
Ч.ҮЛ-ОЛДОХ
Түрүүч нь ¹ 245, 446-д
Жил ирэх тусам бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хөгжилтэй хөл нийлүүлэн урагшилж буй манай улсын цементийн хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэнэ. Тэгвэл дотоодын үйлдвэрлэгчдийн хүчин чадал тэр хэрээр өсч байна. Тэднийгээ төрөөс дэмжих учиртай. Ийм эхлэл ч бас байхгүй биш байсан. Тухайлбал, цементийн үнэ нэмэгдэж асуудал үүсэх түрүүчээр Засгийн газар өнгөрсөн хавар зохицуулалт хийж, цемент импортлогч 57 компанид 127 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Гэсэн ч тэр нь түр нохой хорьсонтой адил юм болж үнэ тэнгэрт хадаж хэрэглэгчдийг бухимдуулж ирсэн. Засгийн газраас санхүүгийн болон бусад хөнгөлөлт, дэмжлэг авсан цемент импортлогч компаниуд энэ онд цементийн үнийг нэг тонныг нь 165 мянган төгрөгөөс дээш гаргахгүй хэмээн гэрээ хэлцэл байгуулсан ч, тун удалгүй тонныг нь 60-80 мянган төгрөгөөр нэмсэн. Манайхан цементийнхээ хэрэгцээг бараг 100 хувь шахуу урд хөршөөс хангаж тэднээс хараат байсаар хааяа үнэ савлаж асуудал үүсэхэд Засгийн газар нь хэдэн импортлогч компанитай наймаалцах маягаар шийдвэр гаргадаг. Тэр нь хэсэгхэн хугацаанд хэрэгжээд өнгөрдөг нэг ёсны хөшиг татах ёслолын ажиллагаа мэт явж ирэв. Тэгвэл одоо Төв аймгийн Сэргэлэн суманд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Хятадын 100 хувийн эзэмшлийн үйлдвэр баригдах юм бол үнэ буурч, их бүтээн байгуулалтыг амлаад буй Засгийн газрын мөрийн хөтөлбөр амар хялбар бүтчихнэ хэмээн сэтгэж байх шиг. Сэтгэх ч гэж энэхүү найрсаг харилцааны ард чухам юу нуугдаж, хэний ямар эрх ашиг нөлөөлж байгааг хэн мэдлээ.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХААХ ШИНЭ ЦАГИЙН ДОВТОЛГОО
Хамгийн тодорхой, тэнэг хүнд ч ойлгомжтой нэг зүйл бол Сэргэлэн суманд хятад хороолол босч, монголчууд цемент үйлдвэрлэхээ больсноор эхний 2-3 жил цементээ хямд өртгөөр авч магнай тэнийх байх. Гэхдээ цаг мөнхөд тийм байна гэвэл юу л бол, тэд гурав дахь, дөрөв дэх жилээсээ цементийнхээ үнийг нэмчихнэ. Тэр үед дотоод дахь үндэсний үйлдвэрлэгчид хаалгаа барьж, дампуурсан байх вий. Ийм гашуун туршлага ч бидэнд бий. Урд хөрш маань 1990-ээд оны зах зээлийн шуургатай хамжин арьс шир, үслэг эдлэл, гутлын үйлдвэрүүдийг маань хэрхэн уруудуулж, дампууруулсан тухай холын бус ойрхны жишээ ч байна. Арьс шир, ноос ноолуур гээд түүхий эдийг нь хятадууд үнэ цохиж авснаар үндэсний үйлдвэрүүд хаалгаа барьсан. Үйлдвэрүүд зогсч, тоног төхөөрөмжүүдээ зарж, зарим нь эвдэж ашиглахгүй болсны дараа түүхий эдийнх нь үнийг буцаагаад үнэгүйдүүлсэн. Нэгэнт үйлдвэр нь байхгүй болчихсон болохоор тэр голдрилоос манайхан буцаж гарч чадаагүй. Одоо тэр жишээ цементийн салбарт давтагдах гэж байна. Үнэндээ манай улс дотооддоо тодорхой хувийг үйлдвэрлэж, ихэнх хэсгийг нь өмнөд хөршөөс импортолж цементийн хэрэгцээгээ хангадаг. Тэгвэл өмнөд хөрш манай өнөө болоод ирээдүйн өсөн нэмэгдэх хэрэгцээг тун гярхай анзаарчээ. Нөгөөтэйгүүр манай Засгийн газар / түүнээс өөр энэ асуудлыг мэдэх, хариуцах эзэн байхгүй л болов уу. Арай Ерөнхийлөгч энэ ажил руу орж зөвшөөрөл энэ тэр өгөөгүй байлгүй дээ/ Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр орж ирэхэд найр тавьж, зөвшөөрөл өгөөд зогсохгүй хаана бууриа засахыг нь зааж өгсөн байж таарна.
ДАРГА НАР МЭДЭЭГҮЙ, ҮЗЭЭГҮЙ, ХАРААГҮЙ ГЭНЭ
Дээр өгүүлсэнчлэн өнөөдөр бодит байдал ийм л байна. Харин манайхан, төр засгийн төвшинд ч нүдэн балай, чихэн дүлий байсаар, Сэргэлэн суманд цементийн үйлдвэр барьж буй компани шаргуу ажилласаар нэг л мэдэхэд Хятадын төрийн өмчит компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэр сүндэрлэх нь. Бүх юм эхлээд нэгэнт дууссан бол “Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр, одоо яах вэ” гээд байж байх уу. Тэгвэл ийм л нөхцөл байдалд ажил явагдаж байна.
Сэргэлэн сумын Засаг дарга өөрийнх нь харъяа газарт Хятадын цементийн үйлдвэр баригдаж байгааг бараг л мэдэхгүй гэж хэлэх шахсан. Газар дээр нь очиж үйлдвэрийн гэрээ, зөвшөөрлийн бичиг баримттай нь танилцаагүй шахам “Гаргаад үзүүлчих юм байхгүй бололтой юм билээ” хэмээн ярьж сууна. Тэгсэн атлаа “Үйлдвэрийн удирдлагуудаас бидэнд 135 мянган төгрөгийн цалинтай туслах ажилчин авна гэсэн зар ирүүлснийг иргэддээ мэдээлсэн” гэж байх жишээтэй. Ядаж л хөдөлмөрийн хөлсний доод төвшинд ч хүрэхгүй цалин амлаж, зар хүргүүлж байхад ажиг ч үгүй, шүүрч аваад зарлаж суудаг. Бас нэг зүйл бол “Үйлдвэрийн ажлыг зогсоо, олон тооны хятад ажилчин очсон тул бичиг баримтыг шалга” гэсэн чиг үүрэг төвөөс очсон гэж буй ч тэд ажлаа зогсоох бүү хэл биднийг очиход ажиллаж байсан юм. Үйлдвэртэй холбоотой хяналт шалгалт хэрхэн явагдаж байгааг асуухад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар “Ямар ч зөрчилгүй” хэмээсэн бол малчид мал усалдаг худаг хашаанд нь орчихсон талаар өнгөрсөн хавар гомдоллож байв.
ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ГАЗАР АСУУЛТАД ХАРИУЛСАНГҮЙ
Тус үйлдвэрийг жуулчны визээр хятад иргэдийг түр ажиллуулж, хугацааг нь дуусахаар сэлгэж зөөдөг байж болзошгүйг нутгийн иргэд мэдээлдэг. Энэ талаар үйлдвэрийнхнээс асуухад хятад, монгол хоёр залуу тосч “Удирдлагууд байхгүй, бид төслийн мэргэжилтэн учраас мэдэхгүй, та бүхний асуултад хариулах мэдэлгүй. Гэхдээ жуулчны визээр хятад иргэдийг зөөдөг гэж байгаа нь ташаа мэдээлэл” гэсэн. Үйлдвэрийн захиалагч “Шар мөрөн Хатан гол”, гүйцэтгэгч “Мөн Шин Баянгал” компаниас Засгийн газрын квотоор ажиллах хүч оруулж ирдэг, ингэхдээ “Чайна Металуржкал Тян гун констракшн” гэсэн албан ёсны нэрээр бүртгүүлсэн гэсэн мэдээлэл өгөөд байгаа юм. Энэ дагуу Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн газраас тодруулах гэтэл мэргэжилтнүүд “Мэдэхгүй” гэсэн хариулт өглөө. Хяналт, шалгалт хариуцсан ахлах байцаагч нь гадуур ажилтай яваа тул ийнхүү мэдээлэл өгөх боломжгүй гэнэ. Хяналт, шалгалт тавих эрх бүхий төвшиндөө ийм байгаа бол нутгийн иргэд болон үндэсний үйлдвэрлэгчид, хэвлэл мэдээллийнхэн Сэргэлэн суманд 2009 онд С.Батболдын Засгийн газрын шавыг нь тавьж, тууз хайчилсан тэрхүү цементийн үйлдвэрийн тухай эхнээс нь асууж, сураглаж, ярьж бичиж ирсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нийслэлийн иргэдтэй уулзсан хэд хэдэн уулзалтад энэ тухай асуултад өөр зүйл ярьж булзааруулж өнгөрүүлсэн. Манайхны үзээгүй, хараагүй, мэдээгүй хэмээн өнгөрүүлж сурсаны жишээ энэ. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ц.Элбэгдорж уул уурхайн салбарын бизнес эрхлэгчидтэй Худалдаа, хөгжлийн тэнхимд уулзалт зохион байгуулахад мөн л энэ сэдэв хөндөгдөж байв. Тодруулбал, “Монполимет” компанийн төлөөлөгч Сэргэлэн суманд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэр барьснаар дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих төрийн бодлого юу болж байна вэ. Энэ байдал үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэх юм биш үү хэмээн асуусан. Тухайн үед нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юуны өмнө төрөөс үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих учиртайг онцолж байв.
ШИНЭ ҮЙЛДВЭР ХУУЛИЙН ЦООРХОЙГООР “ТУУЛАЙЧИЛЖЭЭ”
Цемент бол стратегийн бүтээгдэхүүн. Тэгвэл стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд 2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулсныг нэхэн саная. Энэ хуулийн 4.7 дугаар зүйлд “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэсэн байгаа. Стратегийн ач холбогдол бүхий салбар гэдэгт эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарыг тодорхой заасан. Эрдэс баялагт шохой, гөлтгөнө зэрэг цементийн үйлдвэрлэлийн гол түүхий эдүүд орсон байдаг. Гэтэл цементийн үйлдвэрлэлийг дээрх хуульд тусгайлан оруулж заагаагүй нь өнөөдөр биднийг эрсдэлд хүргэхэд ойрхон байна. Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий, Хятадын төрийн эзэмшлийн цементийн үйлдвэр барьж буйгаас нь урд хөршийнхөн манай хуулийн цоорхойг ашиглан цементийн үйлдвэрээ Монголд барьж энэ салбарт манай улсыг хараат байлгах гэсэн далд санаагаа хэрэгжүүлж байна гэхэд хилсдүүлсэн болохгүй. Хамгийн сонирхолтой нь тус үйлдвэр цементэд ордог гол түүхий эдүүдээ урдаас зөөх үү, манайхаас олборлох уу. Тийм бол ямар хуулийн аль заалтыг үндэслэн гэрээ, хэлцэл хийсэн бэ гэсэн асуулт гарч байна.
Үргэлжлэл бий