
М.ГАН
Олонхийн бүлэг өчигдрийн хуралдаанаараа Ерөнхий сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайдын мэдээллийг сонсчээ. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат хэвлэлийнхэнд мэдээлж, асуултад хариулав.
-Бүлгийн хурлаар ямар асуудал хэлэлцэж, ямар дүгнэлт шийдвэрт хүрсэн бэ?
-Хоёр гол асуудлыг хэлэлцлээ. Ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж байгаа таван хуулийн төслийн талаар мэдээлэл сонссон. Энэ төслүүд 2014 оны Монголын эдийн засгийн өсөлтөд зайлшгүй нөлөөлөх хууль гэдэгтэй манай намын бүлгийн гишүүд санал нэгдсэн. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүдийн мэдээллийг сонссон. Мөн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын мэдээллийг сонслоо. Үндсэн шалтгаан нь 2014 онд хүндээ ээлтэй, эдийн засгийн бодит өсөлт Монгол Улсад явагдах ёстой гэсэн байр суурь дээр Ардчилсан нам байгаа. Иймд эдийн засгийн нөхцөл байдлын талаар зөв тунгаан бодож, зөв дүн шинжилгээ хийхгүй бол хүндрэл бэрхшээл гарна гэдгийг мэдэрч ирсэн. Тэгэхээр 2014 онд яаж өөрчлөх вэ гэдэг нь Ардчилсан намын гол зарчим байх ёстой гэж бид үзэж байгаа. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн сайдын мэдээллийг үндэслэн Ардчилсан нам 2014 онд эдийн засагт орох бодит өөрчлөлтийн асуудлаар хэд хэдэн даалгаврыг өгч байгаа.
Нэгдүгээрт, төсвийн шинэчлэлтийг зайлшгүй хийх ёстой. Бид ирэх намрын ээлжит чуулганаар 2014 оны төсвийг хэлэлцэнэ. Түүнээс өмнө 2012 оны төсөвт тодотгол хийх шаардлага байна уу, үгүй юу гэдгийг Засгийн газар шийдвэрлэх ёстой. Мөн өнгөрсөн хугацаанд ДНБ-ий 40 хувь нь төсвийн орлого байна гэж хуульчилсан зүйл хэр зэрэг бодитоор нийгэмд тусав гэдгийг тооцож үз гэсэн. Энэ нь 2014 оны хөрөнгө оруулалтыг, төсвийг зөв төлөвлөхөд суурь болж өгнө.
-МАН-ын бүлэг ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй хуулийн төслүүдийн олонхийг дэмжихгүй гэдгээ мэдэгдээд байна. Энэ талаар олонхийн бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Гурван хуулийн төсөл нь цаашид хэрэгжээд явах боломжтой. Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцээд цааш нь явуулах ёстой гэдгээр бусад намтай ойлголцоно гэж бид найдаж байна. Урт нэртэй, алтны тухай хуулийн талаар бусад намтай ярилцаж зөв шийдэлд хүрье гэж үзэж байгаа. Бид хамгийн түрүүнд ойлголцохыг тавьж байна. Гэхдээ төрийн бодлогыг алдагдуулах хэмжээнд хүрч болохгүй. Тиймээс ажлын хэсэг гаргаж өнөө, маргаашгүй ажлаа яаравчилъя гэж манай намын бүлэг ярилцсан. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн ажлын хэсэг сайн ажиллаж байна. Хувийн хэвшлийнхний санаа бодлыг сонсчээ. Ажлын хэсгийн мэдээлж буйгаар зарчмын зөрүүтэй 60 гаруй санал гарсан байна. Энэ буруу биш. Гэхдээ төрийн бодлогоо алдагдуулахгүйгээр, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад нээлттэй, ээлтэй байдлыг хангасан хууль гаргах ёстой. Тиймээс ажлын хэсэг дахин ажиллаж, бүлэг ээлжит бусаар хуралдаж мэдээллийг сонсохоор болсон.
-Бусад намтай ямар асуудлаар ойлголцохгүй байгаа юм бэ. Урт нэртэй хуулийн яг ямар заалт дээр эсрэг байр суурьтай байгаа юм бэ?
-Энэ хуулийг хэрэгжүүлэх журам хэрэгжихгүй удсан. Энэ хэдэн намын асуудал биш. Хууль баталснаас хойш нийгэм болоод эдийн засагт гарсан эерэг, сөрөг үр дагаврыг бид зайлшгүй дүгнэж үзэх шаардлагатай. Энэ хуулиас шалтгаалсан эдийн засаг, байгаль экологийн сөрөг үр дагавар байгаа.Иргэдийн санаа бодол ч мэдээллээс шалтгаалж талцаж байгаа. Бид энэ хуулиас болж нэг нэгнийгээ буруу үйлдлээр турхирч болохгүй. Бүлгийн хурлаар ч энэ тухай ний нуугүй ярьсан. Үүний далбаан дор төрийн бус байгууллагуудыг Ардчилсан нам үгүйсгэж болохгүй. Гагцхүү үйлдэл нь зөв үү, буруу юу гэдгийг зөв дүгнэж үзэх ёстой.
-Эдийн засгийн нөхцөлд танай нам ямар дүгнэлт өгч байгаа вэ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар хэдэн хувийн хөрөнгө оруулалт татна гэж тооцож байгаа бол. Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах яриа гарсан. Тус яамны ажилд ямар дүн тавьж байна вэ?
-Нэг сайд, нэг Засгийн газрыг өөрчилснөөр ажил сайжирдаг байсан бол олон Засгийн газар солигдох байж дээ. Асуудал нэг сайдад, Засгийн газарт байгаа юм биш. Бодлогын зөв бурууд бий. Зах зээл дээр бүтээгдэхүүний үнэ унаснаас шалтгаалсан хүндрэл бидэн дээр ирсэн. Үүнээс үүдсэн үр дагаврууд бий болсон. Валютын ханшийн өсөлт, түүнийг дагасан бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ард түмний нуруун дээр ирсэн. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Энэ байдлыг далимдуулсан улс төрийн ашиг хонжоог Ардчилсан нам хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг далимдуулж нэг, нэг рүүгээ дайрдаг, цавчдаг, хариуцлага тооцдог байдал руу турхирахыг тэргүүн зүйл гэж бодохгүй байна. Бид өөдрөг байж, эдийн засгийн нөхцөл байдалд бодитой гаргалгаа хийх ёстой. Цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортынхоо тоо хэмжээг нэмэх шаардлага байгаа.
-Нэг хууль гаргаад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэг өрөөсгөл байх. Өөр ямар гаргалгаа байгаа вэ. Төсөвт тодотгол зайлшгүй хийх ёстой юу?
-Хийх ёстой. Өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтаар хийж чадаагүй зүйлээ жагсаалтаас хасах ёстой. 500 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хасагдахаар байгаа. ДНБ-ий 40 хувь нь төсвийн орлоготой тэнцэнэ гэдэг заалтыг эргэж харах ёстой. Хөрөнгө оруулалт төсөвт байх уу, үгүй юу гэдгийг шийдэх шаардлагатай.