Уран зохиол: Даалимбан дээлийн учир

2019-02-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
 

Дэндэвийн ПҮРЭВДОРЖ (1933-2009 )

Яруу найрагч, уран зохиолч. Өвөрхангай аймгийн Бүрд суманд төржээ. 1957 онд Улаанбаатар хотын намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмын оройн дээд сургууль, 1965 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн. 1950 оноос уран зохиол туурвиж “Бяцхан аялал” (1956), “Хаврын дуу” (1956), “Улаан оч” (1958), “Талын туяа” (1960), “Жигүүрт цагаан гэр” (1966), “Нар тойрсон зам” (1970), “Сэгс цагаан Богд” (1976), “Зэсэн уулын бичээс” (1980), “Хөх даалимбан тэрлэг” (1983), “Хялар хатан” (1989), “Чингисийн тахилга” (1991), “Улаан гэрийн хоригдол” (2000), “Хөх үндэсний гал” (2003), “Бор гэрийн Богд” (2005) зэрэг ном хэвлүүлсэн. Мөн “Нүцгэн ноён”, “Хархорин” дуурьтай. Яруу найргийн “Болор цом” наадмын анхны (1983) тэргүүн шагналт. 1969 онд МЗЭ-ийн шагнал, 1981 онд Төрийн шагнал, 1996 онд Ардын уран зохиолч, 2009 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.

ДААЛИМБАН ДЭЭЛИЙН УЧИР

Гол төлөв бэсрэгхэн найраглал бичдэг учир, бичсэн зүйлээ эргэцүүлэн бодож энд “Хөх даалимбан тэрлэг” найраглалын тухай өгүүлбэл эрхбиш зохилтой мэт санагдав. 1963 оны өвөл Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж байсан оюутан ахуй цаг юмсан. Өвлийн амралтаар нутаг буцах болж, аян замын гараа бариа олонтаа болсон Ярославын галт тэрэгний буудлаас мордлоо. Галт тэрэгний нэгэн бүхээгт эдүгээ хошууч генерал Цэрэндорж гуай, Халх голын дайнд явсан, ахмад комиссар, хурандаа Пэлжээ гуай хоёртой аян замын ганзага нийлсэндээ би тун олзуурхав. Сибирийн урт замыг туулахад түшигтэй сайхан ах нартай гал нийлж, басхүү юм үзэж нүд тайлсан хүмүүсээс сонин сайхан зүйл сонсох хувь тохиолдсонд би тийнхүү олзуурхсан хэрэг. Үнэхээр ч миний санаа сэтгэлчлэн бүтэж билээ. Тав хоногийн аян багагүй боловч сонь буурахааргүй сайхан хууч дэлгэж, газар товчилсон санагдана. Бага залуугийн гэнэн томоогүй явдлаас эхлээд эр цэрэг, дайн тулаан, энэ орчлонгийн элдэв явдлыг эргэцүүлэн хүүрнэх нь юун эс мундах билээ. “Буурлаас сонс, буцалснаас амс” гэдэг үг юутай үнэн. Ялангуяа уран зохиолын хэрэгт сэтгэл шулуудсан хүнд уншигч хэмээн хэт даруухан нэрлэдэг зөвлөгч нараасаа үг дуулах гэдэг үнэхээр олз. Ухаан бодолдоо тунгаан авах уран санааны учиг тэндээс л олдоно. Тийн ахул “Хөх даалимбан тэрлэг” оёх утасны учгийг би энэ аянаас олж татсан юм. -Халх голын дайны үед фронтод дайтаж явсан цэрэг эрчүүдэд ар гэр, амраг садан, албан үйлдвэрийн газрын ажилчин, албан хаагчдаас үй олон захидал ирж “дайснаа дарж, дархан цолоо мандуулж” ирэхийг ерөөдөг байв. Тодорхой нэр хаягаас гадна “...дугаар ангийн дайчдад” гэж хаяглан захидал ирдэг байсан. Тэр ч байтугай сайхан дээл илгээдэг байлаа гэж тэд хуучлав. Дээл... ямар сайхан сэтгэл, яасан их хайр итгэл вэ! Ийнхүү би дээлийн учиг олов. Гэвч энэ дээлийг хэн хүний үр хэнд зориулж ямар эдээр яаж хийсэн, эзэн нь эдэлсэн эсэх гэх зэргээр мөшгин бодож олон оньсого тайлах хэрэгтэй болж билээ. Үүний учир утгыг ухаж олохыг ч ургуулан бодох гэж нэрлэдэг болов уу. Үнэндээ би уг дээлнээс учир холбогдлыг ургуулан бодох гэж олон жил мунгинасны эцэст 1969 онд уг найраглалыг бичсэн билээ. Тэгвэл учрыг хэрхэн ургуулан бодсон бэ? гэдэг асуулт гарна. Үүнд би товч хариулъя. Юуны урьд саях дээлийг оёсон эгэл сайхан монгол бүсгүй, эр цэргийн журамт гэргийн дүрийг оноож олсон маань дээр өгүүлсэн учгийг зөв татах шижим болсныг хэлэх хэрэгтэй. Нэгэн жишээг хэлье. Эхлээд би зохиолоо “Цэнхэр чисчүү тэрлэг” гэж нэрлэв. Энэ нэр чихнээ сонсголон, нүднээ содон санагдсаныг яана. Гэтэл цэргийн гэргий надад “Надад тийм сайхан чисчүү байхгүй. Надад хөх даалимба л бий. Миний нөхөр эгэл малчин. Ажил, гоёл хоёрын аль алинд нь ч таарах даалимбан дээл хийнэ” гэлээ. Ийнхүү тэр бүсгүй намайг эс сонсон даалимбан дээл эсгэсэн юм. Бүсгүйг ийнхүү дээлээ эсгэхэд нь түүний бодлыг би сэтгэл зүрхээрээ чагнан буулгаж билээ. Магадгүй үүний л хүчинд чухам дээл эсгэж буй тэр хэсэг арай оновчтой болж, монгол бүсгүйн дүр, түүний сэтгэлийн орчлонг нээн үзүүлэхэд гол судас болсон болов уу гэж санана. Найраглалын нөгөө нэгэн амин судас буюу өрнөлийн цэг нь хадам эцэг сумын төвөөс эмээлтэй морь хөтлөн ирж буй хэсэг юм. Энд би зохиолынхоо баатарт өөрөө уусан шингэсний хүчинд “төмөр дөрөө ёолон харшихыг” сонссон билээ. Найраглалын нэвтрэн гарах санаа нь дайны гай гамшиг. Чухамхүү энэ улаан шугамд л үйл явдлын үүсэл өрнөлийг түшүүлэн холбохыг би хичээсэн. Тэгэхдээ үйл явдлыг Халх голын дайны фронтын галын шугаманд бус ар талд өрнүүлсэн нь бас учиртай. Харийн дайсан халдаад ирсэн тэр цагт бүх орон даяар нэг сэтгэлээр эх орноо өмөөрөн боссоныг харуулахыг зорьсон юм. Нэг удаа уншигчдын уулзалт дээр “Та яагаад “Хөх даалимбан тэрлэг” найраглалынхаа хайртай баатрыг үхүүлчихсэн юм бэ” гэж асууж билээ. Тэгэхэд би “Үгүй ээ, би үхүүлээгүй. Японууд түүнийг алчихсан юм. Дайснууд түүнийг минь алчихсан юм” гэж хариулж байснаа санаж байна. Тийм ээ, дайснууд ард түмний маань шилдэг сайхан хөвгүүдийн амь насыг бүрэлгэсэн юм. Тийм ч учраас бид эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоо амь мэт хайрладаг билээ. Тийм ч учраас: ...Аавын үгүйд аав болсон Ард олноо хайрлаж яваарай Асар их үнээр олдсон Аз жаргалаа хамгаалж яваарай гэсэн эхийн бүүвэйг үр ач маань үүрд санаж яваасай гэж би хүссэн юм. “Хөх даалимбан тэрлэг” найраглал хэрхэн бүтсэн учрыг цухасхан хэлбээс ийм. Энд би хоёр зүйл санаа голлон хэлснээ эцэст дахин тодруулъя. Нэгдүгээрт, амьдралын үзэгдэл явдлаас утга учрын учгийг олж, уран сайхнаар ургуулан бодох, хоёрдугаарт, баатрынхаа дүрийг оноон олж, тэр дүрдээ уусан шингэсний үндсэн дээр дотоод сэтгэлийнх нь өчгийг сонсох ийм хоёр санааг онцлон хэлмээр байна. Уран зохиолын хэцүүхэн агаад сайхан ажилд авьяас билгээ сорихоор сэтгэл шулуудсан залуу нөхдөд минь өчүүхэн атугай ч тус болох юуны магад гэж нэгэн найраглал бүтсэн учрыг өгүүлэв. 1982 он
Яг тайлбар нь юу юм бэ ?
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

21 цаг 31 мин
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

22 цаг 1 мин
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

22 цаг 55 мин
Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Өчигдөр 11 цаг 54 мин
Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Өчигдөр 11 цаг 46 мин
Байнгын хороо: УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

Өчигдөр 11 цаг 35 мин
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

Өчигдөр 06 цаг 00 мин
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

Уржигдар 16 цаг 10 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

Уржигдар 14 цаг 27 мин