С.САРУУЛ
-ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД 10:00-16:00 ЦАГИЙН ХООРОНД АЖИЛЛАНА-
Шинэ жилийн өдрүүдэд эмнэлгийн байгууллагууд хариуцлагатай жижүүр гарган бэлэн байдалд ажиллана гэдгийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 2-ныг хүртэл өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллах юм байна. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төвүүд мөн дээрх цагийн хуваариар ажиллах аж. Мөн түргэн тусламжийн төв, дүүргийн хүүхдийн эмнэлгийн бэлэн байдлыг хангаж, хэвтэн эмчлүүлэх орны нөөцтэй байхыг үүрэгдсэн байна.
-ОНЦГОЙ БАЙДАЛ, ЦАГДААГИЙНХАН ӨНДӨРЖҮҮЛСЭН
БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАНА-
Цагдаагийн байгууллага баярын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийг аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлах юм байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдлагуудад үүрэг гүйцэтгэх үедээ албаны бэлэн байдал, сахилга хариуцлагыг чанд сахиж, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгожээ. Баяр ёслолын өдрүүдэд хулгай дээрмийн хэрэг нэмэгддэг тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/444 дүгээр тушаалаар өчигдрөөс албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Албаны өндөржүүлсэн бэлэн байдал 2019 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн 09.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
-СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААС 18 АВТОБУС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ-
Шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний 22:00 цагаас 2019 оны нэгдүгээр сарын 1-ний 01:00 цагийн хооронд төв талбайд болох шинэ жилийн баярын үйл ажиллагааны дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах дараах төлөвлөлтийг Нийслэлийн тээврийн газраас гаргажээ.
“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын үйл ажиллагаа өндөрлөхөд Улаанбаатар хотын 18 чиглэлд 18 автобус Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу дараах зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон байна.
-ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД 1-нд АМАРНА-
“Хар хорин” худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 10:00-19.00 цаг хүртэл ажиллана, 2019 оны нэгдүгээр сарын 01-нд амарна
“Нарантуул” худалдааны төв: 31-ний өдөр 10:00-18:00 хүртэл ажиллана, нэгдүгээр сарын 1-4 хүртэл амарна
“Бөмбөгөр” худалдааны төв: 31-ний өдөр 10:00-16:00 хүртэл ажиллана
, нэгдүгээр сарын 1, 2, 3-нд амарна
“Барс” худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 09:00-19:00 цаг хүртэл ажиллана. 2019 оны нэгдүгээр сарын 01-нд амарна
“Сандэй Плаза” худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 10:00-20:30 хүртэл ажиллаж, нэгдүгээр сарын 1,2-нд амарна
Хүчит шонхор худалдааны төв: Арванхоёрдугаар сарын 31-нд 06:00-18:00 хүртэл ажиллаж, нэгдүгээр сарын 1, 2-нд амарна
Да хүрээ зах: Арванхоёрдугаар сарын 31-нээс 2019 оны нэгдүгээр сарын 02-ныг хүртэл амарна.
Арилжааны банкууд өнөөдөр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж 2019 оны нэгдүгээр сарын 01-ны өдөр бүх салбар нэгжүүд амарч 02-ны өдрөөс хэвийн үйл ажиллагаандаа шилжих юм байна. Харин сүлжээ дэлгүүрүүд баярын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу ажиллах бол нийтийн хоолны газрууд, баар, ресторанууд нэгдүгээр сарын 01-ны өдөр бүгд амарна.
Эх сурвалж: www.polit.mn