Х.ОЮУНБОЛД
“Сити” их сургуулийн багш нар болон С.Сарантуяа багштай кинодрамын төгсөх дамжааны оюутнууд хамтран “Дэлхийн тайзны урлагийн хураангуй түүх” номыг сургуулийнхаа 20 жилийн ойд зориулан орчуулж, өргөн барилаа. Номыг оросоос монгол хэлнээ орчуулан буулгах төслийг удирдсан профессор, орчуулагч зохиолч Н.Пүрэвдагва “Л.Н.Смирнова, Г.А. Гальперина, Г.В.Дятлева нарын бичсэн энэ номыг орчуулах саналыг сургуулийнхаа захирал, доктор профессор Ц.Байгалмаад тавьсан. Тэрээр саналыг маань хүлээн авснаар энэ ном манай сургуулийн хамт олон, оюутан сурагчид, театрын урлагийг сонирхдог хүмүүсийн гарт очиж байна. Хүмүүс дэлхийн түүх гэхээр дайн байлдаан, нэг хаан нөгөөгөөр солигдсон хуйвалдааны тухай гэж боддог. Тэгвэл энэ номноос эзэн хаадын үед ч гэсэн урлаг ялангуяа, театрын урлаг хөгжсөнийг уншиж болно” гэж ярьсан юм. Энэ номыг орчуулахад оролцсон кинодрамын ангийн төгсөх дамжааны оюутан П.Саранцэцэн “Багш маань надад энэ саналыг тавихад орчуулгын ангийн хүүхэд биш болохоор их эмээж байсан. Номыг орчуулж байхад мэдэхгүй үг хэллэг гарч байсан ч багштайгаа зөвлөлддөг байсан. Энэ номыг орчуулснаараа зүгээр нэг ном уншсанаас илүү их мэдлэг олж авсан” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин