Б.ДОЛЖИНЖАВ
Үлэг гүрвэлийн олдвороороо Азидаа дээгүүрт бичигддэг манай улсаас олдсон үлэг гүрвэлийн ховор нандин олдворуудыг хадгалж байдаг ганцхан газар нь Үлэг гүрвэлийн төв музей юм. Тус музей 2013 онд соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэн баримтжуулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, палентологийн олдворыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор байгуулагдсан. Жуулчид ихээр ирдэг энэ улиралд тэдний хамгийн түрүүнд очихыг хүсдэг газар болох “Үлэг гүрвэлийн төв музей”-гээс “Polit”-ийн нэг өдрийн сурвалжлагаа бэлтгэлээ.
Музейн I давхарт байрладаг “Цэрдийн галвын гайхамшиг“ танхимын төв хэсэгт маш том үлэг гүрвэлийн араг яс бүхий үзмэр байдаг. Урд хоёр хөл нь богино, хойд хоёр хөл нь урт, урт сүүлтэй, амаа ангайсан байдалтай аварга үлэг гүрвэлийн энэ үзмэр гадаад, дотоод гэлтгүй хүн бүрийн нүдийг булаана. Хүн төрөлхтөн үүсэхээс өмнө энэ амьтан амьдарч байсан гэхэд итгэмээргүй. Үзмэр үзэхээс илүү тухайн цаг үед нь очоод дэргэдээс нь бодитоор хармаар хүсэл төрнө. Энэ бол хуучин ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн палеонтологийн төвийн экспедицийн эрдэмтэд 1946 онд анх илрүүлсэн “Тарбозавр батаар” үлэг гүрвэл юм. “Тарбозавр батаар” нь 10-12 метр урт биетэй, дөрвөн метр өндөр, 2-3 тонн жинтэй, 65-71 сая жилийн өмнө амьдарч байжээ. Үзэсгэлэнд байгаа энэ олдворыг Өмнөговь аймгийн Нэмэгтийн давхаргадасаас олсон аж. Танхимд орж ирсэн хүн бүр хамгийн түрүүнд энэ үзмэрийг зорино. Шинэ танхимын нээлтийг тохиолдуулан очсныг ч хэлэх үү, гадаад болон дотоодын олон хүн музейг сонирхохоор ирсэн байв. Хэсэг гадаад хүмүүс “Тарбозавр батаар”-ын үзмэрийг удаан гэгч нь харж, энд тэнд гаран хоорондоо ярилцаж нэлээд удаан саатлаа. Жуулчид янз бүрийн зорилгоор Монголыг зорьдог ч зарим нь дан ганц үлэг гүрвэлийн үзмэрийг харах гэж ирдэг гэх юм билээ. Азийн үлэг гүрвэлийн холбооны дэд ерөнхийлөгч Юрий Болотский “Би зурагтаар үлэг гүрвэлийн тухай кино үзэх болгондоо үзмэрийг нь очиж харна гэж мөрөөддөг байлаа. Гэтэл 50 жил хүрэлгүй өнөөдөр миний мөрөөдөл биелчихлээ. Үнэхээр их баярлаж байна” гэдгээ танхимын нээлтийн үеэр хэлсэн юм. Музейн нэг чухал ажил нь үзмэрүүдийг сэргээн засварлах байдаг. Тэгвэл Юрийгийн хүү Иван Болотский музейн ажилчдад үзмэр сэргээн засварлах сургалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулжээ.
Цааш явбал шилэн хоргонд олон тооны үзмэрүүд байна. Гэхдээ эдгээр нь төв хэсэгт байрлуулсан үзмэртэй харьцуулахад бүтэн биеэрээ бус нуруу, толгой, хөл, гар гэсэн хэсэг хэсгээрээ олдсон хэдэн яснууд байх аж. “Завролофус” үлэг гүрвэлийн нялх зулзаганы олдвор байх агаад хэлбэр, дүрс нь мэдэгдэхгүй хэдэн яс харагдана. Үлэг гүрвэлийн өндөгнүүд дэлхийн өнцөг булан бүрээс олон янзын хэлбэр, хэмжээтэйгээр олддог. Манай улсын говь нутгийн Цэрдийн цаг үеийн олдворт газруудаас төрөл бүрийн өндөг болон өндөгний хальсны хэсгүүд олдож байжээ. Үүний нэг баталгаа болох өндөгний үүр ч “Дунд төрмөлийн эрин”-ий танхимд хадгалагдаж байдаг юм байна. Ийн бид II давхарт гарвал үлгэрийн гэмээр орчин биднийг угтсан нь өнгөрсөн онд нээсэн “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжлийн танхим” аж. Энэ танхимд геологийн хөгжлийн таван эринд хамаарах 12 галавт амьдарч байсан амьтан, ургамлын үүсэл хөгжил, хувьсалыг он тооллын дарааллаар панарома хэлбэрээр үзүүлсэн нь нүд булаам болжээ. “Эрт төрмөлийн эрин үе” хэсэгт ямар ч ан, амьтан үгүй цаст уул, гол, мөрөнг цэнхэр өнгөөр дүрсэлсэн байв. Цааш энэ зураг үлэг гүрвэл үүссэн үеийг харуулна. Тэгээд загас, арслан заан гэсэн амьтад үүсч буйгаар энэ панарома дуусна. Яг тухайн ууланд оччихсон, нуурынх нь дэргэд зогсч байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлэхүйц бодитойгоор дүрсэлжээ. Харин танхимын төв хэсэгт Өмнөговь аймгийн Нэмэгтийн давхаргадаас олдсон “Завролофус” үлэг гүрвэлийн үзмэрийг байрлуулсан байх агаад түүнийг тойруулан эрдэс чулуулгын олдворуудыг тавьсан байлаа.
Саяхан нээлтээ хийсэн “Эрт төрмөлийн эрин үе” шинэ танхимаар зочиллоо. Энэ танхимд 252 сая жилээс 4.6 тэрбум жилийн өмнөх геологийн хөгжлийн эрин, галвуудад амьдарч байсан эртний амьтан, ургамлын үүсэл, хөгжлийг сэргээн босгосон баримал, зураг болон чулуужсан олдворуудыг дэлгэжээ. Хүн төрөлхтөн үүсэхээс дөрвөн тэрбум жилийн өмнө үлэг гүрвэл үүсэхээс ч өмнө амьтан, ургамал ямар хэлбэр, дүрстэй хэрхэн оршиж байсныг харах боломжийг энэ танхим бүрдүүлсэн байв. Он тооллоор дэлхийн үүслийг эрт төрмөлийн, дунд төрмөлийн, шинэ төрмөлийн эрин гэж гурав ангилдаг аж. “Эрт төрмөлийн эрин үе” бол архей, протерозой, палеозой гэсэн гурван эрин дотор багтах амьтан, ургамлын эрдэс чулуулгын дээжийг харуулсан танхим юм. Хурдсанд хадгалагдсан бактери, дунг харуулсан энгийн ч шинжлэх ухааны ач холбогдолтой 300 гаруй үзмэрийг дэлгэсэн байв. Үүнээс гадна дахин шинэ танхим нээхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ талаар Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа “ Жуулчид их байгаа учраас өдөрт 100 гаруй үйлчлүүлэгч хүлээн авч байна. Сүүлийн 21 хоногт нийт 20 орчим сая төгрөг олсон. Дахин дөрвөн шинэ танхимыг 2021 онд багтааж нээнэ. Зургаан жилийн хугацаанд давтагдсан тоогоор сая гаруй хүнд музейгээ үзүүлж хагас тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна” гэж ярилаа. Анхны түр үзэсгэлэнгээ “Т.Батаар гэртээ ирлээ” нэртэйгээр нээж 120 сая төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлж түүхэнд байгаагүй дээд амжилтыг тогтоож байсан юм. Гэтэл энэ сарын 1-нээс тус музейг хаах тогтоол гаргасан байна. Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл ”Би өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нарын гаргасан музейг хаах тогтоолыг харлаа. Уг тогтоолыг долдугаар сарын 3-ны өдар гаргасан байгаа юм. Ийм бодлогын алдаатай шийдвэр гаргасанд би шүүмжлэлтэй хандаж байна” гэдгээ нээлтийн үеэр хэлсэн юм.
Үлэг гүрвэлийн өлгий нутаг гэдгийг батлах үнэт 1000 гаруй үзмэр, цуглуулгатай зарим нэг хүний мөрөөдөл болсон энэ музейг битгий хаагаасай хэмээн бодсоор бид буцсан юм.
Эх сурвалж: www.polit.mn