Ч.ЗОТОЛ
Баянзүрх дүүрэгт байрладаг “Очир” төвийн зочид буудалд 13 настай охиныг бүлэглэн хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг шүүхээр эцэслэгдэлгүй жил тойрч байна. Энэ талаар талийгаачийн эмээ С.Оюунцэцэгтэй ярилцлаа.
-Насанд хүрээгүй бяцхан охиныг бүлэглэн хүчирхийлж, харгис хэрцгийгээр амийг нь хөнөөсөн байтал шүүх хэргийг яагаад өнөө хүртэл шийдэхгүй сунжруулаад байна вэ. Та юу гэж бодож байна?
-Энэ хэргийг хариуцсан БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд би итгэж байгаа. Хэргийг сайтар нягталж, шалгаж байгаа болов уу гэж бодож байна.
-Шийдэхгүй удах тусам хэрэг бүдгэрч, саармагждаг гэж олон нийтийн зүгээс шүүмжлээд байна шүү дээ?
-Энэ олон сар болж байхад та яагаад шүүхэд итгэж байна гээд сууж байна вэ гэж асуух байх л даа. Ер нь бол урьдчилсан мөрдөн байцаалтын шатнаас өгсүүлэн Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газар, прокурорын зүгээс шүүх буцаасан байдаг. Буцаасан шалтгаан нь архи гэдэг хорыг хэдий хэрийн хэмжээтэй өгөх юм бол бага насны хүүхдийг шууд үхэлд хүргэх вэ. Талийгаач охинд гадны нөлөө байгаад байгаа юм биш үү. Гадны нөлөө байсан бол талийгаачийн бие эд эрхтэнд ямар нөлөө үзүүлснээс үхэлд хүргэв гэх мэтийг шалгах үүргийг өгсөн. Дараагийн шатанд гадны нөлөө байна гэж үзсэн. Ингээд гадны нөлөөг тодруулах, зүйл ангийг өөрчлөн үйлдэл тус бүрээр тус тусад нь хэргийг шалгаж зүйлчлэх үүргий өгч шүүхэд буцаасан. Хүн амины энэ хэрэг ил тод байгаа. Үүнийг мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд мэдсээр байж зүйлчилж өгөхгүй байсан юм. Тиймээс би БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг энэ нийгмийн бусармаг муухай байдал, бага насны хүүхдүүд рүү довтолж байгаа аймшигт хэргийг эцэслэн зогсоох, нийгмийг цочроох, дахин давтан ийм хэрэг гаргуулахгүй байх талаас хандаж, хэргийг үнэн зөвөөр шийдээд өгчих юм сан гэсэн бодолтой ажиллаж байгаа болов уу гэсэн сэтгэгдэл төрж хүлээлттэй, хүлээцтэй хандаж байгаа.
-Хэрэг дээр шүүх практикт нэг шинэ алхам гарсан нь талийгаачийн аавын сэтгэл санааны хохирлыг тогтоолгох болсон гэсэн. Энэ юу болов?
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны гүн хямралд орж сэтгэцийн гэмтэл авсан байж магадгүй. Тийм учраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд шинжлүүлэх, сэтгэл санааны гэмтэлтэй бол хэддүгээр зэрэгтэй байна вэ гэдгийг тогтоолгох, эмчлэгдэх эсэхийг нь оношлуулах талаас шүүх эмнэлгийн акт гаргуулах нь зүйтэй гэсэн хуулийн байгууллагын шийдвэр гарсан. Тэр дагуу хүү маань нарийн мэргэжлийн шинжилгээнүүд өгсөн. Хүү маань сэтгэл санааны гүн хямралтай, тухайн хэрэг гарах үед охиныхоо зургийг харсан яг тэр агшинд болсон гүн цочрол одоо лавшраад байгаа болохоос эдгэж байгаа юм байхгүй. Сэтгэл санааны гэмтлийн маш хүнд зэрэгтэй тогтоогдсон. Сэтгэл санаа, бие эрхтэн, эд эсээрээ, сэтгэхүйгээрээ хохирч байгаа тал дээр шинжилгээний хариуг гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр шүүх хэргийг эцсийн шатанд шийдэхдээ олон асуудлыг тал талаас харж, сэтгэл санааны хохирлыг ч бас шийдэж өгөх болов уу гэж харж байгаа. Нөхөн төлбөртөө гол биш, хамгийн гол нь бид охиноо алдаад зогсохгүй, охины аав бидний том хүү эргэж буцахааргүй, хэзээ ч эдгэхгүй өвчинтэй болж давхар хохирлоо. Шинжилгээний хариун дээр гарсан байгаа, сэтгэл санааны гэмтэл хэзээ ч бүрэн эдгэхгүй гэж. Хүү маань насаараа ийм өвчинтэй боллоо. Тухай тухайн үед өвчин илэрсэн даруй очиж эмчилгээ хийлгэх болохоос явцын эмчилгээнүүд хийлгээд эдгэх найдвар байхгүй гэсэн.
-Өнгөрсөн хугацаанд нийтдээ хэдэн удаа шүүх хурал болов?
-Хоёр удаа хэлэлцүүлэг хийсэн. Нэг удаа гэм хорыг тогтоох хурал болсон. Үндсэндээ анхан шатны шүүх гурван удаа хуралдаж хойшлуулсан байгаа.
-Аймшигт хэрэг гарсан байтал “Очир” төвийн зочид буудал одоо болтол ажилласаар байгаа гэх юм. Энэ үнэн үү?
-“Очир” төвийн зочид буудалд аймшигт хэрэг гарч, миний ач охин амиа алдсан. Анх олон нийтэд энэ газрыг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирынх гэсэн мэдээлэл цацагдсан. Бид судлаад үзсэн, Д.Дамба-Очирынх байж болзошгүй эргэлзээтэй зүйлүүд анзаарагдсан. Д.Дамба-Очир гишүүн өөрөө БЗД-ийн прокурор руу яриад “Наад хэргийг чинь би уншиж танилцмаар байна” гэж хэлсэн байдаг. “Прокурор та зохих ёсны хуулийн этгээд биш учраас боломжгүй” гэсэн хариуг өгсөн байдаг. Яах гэж тэр хүн тэгж хандаж байгаа юм бэ. Хэрэг гарах үед “Очир” төв ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан байдаг. Хэрэг гарсны маргааш нь зөвшөөрөл авсан юм билээ. Зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаа зарж, зочид буудал ажиллуулж байсан зүй бус газрыг мэдсээр байж, тэгээд бага насны жаахан хүүхдийг тэр том бадриун залуус аваад орж байхад хориглодоггүй, анхаарал тавьдаггүй, хуулийн байгууллагад мэдээлдэггүй зэргээс аваад тэр газар асуудалтай. Хэрэв тэр газар журмынхаа дагуу ажиллаж, шаардлагаа тавьсан бол миний охин өнөөдөр амьд байх байсан. Хаана, хаанаа хариуцлагагүй юм билээ, “Очир” төвийн зочид буудал. Зөвшөөрөлгүй ажиллаж л байдаг, жижүүр нь ч оруулж л байдаг. Ийм бусармаг байж болшгүй хууль зөрчсөн байдалд ажиллаж, аймшигт хэрэг гаргуулчихаад одоо зүгээр ажиллаад байж байгаа. Үүнийг би их гайхаж байгаа.
-Ерөнхийлөгч хүртэл “Очир” төвийн зочид буудлыг хаах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан биз дээ, тухайн үед?
-Ерөнхийлөгч энэ хэрэгт анхаарал хандуулсанд бид талархаж байгаа. Хүүхэд хамгааллын асуудлыг ярьж байхдаа “Очир” төвийн зочид буудалд анхаарал тавь. Дохио сэрэмжлүүлэг өг.Яагаад зөвшөөрлийг нь цуцлахгүй одоо болтол ажиллуулж байна вэ гэсэн. Гэтэл өнөөдөр тэр газар өргөжөөд үйлчилгээгээ нэмээд явж байгаа. Бид “Очир” төвийнхөнд маш их гомдож байгаа.
-Зочид буудлыг болон захирлыг нь хариуцагчаар татаагүй юм уу?
-Шүүх, прокурорын аль ч шатанд “Очир” төвийн зочид буудал, зочид буудлын захирлыг хариуцагчаар татах асуудлыг гаргаж тавиагүй. Мөрдөн байцаагч нэг удаа асуусан байдаг. Ингэхдээ “Би тухайн үед гадаадад байсан. Манайд ямар ч хамаагүй” гэсэн хариултаар байцаалтыг дуусгасан байдаг. Прокурорт бид удаа дараа хүсэлт гаргахдаа “Очир” төв, зочид будлыг хариуцагчаар татаж өгнө үү” гэсэн. Бидний хүсэлтийг хангаж өгөөгүй. Шүүх дээр иргэний хариуцагчаар татах үндэслэл байна гэсэн байгаа.
-Одоо шүүх хурал хэзээ товлогдсон бэ?
-Энэ сарын 21-ний өглөө БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хурал товлогдсон. Шүүх шударгаар шийднэ гэж итгэж, найдаж, харж хүлээж байна.
Эх сурвалж: www.polit.mn