүүн хуулийн төслийг өргөн барьсан. Нэгдүгээр шатанд уг төслийг хэлэлцүүлэх явцад Ерөнхийлөгч дахин нэг хуулийн төслийг өргөн барьсан. Хоёрдугаар шатны хэлэлцүүлэгт хоёр хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Нэгтгэж нийлсэн юм байхгүй, аль хуулийн төслөөр явах гээд байгаа нь мэдэгдэхгүй байдалтай байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийлээ ч ард иргэдийнхээ амьдралд нэмэр болохуйц дорвитой өөрчлөлтийг хийж чадаж байгаа юу гэдэг нь харамсалтай нь үгүй. Энэ төсөлд өөрсдийн албан тушаал, эрх мэдлийг зузаатгах, төрийн дээр нам ноёрхох гэсэн, ялсан намын дарга нь засгийн газар, шүүх бүрэлдэхүүнээ сонгодог хэмжээлшгүй их эрх мэдлийн төлөөх хуулийн заалтууд байгаа юм” гэлээ.
Доктор Д.Дуламсүрэн: Үндсэн хуулийг өөрчлөх нэрийдлээр төрд их эргэлт хийгдэх гэж байхад
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Энэ нь Монгол орны эдийн засаг өөрчлөлтөд хэр зэрэг нэмэртэй вэ? гэдгийг хэлэлцэж байна. Үндсэн хууль гэдэг нь ард түмэнтэй байгуулах гэрээ гэж үзэж байна. Тиймээс Үндсэн хуулийн цэц гол үүрэг гүйцэтгэх ёстой. Хоёр гурван сар нэмэлт өөрчлөлтийн тухай яригдаж байхад хариуцлагагүй, таг дүлий байгаад байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Бидний татварын мөнгөөр цалинжиж байж, Үндсэн хуулийг өөрчлөх нэрийдлээр төрд их эргэлт хийгдэх гэж байхад хууль бус өөрчлөлтүүдийг нь дэмжсээр байгааг эсэргүүцэн шаардлага хүргүүлж байгаа”
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар: Гишүүдийн тоо монголчуудын бухимдлыг төрүүлж байна

-Улстөрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд Үндсэн хуулийн цэцэд шаардлага хүргүүлж байгаа. Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд байхгүй байна. Цаг гаран хүлээлээ. 76 гишүүнийг 99 болгоё хэмээн гурван сая Монголчуудын бухимдлыг төрүүлж байна. Удаа дараа ирэхэд бидэнтэй уулздаг хүн байхгүй байна. Энэхүү шаардлагаа зөвхөн Үндсэн хуулийн дарга, эсвэл түүнийг орлож байгаа цэцийн гишүүдэд өгөх гээд цаг товлохоор боллоо. Яг хэзээ хэдээс гэдгээ эргээд олон нийтэд мэдэгдэнэ.
Ийнхүү цаг гаран үргэлжилсэн Улстөрийн намууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл өөр өөрсдийн үзэл бодол, санал санаачлагаа Үндсэн хуулийн цэцийн гадна хүргэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn