Ч.ГАНТУЛГА
Ард минь зогсох бяцхан хүү намайг “Ээжээ, ээжээ” хэмээн хормойноос зулгаах нь нэг л өхөөрдөм. Эргээд хартал үсээ цэнхэр боолтоор хоёр боочихсон, өнөөх үсний үзүүр нь буржийгаад гадагшаа эргэжээ. Үл мэдэг давхраатай, жижигхэн нүд нь өөдөөс цоо ширтэнэ. Хүн аалзтай цамцаар гоёсныг нь хараад хүү юм байна гэж бодогдов. Түүнээс буржгар үстэй, булцгар хацартай охин юм байна гэж эндүүрэм хөөрхөн ажээ. Миний болон бүхий л ээжүүдийн өглөө ингэж эхэлдэг. Зарим хүнд цэцэрлэгийн өглөө амар биш. Үлдэхгүй гэж уйлалдах хүүхдүүд, үрдээ хоргодож, эргэн эргэн харсаар хаалга руу алхах эцэг эхчүүд. Харин “Болор” цэцэрлэгийн өглөө арай өөр ажээ. Үүднээс нь эхлээд “Жигмэд Тогмид хоёр” дуу эгшиглэсээр угтдаг юм байна. Хэдийгээр хувийн цэцэрлэг ч гэлээ багш, албан хаагчид нь цагаа ягштал барьдагт нь эцэг эхчүүд баяртай байдаг гэнэ. Учир нь хүүхдээ 07:00 цагт унтаагаар нь аваачаад өгсөн ч хаалгаа онгойлгохгүй, багш нь байхгүй гэх хүндрэл гардаггүй гэнэ. Өглөө эрт ирсэн хүүхдийг тухайн өдрийн жижүүр багш хүлээж аваад, хувцсыг нь сольж, тусгай бэлдсэн ангид унтуулна. Харин 08:00 цагаас ангийн багш нь ирж, ангиа онгойлгодог юм байна. Ингэснээр түгжрэл ихтэй энэ үед эцэг эхчүүд ажлаасаа хоцрохгүй, сэтгэл амар байх боломж бүрдэж байна. Энэ өдрийн жижүүр багшаас сэтгэгдлийг нь сонсоход “Манай цэцэрлэг байгуулагдаад удаагүй. Гэхдээ эцэг эхчүүд болон хүүхдүүд сэтгэл ханамжтай байдаг. Учир нь бид төгс үйлчилгээнээс гадна чин сэтгэлийн хайр бүхнээ хүүхдүүддээ зориулахыг хүсдэг. Багш хичээлийн үед зааж зөвлөхөөс биш бусад үед хүүхдүүдтэйгээ ээж шиг, эгч шиг, найз шиг нь байхыг эрхэмлэдэг. Цэцэрлэгт бус гэртээ байгаа юм шиг халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх нь бидний эрхэм үүрэг” гэсэн юм.
“МАНАЙ ОХИН УЙЛАХАА БОЛЬСОН”

Өглөө 08:00 очиход ихэнх хүүхэд ирчихсэн, анги, ангидаа тухалсан байв. Хамгийн сүүлийн ээж хүүхдээ өгөөд гарахтай нь таарлаа. ээж Б.Оюунтуяа “Манай охин энэ цэцэрлэгийн ахлах ангид явдаг. Өнгөрсөн жил анх байгуулагдахад нь л орсон. Өмнө нь Улсын цэцэрлэгт гурван жил явсан. Уйлаад л үлддэг байсан. Надад ч хүүхдээ доголон нулимстай үлдээгээд гарахад их хэцүү санагддаг байлаа. Өдөржингөө л бодогдоод сэтгэл хямарна шүү дээ. Хааяа санаа зовоод багш руу нь залгана. Харин энэ цэцэрлэгт ороод уйлахаа больсон. Багш нар нь их найрсагаас гадна нэг ангийн хүүхэд дүүргэлт их бага. 15, 20-иос хэтрэхгүй. Улсын цэцэрлэгт 50-60 хүүхэд нэг ангид явдаг учир байнга л ханиад хүрнэ. Орой 16:00 цагаас хүүхдээ авах ёстой. Хүүхэд авах хүн зохицуулна гэдэг залуу гэр бүлийн хувьд үнэхээр хүнд даваа байсан. Хааяа ажлаа орхиод хүүхэд рүүгээ явах жишээтэй. Харин энэ цэцэрлэгт эсрэгээрээ. Хэдэн цагт ч хүүхдээ авсан жижүүр багш нь харгалзаад байж байна. Эцэг эх нь хүсвэл гэртээ, ажил дээрээ хүргүүлэх боломжтой” гэсэн юм. Эцэг, эхийн хувьд хүүхэддээ санаа зовохгүй байна гэдэг сэтгэлийн амар амгалан гэлтэй. Энэ боломжийг “Болор” цэцэрлэг бүрдүүлж чадсан байна. Дөнгөж хаалгаар оронгуут хүүхдийн хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө байрлах аж. Ариун цэврийн өрөөнд хүүхдүүдэд зориулсан жижиг суултуураас гадна өхөөрдөм алчуурууд өлгөжээ. Сонирхож үзвэл хүүхэд бүхэн нэг алчуур, самтай юм байна. Алчуур дээр нь нэрийг нь бичээд наажээ. Д.Мишээл, Э.Энэрэл, н.Номин-Эрдэнэ гэсэн нэрс харагдав. Хоёр давхар цэцэрлэгийн нэгдүгээр давхарт өөд, өөдөөсөө харсан хоёр анги байна. Багын “А,Б” бүлэг гэж бичжээ. Хөлд сайн ороогүй, жаахан хүүхдүүд явдаг учир шатнаас унахаас нь болгоомжилж, ийнхүү бага ангиа доод давхарт байхаар зохиуцуулсан тухай А.Цэвэлмаа багш онцолж байсан юм. Тэрээр “Манай цэцэрлэг багын хоёр бүлэгтэй. Бид бага анги гээд зөвхөн хооллоод, хараад суудаггүй.Тухайн хүүхдийг яавал илүү хөгжүүлэх вэ. Хэрхэн биеэ даахаас эхлээд дуу шүлэг сурах, цаашлаад сургуульд ороход нь бэлтгэх анхан шатны суурийг тавьж өгдөг. Тоглоомоор нь дамжуулж, хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх олон арга бий. Бага бүлэгтээ хүн болох, төлөвших сууриа зөв тавьсан хүүхэд ирээдүйд алздаггүй” гэсэн юм.
ЭНГИЙН ДАСГАЛ ХИЙХ НЬ ХҮҮХДИЙН ОЙ УХААНД САЙНААР НӨЛӨӨЛДӨГ
Харин цэцэрлэгийн доод хонгилд гал тогооноос гадна усан бассейн байдаг юм байна. Усанд сэлж сурах нь хүүхдийн эрүүл мэнд, биеийн хөгжилд тустай тул ийнхүү тохижуулжээ. Үүнээс гадна бялдаржуулах өрөө, багш нарын амралтын өрөө энд байрлана. Хоёр давхар луу гарлаа. Энэ давхарт дунд болон ахлах ангийнхан байна. Дунд бүлэг рүү шагайтал “Хүнсний ногоо” сэдвээр ой тогтоолт хөгжүүлэх хичээл орж байхтай таарав. Энэ бүлэгт 3-4 настай хүүхдүүд хүмүүжнэ. Хүүхдүүд ширээ тойрон суужээ. Багш болон хүүхдүүдэд саад учруулахгүйн тулд сэмээрхэн явсаар хамгийн арын эгнээнд суулаа. Хүүхдүүдийн урд бичгийн цаасан дээр хүнсний ногоонууд зурж тавьжээ. Тэд багшийн тусламжтай өнгө ялгаж, будах ёстой. Хамгийн урд эгнээнд суусан шаргал цамцтай хүү байн, байн “Банана, банана” хэмээн үглэж байв. Багш нь түүнээс “Банана ямар өнгөтэй билээ” гэхэд толгойгоо илбэж байснаа “шар” гэж хариулав. Багш нь зөв байна. Тэгвэл шар өнгө аль билээ гээд олон өнгийн харандаа руу заана. Хүү харж байснаа яг л шар харандааг өргөж харуулав. Энэ мэт энгийн дасгал хийх нь хүүхдийн ой ухаанд сайнаар нөлөөлдөг ажээ. Ийнхүү дунд бүлгийн жаалууд алим, банана, лийр, усан үзэм, тоор жимсийг амжилттай зурж дуусан юм. Дунд бүлгийн багшийг Г.Оюунбилэг гэдэг. Гэтэл хоолны хонх жингэнэлээ. “Болор” цэцэрлэг өдрийн таван хоолтой аж. Нэг, хоёрдугаар хоолноос гадна хүүхдийн будаа, үзэм, чацарганы шүүс, зөөлөн боов, тараг сүү байнга өгдөг аж. Энэ өдрийн хоол ногоотой шөл, мантуу, чацарганы шүүс байв. Тогооч багштай хамтарч ширээгээ зассанаар хүүхдүүдээ суулгалаа. Тэд нэгэн дуугаар “Тавтай сайхан хооллоорой найзуудаа” гэсээр өдрийн хоолоо амтархан идсэн юм. “Гадаа хүйтэрч байгаа учир ханиад томуу их байна. Тиймээс бид хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих зорилгоор ногоо, цагаан идээ голцуу өгч байна. Чацаргана, аарцанд хүүхдүүд их дуртай байдаг” гэж Г.Оюунбилэг багш ярьж байсан юм. “Болор” цэцэрлэгийн нэг онцлог нь хүүхдүүдэд зурагт үзүүлдэггүй юм байна. Зарим цэцэрлэг хүүхэлдэйн кино тавьж өгөх нь элбэг ажиглагддаг. Энэ нь хүүхдийн хараа муудахаас эхлээд олон сөрөг нөлөөтэй аж. Энэ тухай тус цэцэрлэгийн эрхлэгч А.Дожил “Манай цэцэрлэг байгуулагдаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд эцэг эхээс өндөр үнэлгээ авсан. Бид хүүхдүүдийнхээ сурч боловсрох нөхцлөөс эхлээд эрүүл мэндийн хувьд онцгой анхаардаг. Мөн манай багш нар бүгд мэргэжлийнх. Бид зурагт үзүүлдэггүй. Аль болох хүүхдүүдээ хөгжүүлэх тал дээр илүү анхаарч байна. Гэхдээ энэ нь байнга хичээл хийлгээд байна гэсэн үг биш. Тоглоом наадгайгаар нь дамжуулаад хөгжүүлж байна гэсэн үг” гэв. Ахлах ангийнхны хувьд сургуульд ороход нь бэлтгэх зорилгоор үзэг хэрхэн барих, татлага, зураасыг тэгшхэн зурах, зориулалтын зургийг илүү гаргалгүйгээр будах зэрэг анхан шатны чадварыг эзэмшүүлдэг аж.
Ийнхүү бяцхан багачуудтай хамт дуулж, бүжиглэсээр нэг л мэдэхэд хүүхдүүдийн тарах цаг болсон байлаа. Өхөөрдөм жаахан багачуудын цангинасан инээд, баяр баяслаас сэтгэлийн амар тайван, аз жаргалынг мэдэрсээр “Болор” цэцэрлэгийн хаалгыг зөөлхөн хаасан юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин