Төрийн хүнд суртал: Оочер

2013-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА, Э.СОЛОНГО, Г.ГАНЧИМЭГ

Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалтыг хийгээд удаагүй байна. Бүтэц нь улам данхайхын хэрээр хүнд суртлын “шаварт” гүнзгий шигдэж буй төр бодлогодоо анхаарах цаг болсныг үүгээрээ анхааруулсан юм. Төрд дарлагдсан ард түмэн хэмээх тодорхойлолтыг бизнес эрхлэгч, татвар төлөгчдөд хаягласан энэ уулзалтаас хойш нэг сар өнгөрлөө. Хүнийхээ хөгжил, ирээдүй, эрүүл мэндэд зориулах төрийн бодлого “мөстөөд” удаж байгаа болохоор Төрийн тэргүүний зөвлөмж гарт баригдаж, нүдэнд харагдахаар биелсэн нь үгүй байна. Засгийн газрын шинэчлэл нэртэй “бялуу”-ны үнэрийг холоос үнэртэж буй энгийн ард иргэдийн амьдрал бахь байдгаараа.

Элдэв даатгал нэрээр цалингийнхаа гучаад хувийг цагаан захтнуудын хоол ундыг залгуулж, том том тэрэг хөлөглөхөд нь зориулах нь иргэд бидний “эрхэм зорилго”. Харин тэднээс үнэд нь тохирсон үйлчилгээгээ авъя гэхээр загнуулж, доромжлуулахаас авахуулаад бэрхшээл зовлон тасрахгүй. Ийм л хуурай бодлого энгийн олон өрхийн гал тогоонд ядуурал нэрээр өнгөө засч байна.

 

АВЛИГЫН ҮНЭТЭЙ ООЧЕР

 

Нэг сартай хүүгээ  өрхийн эмчид нь үзүүлэх гэж ирсэн эх өвлийн гадуур хувцастайгаа зай завсаргүй чихсэн олон хүний урт дараалалд 40 минут зогсчээ. Зөвхөн хүүхдээ үзүүлэх гэж, жинлүүлэх гэж л тэр шүү дээ. Уг нь нярайг дугаар харгалзахгүй үздэг гэдэг юм билээ. Тиймээс залуу эх сувилагчид энэ талаар саналаа хэлжээ. Хариуд нь ямар үг сонссон гээч “Би мэдэхгүй ээ. Дугаараа хүлээ” гэж. Хөгшин залуу, жирэмсэн, нялхас бүгд л нэг дор шамбааралдан хүлээж, бухимдал, уур уцаар болсон хүмүүс өрхийн эмнэлгийн үүд сахина. Анхан шатны энэ үйлчилгээ хүртэл хүнд суртал, оочерт нэрвэгдчихээр авлига “бороошихгүй” яах вэ.

Дараагийн жишээ дүүргүүдийн эмнэлгүүдийн эмчилгээ, оношлогоо. Зөвхөн цусны шинжилгээ өгөхийн тулд үүрийн 4-5 цагт очиж дугаарлахгүй л бол “дуусаа”. Хөгшин, залуу, нялх, жирэмсэн хамаагүй бүгд л шинжилгээний урт дараалалд үүрийн таван жингээс эхлээд жагсана даа. Эхний 50 хүнээр дугаараа тасалбар болгож, үлдсэн нь маргаашийг хүлээхээс аргагүй болдог хууль тэнд үйлчилдэг юм билээ. Шалтгааныг нь мэргэжилтнүүдээс асуухад “Манайх ганцхан лаборанттай. Ажлын нөхцөл нь ч их хортой” гэсэн битүү тайлбар хэлээд алга болов. Гэтэл нийгмийн даатгалын сангаас улсын эмнэлгүүдэд олгох санхүүжилтийн орлого ирэх онд 123.4 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Тэгвэл төсвийн урсгал зардал 2000 оныхоос 11 дахин өссөнийг Засгийн газар бас мэдэгдсэн. Бараа үйлчилгээний буюу эд хогшил худалдаж авах зардал 5.1 дахин, урсгал засвар 2.7 дахин нэмэгджээ. Ийм байхад ганц лаборант нэмж аваад ажиллуулах, иргэдийг урт удаан дараалалд зогсоохгүй байх боломж хаагуур “урсчихав”.

 

“ХООЛОНД ДААЯ” ШУУРХАЙ ҮЙЛЧЛЭЭД ӨГӨӨЧ

 

Ээлжит хүнд суртлын жишээ бүртгэлийн байгууллагаар үргэлжилж байна. “Ах нь саяхан авсан орон сууцаа бүртгүүлэхээр ажлаа хоёр өдөр тасалж байна.  Өнөөдөр бүртгүүлж амжихгүй бол ажил болохоо байлаа” гэх 40 эргэм насны эр “Эд хөрөнгийн бүртгэл” гэсэн хаягтай цонхны өмнө дараалласан хүмүүсийн дунд бухимдах, аргадах зэрэгцсэн өнгөөр ярина. Хажууд нь зогссон бүсгүй хашаа, байшингаа бүртгүүлэхэд ямар бичиг баримт бүрдүүлэхийг мэргэжилтнээс асуухад “Наана чинь бичээд хадчихсан байгаа биз дээ” гэсэн зандрангуй хариултыг цонхны цаанаас “илгээв”. Өглөө 08.30 цагт ирснээ хэлж цайны цагаас өмнө зуслангийн байшингаа бүртгүүлсэн бичиг аваад дахин банк орох ажилтай гэдгээ учирлах ахимаг настай эмэгтэй бүртгэлийн газрын мэргэжилтнүүдийг иргэдэд хөнгөн үйлчлэхийг шаардсан ч цаадуул нь хариу ч хэлсэнгүй.

Иргэдийн эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийг бүртгэдэг энэ хэсгээс холгүй шинэ төрсөн хүүхэд бүртгэдэг цонхнуудын өмнө мөн л хүмүүсийн урт цуваа үргэлжилнэ. “Оноос өмнө амжиж хүүхдийн мөнгө авах гэсэн энд хамаг цагаа алдчихлаа. Хүүхдээ тэврээд ирсэн нь буруу болжээ. Нөхрөө ажлаас нь дуудаж энд зогсоохоос” хэмээн нярай хүүхэд тэвэрсэн эмэгтэй дараалал дундаас гарч одлоо.

Энэ дүр зургаас цаанахан “Цахим үнэмлэх дахин олгох” гэсэн хаягтай цонхоор арай бага хүн үйлчлүүлнэ. Гэвч мөн л гуйсан, аргадсан, уурласан хүмүүс зогсох юм. Долоо хоног бүрийн пүрэв гаригт энэ дүүргийн ажилчид дотоод ажилтай тул  бүртгэлийн мэргэжилтнүүд 12.00 цагаас хойш үйлчлэхгүй гэдгээ иргэдэд сануулж байв. Дотоод ажил нэртэй тэдний “завсарлага” хүнд суртлыг улам өөгшүүлдэг аж. Өглөөнөөс хойш цахим үнэмлэхээ дахин захиалахаар энд зогссон залуу “Өглөө ирсэн. Тэр дотоод ажилдаа явахаас өмнө бүртгээд авчихаач. Цайны цагаар хамт хоолонд орох уу” гэх мэтчилэн гуйна. Цонхны цаанаас “Авлига авсан болно. Гэхдээ цайны цагийн дараа хүрээд ир” гэх нь залууд найдвар төрүүллээ. Хариуд нь залуу “Шуурхай үйлчилбэл хоолонд дааж болно шүү дээ” гэх мэт үгсийг амандаа бувтнаад хүлээлгийн сандал дээр суулаа. Энэ дүр зураг цайны цагаас, төрийн албан хаагчид бултаараа ажлын байраа орхихоос өмнө  Баянзүрх дүүргийн Бүртгэл мэдээллийн танхимд боллоо. Төрийн энэ үйлчилгээг батлах нэгэн судалгааг Дэлхийн банк гаргасан байх юм. Монгол Улс хөрөнгө бүртгүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл саадын үзүүлэлтээрээ 21-ээс бүр 27-д хүрч, зургаан байраар ухарчээ.

 

Speak out

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: ХYНД СУРТАЛТНУУД НЭМЭГДСЭЭР БАЙНА  

-Төрийн хүнд суртал ерөөсөө арилаагүй. Яагаад гэвэл төрийн бүтэц улам данхайж байна. Төрийн албан хаагчдын тоо ингэж өссөөр байгаа нь хүнд сурталтнууд улам нэмэгдсээр байна гэсэн үг.

 

Баянзүрх дүүргийн иргэн М.Наранцэцэг: 8.00-11.00 ЦАГ ХҮРТЭЛ ХҮЛЭЭЛЭЭ

-Жирэмсэн болохоор төрөх эмнэлгийн хаягаа тодорхой болгох гэж БЗД-ийн нэг цонхны үйлчилгээний шилжүүлэгт бүртгүүлэхээр ирсэн. Бие давхар болохоор өглөө 08.30-аас 11.00 цаг хүртэл зогсох хэцүү байна. Энд дугаарлаж байсан нэг настай хүн ядраад харьчихлаа.

 

Баянзүрх дүүргийн иргэн А.Батхүү: ИРГЭДЭД ЗӨВЛӨХ БИШ УУРЛАЖ БАЙНА

-Эд хөрөнгийн бүртгэлийн цонхнууд хамгийн их хүнтэй байна. Өглөө эрт ирсэн. Цайны цагаас өмнө амжиж бүртгүүлэх гэсэн ч амжсангүй. Зарим цонхонд яагаад бүртгэхгүй байгааг асуухаар “Мэргэжилтэн нь гадуур ажилтай” гэх юм. Үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэхэд ямар бичиг баримт цуглуулдаг, хэдэн төгрөг шаардлагатайг асуухаар уурлаад байх юм.

 

Баянзүрх дүүргийн иргэн Б.Тогтохсүрэн: ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙНА 

-Шинээр авсан орон сууцаа бүртгүүлэхээр ирсэн. Өнгөрсөн долоо хоногт 16.00 цагт ирээд бүртгүүлж амжаагүй. Төрийн байгууллага болохоор 17.00 цаг гээд тарчихдаг юм билээ. Өнөөдөр ажлаасаа чөлөө аваад өглөөнөөс хойш дугаарлаж байгаад одоо бүртгүүлэх гэж байна. Үйлчилж байгаа мэргэжилтэн, ажилчдынхаа тоог нэмэх хэрэгтэй. Зарим цонх нь иргэдэд үйлчлэхгүй байхад заримд нь олон хүн шавчихсан байх юм.

 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн С.Гантөмөр: ДУГААРТ ЗОГССООР ЭМЧЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ХОЦОРДОГ

-Төрийн байгууллагуудын хүнд суртал хамгийн дараатай, айхтар зүйл байна. Ухаалаг, сайхан төртэй болно гэсэн. Тэр нь хаана ч байгаа юм. Мань мэтийн настай хүмүүст мэдэгдэх юм алга. Харин ч бүр хэцүү болжээ. Эмнэлгийн дараалал дийлдэхээ болилоо. Дугаарлаж байгаад нэг юм үзүүлэхээ аядна. Шинжилгээнд дахиад л дараалалд зогсоно. Хариугаа аваад очихоор хэвтэх ор нь олдохгүй. Эцэст нь эмчлүүлж ч чадахгүй хоцорч байна.

 

Баянгол дүүргийн иргэн Д.Цолмон: 11-11 РҮҮ УТАСДАЖ ҮЗСЭН Ч НЭМЭР БОЛООГҮЙ

-Төрийн хүнд суртал их зовлонтой шүү дээ. Жирийн иргэдийг төрийн дундаж албан тушаалтнууд их чирэгдүүлж байна. Наад зах нь, НДЕГ-ынхан ажлаа огт мэддэггүй. Бараг зандрах шинжтэй байсан. Тэгээд нааш цааш нь дамжуулаад л байхаас биш хөөцөлдсөн асуудлыг маань шийдэж өгөөгүй. Төрийн албан хаагчид гэдэг чинь компьютер шагайсан л хүмүүс байдаг. Тийм их ажилтай байдаг юм уу, эсвэл захиа бичээд суудаг уу бүү мэд. Төрийн чих гээд байгаа 11-11 дугаар луу утасдаж үзсэн. Ямар ч нэмэр болоогүй.      

 

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

16 цаг 6 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

16 цаг 8 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

19 цаг 25 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

22 цаг 9 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

22 цаг 18 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Өчигдөр 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Өчигдөр 06 цаг 00 мин