Лондон явсан эрхмүүд юутай ирэх бол...

2013-09-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ҮЛ-ОЛДОХ

Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт,  Монголын нэрийг барьж дэлхийн банкуудад тавих Рио Тинтогийн өрийн асуудал гэх тодорхой атлаа бүрхэг  сэдэв нэг байна. Үйл явдлын энэ өрнөлийг хаалттай явуулах сонирхол эрх мэдэл бүхий талд байгаад, тэд өнөөдрийн өнгөнд  дийлж байгаа учраас тэр. Энгийн иргэд, бүдэг бадаг мэдээлэлтэй хэдий ч дэмий ярихаас цаашгүй, мэдэж буй ч  цээжин дотроо бухимдахаас өөр  ямар ч хувь нэмэр оруулж чадахгүй  ийм л байдалтай юу болохыг харж сууна.  Төр , засгийн төвшинд овоохон  “дөвчигнөж” чадах хүн алга байгаа нь харамсалтай. Алдуул эрж айлд цай уугаад мордсон эрэлчин шиг  “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлын албыг түр хашаад  огцорсон Ц.Сэдванчиг гэгч эрхэм  хэвлэлээр ганц нэг үг хэлсэн ч түүнийг нь өлгөж авсан, үнэхээр асуудал хурцдаж байгаа юм байна шүү гэж  ухаж ойлгосон хүн нэг ч алга шиг байна. Хамгийн гол нь, бүр хамгийн харамсалтай нь  ийм байдалтай, нэг үгээр хэлбэл “Сүх далайтал үхэр амгалан” гэдэг шиг сууж байгаад  дэлхийн банк, санхүүгийн салбарт ноёлж буй арав гаруй том банкинд Рио Тинтогийн нэрийн өмнөөс  Монгол Улс маань ломбарданд орчих вий, сэрээч, ухаараач гэх байна. Магадгүй зарим нь юун сүртэй юм бэ, яавал гэж дээ, манай сайд, дарга нар Лондон руу явсан сайхан мэдээтэй ирж таарна, монголчууд амны билгээс ашдынх гэдэг дээ, яасан муу амтай тархи вэ гэж мэдэх юм. Тэгвэл, Лондон явсан эрхмүүдийн тухай, тэд юутай ирэх талаар ямархуу мэдээлэл байгааг дуулгачихъя. Тийм ээ, энэ уулзалтын эхэнд магадгүй салхийг нь хагалж  “Эрдэнэс Оюутолгой” компанийн  шинэхэн захирал Да.Ганболд  Английг зориод ирснийг та бүхэн дуулсан байх. Тэнд болсон хуралд үг хэлсэн юм гэсэн. Гэхдээ тэр нь тийм ч ач холбогдолтой бус, би захирал боллоо,  цаашид та бүхэнтэй цаашид найрсаг сайхнаар хамтран ажиллана гэсэн утгатай үг хэлсэн  тухай албан ёсны мэдээлэл гарсан. Албан бусаар юу ярилцсан нь харин тодорхойгүй. Ер нь бол “Өмнөх захирал чинь ёстой тэнэг амьтан байсан шүү. Чи бидэнтэй гар, сэтгэл нийлж сайн ажиллаарай” гэсэн захиас даалгавар өгөөгүй гэдэгт эргэлзээ төрөхгүй байна. Өнөөдөр ямар нөхцөл байдал үүсээд байна вэ гэвэл, өнгөрсөн долоо хоногийн дундуур “Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүд Лондонг зорьсон. Өдөр, судар харсан, эсэхийг мэдэхгүй ямар ч байсан  хуралд оролцох зарим  эрхэм намрын дунд сарын шинийн 17-ны дашням, балжиннямтай өдрийг тааруулан тийзээ захиалж онгоцонд суусан сураг байна. Ажлын хэсэг тийш одохын өмнө 2-3 удаа уулзаж, санал солилцсон гэх мэдээлэл ч  бас дуулдсан. Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр тэргүүтэй багууд “Рио Тинто” компанийн зарим газар, хэлтсийн дарга нартай ил, далд уулзсан бол нэр, нөлөө бүхий бас ардаа ашиг сонирхлын ихээхэн зөрчилтэй  хүмүүс ч сайд нарын үүдийг сахиж байсан тухай ам дамжсан яриа байна. Энэ бүхнийг үл нуршихын зэрэгцээ Лондон явсан эрхмүүд юутай ирэх вэ гэдэг л өнөөдрийн хамгийн халуун бас хүлээлт дагуулсан сэдэв гэдэг нь хэнд ч ойлгомжтой болов уу. Тэд  юутай  ирэх бол...Үүсээд байгаа нөхцөл  байдал маань ингэхэд ямар байгаа билээ.

Гол асуудал бол ерөөсөө Оюутолгойн далд уурхайг байгуулах хөрөнгө босгох, санхүүжилтийн тухай байж таарна. Тулгаад байгаа  төслийнх нь зээлийн нөхцлийг манайхан  хүлээж аваад ирэх үү, эсвэл ямар  нэгэн тайлбар хэлж хойшлуулах юм уу, өөрчлөх санал оруулах болов уу гэсэн хүлээлт бий.

Манай  Засгийн газар анх гэрээ байгуулах эрх авахдаа төсөл хэрэгжих хугацаанд Монгол Улс төслийн өгөөжийн 53 хувийг буюу нэрлэсэн үнээр 30 тэрбум гаруй, хөрөнгө оруулагч тал 47 буюу 25 тэрбум гаруй ам.доллар авна гэж тохиролцсон. Үүнтэй   УИХ танилцаад  57 дугаар тогтоолоор зөвшөөрөл олгосон.  Харин өдгөө “Рио Тинто”-гийн санал болгож буй зээлийн нөхцлийг хэрэв  зөвшөөрвөл  төслийн  өгөөжөөс талуудын хүртэх хувь хэмжээний харьцаа өөрчлөгдөөд зогсохгүй  манай улс хохирох эдийн засгийн хар зураг гарч байгаа нь уг нь хэнд ч ойлгомжтой, бас тодорхой л байгаа. Бас нэг зүйл бол аливаа шийдвэр Лондонд гарч манайхан зөвхөн гараа өргөж дагадаг явдал. Үйл явдал эхнээсээ тийм байдлаар явж ирсэн. Одоо ч тийм л байлгах гэж Оюутолгойн монгол ажилчдыг халах, компани түр зогсолт хийх зэргээр дарамталж байгаа нь ч нууц биш. Тэгээд ч анх УИХ-д танилцуулж зөвшөөрөл авсан ТЭЗҮ-гээ өнөөдөр өөрчилчихөөд далд уурхайн санхүүжилт зээл авах тухай ярьж байхад Лондон руу зөвхөн Оюутолгой компанийн ТУЗ хэлцэл хийхээр явж байгаа нь эрх зүйн хувьд асуудалтай.  Ингэх юм бол УИХ гэж байх хэрэг юун. Өөрөөр хэлбэл, улс өрөнд  /улсын өр гэдэг улсын төсвийн нэг хэсэг байдаг шиг санагдах юм/ орох гэж байхад УИХ ус балгасан мэт байж болох уу. Эсвэл бид зөвшөөрчихсөн юм аа, 57 дугаар тогтоол бий гээд амар амгалан суугаад байна уу. Харийн оронд хөшигний цаана хэлэлцэж буй асуудал  хэт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэхээр байхад энэ асуудлыг хариуцдаг манай төрийн гурван өндөрлөг багтсан аюулгүйн зөвлөл юу бодож суугаа  юм бэ гэмээр. Нөгөө талаас Засгийн газар нь шинэ баян шиг цээжээ дэлдэж дэлдчихээд эцэст нь  дангаараа өр зээл үүсгэж том толгой гаргаж байгааг юу гэж тайлбарлах  вэ гэсэн асуулт гарч байна.

Эхний үе буюу төслийн нэгдүгээрт шат яах вэ, УИХ-ын 57 дугаар тогтоолын дагуу хэрэгжээд дууссан. Одоо хоёрдугаар шат эхлэх гээд замбараагүй том тоо ярьж, тодорхойгүй нөхцөл тулгаж байгаа нь л үнэн. Эхний шатанд ярьж хэлж байсан, бас ч гэж тал хагас хэрэгжүүлсэн Монгол Улсын хүртэх өгөөж  53 хувь буюу нэрлэсэн үнээр 30 гаруй тэрбум байна гэсэн тоо өнөөдөр тодорхойгүй болчихсон. Манай улс ямар өгөөж хүртэх нь бүрхэг байна шүү дээ. Оюутолгойн гадаад, дотоод данс, баяжмалын тооцоо, ордын үнэлгээ, ашигт малтмалын  судалгаа гээд бүхий л зүйлийг “Рио Тинто” компани барьцаалсан. Зээл нь олон зээлдүүлэгчээс, тодруулбал дэлхийн банк, санхүүгийн хоёр байгууллага, Европын сэргээн босголтын банк, АНУ, Австрали, Канадын зээлийн корпораци, даатгалын сан зэрэг 100 хувь төрийн байгууллагууд, дээр нь арилжааны 14 банк байна. Өөрөөр хэлбэл,  19-20 том зээлдүүлэгчийн барьцаанд Монгол Улс очих гэж байгаа нь “Рио Тинто” гэгч нэг  чонын амнаас гарч, гарах гарахдаа олон том  барын ам руу орох гэж буйтай адил бус уу. Үүнийг Монгол Улсыг төлөөлөн “Рио Тинто” компанитай хэлэлцээрийн ширээний хоёр талд суухаар Английг зорьсон ажлын хэсэг эргэж харж, асуудал шийдэж ирж чадах болов уу.  Чадахгүй бол төслийг удирдагч “Рио Тинто” компанийн зүгээс  дэлхийн том  зээлдүүлэгч нартай ярьж байгаа   зээлийг   төсөлд авч эхэлснээр манай улс   ирээдүйд төлөх ёстой 10 гаруй  тэрбум ам.долларын өртэй болох  тавилангийн тийм нэгэн хуудас эргэхэд тун ойрхон очоод байна. Энэ удаа  буюу эхний ээлжинд дөрвөн тэрбум ам.доллар авах зээлийн хаалга нэгэнт нээгдчих л  юм бол  тэр нь цаашид зургаан тэрбум ам.доллар болон өсч, түүгээр ч тогтохгүй  бүр баригдахгүй том тоогоор  нэмэгдэхийг үгүйсгэж боломгүй.  Тэр нь  ч  төслийн нийт өртөг нь 24 тэрбум гаруй ам.доллар болно гэсэн тооцоог зээлдүүлэгч нарт гаргаж өгснөөс харагдаж байгаа юм. Зээл зөвшөөрөгдөх л юм бол  даруй  24 тэрбум   ам.долларт хүрэх нь бодитой нүүрлэж буй аюул.  Тэгэхээр Ц.Сэдванчигийн хэвлэлд ярьсанчлан   “Рио Тинто”-гийн нөхөд энэ зээлийг дэлхийд анх удаа яригдаж буй том дүнтэй уул уурхайн төслийн зээл гэж сайрхаж ярьдаг. Яагаад урьд хожид авч байгаагүй зээлийн хөтөлбөрийг манайд хэрэгжүүлэх гэж тулгаад буйг ч тодорхой болгох шаардлагатай гэдэг нь яалт ч үгүй үнэн. Үүнийг  Лондонд хэдэн өдрийн өмнө амжин очиж,  өнөөдөр өглөөний цай барьчихаад уулзалтын танхим руу хавтасаа сугавчлан яарч яваа манай хэд бодож яваа  болов уу.

Энд тэднээс хүлээж буй олонхийн эрх ашиг юу вэ гэвэл, гуравдагч этгээдүүдээс тавьж буй өрийн саналыг хэрхэн шийдэж ирэх бол гэдэг л хамгийн эхэнд тавигдаж байгаа. Өөрөөр хэлбэл, манай улс  байр суурь тодорхой илэрхийлэх ёстой. Хоёрдугаарт,  зээл авлаа гэхэд  Монгол Улсын нэр хүнд  дэлхийн тавцанд өснө, бусад улсын нүүр ч наашаа хандах юм байна гэж үзвэл эерэг тал харагдаж болох юм. Тэгвэл тэрхүү тохиолдолд авах гээд байгаа зээл ямар нөхцөлтэй байх вэ, тодруулбал ямар хүүтэй байх вэ, эргэн төлөх хугацаа ямар байх вэ, ямар зардал гарах юм бэ гэдгийг тодорхой бөгөөд ойлгомжтой болгочихоод нүүр бардам ирээсэй гэх байна. Одоо бидний ойлгож байгаагаар бол дөрвөн тэрбум ам.долларын талыг л гэхэд “Рио Тинто” компани бид өмнө нь  төсөлд мөнгөө хийсэн гээд авчих гээд байгаа юм билээ. Тэгж болох уу, гэрээгээр яаж зохицуулсан юм бэ, үүнийгээ тодорхой  болгож гэрээ анх ямар төслөөр бий болсон бэ гэдгийг хэн хэн нь мэдэж авах учиртай байх. Өөрөөр хэлбэл, зээлийн нөхцлүүд ил тод байх учиртай байх. Тухайлбал, зээлийн гэрээг барьцаанд шуудхан өгчихөж болж байгаа юм уу гэдэг асуулт бий. Сайжруулъя, алдааг нь засъя гэчихээд  хорин хэдэн банк, санхүүгийн байгууллагын барьцаанд тавьчих юм бол алдааг нь засах, сайжруулах ямар ч боломжгүй баймаар, угаасаа ийм нөхцөл бий болно биз дээ. Эсвэл үүнийг хийлгэхгүйн тулд, “Рио Тинто” ийм маягаар Монголын төр, засгийн газрыг барьчихаж байгаа юм биш үү. Энэ бүх асуудлыг шийдэж ирэх, эсэхээс л Лондонг зорьсон ажлын хэсгийн ажлын үр дүнг тооцох нь зүйтэй. Монголд хүлээж буй үр дүн ийм л байна.

 

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Өчигдөр 17 цаг 11 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

Өчигдөр 17 цаг 09 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

Өчигдөр 13 цаг 53 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Өчигдөр 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Өчигдөр 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Өчигдөр 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Өчигдөр 06 цаг 00 мин