
Ч.ГАН
“Увс нуур” бөхийн галын 20 жилийн ой энэ жил тохиож байгаа ажээ. Ойн хүрээнд олон бүтээлч ажил хийхээр төлөвлөсний нэг нь “Оргил өөд тэмүүлсэн он жилүүд” нэртэй Эрдэм шинжилгээний бага хурал юм. Энэ сарын 26-нд болох тус хурлыг зохион байгуулах комиссын гишүүн, доктор, профессор Б.Эрдэнэсүрэнтэй ярилцлаа.
-“Увс нуур” бөхийн галын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал хийх гэж байгаа нь шинэлэг санагдлаа. Хуралд ямар сэдэвтэй илтгэлүүд хэлэлцэгдэх вэ?
-1998 онд “Увс нуур” бөхийн гал байгуулагдсан юм. Тэр үед манай нутгийн улсын цолтой 40 шахам бөх байсан бол одоо 60 гаруй бөхтэй болж, жилээс жилд улсын цолтон нэмэгдсээр байна.Тиймээс 20 жилийн амжилтаа тэмдэглэх нь зүйтэй гэж үзээд эрдэм шинжилгээний бага хурлаар эхэлье гэж ой тэмдэглэх ажлын хэсгийнхэн шийдвэрлэсэн юм.
Монгол бөхийн хөгжлийн төвшин, амжилт ололтод нөлөөлөх хүчин зүйлс, цаашдын хөгжил гээд хурлын үеэр олон сонирхолтой сэдэв хөндсөн илтгэлүүд хэлэлцэгдэнэ. Тухайлбал, “Дэлхийн болон Монголын уламжлалт бөхийн үүсэл хөгжлийн түүхэн замнал”, “Монгол бөхийн хөгжлийн шинэ үе” гэсэн сэдвийн хүрээнд Хөдөлмөрийн баатар, дархан аварга, доктор, профессор Х.Баянмөнх, “Монгол бөхийн хөгжилд байгаль- нийгмийн хүчин зүйлсийн нөлөөлөл” сэдвээр гавьяат дасгалжуулагч, шинжлэх ухааны доктор, профессор Л.Ням, “Монгол бөхийн соёл” сэдвээр доктор, дэд профессор Ш.Эрдэнэцэцэг, “Монголын язгуур бөх бух ноолдооны үүсэл хөгжил, ач холбогдол” сэдвээр бөх судлаач, докторант А.Буянтогтох, “Монголын үндэсний бөх соёлын өв тээгч мөн” сэдвээр Бөх судлаач Б.Цогзолмаа нар илтгэл тавина.
Увсын бөхчүүдийн амжилт, “Увс нуур” галын ололтын тухай агуулгууд мэдээж хурлын чухал сэдэв байх болно. Тухайлбал, “Дэлхийн болон олимпийн дэвжээнд Увс нутгийн бөхчүүдийн үзүүлсэн амжилт, чансаа” сэдвээр спортын сэтгүүлч, орчуулагч С.Түвдэнням, “Үндэсний баяр наадмын барилдаанд Увс нутгийн бөхчүүдийн оролцоо, амжилт” гэсэн агуулгын хүрээнд сэтгүүлч, бөх судлаач С.Баяндорж илтгэлээ хэлэлцүүлнэ. Улсын начин Д.Жанчивдорж Монгол бөхийн хөгжилд “Увс нуур” галын гүйцэтгэсэн үүрэг, удирдлага, зохион байгуулалт сэдвээр мөн илтгэл тавихаар төлөвлөсөн.
-Эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл хангагдсан уу?
-Илтгэгч нар маань судалгаа хийсэн сэдвийнхээ дагуу илтгэлээ бэлтгээд явж байна. Боловсролын их сургуулийн Биеийн тамирын дээд сургуультай хамтран зохион байгуулах юм. Тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн тэнхимд пүрэв гаригийн 10:00 цагаас эхлэн хуралдана.Бөх судлалыг сонирхдог хүмүүс, бөх сонирхогчдод хурлын үйл ажиллагаа нээлттэй.
-Таныхаар монгол бөхийн судалгаа шинжилгээ ямар төвшинд явна вэ. Салбарын судлаач эрдэмтэд гэхээр хэр олон хүн байдаг юм бол?
-Монголчууд дэлхийн хэмжээний спортын олон уралдаан тэмцээнд оролцдог болсон. Шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааг сайжруулах асуудал их чухал байна. Энэ хуралд бэлтгээд судлаачдыг хамруулахаар ажиллах үед анзаарч байхад тууштай судлаад явж байгаа хүмүүс цөөхөн байдаг юм байна. Гавьяат дасгалжуулагч Л.Ням гэж олон ном бичсэн эрдэмтэн байна. Манай Х.Баянмөнх аварга байна. Энэ хүний амжилтын үндэс нь судалгаа байсан гэдэг нь харагдаж байгаа юм. Хэд хэдэн бүтээл гаргасан хүн шүү дээ. Монгол бөхийн 600 гаруй мэх, тэдгээрийг яаж хийх, хэрхэн хариу мэх хийх вэ гээд бөх болох зам сонгосон эсвэл багш дасгалжуулагч болох хүнд их ач холбогдолтой гурван боть бүтээл саяхан гаргасан.
-Ямар чиглэлийн судалгаа энэ салбарт дутагдаж байна вэ?
-Дэлхийн хэмжээнд хурдацтай хөгжиж байгаа бөхийн спортод өндөр амжилт гаргахын тулд үндэсний бөхийн арга техникийг яаж ашиглах вэ гэдэг асуудлаар судалгаа явуулмаар байгаа юм. Тэгвэл хэн ч хийж, хариулж чадахгүй мэхүүд гарч манай бөхчүүдийн амжилт нэмэгдэх үндэстэй гэж бодогдож байна. Амжилт гаргасан тамирчдаа судлах нь бас чухал. Н.Түвшинбаяр аваргын мэхийг судална гэдэг чинь дахин олимпийн аварга төрөхийн үндэс шүү дээ. Гэтэл ганц аваргатай болоод дуусчихаж болохгүй биз дээ. Тэр школийг бий болгоод амжилтруу тэмүүлэх нь чухал.
Үндэсний бөхөөр барилддаг залуус нэг үеэ бодвол тооны хувьд олон болсон байна. Үндэсний уламжлалт соёл, монгол бөхийн барилдаандаа тулгуурлаад тив дэлхий олимпийн зэрэглэлд ордог бөхийн мэргэжлийн төрлүүдэд сайн барилдаж өндөр амжилт гаргах бөхчүүдээ бодлогоор бэлтгэх ажлыг эрчимжүүлэхэд судалгаа шинжилгээ зайлшгүй хэрэгтэй. Биеийн тамирын чиглэлийн сургуулиуд бол судалгаа хийх гол түшиц газар байх учиртай. Зүгээр барилдуулах биш, судалж заах нь чухал болов уу. Энэ тал дээр Х.Баянмөнх аваргын сүүлд гаргасан ном анхны чухал оролдлого болсон байна лээ. Л.Ням докторын “Брэнд мэхнүүд” гэж бас сайхан ном гарсан.
-Аймаг бүр бөхийн гал үүсгэж бөхчүүдээ дэмжиж байна. “Увс нуур” бөхийн гал үргэлж жишиг болж явдаг хэмээн үнэлэгддэг?
-Би бас тэгж ойлгож байгаа. Сайн бөх байхад анзаарахгүй бол сум орон нутгийн наадамд барилдаж байгаад ид үе нь өнгөрөх тохиолдол байдаг шүү дээ. Харин зохион байгуулалт хийгээд дэмжээд ирэхээр бусдыгаа дагаж явсаар улсын хэмжээнд, цаашлаад дэлхийн хэмжээнд амжилт гаргах тохиолдол байна.
Мэргэжлийн спорт гэдэг бол хүнээс маш их хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, хөдөлмөр шаарддаг. Бас санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байдаг шүү дээ. “Увс нуур”бөхийн гал үүссэн явдал бол их зүтгэж байж бүтсэн ажил юм билээ. Анх дархан аварга Х.Баянмөнх, Спортын хороонд ажиллаж байсан Лагиржав агсан хоёр нэлээн хөөцөлдөж босгосон гэдэг. Одоо үед бөхийн галын тэргүүн Д.Дорлигжав, галын гүйцэтгэх захирал Д.Цэрэнсамбуу, УИХ-ын гишүүн, нутгийн зөвлөлийн дарга Б.Чойжилсүрэн гээд олон хүний удирдлага багийн зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн дэмжлэг, багш, дасгалжуулагч нарын сэтгэл зүтгэлээр ажил урагшилж байдаг нь ойлгомжтой.
Нутгаа гэсэн хүмүүсийн сэтгэлд тулгуурлан санхүүжилтийн эх үүсвэр бий болгож, бөхчүүддээ оргил өөд тэмүүлэх боломж олгосноороо анхдагч гал гэж ойлгож байгаа.
-Үндэсний бөхийн хөгжилд төрийн оролцоо, дэмжлэгийн тухайд та юу хэлэх вэ?
-Монгол шиг харьцангуй хүн ам цөөтэй улс үндэстний хувьд ямар спортын төрөлд тулгуурлаж хөгжлийн бодлого явуулах вэ гэдэг нь чухал болов уу. Бокс,мэргэжлийн бөхийн төрлүүд бол дэлхийд өрсөлдөх манай брэнд спорт яах аргагүй мөн. Тиймээс төрийн ивээлд зайлшгүй байх ёстой.
Үндэсний бөхийг сонирхолтой болгож, улам хөгжүүлэх асуудал тулгамдаж байна. Энэ чиглэлийн судлаач эрдэмтэд ч гэсэн бөхөө яаж сонирхолтой, шударга болгох вэ гэдэг чиглэл рүү судалгаа сайн хийх хэрэгтэй. Бөхчүүд ёс зүйн хувьд зохисгүй үйлдэл гаргаж байна. Мэх сонирхолтой биш, бариад зогсчихдог болсон байна. Дээхнэ үед алгасалгүй үздэг байсан бол ний нуугүй хэлэхэд сүүлийн үед миний сонирхол буурсан. Барилдаж өгөхгүй юм. Баасанхүү харцага шиг барилдаад байдаг бол өнөөдөр ямар мэх хийх бол, яах бол гэж бүгд сонирхож үзнэ шүү дээ. Японы сүмо үндэсний зан заншилдаа тулгуурлаад ямар мундаг хөгжиж байна гээд үлгэр болохуйц сайн жишиг олон байна. Энэ тал дээр манай “Увс нуур” галын хувьд тодорхой санаачилга гаргаж явдаг галын нэг л дээ. Тэр ч утгаараа бөх судлалын хөгжлийн бодлогын асуудлаас хэлэлцэхээр энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.
-Таныг улс төрд олон жил зүтгэж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсныг мэдэх юм. Бөхийн галынхаа ажилд идэвхтэй оролцдог байлгүй?
-Би бөх сонирхдог. “Увс нуур” галынхаа үйл ажиллагааг дэмжиж хааяа оролцдог. 20 жилийн ойн хүрээнд Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуул гэсэн даалгаврыг манай галын удирдлагаас өгч энэ ажилд оролцож байгаа минь эрдэмтэн хүний хувьд бага ч болов хувь нэмрээ оруулж байна гэж ойлгож байгаа.
“Увс нуур” бөхийн галын 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Оргилд тэмүүлсэн он жилүүд”сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал бөх судлалын хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр болж, эрдэмтэн судлаачдын үгийг олон нийтэд хүргэх боломж олгож байгаа гэдэгт итгэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин