

Эдийн засаг хүндэрлээ, валют чангарлаа, өргөн хэрэглээний барааны үнэ өслөө гэх муу мэдээгийн хажуугаар нэгэн сайхан мэдээ ирсэн нь монголчууд дөрвөн ихрээр бүл нэмсэн тухай байлаа. Хатуу бүхнийг зөөллөж ирсэн энэ мэдээг дуулсан бүхэн баярлаж, Монголын үрс маш олон болохыг ерөөн сууна. Энэ баярт мэдээг сонссон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төлөөлөгчөөрөө дамжуулан баярын мэндчилгээ, гарын бэлгээ илгээсэн бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэргийн хамтаар очиж алаг үрсийг харан баяссан юм. Банк санхүүгийн байгууллага болон хүүхдийн дэлгүүрүүд ч баярын бэлгээ илгээсээр байна. Ихрүүдийн аавыг Ч.Баттулга гэдэг, тангараг өргөсөн мөрдөс зүүсэн залуу. Харин ээжийг нь Э.Хандаа гэдэг, тэд 23 настай бөгөөд одоохондоо таван үрсийн эцэг, эх болж байна. Цаашдаа ч үүнээс олон хүүхдийн ижий аав болох нь дамжиггүй. Дөрвөн ихэр мэндэлсэн нь Монголдоо анхны тохиолдол юм.
2. Н.Энхбаярыг өршөөсөн нь хэлмэгдүүлэлтийг баталлаа 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр 461 дүгээр хорих ангид жил тойрон хоригдсоны эцэст өнгөрсөн наймдугаар сарын 1-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар суллагдав. Үүнээс өмнө түүний бие хуурай өлсгөлөнгөөс үүдэлтэйгээр эрс муудаж, эсийн алдагдалд орсон тул Монголд эмчлэх боломжгүй гэсэн эмнэлгийн комиссын дүгнэлт гарч байв. Гэсэн ч өвчний учир ялаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь холбогдох байгууллагууд хүлээж аваагүй билээ.
Н.Энхбаярт тулгасан таван хавтас хэрэг гэгч анхнаасаа зохиомол, улс төрийн захиалгат хэлмэгдүүлэлт байсан нь хэрэг бүрдүүлэлт, шүүх хурлын явцад нотлогдож байв. Тухайлбал, “Улаанбаатар таймс” сонин болон “Өргөө” зочид буудлын хувьчлал, “Эрдэнэт” үйлдвэрийн ган бөмбөлөгийн, TV-9 телевиз байгуулж, ном хэвлүүлсэн зэрэг асуудлаарх таван хавтас хэргийн гурав нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж байсан нь үүнийг гэрчилдэг.
Түүний хувьд эхнээсээ өөрт нь хүчээр тулгаж буй хэргийг зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж “Энэ бол улс төрийн захиалгат хэлмэгдүүлэлт, зохимол хэрэг” хэмээн байр сууриа илэрхийлж ирсэн. Тиймээс түүнд өршөөл, уучлал байх ёсгүй, харин цагаатгах ёстой хэмээж, байр суурьтаа ч хатуу зогссоор байсан. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд уучлал үзүүлэх тухай тогтоол гаргаснаар эрх чөлөөт иргэн болсон бол гэр бүлийнх нь зүгээс төрийн тэргүүнд хандан өршөөл, уучлал хүсээгүйгээ мэдэгдэж байсан юм. Мөн журмын нөхөд, хамтран зүтгэгчид нь байр сууриа илэрхийлж байв. Тухайлбал, МАХН-ын зөвлөх З.Батбаяр “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт тулгаад байсан хэрэг гэгч нь эхнээсээ улс төрийн захиалгатай хэлмэгдүүлэлт байсан. Энэ нь шүүх хурлын явцад ч, дараа дараагийн болсон үйл явдлуудаар нотлогдсон. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Н.Энхбаяр даргад уучлал үзүүлж байгаа нь ч түүнд тулгасан хэрэг гэгч нь улс төрийн хэлмэгдүүлэлт гэдгийг Монголын төр зөвшөөрч байгаагийн илрэл” хэмээн мэдэгдэж байв. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Н.Энхбаяр даргын эрүүл мэнд маш дор орсон. Тэгэхээр түүнд уучлал үзүүлснээр Монголын төр, холбогдох байгууллагууд хариуцлагаас зугтаж, эрүүл мэндийнх нь асуудлыг өөрт нь даатгаад хаяж байна. Уг нь хуулийн хэллэгээр бол Н.Энхбаяр даргыг өвчний учир ялаас чөлөөлж цагаатгах ёстой байсан” байр сууриа илэрхийлж байлаа.
Энэ бүхнээс үзэхэд Н.Энхбаярт тулгаад байсан хэрэг гэгч эхнээсээ улс төрийн хэлмэгдүүлэлт байсан нь илэрхий. Нөгөөтэйгүүр, Төрийн тэргүүний зүгээс өршөөл үзүүлсэн нь төр түүнийг хэлмэгдүүлсэн гэдгийг баталж байна. Эрх чөлөөтэй болсноор тэрээр эрүүл мэнддээ анхаарч, БНСУ-д эмчлүүлж, хоёр ч хагалгаа амжилттай болсныг ойрын эх сурвалжууд нь хэлж буй.
3. XXI зууны Их өр-Чингис бонд

Аль эрт, XVII зууны үед дайныг санхүүжүүлэх эх үүсвэр олох зорилгоор Европын улсуудад анх хэрэглэгдэж байсан “Засгийн газрын бонд” өнөөдөр улс орнуудын Засгийн газрын төсвийн зардлаа санхүүжүүлэх нэг хэрэгсэл болжээ. Энэ жишгээр манайхан “Чингис” бондыг гаргав. Таван тэрбум төгрөгийн Чингис бонд гаргахаар шийдсэнээс өнөөдөр 1.5 тэрбумынхыг нь арилжаалчихаад байгаа.
Үүний дагуу Монголд орж ирсэн бондын мөнгийг зарцуулахдаа асар их алдаа гаргалаа гэх шүүмжлэл өнгөрсөн онд хангалттай өрнөв. Энэ бүхнийг зүгээр нэг улс төрийн эсэргүүцэл, шүүмжлэл мэтээр ойлгож болохооргүй болсныг дараалсан баримт, мэдэгдлүүд хэлж байна. Эдийн засагчдын хэлж байгааг багцалбал, нэгд, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг УИХ-аар батлуулаагүй, хоёрт, УИХ-ын 2012 оны гаргасан 52 дугаар тогтоол, ҮАБЗ-ийн өгсөн зөвлөмжийн дагуу зарцуулаагүй, гуравт, бондыг зарцуулах бэлэн төсөл хөтөлбөргүйгээс цаг хугацаа их алдаж “Чингис” бондын хүүд өдөрт 300 гаруй сая, жилд 130 тэрбум төгрөг төлж байна. Өнөөдөр ч үлдэгдэл 400 орчим сая ам.долларт хүү төлж байгаа ажээ. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч “Өнгөрсөн жилд монгол хүн бүр 863 мянган төгрөгийн өр төллөө” хэмээн мэдэгдэж байв.
Үнэхээр ч Шинэчлэлийн гэх Засгийн газар өнгөрсөн 22 жилд авсан зээлийн хэмжээнд хүрэхүйц хэмжээний өрийг нэг жилийн дотор үүсгэсэн. Энэ их өр нь төсөвт дарамт учруулж, төсвийн зээлийн үйлчилгээний зардлыг 2013, 2014 онд 3-4 дахин буюу 270-340 тэрбум төгрөгөөр өсгөж байгаа. Монгол хүн бүр нялх балчраасаа эхлээд өтгөс настан нь хүртэл 3.6 сая төгрөгийн өртэй болсон зэргийг олон тоо баримтаас харж болохоор байна.
Эцэст нь Монгол Улсын өрийн хэмжээ 8.4 их наяд төгрөгт хүрлээ гэх аюул үнэртсэн мэдэгдлийг нэг биш улстөрч, эдийн засагчид хийх болсон нь анхаарахгүй байх аргагүй. Үндсэндээ XXI зууны Их өр үүслээ гэж болох аж.
Дэлхийн түүхэнд дэх томоохон хямралуудын шалтгааныг судалсныг харвал, XIX зууны хямралын долоо, XX зууны хямралын 10, XXI зууны хямралын 12 орчим хувь нь улсын өр байжээ. Мөн 1807 оноос хойш үргэлжилсэн Gunboat-ын дайныг санхүүжүүлснээс 1813 онд Дани улс олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан бондын өрөө төлөх боломжгүй болж, улмаар төсвийн хэт их хэмжээний алдагдалд орж байсан, 1980 оны Латин Америкийн Мексикт зээлүүлсэн өрөөс үүдэлтэй санхүүгийн хямрал, 2010 оны Европын холбооны Португал, Ирланд, Грек, Испани, Бельги улсын Засгийн газрын өрөөс үүдэлтэй эдийн засгийн уналтуудыг нэрлэж болно. Эндээс бондын санхүүжилт нь улс орны санхүүгийн системийг унагах хэмжээний эрсдэлтэй хэрэгсэл, манайхаар Их өр, их хямрал гэж болох ажээ.
4. Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшив

Монгол Улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвшсэн нь 2013 оны улс төрийн онцлох үйл явдлын нэг болов. Эрүүл мэндийн сайд Н.Удвал Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө МАХН-ын гэхээсээ эмэгтэйчүүдийн төлөөлөл болж байсанд энэ онцлог оршино. Нацагийн Удвал нь 1954 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Хүний их эмч, шинжлэх ухааны доктор, хүүхдийн эмч мэргэжилтэй. Архангай аймгийн Хотонт сумын эмнэлгээс ажлын гараагаа эхэлж Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд хүртэл дэвшин ажилласан нэгэн. Хэдийгээр тэр ялалт байгуулж Монгол Улсын Ерөнхийлөгч болоогүй ч сонгуулийн сурталчилгааны үеэр эмэгтэйчүүдийн байгууллагууд түүнийг хүчтэй дэмжиж, дуу хоолой нь болж байсныг энд дурдах нь зөв болов уу. Нэг талаар МАХН бүсгүй хүнийг нэр дэвшүүлсэн нь Монгол Улсад ардчилал, түүний үнэ цэнэ, тэр дундаа жендерийн тэгш байдлыг дэмжсэн хэрэг боллоо хэмээн улс төрийн ажиглагчид хэлж, бичиж байв. Нөгөөтэйгүүр Н.Удвалын нэр дэвшиж өрсөлдсөн нь бүсгүйчүүдэд ихээхэн урам зориг өгсөн гэхэд болно.
Монголын эмэгтэйчүүд сүүлийн жилүүдэд төрийн томоохон албан тушаалд очиж, улс төрд хүчтэй орж ирэх болсны илэрхийлэл ч гэх хүн олон байлаа. Монголын уламжлалт сэтгэлгээнд нэгэн шинэ өөрчлөлтийг хийж даяаршин буй дэлхий ертөнцтэй Монгол Улс нэгэн зиндаанд алхах болсныг МАХН энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчээрээ хэлж өгсөн.

Оффшор дансны дуулиан энэ оны халуун сэдвүүдийн нэг байлаа. Санхүүгийн диваажин болсон улс орнуудад төрийн томчууд нууц хөрөнгөө үүцэлж, элдэв татвар, хураамж төлдөггүй болохоор оффшор нь яах аргагүй анхаарал татсан бүс юм. Тэгвэл Швейцарийн банкинд Монгол Улсын топ парламентчийн мөнгө хадгалаастай байгааг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциум өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-нд илрүүлснээр дэлхий нийтэд дуулиан тарьсан билээ.
Харин “хэргийн эзэн” үүнийг “Энэ хууль бус мөнгө биш. Найзуудтайгаа нийлж нээсэн энэ дансан дахь хөрөнгө одоо 2000 евро хүрэхгүй үлдсэн. Би энэ дансыг нээх хэрэггүй байсан юм. Миний нэр хүнд унах эсэх нь хамаа алга. Харин би гэр бүлдээ санаа зовж байна. Тиймээс би албан тушаалаасаа огцорно гэж үзэх ёстой” хэмээсэн нь олон нийтэд хариуцлагаа ухамсарлаж буйг нь илтгэсэн гэж олон хүн үздэг.
Үүний дараа С.Баярцогт УИХ-ын дэд даргынхаа албанаас огцорсон нь улс төрийн хүрээнд хариуцлага хүлээх тогтолцоог өөрийн үйлдлээрээ илэрхийлж, аливаад улстөрч, бас хувь хүн талаасаа хариуцлагатай хандах хандлагыг бий болгосон гэж зарим парламентч тайлбарладаг билээ.
6. Төрийн өмчийн өнөөгийн төрх буюу МИАТ-ийн хэрэг

2013 оны хамгийн дуулиантай хэрэг бол МИАТ-ийнх байлаа. Асар өндөр хохиролтой, олон хүнийг холбогдуулсан энэ хэргийн дуулиан оны эхэнд гарч, тэр хэрээрээ олныг цочирдуулсан.
Гайхалтай нь Ч.Хоролсүрэн болон МИАТ-ийн захирал асангууд, Голомт банкны салбарын эрхлэгч нарыг маш богино хугацаанд буюу бараг зургаан сарын дотор шүүн, ял оноож, шоронд хорьсон юм. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгууль болохоос 16 хоногийн өмнө буюу 2013 оны зургадугаар сарын 12-нд болсон нь сонгуульд зориулсан PR-ийн шинжийг агуулсан хэмээн улс төрийн ажиглагчид хэлцгээж байлаа.
Үнэндээ энэ хэрэг анх дуулиан шуугиантай ил болохдоо зөвхөн Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Р.Бат-Эрдэнэ, Ч.Хоролсүрэн, Б.Саранчимэг, Ч.Суурьтогтох нараар хязгаарлагдаагүй. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугараас эхлээд томоохон бизнесмэн, улстөрчид, басхүү Монголын санхүүгийн зах зээлийн томоохон төлөөлөгч болсон аж ахуйн нэгжийн нэр хүртэл сонсогдож байв. Гэсэн ч дээр хэлснээр “PR-ийн шалтгаан”-аар энэ хэдэн “нөхөр”-ийг тасдаж аваад яллаж орхисон.
Эцэст нь сар гаруйн өмнө Дээд шүүхээс Мөнгө угаах... гэсэн зүйлчлэлийг нь хассанаар анхан шатны шүүхээс оноосон хорих ялын хэмжээ буурсан. Мөн МИАТ-ийн хэргийн улмаас учирсан хохирол болох 10 шахам тэрбум төгрөгийг өнөөх л жишгээр хэн хэзээ эргүүлэн төлөх нь бүрхэг үлдэв.
Ер нь МИАТ-ийн гэх хэрэг л энэ мэтийн шалтгаанаар өндрөө авч, олон нийтийн хараа хяналт дор шийдэгдсэн нь гэхэд болно. МИАТ бол төрийн өмчит олон компанийн зөвхөн нэг нь. Нэгээс нь илэрсэн ганц л хэрэг. Төрийн өмчит үйлдвэрийн газрууд, уурхайнууд... гээд Монгол төрийн мөнгө, та бидний татварын хөлс тэднийг толгойлсон дарга нарын гүзэгний үзүүрээр ийш тийш хөдөлж байгаа нь нууц биш. Тэдэнд хяналт бараг үгүй. Иймэрхүү улс төрийн шалтгаанаар л босгож ирэхгүй бол шүү дээ. Засаг солигдсон ч төрийн өмч үнэгүйдэх, хэн нэгний гарт очих, нөгөөх шахаа, улс төр бизнесийн бүлэглэл фракцийн томилгоо үргэлжилсээр байгаа нь нууц биш.
Өөрөөр хэлбэл, МИАТ-ийн хэрэг бол төрийн өмч өнөөдөр хэний гарт, ямар байдалтай байгаагийн төрхийг илэрхийлсэн ганцхан жишээ билээ.

Монгол Улсын хамгийн том, хамгийн дэвшилтэт технологи бүхий аж үйлдвэрлэлийн байгууламж болох баяжуулах үйлдвэр Оюутолгойд сүндэрлэснээс хойш нэг жил өнгөрчээ. Өнгөрсөн улиралд Оюутолгой төслийн хүрээнд 12,482 тонн боловсруулсан хүдэр гаргаж, 0.33 тонн алт, 1.36 тонн мөнгө олборложээ. Ирэх онд 150.000-175.000 тонн зэс агуулсан баяжмал, 700.000-750.000 унци алтны агууламжтай баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөж буй.
Гэвч өнгөрсөн долдугаар сарын 19-нд “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчиг “Рио тинто”-д захидал илгээснээр өмнийн говийн алт, зэсийн энэ төслийн “хөдөлгүүр” унтарсан билээ. Тэр өдрөөс эхлэн Монгол руу чиглэсэн валютын урсгал татарч, он гарснаас хойш төгрөг анх удаа 20 орчим суларч, ам.долларын ханш 1800-д дөхсөн юм. Учир нь Оюутолгой дангаараа Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын 66 хувийг эзлэн данхайж байгаа хэрэг. Энэ зуур Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулснаар төсөвт 440 тэрбум төгрөг оруулна гэсэн Засгийн газрын амлалт талаар өнгөрч улсын төсөв улайв.
Дуулиант захидлаас хойш “Эрдэнэс Оюутолгой”-н захирал ч солигдож, “Рио тинто”-той тохиролцоонд хүрч, төслөө урагшлуулах даалгавар авсан Монголын талын ТУЗ томилогдлоо. Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж, далд уурхайн бүтээн байгуулалтын хэтэрсэн зардлыг танах зэрэг чухал даалгавар авсан Монголын талын ТУЗ-д “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, УУЯ-ны газрын дарга Ч.Отгочулуу нар багтаж буй.
Он дуусахад хэдхэн хоног үлдээд байгаа ч жил тойрон хэлэлцээний ширээний ард суусан ТУЗ олигтой хариу өгсөнгүй.
8. “Ичих булчирхайгүй хүмүүс” Их хуралд суув

Сонгогчдоос хамгийн бага санал авсан хүн эрх мэдэл, эд хөрөнгийн “хүчээр” улс төрд орж чаддагийг харуулсан үйл явдал өнгөрч буй энэ онд тохиолдлоо. УИХ-ын гишүүн хэмээх их, багагүй дурлах энэ албаны төлөө 2012 онд өмнөх жишгээрээ л өрсөлдөцгөөсөн. Парламент нэгэнт бүрдэж ажилдаа орсон ч Өвөрхангайн тойргийн өрсөлдөөний дүн энэ огт өөрөөр эргэсэн юм. Уг нь МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар ялалт байгуулсныг СЕХ баталгаажуулсан байдаг. Гэсэн ч АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нар шүүхдэж явсаар УИХ-д ороод ирэв. Урьд өмнө ийм явдал Монголын парламентын түүхэнд болж байсангүй. МАН-ын С.Чинзориг л гэхэд сонгуулийн үеэр одоогийн Их хурлын гишүүн АН-ын Г.Батхүүгээс даруй 5000 сонгогчийн саналаар илүүрхсэн байдаг. Гэвч тэдэнд өвөрхангайчууд итгэл хүлээлгэж сонгоогүй ч УИХ-ын гишүүн болж чадсан. Энэ нь мэдээж Улаанбаатараас 430 гаруй километрийн зайтай Өвөрхангай аймагт үүссэн сонгууль тойрсон маргааныг нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүх хэлэлцсэнтэй холбоотой. МАН-ынхан ч өөрсдөө С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын нэр дэвшигчийнхээ төлөө тийм хүчтэй тэмцээгүй нь АН-ынханд нэмэр болсон гэх. Тэгээд ч засаг барьж буй АН-д Г.Батхүү, Д.Зоригт хэмээх мөнгөтэй эрхмүүд хэрэгтэй. Хэрэгтэй учраас эрх мэдлийн түрэмгийлэл, эд хөрөнгийн далайлтаар УИХ-д оруулж ирсэн нь энэ оны улс төрийн бас нэгэн шинэ сенсаацаар нэрлэгдсэн. Тэрч байтугай Гаваагийн Батхүүд хэвлэлийнхэн “Ичих булчирхайгүй хүн” хэмээх шинэ тодорхойлолт хайрласан. Ийн Өвөрхангайн тойрогт хамгийн олон санал авсныг нь унагааж амташсан АН-ынхан өдгөө Увсын тойрогт нэр дэвшээд, улмаар гишүүн болсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нараар “оролдож” эхлээд байгаа.

Орон нутгийн ээлжит сонгууль болоод жил илүүгийн нүүр үзлээ. Хуулиараа бол өдийд хот, дүүрэг, аймгийн удирдах байгууллага нь жигдэрчихсэн, сонгуулийн хугацаанд хийх ажлын үндсэн чиглэлээ хэрэгжүүлээд эхэлчихсэн байх учиртай. Олонх газар тийм л байгаа.
Гэтэл орон нутгийн сонгууль зарим газарт одоо ч дуусаагүй. Маргаан, будлиан дунд байгаа нь оны онцлох үйл явдлын нэг болоод байна. Зарим аймаг иргэдийн төлөөлөгчдийн хурлаа шинэчилж чадаагүй байна гээд бод доо. Энэ бол Говь-Алтай. Эднийх сонгууль будилсан гэсэн хэрүүл маргаанаас болж шинэ хурлаа хүчингүйн жагсаалтад биччихээд одоо түрүүчийн ИТХ нь аймаг орныхоо ажлыг эмхэлж байгаа гэх. Засаг даргаа ч бас хууль бус гээд шалгах албанд өгчихсөн байдаг.
Тэгвэл саяхан болтол Засаг даргагүйн зовлон эдэлсэн Хөвсгөл, Дорнод аймаг Ерөнхий сайдын зөвшөөрснөөр 2014 оны босгонд нэг юм Засаг даргын бараа хараад байна. Хөвсгөл А.Эрдэнэбаатар, Дорнод С.Ганбат гэдэг даргатай болсон дуулдав. Эдгээр аймагт саяхан болтол урьдын Засаг дарга нар нь ажлаа хийсэн болсоор ирсэн. Дундговь гэж бас нэг хоёр намын хооронд зовсон газар бий. Бүр хожуу өнгөрсөн хавар будилж байж Засаг даргаа С.Сүхбаатарыг томилуулж авсан юм. Гэтэл түүнийгээ ажил хийсэнгүй гэж алив бүхнээр нь муулсаар байгаад саяхан огцруулаад авсан. Одоо засаг даргагүй он золгов. Уг нь саявтар Иргэдийн хурал нь хуралдах байсан ч намсаж найраад чадсангүй. Бүр ирэх хавар болтол “толгойгүй” байхаар шийдэж.
Гурван сумтай гэгддэг Говьсүмбэр аймгийнхан бас л улстөржсөөр байгаад Засаг даргаа сольж байсан нь бий. Орон нутагт намаараа талцаж улстөрждөг явдал сүрхий газар авсанаас болж аймаг, сумын хөгжил зогсонги байдалд хүрч бүтээн байгуулалт муу байна. Энэ нь сонгуулийн хуулийн алдаа юу, сонгож шилж чадахаа байсан сонгогч олон түмний буруу юу гэдэг нь ил байгаа. Ерөөс намчирхал гэдэг улс төрийн “дайсан” хааяагүй толгой нь өндийснийх.
Улсын Их Хурал нь хүртэл нам, бүлэглэлийн эрх мэдлээр үйл нь өрнөдөг болсон буруудал хөдөөд ч халдсан гэдэг Монголын нэгэн эмгэнэл юм шиг ээ. Сонгуулийн “урт сүүл” дээр намчирхал, “улстөржилт” гэсэн хос үгс бичээстэй. Тэр нь засаглалд тээр болсоор байна.
10. Төрийн ордныг онилсон буун дуу

Улирч буй 2013 оны онцлох үйл явдлаар “Гал үндэстэн” холбооныхны хийсэн нэгэн үйлдлийг нэрлэж байна. Тайван амгалан нийслэл хотод, тэр дундаа төрийн ордны цэцэрлэгт буун дуу гаргаж, олон нийтийг багагүй цочроосон Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс яах аргагүй энэ оны онцлох явдлыг үйлдсэн юм. Эх орон, байгаль орчноо уул уурхайнхнаас аврахын тулд ингэж тэмцэхээс аргагүй хэмээн тайлбарласан Ц.Мөнхбаярын энэ үйлдлийг ард түмэн олон янзаар хүлээж авсан юм. Онги голыг компаниудаас хамгаалж, дахин урсгаж чадсан гавьяатан хэмээн олон нийт түүнийг хүндэлдэг байсан. Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд “Пураам”, “Сентерра гоулд” компанийн техник рүү олон удаа буудаж, Төрийн ордон руу нум сум харвасан тэрээр байгаль орчны төлөөх тэмцэл гэсэн нэрийн дор ял шийтгэлгүй үлдэж байсан билээ. Гэвч сүүлийн удаагийн үйлдэл нь яах аргагүй эрүүгийн элемент болж, Ц.Мөнхбаяр саатуулагдаад байна. Буун дуу гаргаад зогсохгүй, Төрийн ордны ойролцоох газруудад гар бөмбөг тавьж цагдаа хүчнийхнийг багагүй сандаргасан. Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Централ тауэрт ажилладаг хүмүүс энэхүү сандралд ч бас өртөв. “Гал үндэстэн” холбооныхны энэ үйлдлийг зөвтгөхөөс буруушаах нь илүү байлаа. Ц.Мөнхбаярыг томчуудын золиос боллоо, их хэмжээний мөнгө авч ийм үйлдэл хийлээ, цагдаа тагнуулынхан худлаа шоудлаа гэх зэргээр маш олон мэдээлэл энэ хэргийг дагасан юм.
Дундговь аймгийн Онги голын бэлчээрт малчин байсан Ц.Мөнхбаяр хэмээх гандуу дээл, дугуй малгайнаас салдаггүй энэ эрийг байгаль орчны төлөө тууштай тэмцэгч гэлцдэг. 2007 онд Дэлхийн байгаль хамгаалагчдын нэр хүндтэй шагналыг 150 мянган ам.долларын хамтаар хүртэж, National Geographic сэтгүүлийн ундны усыг хамгаалагч шилдэг дэлхийн хүнээр тодорч байсан нь түүнийг ямархуу гавьяатайг илтгэнэ. Уул уурхайнхны бохирдуулсан голоос ундаалж байсан ээж нь хордож нас барсан, мөн хүү нь өвчилсөн гэж ярьдаг юм билээ. Магадгүй энэ шалтгаан нь, мөн уул уурхайнхны эцэс төгсгөлгүй шунал, эрх мэдэлтнүүдийн эрээ цээргүй авир түүнийг буу барихад хүргэсэн байж болох. Гэвч энэ удаагийн тэмцлийн арга нь тун буруу байлаа гэдгийг олон хүн дуу нэгтэйгээр хэлсээр байна.