Аюултай хаягдлыг 5 дахин ихээр импортолж, бага татвар төлжээ

2013-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.СОЛОНГО

Аюултай хог хаяг­­далд тоо­цогддог учир хуучин дугуйны импортыг зарим улс хориглосон байдаг. Гэвч манай улс дотооддоо автомашины дугуй үйлдвэрлэх боломжгүй учир үйлдвэрлэсэн улсдаа хэдийнэ ашиглагдахаа больж, хог болчихсон хуучин дугуйг импортолдог билээ. Харамсалтай нь үүнээс болж дугуйны хаягдал асар ихээрээ үйлдвэрлэгдэж байгаа нь бидний эрүүл мэнд болоод байгаль орчинд заналхийлсээр байна. Тиймээс хуучин дугуйны импортыг багасгаж, шинэ дугуйны үнийг хямдруулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ямар гарц боломж байгааг цувралаар нийтэлж байгаа билээ. “Цалин хөлс бага, амжиргааны төвшин доогуур учир аль хямдханыг нь л сонгоно. Тэртэй тэргүй шинийг нь авч дийлэхгүй юм чинь өөр яах болж байна” гэж эсрэг санал хэлэх хүн цөөнгүй байна. Тиймээс хуучин, шинэ дугуйны үнийн ялгаа болон импортын мэдээллийг энэ удаад бэлтгэлээ.

 

ХУУЧИН ДУГУЙГ ГААЛЬ ДЭЭР 9-14 АМ.ДОЛЛАРААР ҮНЭЛДЭГ

 

Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс харахад хуучин дугуйны импорт энэ онд шинээсээ тав дахин их байжээ. Дэлгэрэнгүй тоо баримтыг цонх хэсгээс уншаарай. Автомашины дугуйны импортод шинэ, хуучин хамаагүй татвар ногдуулдаг. Тодруулбал, импортын гаалийн албан татвар таван хувь, НӨАТ 10 хувь нийтдээ 15 хувийн татвар ногдуулдаг байна. Гэтэл хуучин дугуйны импорт тав дахин их байгаа хэрнээ улсын төсөвт тав дахин бага татварыг төвлөрүүлсэн байх юм. Өөрөөр хэлбэл, олон улсад аюултай хаягдал хэмээн хориглож байгаа бүтээгдэхүүн хэтэрхий олон ширхгээр орж ирж байгаа хэрнээ маш хямдханаар үнэлэгддэг гэсэн үг. Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр хуучин дугуйны гаалийн үнэлгээ 9-14 ам.доллар байдаг гэнэ. Солонгос, Япон улсаас нийт хуучин дугуйны 80 орчим хувийг импортолдог гэлээ.

 

ШИНЭ ДУГУЙНЫ ҮНЭ 50 МЯНГААР ИЛҮҮ БАЙНА

 

Манай жолооч нар хуучин дугуйг сонгох үндсэн шалтгаан нь үнэ билээ. Тиймээс үнийн ялгааг сурвалжлахаар “Өгөөмөр” захыг зорьсон юм. Өвлийн улирал эхэлж байгаа болохоор дугуйны наймаа ид оволзож байлаа. Тус захад дугуй худалддаг лангуу маш олон. Харин шинэ дугуй зардаг нь цөөхөн харагдав. Дугуйны нэр төрөл мөн олон. Суудлын, дунд оврын, том оврын, тэр дундаа хэмжээ, хээний төрөл гээд маш олон янз байна. Ерөнхийд нь үзвэл суудлын автомашины өвлийн хуучин дугуйны үнэ 50-70 мянган төгрөгийн хооронд байлаа. Монголчуудын өргөнөөр хэрэглэх болсон “Приус” маркийн машины дугуй хамгийн боломжийн үнэтэй буюу 45-55 мянган төгрөг гэнэ. Харин жийп гэх мэт том оврын машиных 150 мянга буюу түүнээс дээш үнэтэй байх аж. Монголд импортоор орж ирж байгаа дугуйнуудыг ерөнхийд нь 50, 70 хувийн ашиглалттай гэж ангилдаг байна. Бизнесийнх нь талаар мэдээлэл авчих санаатай хэд хэдэн наймаачдыг хоргоосон ч үүнээс илүүг хэлсэнгүй. Харин нэрээ нууцлахыг хүссэн худалдагч ингэж ярьсан юм. “Ер нь хүмүүс шинэ дугуйг барагтай бол авахгүй шүү дээ. Үнэтэй юм чинь яаж авах юм. Хуучин ч гэсэн гамтай хэрэглэвэл шинээсээ дутахгүй. Би Солонгосоос дугуй зөөдөг. Ер нь Солонгос, Японд суудлын тэрэгний хуучин дугуй их хямдхан байдаг, зарим нь үнэгүй ч олдоно. Нарийн тоог нь хэлээд яахав. Солонгост бол цэцэгнээс ч гайгүй шиг дугуйнууд гарчихдаг юм. Ашигтай бизнес учраас л ингэж явна шүү дээ” гэв. Заримдаа том дотор нь жижгүүдийг нь хийгээд нэг ширхэгээр тоолуулан татвар төлдөг тухай ч нууц задлав. Харин шинэ дугуйны үнийн хувьд суудлынх 100 мянган төгрөгөөс эхэлж байна. Том оврынх нь 300 мянган төгрөгөөс эхэлж байна. Нийслэлчүүдийн голчлон хэрэглэдэг суудлын машины дугуйны шинэ хуучны ялгаа 50 мянган төгрөг л юм байна. Хэрэв гаалийн татварыг багасгавал үнэ нь хямдрах боломжтойг худалдаачид хэлнэ лээ.

 

ШИНИЙГ АВАХЫГ ХЭН ХҮСЭХГҮЙ БАЙХ ВЭ ДЭЭ

 

Хаягдал дугуйны тоог багасгахын тулд хүн бүрийн оролцоо чухал. Тэр дундаа жолооч нар өнөөдөр халаасанд байгаа хэдэн төгрөгтөө тааруулах биш ирээдүйгээ, эрүүл мэндээ бодсон сонголт хийгээсэй гэж бид хүсч байгаа юм. Жолооч нар ингэж ярьж байна.

 

Г.Баттулга: Би шинэ дугуй авч үзээгүй

-Дугуйг яаж эдлэх нь тухайн жолоочоосоо л болно шүү дээ. Би шинэ дугуй авч үзээгүй. Хуучныг хэрэглэхэд болоод л байдаг юм. Гэхдээ шинийг авчихвал эдэлгээ нь арай урт байх л даа. Хэн ч гэсэн машиндаа шинэ дугуй тавьчихыг хүснэ биз дээ. Гэхдээ үнэтэй шүү дээ. Хоёр дахин илүү үнэтэй. Өнөөдөр халаасанд хэдэн төгрөг байна, түүндээ л тааруулна. Ер нь халтуур хийдэг жолоочид шинэ дугуй авдаг гэдэгт би лав итгэхгүй байна.

 

Х.Уламбаяр: Өвлийн шинэ дугуйгаа гурав дахь жилдээ хэрэглэж байна

-Би энэ дөрвөн дугуйг гурав дахь жилдээ хэрэглэж байна. Ажил гэрийн хооронд л явдаг болохоор дугуй элэгдэх нь гайгүй. Миний бодлоор найдлагагүй болтол нь хагалчихгүй л бол шинэ дугуйны эдэлгээ урт. Хэрэв машин унах сонирхол байгаа бол гурван жилдээ дөрвөн ширхэг шинэ дугуй аваад тавьчих чадалтай л байх хэрэгтэй. Тийм чадалгүй бол машин унах шаардлагагүй биз дээ.

 

918 МЯНГАН ШИРХЭГ ХУУЧИН ДУГУЙ ИМПОРТОЛЖЭЭ

Гаалийн ерөнхий газраас шинэ, хуучин дугуйны импорттой холбоотой дараах мэдээллийг авлаа. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өнгөрсөн сарын 30-ныг хүртэлх статистик ийм байна.

 

  • Шинэ дугуй

Энэ онд гадны 30 улсаас 183759 ширхэг шинэ дугуй импортолжээ. Үүнээс хамгийн их буюу 92340 ширхэг дугуйг БНХАУ-аас авсан байна. Дараа нь 36357 ширхэгийг Япон улсаас импортолжээ. Гааль дээр үнэлсэн нийт үнийн дүн нь 70.9 сая ам.доллар бөгөөд улсын төсөвт 11.7 сая ам.долларыг төвлөрүүлсэн байна.

 

  • Хуучин дугуй

Энэ онд гадны таван орноос 918 мянган ширхэг хуучин дугуй импортолжээ. Япон, Солонгос, АНУ, Орос, Хонгконг гэсэн таван улсаас хуучин дугуй авдаг бөгөөд нийт хуучин дугуйны 80 хувийг Солонгос, Японоос импортолдог. Хуучин дугуйны гаалийн үнэлгээ 9-14 ам.доллар бөгөөд энэ онд импортолсон хуучин дугуйны нийт үнийн дүн 13.7 сая ам.доллар болж, үүнээс улсын төсөвт 2.1 сая ам.доллар төвлөрүүлжээ.

 

Speak out

Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан:

-Би энэ саналыг дэмжиж байна. Бид олон жил өөр улс орны хуучин зүйл хэрэглэж ирлээ. Энэ хэв маягаас татгалзах цаг нь болсон. Эрүүл мэнд эрхэм баян гэдэг. Тэгэхээр жаахан хэдэн төгрөгийн зөрүүгээс ямар том зүйлээ алдаж байгаагаа ухамсарлацгаая л гэж хэлье дээ.

 

УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Г.Баярсайхан:

-Улсаас татаас  гаргаж, хуучин дугуйг дахин боловсруулж  бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг бодлогоор дэмжвэл энэ асуудлыг шийдэж чадна.

 

Эдийн засагч М.Пүрэвцогт:

-Хуучин дугуйны импортыг тооцоо судалгааны хүрээнд зогсоох нь манай улсад ашигтай. Иргэдийн халаасан дахь хэдэд энэ мэдрэгдэнэ. Эхэндээ 100 мянган төгрөгөөр дугуй авдаг зарим жолоочид шинэ дугуйны 250 мянга хүнд тусна. Гэхдээ дугуйгаа ашиглах хугацаа нь уртсана. Хуучин дугуйгаар нэг жил явдаг байсан бол шинээр нь 2-3 жил явна. Хэмнэлт, ашиг нь тухайн үедээ мэдрэгдэхгүй ч яваандаа тодорхой болж эхэлнэ. Хуучин дугуй эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөс гадна замын хөдөлгөөний аюулгүй байдалд таагүй нөхцлийг бүрдүүлдэг. Хуучин дугуйнаас болж осол гарч байгааг Замын цагдаагийн газрын мэдээнд байдаг шүү дээ.

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

21 цаг 4 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

21 цаг 5 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

Өчигдөр 13 цаг 53 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Өчигдөр 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Өчигдөр 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Өчигдөр 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Өчигдөр 06 цаг 00 мин