
Г.УНДРАМ
Улаанбаатарт утааны улирал эхэлчихжээ. Өглөө оройд нүүрсний гашуун утаа хоолой хорсгож, удахгүй урдах замаа ч харахад бэрх битүү саарал хөшиг нийслэлийг бүрхэнэ. Сүүлийн хэдэн жилийн турш утааг хэрхэн багасгах талаар дарга нар ухаанаа уралдуулж, тэр хэрээр төсвийн мөнгө урсгаж ирсэн ч утаа багасах биш харин ч улам өтгөрсөн. Утаа гаргадаггүй зуух, уугилгүй шатдаг түлш, дулаан алдуулахгүй дээвэр туурга гээд хэчнээн ч олон зүйл туршив. Нэмэр алга. Яг үнэндээ Улаанбаатарыг хоёрхон замаар утаанаас салгаж болно. Эхнийх нь дөрвөн уулын дундаас нийслэлийг нүүлгэх. Гэхдээ хэзээ нүүж, хаана суурьших вэ гэдгээ тохирч, нүүж суухдаа хүртэл барагцаагаар тавин жил хэрэгтэй биз. Тиймээс эхний аргыг амжилттай хэрэгжүүлээд монголчууд утаанаас сална гэдэг одоохондоо үлгэр. Харин түүний оронд хоёрдахь зам буюу нийслэлийнхнийг нийтээр нь орон сууцжуулж гэр хорооллыг бүтнээр нь устгах л хамгийн боломжит хувилбар. Үүнийг ч төр засаг хүлээн зөвшөөрч найман хувийн хүүтэй орон сууцны зээл зэрэг өөрийн гэсэн брэндийг нэвтрүүлээд эхэлсэн. Гэхдээ орон сууц гээд олдсон газрынхаа хэмжээнд тааруулаад хаагуур орж гарах нь ойлгогдохгүй умгар амбаар бариад байж болохгүй гэдгийг ч анхааруулсан. Харин үүний оронд оршин суугчдадаа тав тухыг мэдрүүлэхээр орчин үеийн хороолол сүндэрлүүлж буй нэгнийг дэмжинэ гэдгээ ч илэрхийлсэн. Тав тух гэдэгт орон гэртээ ороод ирэхэд угтах цэлгэр сайхан өрөө тасалгаа төдийг ойлгож болохгүй юм. Орох оронгоос гадна хоол хүнсээ цуглуулах дэлгүүр хоршоо, хүүхдээ сургах цэцэрлэг сургууль, унаа тэргээ хадгалах гарааш, хөгшид нарлаж, хүүхдүүд тоглож, залуус зугаалах боломжийн ногоон орчин гээд юм юм хэрэгтэй. Харамсалтай нь энэ бүх нөхцөлийг бүрдүүлсэн хэрнээ дундаж орлоготой нэгний бэнчин хүрэх орон сууцтай хорооллыг тоолно гэвэл нэг гарын таван хуруу ч олдох биз. Хотын А зэрэглэлд гэвэл бүр ч байхгүй. Юун хороолол босгох, ганц байшин барих гэж бөөн хэрүүл тэмцэл. Босгочихдог юм гэхэд дэргэдүүр нь машин байтугай хоёр гурван хүн зэрэгцээд алхах замгүй, гэртээ ороод байнга хөшгөө хааж байхгүй бол хажуугийн байшингийнхантайгаа хамт амьдардаг мэт сэтгэгдэл төрж мэдэхээр.
Чухам тийм учраас төр засгаас орон сууцыг хорооллын журмаар төлөвлөхийг чухалчилж буй нь хамгийн зөв хандлага. Энэ шаардлагад нийцсэн, нийслэлийн төв цэгээс хэдхэн минут алхаад хүрэх “Нарны” нэртэй хороолол энэ оны сүүлч гэхэд эхний оршин суугчаа хүлээж авах юм билээ. “Хурд” групп гэж Их хурлын гишүүн эзнийхээ алдартай хамт дуудагдах хүртлээ олонд танил болсон компанийн хэрэгжүүлж буй “Нарны хороолол” төсөл нь ерөнхий боловсролын суургуультай анхны орон сууцны хороолол гэдгээрээ яах аргагүй Монголдоо анхдагч. Барилгын ажлынх нь явц 80 гаруй хувьтай яваа уг хороололд сургууль цэцэрлэг, худалдааны төв, тоглоомын талбай, ногоон байгууламж гээд хүнд хэрэгтэй бүгдийг төлөвлөжээ. Эхнээсээ ч барьж байгуулаад ашиглалтад оруулахад бэлэн болж буй юм билээ. Барилгын талбайд ажил өрнөж барилгачид амрах завгүй хөдөлмөрлөж байхтай зэрэгцээд хэвлэлийн талбарт ч тэднийхийг өөлж гоочилсон мэдээлэл тасрахгүй цувсаар. Гарч байгаа мэдээллүүдийн утга хоорондоо ихэр мэт адилхан. Газар нь зөвшөөрөлгүй, Төмөр замын зүтгүүрийн депогийн газраас дээрэмдэж түлшний агуулахтай нь дэр нийлүүлэн босгож байна гэхчилэн бичдэг. Улмаар удахгүй барьж эхлэхээр ярьж буй метроны төсөл “Нарны хороолол”-оос болоод гацаж магадгүй учраас яаралтай арга хэмжээ авч бүтээж босгосныг нь нураа маягийн шаардлага тулгалт аятай нийтлэл зарим сайтаар үзэгдэж буй юм. Тиймээс “Нарны хороолол” төслийг хариуцсан хүмүүстэй уулзаж сайтаар цацаад байгаа шиг аюултай орчинд айхгүйгээр хороолол сүндэрлүүлж буйн “нууц”-аас хуваалцахаар шийдсэн юм.
“Нарны хороолол” босч буй газар хуучны Бараа баазын агуулах болон контор байсан бөгөөд “Цагаан ноён” компанийн эзэмшилд байсан гэнэ. “Цагаан ноён”-ыхон энэ газраа банкны барьцаанд тавьж зээл авсан ч өр төлбөрөө барагдуулж чадахгүй удсанаас банк албадан хураахаас аргагүй байдалд ороод байх үедээ “Хурд”-ынханд санал тавьсан юм билээ. Энэ газрыг аваад банкны өрийг барагдуулаач гэсэн. Барьцаанд авч зээл өгөөд мөнгөө олж авч чадахгүйд хүрэх эрсдэлтэй тулгарсан банкныхан ч “Цагаан ноён” компанийн хүсэлтийг дэмжиж “Хурд” группийн удирдлагуудад ханджээ. “Хурд”-ынхан чамгүй хугацаа зарж судалгаа хийсний үндсэн дээр энэ газрыг зохих дүрэм журмынх нь дагуу худалдаж авчээ. Нэг үгээр хотоос авах ёстой зөвшөөрөл болоод бүх бичиг баримтыг хуулийн дагуу авч байж “Нарны хороолол”-оо барихаар болсон гэнэ. Тэд зөвхөн банк болон “Цагаан ноён”-той ч хэлцэл хийсэн юм биш. Төмөр замын чухал обьект Зүтгүүрийн депотой хаяа нийлсэн газар учраас аюулгүйн талаасаа ямар нэг эрсдэлтэй эсэхийг ч судалсан байна. Судалж, харилцан санал солилцож нэлээд ажил болсны эцэст “Хурд” групп энэ газар дээр барилга барих ажлаа эхэлсэн. Үүнтэйгээ зэрэгцээд Зүтгүүрийн депогийн хашаанд байсан шатахууны савнуудыг буулгаж Замын Үүдэд шилжүүлэн барих ажлыг өөрийн хөрөнгөөр хийхээр болсон. Энэ ажлаа ч хугацаанд нь гүйцэтгэсэн байна. Харин үлдсэн гурван савны тухайд эдгээр нь хуульд заасан зөвшөөрөгдөх хэмжээ 100 метрээс хол учир ямар нэг эрсдэлгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргаж өгсөн байдаг.
Үүнээс гадна “Нарны хороолол” төслийнхөн Дунд гол дээгүүр гүүр барьснаа тун удахгүй хотод хүлээлгэж өгөх гэж буй юм. Өмнө нь зөвхөн явган хүн л гардаг байсан жижиг гүүрийг шинээр барьж, автомашинаар зорчиж болох төмөр бетон гүүр өөрсдийн хөрөнгөөр барьж байна. Удахгүй нийслэлд хүлээлгэж өгөх аж.
Монголд анхны гэж тодотгох олон зүйлээр бусдаасаа ялгарах “Нарны хороолол”-д тухлах оршин суугчдаа дэргэдүүр өнгөрөх галт тэрэгний дуу чимээнээс тусгаарлах аргыг ч олжээ. Тэд Монголд анх удаа дуу шингээгчтэй, цутгамал төмөр бетон суурьтай ган төмөр хашаа босгох гэж буй гэнэ. Өндөр нь 20 метр энэ хашааны ачаар оршин суугчид нь галт тэрэгний түчигнэн өнгөрөх их дуу чимээнд тух алдахын зовлон үзэхгүй. Дэлхийн том хотуудад хэдийнэ хэрэглээд эхэлчихсэн энэ аргыг Монголд анх удаа “Хурд” групп нэвтрүүлж буй юм.
3600 айлын орон сууц бүхий энэ хорооллыг барьж байгуулахад “Хурд” группийн охин компаниуд, туслан гүйцэтгэгч гээд нийтдээ 50 гаруй аж ахуйн нэгжийн 2000 гаруй хүн цаг наргүй хөдөлмөрлөж байгаа. Эднийхний нэг онцлог нь хэрэгжүүлж буй төслүүдээ голдуу Оросын компаниудтай хамтардаг. Тийм учраас сайтуудад бичээд буй шиг хятад ажилчин нэг ч байхгүй гэнэ.
Энэ мэтээр “Нарны хороолол” тойрсон элдэв худлын өмнөөс бодитоор бүтээж босгосон үнэнийг тоочоод байвал тун олон хэмээн төсөл хэрэгжүүлж буй нөхөд ярьж байна билээ. Түүнээс биш энд тэнд бичиж буй шиг хууль зөрчин, эрх мэдэл, эд хөрөнгөөр далайлгасан зүйл үгүй гэдгийг ч тэд баталж буй юм.
Нийслэлд өнгө нэмэн, нийслэлчүүдэд тав тух бэлэглэх “Нарны хороолол”-той эн зэрэгцэх том төслүүд одоогоор олон биш. Гэхдээ ийм хороолол олширч байж л Улаанбаатар утаанаас салж нийслэл маань дэлхийн хамгийн бохир хотын тоонд биш цэмцгэрүүдийн жагсаалтыг өнгөлж байх болно. Харин одоогийнхтой адил “Хурд” гэж группийг, түүний эзэн Д.Чойжилсүрэнг гоочлохын тулд үнэнийг илтээр гуйвуулан бусдын тархи угаах ташаа мэдээлэл цацаад байвал “Нарны хороолол” зэрэг ашигтай хэрэгтэй төслүүд цаасан дээрээ үлдэх эрсдэл бийг ч анхаарч үзэхэд гэмгүй санагдана.