WADA-гийн тэргүүн Крейг Риди © Михаил Жапаридзе/ТАСС
Д.ЭНХЭЭ
Допингийн эсрэг дэлхийн агентлагийн (WADA) ерөнхийлөгч Крейг Риди өөрт нь хаяглаж ирүүлсэн нээлттэй захидалд хариулна хэмээн ТАСС агентлагт мэдээлжээ. Биатлоны төрлөөр олимпийн аварга болсон Шведийн тамирчин Себастьян Самуэльссон болон 2016 оны олимпийн хүрэл медальт Америкийн тамирчин бүсгүй Эмма Коберн нар хамтарч оросын спорт дахь допингийн тухай түүнд хандан захидал бичсэн юм.
Самуэльссон, Коберн нар захидалдаа допингийн асуудалд холбогдсон олон тамирчин олон улсын төвшний тэмцээнд оролцсоор байна хэмээн мэдэгджээ. Мөн тэд Ричард Макларен, Дик Паунд нарын тэргүүлсэн WADA-гийн бие даасан мөрдөн шалгах комиссын тайлангийн үр дүнд шийтгүүлсэн Оросын тамирчдын жагсаалтыг гаргаж өгөхийг хүссэн байна.
"Би энэ захидлыг хүлээж авсан. Гэхдээ иймэрхүү зарим тайлбарын хувьд асуудал үүсч байгаа нь WADA-гийн хуралдаан болохоос хэдхэн минутын өмнө, бид ажил ихтэй байгаа үед тэд байнга ирдэгт оршиж байгаа юм. Гэсэн хэдий ч бид заавал хариулна, тэдний хөндөж тавьсан асуултад өгөх хариу захидлын төсөл бэлэн болчихсон” хэмээн өнгөрсөн пүрэв гарагт Бакуд болж өнгөрсөн WADA-г үүсгэн байгуулагчдын зөвлөлийн хуралдааны дараа Риди өгүүлсэн байна.
"Тамирчдаас ирүүлдэг бүх захидалд бид хариулахыг хичээж байна гэдгээ хэлэх ёстой” хэмээн тэрээр нэмж хэлсэн байна.
Холбооны мөрдөн шалгалттай холбоотойгоор Москвагийн лабораторид лацадсан 2011-2015 оны хооронд оросын тамирчдаас авсан допингийн шинжилгээний сорьцын шинжилгээний мэдээллийн баазтай танилцах боломжийг тус байгууллагын шинжээчид олж авах болсон тухай WADA-гийн хуралдаанд танилцуулсан. Энэ бол Допингийн эсрэг Оросын агентлагийн (РУСАДА) үйл ажиллагааг сэргээх гол нөхцөл байсан. WADA-гийн төлөөлөгчид Москвад арваннэгдүгээр сарын 28-нд хүрэлцэн ирэх аж.
Эх сурвалж: www.polit.mn