
Ө.БАТХҮҮ
Манай сурвалжлагч Токиогоос мэдээлж байна.
Монгол, Япон хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үндсэн багануудын нэг нь эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, зээл, буцалтгүй тусламж юм. Товчхондоо бол арлын орноос талын Монголын эдийн засгийг дэмжсэн бодлого нь онцгой ач холбогдолтой байлаа. Гэхдээ Японы талаас бидэнд өгч ирсэн буцалтгүй тусламжаа ерөнхийд нь зогсоож байна.
Тэдний хамгийн сүүлчийн буцаж нэхээгүй тусламж нь ЭМШУИС-ийн харъяа 200 ортой сургалтын эмнэлэг барих ажлаар дуусах бололтой. Харин дунд сургуулиудын өргөтгөлийн барилгын тусламжууд үргэлжлэнэ. Энэ бүгдийг эс тооцвол манай хоёр орны эдийн засгийн харилцаа өдгөө огт өөр, шинэ шатанд үргэлжлэх болж буй юм. Мэдээж энэ нь муу биш сайн тал руугаа өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл бид өмнө нь тус орны иргэдээс түлхүү авч байсан бол одоо харилцан ашигтай өгөө, аваатай байх болжээ.
Монгол Улсын эдийн засаг байгалийн баялгийнхаа нөөцийн хэрээр өсч, бүс нутагтаа төдийгүй дэлхийн сонирхолд байгаагийн нэгэн илрэл нь энэ юм.
Японы Засгийн газар 1991 оноос хойшхи 20 жилд манайд нийтдээ 93.5 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 75.8 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 37.5 тэрбум иенийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. Олон улсын байгууллагыг эс тооцвол энэ улс нийт зээл, тусламжийн 70 хувийг дангаараа олгож байсан нь онцлохгүй байхын аргагүй үзүүлэлт. Тиймээс ч Н.Алтанхуягийн Япон улсад хийж буй албан айлчлалын хоёр дахь өдрийн хөтөлбөрийн талаас илүү хувь нь бизнес, банк санхүүгийн салбарынхны уулзалт байлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдрийн айлчлалынхаа эхэнд манай улсын Хөгжлийн банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын зурах ёслолд оролцов. Японы Олон улсын хамтын ажиллагааны банк нь тус улсаас гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт хийдэг үндэснийхээ компаниудад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг ажээ. Тус банк өнгөрсөн сард экспортын зээлийн шинэ шугам нээж , найман тэрбум иенийн зээлийн хэлэлцээрийг амжилттай хийсэн байна. Дашрамд дурдахад Япон улс манайд одоогоор таван төрлийн хөнгөлөлттэй зээл олгож байна. Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал, нийслэлийн дэд бүтцийг хөгжүүлэх “Гудамж төсөл”, Улаанбаатарыг метротой болгох төсөл, аймаг бүрт хэрэгжүүлэх гэж буй “Шинэ сум” төсөл зэрэг ажлыг хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэнэ. Эдгээр зээл нь 40 жилийн хугацаатай 0.3-0.75, хамгийн ихдээ 0.75-1.7 хувийн хүүтэй, эхний 10 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй. Мөн дээрх банкны хувьд анхаарал татсан нэг асуудал байгаа нь манай улсаас гаргах гэж буй “Самурай” бонд юм. Энэ бондыг гаргаж үйл ажиллагааг нь хэвийн явуулах үүргийн нэгэн хэсгийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банк гүйцэтгэх юм. Дээрх банктай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараагаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Самурай” бондын чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах Японы хувийн хэвшлийнхэнтэй мөн уулзсан юм. Дээрх банктай хэрхэн хамтран ажиллах, “Самурай” бондыг ямар нөхцлөөр босгох талаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатаас цөөн асуултад хариу авсанаа хүргэе.
-Японы Олон улсын хамтын ажиллагааны банктай хамтарсан санамж бичгийн гол ач холбогдол юу вэ?
-Энэ банк Япондоо маш том санхүүгийн байгууллага. Манай Хөгжлийн банктай төстэй 100 хувь Засгийн газрынхаа бодлогыг хэрэгжүүлэхээр гадаад улсад хөрөнгө оруулах чиглэлээр ажилладаг банк. Хөгжлийн банк тус банкны санал болгож чадах бүхий л санхүүгийн үйлчилгээний цэсэд хамтарч ажиллах хаалга нээгдлээ гэсэн үг. Энэ ажил манай хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд хамгийн түрүүнд үр ашгаа өгөх байх. Тухайлбал, Японоос ямар нэг тоног төхөөрөмж худалдаж авах, худалда хийх санхүүжилтийг манай хоёр банк хамтран аль болох хямд өртөгтэй, урт хугацаатай санхүүгийн эх үүсвэрээр гүйцэтгэх юм. Бас нэг чухал асуудал нь хөрөнгийн зах зээл, тодорхой хэлбэл иенийн зах зээлд хамтарч ажиллах тохиролцоо хийсэн явдал. Хөгжлийн банкныхан дотоодын хөрөнгийн зах зээлд “Самурай” бонд гаргахаар ажиллаж байна. Манай банк өмнө нь үнэт цаас гаргах чиглэлээр ажилласан туршлагатай. Тиймээс энэ ажил амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.
-Ямар хэмжээний бонд гаргах вэ?
-Бид “Самурай” бондыг энэ оны арванхоёрдугаар сард багтаан гаргахаар төлөвлөсөн. Гэхдээ энэ ажил Японы талын хамтрагч нараас шалтгаална. 600 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний иенийн бонд гаргах боломжтой гэж үзсэн. Японы ерөнхий сайд өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсад айлчлахдаа томоохон хэд хэдэн төсөлд хамтарч ажиллахаар тохиролцсон. Үүнд санхүүжилт хэрэгтэй болно. Японы олон улсын хамтын ажиллагааны банк санхүүжилтийн ихэнх хэсгийг гаргах боломжтой. Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг гаргах шаардлага бий. Бид энэ чиглэлээр самурай бондын мөнгийг зориулахаар төлөвлөсөн.
-Японы Олон улсын хамтын ажиллагааны банк Монголын бизнес эрхлэгчдэд ашигтай ямар үйлчилгээ үзүүлэх бол ?
-Шинэ төрлийн санхүүжилтийн хаалга нээгдэж байна. Японоос төсөл хэрэгжүүлэхэд, техник хэрэгслүүд хэрэгтэй болно. Түүнийг Японоос худалдаж авах бол манай хоёр банк хамтран ажиллаж аль болох бага зардалтай, урт хугацаатайгаар шийдэж өгөх юм. Тухайлбал манай улсаас “Бэрэн” групп, Японы “Марубени” корпораци тодорхой хэмжээний тоног төхөөрөмж худалдан авалтын гэрээг Ерөнхий сайдын айлчлалын үеэр хийсэн.
-Энэ орны үндэсний компаниуд манай ямар салбаруудад хөрөнгө оруулах санал тавьсан бэ?
-Уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, хөнгөн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдааны салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна.
-“Самурай” бондын тухай дэлгэрэнгүй тайлбарлаач. Ямар онцлогтой бонд вэ?
-Энэ бол зөвхөн Японд байдаг санхүүжилтийн хэлбэр. Энэ орон хөрөнгийн хуримтлал өндөртэй, маш том эдийн засагтай. Жишээлбэл, Япончуудын хадгаламжид хуримтлагдсан хөрөнгө 15 их наяд ам.доллараас давсан байна. АНУ-ын эдийн засгаас ч давсан үзүүлэлт.Мөн өөрийн тогтсон жаягаар ажилладаг зах зээл. Чингис бондыг гаргасан олон улсын ам.долларын зах зээлээс өөр. Гадаад улсууд, компаниуд ирж, иенээр эх үүсвэр босгодог. Иенийн эх үүсвэр босгоход манайх шиг хөгжиж буй орнуудад Японы олон улсын хамтын ажиллагааны банк баталгаа гаргаж дэмжлэг үзүүлдэг. Тэгэхээр энэ тогтолцоогоор ажиллавал манай улсад гаргаж буй бондын хүү багасч, хугацаа уртсах боломжтой. Бонд гаргаж байгаа банк “3 А”зэрэглэлтэй хамгийн найдвартай банк.
Засгийн газрын тэргүүн айлчлалынхаа хоёр дахь өдөр тус улсын Либерал ардчилсан намын удирдлагуудтай үдийн зоог барьж, Японы ЛАН-ын төв байранд очиж “Монгол Улсын эдийн засгийн төлөв, Монгол Японы харилцаа”сэдвээр, манай Эрчим хүчний яам, Японы шинэ эрчим хүч, үйлдвэрлэлийн технологийн байгууллага хоорондын Өндөр үр ашигтай, алдагдал багатай цахилгаан дамжуулах, түгээх систем нэвтрүүлэх тухай санамж бичигт “Окүра” зочид буудалд гарын үсэг зурсаны дараагаар “Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал,хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр лекц уншсан юм. Японы эрх баригч ЛАН-ын байранд болсон лекцэнд бүхий л салбарын 800 гаруй төлөөлөгч оролцсон нь монголчуудыг арлын орныхон хэрхэн хүндэтгэн хүлээн авч байгаагийн илрэл хэмээн онцолсон. Энэ лекцийн үеэр Ерөнхий сайд “ Та бүхэнд хоёр баяр хүргэе. 2020 оны олимпийг Токиод хийх болсонд, мөн дээд, доод парламентын сонгуульд ЛАН ялалт байгуулсанд. Миний тэргүүлдэг АН улсынхаа парламент, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялж тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Монгол 2200 жилийн түүхтэй ч ардчиллын хорьхон жилийн туршлагатай залуу орон. Манай эдийн засаг 2012 онд 17 хувь болж өссөн бол энэ оны эхний зургаан сарын байдлаар11.3 хувийн өсөлттэй байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд инфляцийг 8.3 хувь болгон буулгаж чадлаа. Эхний хагас жилд ажилгүйдэл мөн найман хувиар буурсан. Мал сүрэг маань өнгөрсөн онд 41 саяд хүрч 20 гаруй хувиар өслөө. Бид Оюутолгой, Тавантолгойгоо ашиглаж эхлэж зэсийн баяжмал, нүүрсний экспортоо эрчимжүүлээд байна.Мөн дахин нэг Оюутолгойтой дүйх ордыг 2016 онд ашиглалтад оруулснаар эдийн засгаа тогтмол 14 хувиар өсгөхөөр төлөвлөсөн. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг УИХ-аараа хэлэлцэж эхэллээ. Ингэснээр хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрнэ гэж тооцоолж байна. Ардчиллын замд эргэлт буцалтгүй орсон шилжилтийн үед биднийг хамгийн түрүүнд дэмжиж, тусалсан орон бол Япон байлаа. Харин одоо бид бүс нутаг, олон улсын тавцанд хамтарч, эдийн засгийн хувьд харилцан ашигтай бие, биеэ нөхсөн зарчмаар ажиллая. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин таатай болж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Бидэнд хамтран хөгжих өргөн боломж байна” хэмээсэн юм. Айчлалын хоёр дахь өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягт Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхийлөгч,Эдийн засгийн байгууллагын холбооны ерөнхийлөгч, Эдийн засаг худалдаа, үйлдвэрийн дэд сайд, “Жетро” байгууллагын дэд ерөнхийлөгч нар бараалхсан юм. Харин өчигдөр үдэш Японд сурч буй Монгол иргэдтэйгээ Н.Алтанхуяг сайд уулзсан. Энэ тухай дараагийн цуврал сурвалжлагуудаас уншаарай.