
Хөдөлмөрчин хүн чөлөөт цагийнхаа нэг хэсгийг сурч боловсрох соёлжиход зориулдаг. Одоо үед ах дүү социалист орнуудад кино, дуурь, жүжиг музей, үзэсгэлэн үзэх, уран зохиол тогтмол хэвлэл унших зэргээр чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх сайхан бололцоо өргөжсөөр байна.
Чөлөөт цагийг хуваарьтай ашиглахад зурагт радиогийн нэвтрүүлэг чухал үүрэгтэй. Хот болон түүний оршин суугчдын ихэнх хэсгийг зурагт радиогийн уран сайхны хэлбэртэй утга төгөлдөр нэвтрүүлгээр хангаж болох юм. Зурагт радиогийн нэвтрүүлгийн хөтөлбөр нь ард түмний соёлын хэмжээг өргөжүүлэхэд чиглэдэг. Зурагт радиогийн хөтөлбөрийг боловсруулахдаа өөрийн орны тэргүүний үйлдвэр аж ахуйн ахуй, соёлын газруудад сурвалжлах, театр, биеийн тамирын цэнгэлдэх хүрээлэнгээс шууд нэвтрүүлэг хийхээс гадна хотын доторхи худалдааны байгууллага, нийтийн байрны байдал, пионерийн ордон, хүүхэд саатуулах газар, цэцэрлэг, дээд дунд сургуулийн өдөр тутмын үйл амьдралаас үзүүлэх зэргийг нарийн бодолцдог юм. Дээр дурдсан нэвтрүүлэг хийхийн тул зурагт радио явуулын станцтай байдаг юм. Явуулын станцын тусламжтайгаар зурагт радиогийн төвөөс эргэн тойрон 30 км-ийн дотор нэвтрүүлэг хийж болно. Зурагт радиогийн төв нь өргөн нарийн хальсаар кино зураг үзүүлэх төхөөрөмж, телекино кино аппараттайгаас гадна гоцлон тоглогчийн болоод хамт олны урлаг, биеийн тамирын тоглолтыг үзүүлэх 150 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий студи, урьдчилан бэлтгэх дүрс, дуу бичлэгийн төхөөрөмжтэй.
Улаанбаатарын зурагт радиогийн төвийн барилгад бас агаар сорох ба үлээх сэнс, агаар халаах чийгшүүлэх төхөөрөмж бий. Халаан чийгшүүлэгч төхөөрөмж нь агаарыг хольц тоосноос урьдчилан цэвэрлэж, 50 мянган шоо метр чийглэг бүлээн агаарыг цаг тутамд гаргаж байх юм. Энд өрөө тасалгаанаас агаарыг сорж цэвэрлэж байх өндөр чадал бүхий хэд хэдэн сэнс, зурагт радиогийн төвийг цахилгаан эрчим хүчээр хангах зүрхэвчийн иж бүрэн дэд станц ажиллана. Энэ төвийн бүх өрөө тасалгаанд орчин үеийн янз бүрийн хийцтэй өдрийн гэрэлтүүлэг тавьж төрөл бүрийн төхөөрөмжийн өрөөний туургыг дуу чимээ үл нэвтрэх материалаар хулдсан юм. Зурагт радиогийн 180 метр өндөр цамхаг олон хэсэг хоолойноос бүтсэн бөгөөд 400 гаруй тн жинтэй юм. Энэ цамхагт хэтдээ аль ч чиглэлд нэвтрүүлэг хийх төхөөрөмж байрлуулах бололцоотой. Мөн цамхагт ажиллагчдыг болон жижиг ачаа зөөх цахилгаан шатыг 1968 онд хийж дуусна. Зурагт радиогийн төв нь төхөөрөмжийн өрөө тасалгаануудаас гадна техникийн ажилчид, уран бүтээлийн хүмүүсийн ажиллах байраар хангагдсан юм. Манай хоёр улсын гэрээ ёсоор Улаанбаатарын зурагт радиогийн төвийг хугацааны өмнө ашиглалтад оруулах үүрэг аваад ажиллаж байна.
Соёлын ийм төвийг ашиглалтад оруулахын чухлыг харгалзан зөвлөлтийн мэргэжилтнүүд Монгол Ардын хувьсгалын 46 жилийн ойн баярын өдөр-долдугаар сарын 11-нд туршлагын нэвтрүүлэг хийж, энэ оны есдүгээр сард ашиглалтад өгөх нэмэгдэл үүрэг авч ажиллаж байна.
Зурагт радиогийн төвөөс Ардын хувьсгалын 46 жилийн ойн баяраар ажиллах цагийн хуваарийг дор сийрүүлье.
Долдугаар сарын 10-нд Дуурь бүжгийн театраас баярын хуралдааны ажиллагаа 18.00-19.00 завсарлага 19.00-19.15, концерт 19.15-20.45
Долдугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайгаас нэвтрүүлэг эхлэн явуулах 8.30-12.00
Төв цэнгэлдэх хүрээлэнгээс 15.00-20.00
Долдугаар сарын 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс 10.00-13.00, завсарлага 13.00-14.30.
Төв цэнгэлдэх хүрээлэнгээс 14.30-20.00 хүртэл тус тус нэвтрүүлэг явуулна.
Одоо төхөөрөмжийн угсралт амжилттай дуусаад тохируулга хийж байна. Зургадугаар сарын 15-нд Монголд анх удаа цацаргасан зурагт радиогийн цахилгаан соронзон долгионоор мөнхүү радио хүлээн авагчийн дэлгэц дээр шалгалтын хүснэгтийн зургийг гаргасан билээ. Хоёр өдрийн дараа мөн сарын 17-нд явуулын станцын тусламжтайгаар нэвтрүүлэг дамжуулахад нийслэл хотын оршин суугчдаар дүүрсэн хөл хөгжөөнтэй гудамж талбайнуудыг үзэгчид харцгаасан.
Одоо Монголын зурагт радиогийн ашиглалтын боловсон хүчнүүдийн онол дадлагын ажил өрнөлттэй явагдаж тус төв тоног төхөөрөмжийг ажиллуулах хүмүүсээ тасаг, цех, албан үүргээр нь хуваарилж, тэдэнд 300 цагийн хөтөлбөр бүхий онолын хичээлийг Зөвлөлтийн мэргэжилтнүүд зааж байна.
Энэ бүх бэлтгэлийг хангаснаар зурагт радиогийн нэвтрүүлэг явуулахад бараг бэлэн боллоо.
Дашрамд, зурагт радиогийн хүлээн авагчийг эзэмшигч нарт товч зөвлөх зүйлийг энд дурдъя. Хэдэн долоо хоногийн өмнө Улаанбаатарт зурагт радиогийн “Темп -6 м”, “Темп -7 м” гэдэг маркийн хүлээн авагчийг өргөн хэрэгцээнд гаргаж эхэлсэн билээ. Нэр бүхий хоёр хүлээн авагч нь хоёрдугаар зэргийн бөгөөд 110 градусын электрон цацрагийн хазайлттай юм. Зурагт радиогийн эзэмшигч нар тэдгээрийг өөрийн хүссэнээр ширээн дээр хөлийг угсран шалан дээр байрлуулж болно. “Темп -6 м” зурагт радиогийн хүлээн авагчид үзэгдэх дүрсийн хэмжээ 300х380 мм, “Темп -7 м” зурагт радиогийн хүлээн авагчид бол 380х485 мм байна. Дээрх зурагт радиогийн хүлээн авагчид нь ЗХУ-д ажиллаж байгаа 12 сувгийн аль ч сувгаар нэвтрүүлгийг хүлээн авахад зориулагдсан юм. Зурагт радиогийн хүлээн авагч нь дууг чихэвчээр сонсох, соронзон хальсанд бичлэг хийх гаралт, алсын удирдлагын тусламжтайгаар дуу чангаруулж, сулруулах, дүрсийг тодосгох бүрэн боломжтой. Тодосгох, өсгөх автомат тохируулга нь дүрсийг тогтвортой хүлээн авч чадна.
Зурагт радиогийн хүлээн авагч 110, 127, 220, 237 вольтын хүчдэл бүхий 50 герцийн үелзлэлтэй хувьсах хүчдэл бүхий цахилгаан гүйдлээс тэжээгдэнэ. Цахилгаан хүчдэлийн өөрчлөлт хэвийн хэмжээнээс +50-10 хувь өсч өөрчлөгдөж байвал вольтметр бүхий зүрхэвч буюу хүчдэл тогтворжуулагчаар тохируулан шалгаж байх хэрэгтэй юм. Зурагт радиогийн хүлээн авагчийн цахилгаан гүйдлээр тэжээгдэх чадал нь 180 вольт юм. Зурагт радиогийн хүлээн авагчийг тавих залгах тохируулах ажлыг мэргэжлийн хүмүүсээр хийлгэх нь зүйтэй. Энэ зурагт радиогийн хүлээн авагчийг цахилгаан гүйдэлд залгахын өмнө түүний заавартай урьдчилан танилцах хэрэгтэй. Харин антенныг зөв сонгож аваагүй бол зурагт радио хүлээн авагч хэвийн ажиллах боломжгүй учраас дор дурдсан антеннууд тавьж ажиллуулдаг юм. Тус бүрийн буюу хамт олноороо ашиглах гаднын болон тасалгааны антеннууд байдаг юм. Харин антенныг сонгож авахдаа зурагт радиогийн төвд ойрхон байгаа газарт сигнал нь ихээхэн хүчтэй ирдэг тул дүрсийн сигналыг хэвийн байдлаар хүлээн авахын тулд антенныг 1:10 гэсэн залгуурт холбож, дээд талын залгуурт нь сэлбэгтэй хамт ирдэг 75 омын тохируулагч ачааг /штекер/ залгах хэрэгтэй.
Зурагт радиогийн засварчид энэ хүлээн авагчийг тавьж байрлуулсны дараа антеннаа залгаж, уул хүлээн авагчийг ажиллуулж, зурагт радиогийн хүлээн авагч эзэмшигч нарт тохируулгын бариулуудыг хэрхэн яаж ажиллуулах тухай зааж өгнө. Зурагт радиогийн хүлээн авагчийн чанарын үзүүлэлтийг тодорхойлдог шалгалтын хүснэгтийн нэвтрүүлгийг байнга ажиж байх нь зүйтэй юм. Шалгалтын хүснэгтийн тусламжтайгаар дүрсийн тод бүдгийг нарийвчлан шалгаж болно. Зурагт радиогийн “Темп” гэдэг хүлээн авагч нь радио техникийн шинэ шинэ ололтыг түшиглэн хийгдсэн орчин үеийн өндөр үзүүлэлт бүхий аппарат мөн.Хүлээн авагчийн дэлгэцэд шуугиан гарч эхэлбэл, цаг тухайд нь мэргэжлийн засварын хүмүүсээс зөвлөлгөө авч, засвар хийлгэх хэрэгтэй.
Зурагт радиогийн төвийн ашиглалтын газрын монгол ажилтан нар сайн суралцаж, мэргэжилдээ чадваржсан учир мэдлэгийнхээ хэрээр бүх хүч чармайлтаа тавьж, Улаанбаатарын зурагт радиогийн төвийн нэвтрүүлгийг чанар сайтай явуулахад шамдан ажиллана гэдгийг нийслэл хотын оршин суугчдад илэрхийлэх байна.
Зурагт радиогийн төвийн ерөнхий инженер А.Д.Алырщиков
“Үнэн сонин” 1967.07.09.
БНМАУ
САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН
МЭДЭЭЛЭЛ РАДИОГИЙН УЛСЫН ХОРООНЫ ДАРГЫН ТУШААЛ[1]
1967 оны 10-р сарын 11 №182 Улаанбаатар хот
Утга нь: Телевизор хуваарилах тухай
1.Ажил төрлийн онцлог байдлыг харгалзан хавсралтад заасан албан тушаалтнуудад гэртээ телевизор тавихыг зөвшөөрсүгэй.
2.Программ эрхэлсэн орлогч, хяналтын ээлжийн техник, гол заалын албан тасалгаануудад тус бүр 1 телевизорыг тавьж, үнийг аж ахуй төсвөөс гаргаж бусад хүмүүст олгосон телевизорын үнийг энэ онд багтаан хураан авсан байхыг аж ахуйн хэлтсийн дарга, ахлах ня-бо нарт даалгасугай.
МЭДЭЭЛЭЛ РАДИО, ЗУРАГТ РАДИОГИЙН
УЛСЫН ХОРООНЫ ДАРГА \С.ЖАЛАН-ААЖАВ\
Телевизорын хуваарь
1.Мэдээллийн редакци Банзрагч 1
- Программын редакци Батмөнх 1
- Соёл урлагийн редакци Жамбалжамц 1
- Хүүхэд залуучуудын редакци Дэмбэрэл 1
- Улс төр эдийн засгийн редакци Ухнаа 1
- Хөгжмийн редакци Гончигсумлаа 1
- Киноны редакци Дожоодорж 1
- Уран сайхны удирдаач 1
- Заал 1
- Хяналтын ээлжийн техникчид 1
- Ахлах операторын групп Чүлтэм 1
- Улс төр эдийн засгийн редакцийн орлогч Мишгээ 1
- Программ эрхэлсэн орлогчийн албан тасалгаанд 1
- Хорооны программын хэлтсийн дарга, намын хорооны дарга Гомбосүрэн 1
- Радиогийн ерөнхий редактор Наваансүрэн 1
Бүгд 15
Эх сурвалж:
ЗУРАГТ РАДИО МОНГОЛД-1967 он (Баримт, мэдээлэл)
[1] Түүхийн баримтын төв. Хөмрөг 349. Данс 1. ХН ...?. Хууд 245-246