
М.ЦЭЦЭГ
УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр үргэлжилж Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хуулийн төслөө танилцуулсан юм.
Энэ оны гуравдугаар улирлаас эхлэн хөрөнгө оруулалтын хэмжээ багассан бөгөөд оны эхний хагас жил гэхэд жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад 42 гаруй хувиар буурчээ. Гадаадын шууд хөрөнгийн дотоод эдийн засаг уруу чиглэсэн урсгал буурахад дэлхийн эдийн засгийн байдал, дотоод дахь хууль эрх зүйн зохицуулалт, зарим шинэчилсэн хууль нөлөөлсөн гэж судлаачид үзсэн байна. Иймд гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байдлаар татах, эрх зүйн өнөөгийн зохицуулалтыг илүү сайжруулан хөнгөвчлөх шаардлагатай гэж үзээд уг хуулийн төслийг санаачлан боловсруулснаа дурдав.
Хөрөнгө оруулалтын тухай энэхүү хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгох, хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг тогтвортой байлгах үүднээс энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэж байхаар заажээ. Стратегийн салбар гэж тусад нь ялгахгүй байх, хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах бөгөөд 100 мянган ам.долларын босгыг хэвээр хадгалах, харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гаргах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл олгож байхаар тусгажээ. Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах юм байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгахаар тусгасан байна.
Түүнчлэн, олон улсын туршлагын дагуу гадаадын хөрөнгө оруулалтыг татах, өөрийн улсын хөрөнгө оруулалтын орчны талаар бүх талын мэдээлэл, сурталчилгааг явуулах, хөрөнгө оруулагчийг хүлээж биш, очиж авчирдаг Хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжлийн агентлагийг байгуулахаар тусгасан юм.
Хэдийгээр хөрөнгө оруулагчдад зориулж шинэ хууль бэлдэж байгаа ч тэд Монгол руу хошуурна гэдэгт олон гишүүн эргэлзэж байлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн таатай орчинтой болсон ч хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн баталгааг хайж байв. УИХ-ын чуулганы хуралдааныг тоймлов. Гишүүдийн асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хариулав.
Р.Бурмаа:
-Хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжлийн агентлаг шинээр байгуулах юм байна. Гэвч хөрөнгө оруулагчдыг бүртгэх, гэрчилгээ олгох, хянах гэх мэт хийх ажил нь өргөн хүрээтэй байх нь. Гэрчилгээг 30-45 хоногийн дотор олгохоор заажээ. Ийм богино хугацаанд амжих уу. Бас нэг том асуудал байна. Үүргээ биелүүлээгүй хөрөнгө оруулагчдад ямар хариуцлага хүлээлгэх вэ?
Н.Батбаяр:
-Богино хугацаанд хариу өгөх юм. Хуулийн заасан хугацаанд хариу өгнө, нэг удаа буцааж болно. Хугацааг сунгах асуудал нээлттэй бий. Хэлэлцүүлгийн явцад гишүүд нэмэх санал оруулж болно. Хяналт хариуцлагын тухайд Компанийн тухай хуулиар зохицуулаад явж болох юм. Хариуцлагын тогтолцоо хангалтгүй гэж үзвэл нэмж тусгах нь нээлттэй шүү.
Р.Бурмаа:
-Үүргээ биелүүлээгүй хөрөнгө оруулагчдын гэрчилгээг нь цуцлах тухай заалт алга. 30 сая төгрөгөөр торгох юм байна. Үүрэг биелүүлдэггүй хариуцлагагүй компаниуд ороод ирэх вий. Тэдэнд 30 сая төгрөг хэт бага биз дээ?
Н.Батбаяр:
-Хариуцлагыг нэмж тусгаж болно. Шинэ хууль учир хэлэлцүүлгийн явцад заалт нэмж тусгах нээлттэй байгаа.
Д.Дэмбэрэл:
-Нэг жилийн дотор гадаадын хөрөнгө оруулалт 42 хувиар буурсан гэсэн ганцхан жилийн дүгнэлт оруулж иржээ. Төрийн бодлого ийм амархан өөрчлөгдөж болох уу. Ийм тогтворгүй бодолготой, хуультай байхад хөрөнгө оруулагчид ороод ирнэ гэж бодож байна уу. Ямар баталгаа байна вэ?
Н.Батбаяр:
-Зах зээлийн нийгэмд шилжсэн өнгөрсөн 20 гаруй жилд дотоодын хөрөнгө оруулагчдадаа боломж олгоогүй явж иржээ. Тэгэхээр энэ удаад гадаад, дотоод гэж ялгаварлалгүй нэг болгож авч үзнэ. Хөрөнгө оруулалтын орчин дотоод, гадаадынханд илүү таатай болно гэж үзсэн. Монгол төрийн эрх зүйн орчин тогтвортой байх ёстой гэдэгт би санал нэг байдаг.
Г.Уянга:
-Ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй таван хуулийн төсөл бүгд Оюутолгойн гэрээтэй холбоотой юу?
Н.Батбаяр:
-Оюутолгойн гэрээтэй холбоогүй.
Б.Бат-Эрдэнэ:
-Ердөө уул уурхай, алт, Оюутолгойтой холбоотой асуудал байна. Оюутолгойн хариуцлагагүй гэрээ, гадаадын хөрөнгө оруулалтыг стратегийн салбарт хязгаарлахыг зорьж бид өмнө нь хамтран ажиллаж байсан. Гэвч эрх баригчдын бодол 180 градус эргэжээ. Хөрөнгө оруулалт саарахад, алт тушаалт буурсанд хууль нөлөөлсөн гэж тайлбарласаар байна. Нэг жишээ авахад урт нэртэй хуулийг 2009 онд баталсан. Гэтэл энэ онд хөрөнгө оруулалт саарсан байна шүү дээ. Тэгэхээр хуультай ямар ч холбоогүй болж таарлаа. Том компанийн эздэд зориулсан хууль гэж хардаж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийн компаниудад хамаарахгүй байх заалт бий юү?
Н.Батбаяр:
-Миний байр суурь, үзэл бодол хэвээр байгаа шүү. Алт болон урт нэртэй хууль манай хуультай холбоогүй.
М.Батчимэг:
-Хуулийн төслийг дэмжиж байгаа ч асуудал байна. Олон улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа үед ямар ч улс үндэсний эдийн засгаа хамгаалдаг. Хөрөнгө оруулалтын тухай хууль байдаггүй юм бол бодлого нь хаана байна вэ. Өөрийн хөрөнгө оруулалтаа гадаадын хөрөнгө оруулагчдаас хамгаалдаг бодлого бусад оронд байдаг. 100 мянган ам.доллараар орон сууц авч чадахгүй байхад 100 мянган ам.доллартай орж ирсэн хүнийг хөрөнгө оруулагч гэх үү. Энэ хууль чинь хангалттай хөрөнгө оруулалт татаж чадах уу?
Н.Батбаяр:
-100 мянган ам.долларын босго бий. Хэрэв ийм хэмжээний мөнгөтэй бол бүртгүүлчих л гэж байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалтай компаниудыг бүртгүүлэхэд тавигдах шаардлага юм. Одоогийн хуульд ийм босго бий. Түүнийг хэвээр үлдээсэн. Хэлэлцүүлгийн явцад өөрчилж болно.