Ч.ГАНТУЛГА
Монголын сүүлчийн хатан Дондогдуламын тухай өгүүлэх “Монголын сүүлчийн хатан” үзэсгэлэн Богд хааны ордон музейд нээлтээ хийлээ. Энэ удаагийн үзэсгэлэнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газраас зохион байгуулж байна. Үзэсгэлэнд Дондогдулмын амьдралын түүхийг өгүүлэх гэрэл зургуудыг дэлгэсэн байв. Халхын VIII Жавзундамба хутагт 1896 онд “Амарбаясгалант” хийдэд Өндөр гэгээний шарилд мөргөхөөр явж байх үедээ Дондогдуламтай танилцсан гэдэг. Тухай үед Дондогдулам аягач хийж таарчээ. Тэр цагаас хойш ойртон нөхөрлөх болжээ. Улмаар сэтгэл алдарч,1902 онд хатан болгож, “Ачлалт ялгасан дагина”, “Эрх цагаан дара” цол өргөмжилсөн байна. 1911 онд Богд Жавзундамба хутагтыг хаан ширээнд залрахад Дондогдулам хатныг “Улсын эх дагина” цол өргөмжилжээ. Дондогдулам шашин номы хэрэгт боловсорсон, билиг ном ойлгодог, нийгмийн идэвхи сайтай, олны хүндэтгэл хүлээсэн, тухайн үеийн Монголын тэргүүний эмэгтэйчүүдийн төлөөлөл байсан тухай үзэсгэлэнд оролцсон судлаачид онцолж байв. Эх дагина Богд хаантай 21 жил ханилаад 50 насандаа таалал төгсжээ. Тэрээр хүүхэд төрүүлээгүй ч дэргэдээ олон өнчин хүүхэд үрчлэн өсгөжээ. Тэний нэг нь хөгжмийн зохиолч Мөрдорж байсан аж. Их хатны шарилыг найман шарга морь хөллөсөн тэргэнд залж, амьд ахуйдаа бууж, сууж байсан Рашаант уулын аманд шар тосонд хайлуулж оршуулсан тухай үзэсгэлэнд тавигдсан бичвэрүүдээс уншиж болох юм. “Монголын сүүлчийн хатан” үзэсгэлэнг дэлгэсэн нь монгол төрийн түүхийн судалгааг тодруулж, хойч үеийнхэнд ойлгуулж, соёлын биет өвийг хайрлан хамгаалах үзлийг дэмжихэд чухал ач холбогдолтойг үзэсгэлэнг зохион байгуулагчид ярьж байлаа. Үзэсгэлэн арванхоёодугаар сарын 9-ийг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: www.polit.mn