С.САРУУЛ
Цагдаагийн байгууллагаас шинэ жилийн баяртай холбогдуулан сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ.Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Болдбаатар "Нийслэлд энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 98 мянга гаруй хэрэг бүртгэгдсэн. Үүний 46 мянга орчим нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй. Сүүлийн үед автомашины өвлийн дугуйн хулгайн хэрэг гараад байсан. Цагдаагийн байгууллагаас 25 удаагийн үйлдэлтэй 100 дугуй хулгайлсан бүлэг этгээдийг баривчлан шалгаж байна.
Мөн 9911, 8811 дугаартай хэрэглэгчид рүү таньдаг хүнээс нь зурвас, чаат бичиж залилан хийсэн 60 гаруй удаагийн үйлдэлд иргэн Т-г холбогдуулан шалгаж байна. Шинэ жилийн баяраа тараад явж байгаа иргэдийг зориудаар өдөж хоргоон маргалдаж, зодолдох зуур өөр нэг этгээд эд зүйлийг нь хулгайлдаг, дээрэмддэг этгээдүүдийг саатуулан шалгаж байна" гэв.
Түүнчлэн хөдөө орон нутгаар олон улсын байгууллагын нэрийг барьж иргэдийг залилах хэрэг цөөнгүй бүртгэгджээ. Тухайлбал, Дорноговь, Сэлэнгэ аймагт Японы Жайка олон улсын байгууллагын нэрийг барьж, хөнгөлөлттэй зээл олгоно гээд урьдчилж хураамж авна хэмээн залилсан байна. Жайка олон улсын байгууллагын зүгээс ямар нэгэн байдлаар хөтөлбөр хэрэгжүүлэхдээ иргэнээс мөнгө шилжүүлүүлж, бүртгэлийн хураамж авдаггүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn