Монголын хөгжил: Өчигдөр, өнөөдөр, маргааш

2013-10-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ЭРДЭНЭТУУЛ

 

Улс төр судлаач Л.Эрдэнэтуул  ардчилсан хувьсгалын түүх, улс орны хөгжлийн чиг хандлагын тухай сонирхолтой ном бичиж байна. Түүний туурвил  сонирхолтой баримт,  бидний өмнө нь сонсч дуулж байгаагүй шинэ мэдээллүүдийг багтааснаас  өнөөдрийн сэдэв болсон хөгжлийн асуудлыг тоймлон  уншигчиддаа хүргэж байна.

 

1990 оны өөрчлөлт Монголын нийгмийг гадаад ертөнцийн өөрчлөлт, шинэ нөхцөлд хохирол багатайгаар зохи­цуулах учиртай бай­лаа. Гэтэл бодит байдалд зохицуулалт маань 20 жилээр сунжирсан өн­гөр­сөн үеийн ололт, нийг­мийн соёл уламжлалын демонтаж татан буулгах болж хувирсан. Энэ процессын мөн чанарыг ойлгож, таслан зогсоох нь монголчуудын хувьд хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Демонтаж юуны өмнө бидний оюун санаа, өөрс­­дийгөө тодорхойлох үндэсний соёлын хам­­­гийн өргөн утгаар салбарыг хамарсан учир  юун түрүүнд бид хэн бэ? Үндэсний ямар багаж, үнэлэмжийн тогтолцоог тээж байна вэ гэсэн асуултанд хариулахыг оролдох хэрэгтэй болж байна.

Үндэсний иден­тификаци, түүний шалгуур. Дээр дурьд­санаар нэгдмэл Монгол үндэстэн, төр улс, төрт ёсны уламжлал 800 гаруй жилийн өмнө үүсэн бий болсныг түүхчид хүлээн зөвшөөрдөг. Этносын хувьд монголчуудын түүх, гарал үүслийг Хүннүгийн үеэс олон мянган жилээр хойшлуулж болно. Гэхдээ түүх, угсаатан зүйн маргаан уг бичвэрийн хүрээнээс хальсан асуудал юм. Монгол гэж өөрийгөө тодорхойлсон, нэгдмэл зорилготой, түүнд захирагдсан нийгмийн зохион байгуулалттай төр улс, хүмүүсийн нэгдэл 800 жилийн өмнө биеллээ олж, өнөөг хүртэл алдаа оноо, ололт дэвшил, гарз хохиролтойгоор хүн төрөлхтний жам ёсны хөгжилд оролцон явсаар байна. Чингис хааны байлдан дагуулалт, Монголын аугаа Их гүрний цэцэглэн хөгжих үед үндэсний зорилго тэмүүлэл, үзэл санаа экспансив, экстраверт гадагш тэмүүлсэн, шинжтэй байсан бол Их гүрний задрал, дотоод зөрчилдөөн, төр улсын сулралын үед  үндэсний үзэл санаа интраверт дотоод ертөнц рүү тэмүүлсэн шинж давамгайлж эхэлсэн.

 

БИД ЯМАР ҮНЭТ ЗҮЙЛИЙГ АВЧ ҮЛДЭВ

 

Экстраверт үед үндэсний хэмжээнд хуримтлагдсан ертөнцийг үзэх үзэл, соёл уламжлалын тогтолцоо болон үнэлэмж, ёс зүйн хэм хэмжээг гадаад ертөнц, бусад нийгмүүдэд түгээх, хүчээр болон хүчирхийллийн бус аргаар хүлээн зөвшөөрүүлэхэд бодлого, үйл ажиллагаа чиглэгдсэн байдаг. Энэхүү үе шатанд үндэсний шинэ үнэлэмж бий болох, ахуйн түвшний соёл уламжлал хөгжих, дотоод соёлын тогтолцоог бэхжүүлэх нь төдийлөн приоритет болж чаддаггүй. Эзэнт Их гүрний хүч суларч, дотоод тэмцэл, сөргөлдөөн нэмэгдэх цаг үед үндэсний өөрийгөө хамгаалах рефлекс хүчтэй ажиллаж, үндэсний дотоод ахуйн соёлын тогтолцоо чухал хүчин зүйл болдог. Магадгүй, энэ л үед Монголд шарын шашныг эрчимтэй нэвтрүүлсэн нь тэр үеийн алтан ургийн хаад ноёдын соёл, уламжлалын нэгтгэх шинэ хүчин зүйл нэвтрүүлэх оролд­лого байсан болов уу. Манжийн колончлолийн 200 жилд үндэсний энергийн нөөц гагц­­хүү амь гарах выжи­ва­ние хэмжээнд, идентификацаа алдахгүй байх хэмжээнд ажиллаж байсан гэхэд хилсдэхгүй. Ийм нөхцөлд ахуйн түвшний соёл, уламжлал, залгамж чанар тодорхойлогч үүрэг гүйцэтгэдэг. Магадгүй, Монгол үндэстэн ялсан этнос болох манжууд шиг Хятадад уусаагүйн нэг шалтгаан ахуйн түвшний соёлын аллерги, харшлын хэмжээний үл нийцэлттэй холбоотой байсан болов уу. Жилийн дөрвөн улирал малын үр шимээ хүнс, ахуйдаа хэрэглэдэг нүүдэлчин иргэншлийн монголчуудад ногоо будаа идэж сургахад багагүй хугацаа тухайн үед шүү! л гэхэд маш их зардал болон дор хаяж 3-4 үе солигдох дайны цаг хугацаа шаардлагатай байсан. Орчин цагийн монголчууд харин жил хүрэхгүй хугацаанд кимчи, кимбаб, шанцайны амтанд орж байгааг энэ дашрамд дурьдчихъя. Социализмын үед  аж үйлдвэржих процесс эрчимтэй явагдсанаар үндэсний соёл, уламжлалд чанарын өөрчлөлт гарч, үндэсний индетификаци шинэ агуулгатай болсон. Монголын эзэнт Их гүрнээс Манжийн Чин улсын бүрэлдэхүүн хэсэг хүртэлх түүхэн хугацаанд Монгол үндэстэн өргөн утгаар ямар үнэт зүйлсийн багаж хадгалан авч үлдсэн бэ? Энэ нь: нэгдүгээрт, нүүдэлчний соёл иргэншлийн өвөрмөц соёлын тогтолцоо. Хоёрдугаарт: Чингисийн Монгол гэсэн түүхэн ой санамж, үндэсний бахархал. Соёл иргэншлийн тогтолцоо нь эцсийн дүндээ монгол хүний параметр, чанарыг тодорхойлдог.Үүнд:

а Залгамж чанар буюу оюуны баялгаа дараа дараачийн үедээ хохирол, гажуудалгүйгээр өвлүүлэх чадвар.

б Мэдлэг боловсрол, хүмүүжил төлөвшил. Энэ нь тухайн үеийнхэн өвлөж авсан мэдлэгээ боловсруулах, баяжуулах, шинэ үнэт зүйлс нэмэрлэх чадвар.

в Ёс зүй, үндэсний этикийн тогтолцоо. Энэ нь аливаа үзэгдэл, асууддлыг нийтлэг ач холбогдлын үүднээс эрэмблэх чадвар определение приоритетов. Түүхэн ой санамж, бахархалд  тухайн үндэстэн, ард түмэнд хамгийн тохиромжтой, хөгжлийг хангасан оптимал орчин бүрдүүлэх чухал. Үүнд:

а Төр, улсын зохион байгуулалт, эрх зүйн тогтолцоо. Тухайн үндэстний түүхэнд хамгийн амжилттай байсан улс төр, хууль цаазын тогтолцооны загвар. Монголчуудын хувьд энэ нь Чингисийн Их гүрэнт улс бөгөөд түүхэн ямар ч үед хэрэглэж болох зарчмын санааг үзэхэд:

Хууль цаазад бүгд захирагдах, нийгмийн эмх цэгцтэй, нэхэл хатуу хариуцлагатай байдал.Захирах захирагдах ёс, ах захтай байдлыг нийгэмд хэвшүүлэх, улс үндэстний хүрээнд эв эе, нэгэн үзүүрт эрмэлзэлтэй байх.

б Эдийн засгийн орчин. Тухайн улс, үндэстний материаллаг хэрэгцээг хангах, нэмэгдүүлэх чадвартай үйлдвэрлэлийн болон зах зээлийн хэрэгсэл. Монголчуудын хувьд олон зуун жилийн турш уламжлалт нүүдлийн мал аж ахуй эдийн засгийн хэрэгцээг хангасаар ирсэн бөгөөд социализмын 70 жилд аж үйлдвэржилтийн үндэс тавигдсанаар хэрэглээ, хэрэгцээний бүтэц өөрчлөгдөж, нэмэгдсээр ирсэн. Зах зээлийн, тэр тусмаа хөрөнгийн зах зээлийн уламжлалгүй оронд гэнэтийн эдийн засгийн либералчлал явагдсан нь аж үйлдвэржилт рүү дөнгөж шилжиж байсан зүй тогтлыг эвдэж, эдийн засгийн гаж харилцааг бий болгосон. Монголчууд угтаа түүхэн ой санамжиндаа эдийн шуналд автагдаагүй, байгаль орчиндоо зохицсон, малын үр шимээ хүртэж, шударга арилжаа наймаанд мөнгө хүүлэх, дамлахыг цээрлэсэн суурилсан эдийн засгийн харилцаатай ард түмэн. Баян ядуугийн эрс тэс ялгаагүй, ядарсан нэг­нийгээ хажуу хаяандаа авч явдаг, гар хөдөлж ам тостдог гэсэн ахуйн философитой үндэстэн бай­сан гэж нэмэхээс өөр аргагүй нь.

 

МОНГОЛЧУУДЫН ХУВИЙН ӨМЧИЙН СЭТГЭХҮЙН ТУХАЙД

 

Зохицол муутай Европын протестант урсгалаас улбаатай “хувийн өмч бол ариун дагшин”, “баян чинээлэг байх нь амьдралын амжилтын хэмжүүр” гэсэн философи богино хугацаанд орж ирснээр нэг үедээ шийдэшгүй  оюун санааны зөрчлийг үүсгэж, эдийн засгийг өргөн утгаар сүйрүүлж байна.

в Улс үндэстний соёл , уламжлалт ёс зүй, бишрэл шүтлэг. Монголчууд байгаль дэлхийтэй асар их уялдаа зохицолтой амьдарсаар ирсэн. Газар өмчлөх, харийнханд эзлүүлэх, онгичон ухах зэрэг нь Хүннүгийн үеээс цээртэй байж, байгалийг бурханчлан тахих уламжлал монгол идентификацийн салшгүй хэсэг. Хэдийгээр Монголд хожуу шарын шашин нэвтэрсэн ч, богино хугацаанд зохицож, нэг ёсны “монголчлогдож” чадсан юм. Харин ч орчин үед бусад шашин, сект идэвхтэй нэвтэрч байгаа үед уламжлалт шашны институт уламжлалт соёлоо хадгалж авч үлдэх нэгэн чухал хүчин зүйл болоод байна. Чингэхдээ шашны байгууламж хүндхэн ачаа үүрч буйгаа ухамсарлан, цаг үедээ нийцсэн өөрчлөлт, шинэчлэлийг хиймээр байна. Уламжлалт ёс зүй буюу этикийн хувьд ч сүүлийн 20 жилд эрчимтэй устаж байна. Нийгэм бүхэлдээ хурдацтай люмпенжиж байна. Ах захаа хүндлэх, дээдлэх, худал хуурмаг, хулгай дээрмийг цээрлэх гэх мэтчилэн наад захын хүмүүнлэгийн хэм хэмжээ уланд гишгэгдэх төдийгүй, залуу үед уламжлан хэвшүүлэх механизмгүй болоод байна.

Дээрх хүчин зүйлсийн цогц монголчуудын үндэсний дархлааг бүрдүүлсэн бөгөөд социализмын 70 жилд төдийлөн сулраагүй. Харин зэрлэг капитализм бидний дархлааг асар богино хугацаанд устгаж байгаа нь бодит үнэн юм. Үүний нэгэн учир шалтгаан уг хоёр системийн зорилгод агуулагдаж байж болох юм. Социалист нийгмийн идеал зорилго бол коммунизм буюу нийтлэг шударга ёсонд тулгуурласан нийгэм. 

“Хүн бүрээс чадвараар, хүн бүрт хэрэгцээгээр” гэсэн зарчмыг хэрэгжүүлэх нөхцөл, хөгжлийн түвшинг зорилго болгон тунхагладаг. Хэтийн зорилтод чиглэгдсэн, нийтлэг шинжтэй зорилго нь хүний хөгжлийн  тодорхой түвшнийг шаардана.

Иймд социалист нийгэмд хүний чанарыг, юун түрүүнд мэдлэг боловсрол, хүмүүжил төлөвшил, залгамж чанарыг илүү анхаардаг. Материаллаг баялгийг тэгш хуваарилдаг утгаар баян, ядуугийн эрс ялгаа арилж, хэрэглээний зохиомол хязгаарлалт бий болдог нь хүний үнэлэмжийн тогтолцоог илүү материаллаг бус салбарт чиглэгдэхэд хүргэдэг. Нөгөө талаас, социалист тогтолцоо нь өөрөө харьцангуй хаалттай байсан нь үндэсний дархлааг хадгалах органик орчин болж өгсөн. Гэхдээ энэ үйл явц нь хүчээр принуждение хийгддэг тул тогтвортой чанарыг үүсгэхэд 70 жилээс хавьгүй их хугацаа шаардагдах нь дамжиггүй. Зэрлэг буюу анхдагч хөрөнгө бүрдүүлэх үеийн капитализм “чадаж байвал баяжигтун” гэсэн зорилгыг тунхагладаг бөгөөд өөрөө явцуу шинжтэй, баялгийн дахин хуваарилалт хяналт, хязгаарлалтгүй процесс болон хувирснаар хүний чанарын асуулт овсгоо, заль мэх, аминч байдалын хүрээнд гаж байдлаар хөгждөг. Ийм нөхцөлд ямар нэгэн нийлэг үнэлэмж, соёл уламжлал, үндэсний дархлаа зэрэг нь анхдагч капитал хуримтлуулахад ямар ч хэрэггүй, харин ч саад бологч хүчин зүйл болж хувирсан. Амьтны ертөнцтэй жишвэл, амьдарч буй орчин өөрчлөгдөхөд тухайн популяци устахгүйн тулд зарим илүү болсон рефлекс мөхдөгтэй адил. Бидний тохиолдолд хамгийн харамсалтай нь Монголын нийгмийн орчны өөрчлөлт зүй тогтол, жам ёсны бус, мөн л зохиомол шинжтэй байсан. Өөрөөр хэлбэл 90-ээд онд бид бусдыг дууриаж хөөрцөглөхдөө өөрсдийн гараар үндэсний хөгжлийн органик орчноо устгасан гэхэд хилсдэхгүй. Социализм дээр дурьдсан шинж тэмдгээрээ монгол үндэсний органик орчинд эрс харшлаагүй байсан учраас бид 70 жилд суурь үнэт зүйлсээ алдаагүй, Орост уусаагүй ирсэн. Барууны капитализм 200 жилийн түүхэндээ, социализмтай өрсөлдөн тэмцсэний дүнд хүнийг хамгаалдаг өөрийн гэсэн дархлааны системийг бий богосныг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголд дархлаагүй, дүрэм хязгааргүй, 200 жилийн өмнөх зэрлэг догшин капитализм гэнэт орж ирсэн. Үнэнийг хэлэхэд, 20 жилийн туршид монгол хүн, монгол үндэстэнд учирсан асар их хохирол нөхөн засвар авч чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй болоод байна. Гэхдээ бид оролдоод үзэх л хэрэгтэй.

 

БИД ЯАХ ВЭ, БАЙДЛЫГ ХЭРХЭН ӨӨРЧЛӨХ ВЭ?

 

  “Ардчилсан хувьсгал” гэж нэрлэгддэг нийгмийн өөрчлөлтөөс хойш 20 жил өнгөрлөө. Монголчуудын өнөөгийн байдлыг товчхон тодорхойлоход сайн болон муу хоёр мэдээ байна.

Муу мэдээ: Өнгөрсөн 20 жилд бид эвдэж, нурааж, устгаж болох бүх зүйлийг үгүй болгосон. Гарцаагүй хүн юм болохоор, амь зуухын тулд урд хормойгоор хойд хормойгоо нөхөж ирсэн. Энэ нь ч өнөөгийн Монголын улс төрийн бодлогын зарчим, стратеги болчихоод байна. Нийгэм, улс төр, түүхэн нөхцөлөөс үзэхэд 1990 онд:

1. Засгийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан “хуучин” элит өөрчлөгдсөн нөхцөлийг бодитоор дүгнэж чадалгүй, улс орны цаашдын хөгжлийг тодорхойлох хариуцлага, ачааг өөрөөсөө түлхэн, засаглалын үнэ цэнийг унагаснаар  монголын улс төр ашгийн төлөөх  бизнес корпораци болж хувирсан

2. Нийгмийн өөрчлөлтийг манлайлах өөрийн гэсэн үзэл санаа, загвар байхгүй байсан учраас  бусдыг бэлэнчлэн хуулбарлах замыг сонгосон. Монголын тохиолдолд барууны либерал загварыг эх үндэс болгосон нь бодит хөрсөн дээр хямарсан нийгмийг хурдацтай дампууруулахад хүргэсэн. Энэ үйл явц өнөө хүртэл 20 жил үргэлжилсээр байна.

Сайн мэдээ: Дэлхийн эдийн засгийн хямрал урьд нь итгэж байсан олон зүйлийг эргэлзээнд оруулж, тогтсон загварын сөрөг, сул талуудыг нээж өгсөн. Бид зөв зам сонгосон уу, буруу замаар будаа тээж байна уу. гэсэн асуултыг шулуухан тавих боломж Монголын нийгэмд олдож байна. Тэгээд ч хүссэн хүсээгүй Монголын хөгжилд шууд болон шууд бус нөлөө, дарамт үзүүлж байсан хүчин зүйлс харьцангүй суларсан. Зүйрлэвэл том акулууд одоогоор биднийг анхаарах сөхөө байхгүй зурвас үе тохиож байна. Иймд Хятад, Орос, АНУ, барууны ертөнц гэж бэмбэгнэлгүй дотоод асуудлаа цэгцлэх түүхэн боломж бидэнд олдож байна гэсэн үг. Энэ л шансыг одоогийн Монголын элитүүд улс төр, эдийн засаг, оюун санааны алдалгүйгээр хөгжлийн стратегиаа тодорхойлж, шийдвэртэй шинэчлэлийг нийгмийн бүх салбарт хийх шаардлага тулаад байна.

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Өчигдөр 17 цаг 11 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

Өчигдөр 17 цаг 09 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

Өчигдөр 13 цаг 53 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Өчигдөр 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Өчигдөр 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Өчигдөр 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Өчигдөр 06 цаг 00 мин