
Д.БОЛОР
УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа. Тэрээр Түрээсийн тухай хуулийн төсөл санаачилсан байна.
-Түрээсийн тухай хуулийн төсөл санаачилсан гэсэн. Ямар ач холбогдолтой хууль вэ. Түрээсээр ашиг олдог хэсэг бүлэг хүний харилцааг зохицуулах уу?
-Энэ хууль нийгэмд хүлээлттэй байна. Төсөл санаачлах болсон нь түрээсийн үнийн замбараагүй нэмэгдэл, түрээслүүлэгчийн хэт давуу байдалтай тэмцэх гэж тэр. Өнөөдөр түрээслүүлэгчийн амаар явдаг тогтолцоо бий болсон. Нөгөө хамжлагат нийгмийг санагдуулам тийм л мөлжлөг энэ нийгэмд гаарсан байна шүү дээ. “Хэрэв та энэ лангууг түрээслэх бол ийм хэмжээний мөнгө төл. Үгүй бол боль. Танаас өөр олон хүн байна” гэнэ. Ганцхан лангуу түрээслэхэд энэ харилцаа үүсч байгаа юм биш. Орон сууц, ажлын байр түрээслэхэд ч гэсэн түрээслүүлэгч тал нь хэт давуу эрхтэй. Түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын хооронд эрх тэгш харилцаа гэж байхгүй. Түрээслүүлэгч үнээ нэмэхдээ ямар нэгэн үндэслэл хэлэхгүйгээр шууд нэмдэг. 50, 100, 200 хувиар ч хамаагүй нэмэгдэнэ. Тэр үндэслэлийг нь асуухаар хэлэх ч албагүй гэнэ. Энэ бүх шударга бус харилцааг зохицуулах хууль нь хангалтгүй байна. Хоёрдугаарт, эдийн засгийн хямрал болж байна. Мөнгөний ханш унаж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгааг харахад үүнд нөлөөлөгч хүчин зүйл нь түрээс юм. Түрээсийн үнийн нэмэгдэл цаашлаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх шалтгаан болж байгаа юм.
-Түрээслүүлэгч, түрээслэгч хоёрын эрхийг тэгшитгэх боломжтой гэж үү. Нэг нь яахын аргагүй үл хөдлөх хөрөнгөө ашиглуулж байгаа учраас давуу эрхтэй байж таарна?
-Хоёуланг эрх тэгш болгох боломжгүй. Харин үндэслэлгүйгээр түрээсийн үнээ нэмэх байдлыг хязгаарлах зорилготой хууль юм. Өнөөгийн нийгэмд түрээслүүлэгч нь 10 жилийн дараа хязгааргүй баяжаад тэрбумтан болох бол нөгөө түрээслэгч нь эдийн засгийн хувьд дээшилж чадаагүй өнөөх байрандаа л байна. Үүнийг гарцаагүй өөрчлөх шаардлагатай. Аль ч оронд түрээсийг зохицуулсан нарийн хууль байдаг юм байна. Харин манайд байгаа нь учир дутагдалтай, харилцаагаа зохицуулж чадахгүй байх юм. Юуны өмнө Түрээсийн хууль дангаараа орохгүй. Бусад хуультайгаа уялдаатай орно.
-Манай улсад түрээсээ ашиг олдог хэдэн хүн байна. Түрээсийн орон сууц, ажлын байраар үйлчлүүлдэг хэдэн хүн байх юм?
-Одоохондоо бидэнд нарийн судалгаа алга. Цаашдаа судалж гаргаж таарна. Ер нь Үнэ бүрдэлтийн хууль гэж улс оронд байдаг юм байна. Аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болоод түрээсийн үнэнд юу нөлөөлсөн гэдгийг тайлбарлах эрх зүйн тайлбар байдаггүй гэсэн үг. Зөвхөн түрээслүүлэгч гэх хүний толгойноос урган гарсан үндэслэл багатай мөнгөн дүнг нь төлж байгаа юм. Дээрээс нь Татварын хуулиар зохицуулах шаардлагатай зүйл олон гарах байх гэж бодож байна. Түрээс бол хөдөлмөр биш. Зүгээр шахуу суугаад бусдын хөдөлмөрийг мөлжиж байгаа хэлбэр гэж тайлбарлаж болно. Энэ сэдвээр Ерөнхий сайдтай уулзахад тэр маш сайн дэмжиж ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсгийнхэнд энэ ондоо багтан хуулийн төслөө өргөн барих юмсан гэсэн хүсэл байна. Суурь судалгаа, бэлтгэл ажиллагаа гээд хийх ажил бишгүй бий. Түүнээс гадна түрээсийн асуудлыг эмхэлж цэгцлэх тухай яриа гарснаас хойш түрээсийн үнэ нэмэгдэх хандлага гарч байгаа. Үүнийг зогсоохын тулд Засгийн газар тогтоол гаргаач гэж Ерөнхий сайдад хүсэлт тавихад тэр бас зөвшөөрсөн. Ер нь түрээсний үнийн нэмэгдэл нь тухайн жилд Монголбанкнаас зарласан инфляцийн өсөлтөөс давахгүй байх ёстой юм.
-Түрээсийн үнийн хувьд хязгаарлалт оруулах уу?
-Үнэ тогтоох бололцоо байхгүй. Харин түрээсийн төлбөр нь гэнэт хязгааргүй өсдөггүй байх ёстой.
-Хууль батлагдсанаар одоо байгаа түрээсийн үнэ өртөгт өөрчлөлт орох уу?
-Хуулиа нарийн сайн боловсруулж дуусаагүй болохоор үүнд хариулахад эрт байна. Мэдээж одоогийн байгаа үнэ өртгөө тайлбарлах хэрэг гарах байх. Миний хувьд түрээсийн үнийг аль болох бууруулахыг хүсч байна. Тийм бололцоог ч эрж хайна. Тэгэхгүй бол түрээс бидний амьдралд дарамт болж байна шүү дээ. Жижиг, дунд бизнес өсөхгүй, хөгжихгүй байгаагийн шалтгаан эцсийн дүндээ түрээсээс болж байгаа юм.
-Намрын чуулганаар өргөн барьж амжих нь уу?
-Амжина гэдэгтээ эргэлзэж байна. Маш том суурь судалгаанууд хэрэгтэй. Тэгэхдээ амжуулахын төлөө хичээнэ.
-Өнөөдөр “Нарантуул” худалдааны төвийн хохирогчид хохирч байгаа. Үүнд яаж хандаж байна вэ. Хохирол мөнгийг нь хэн барагдуулах ёстой юм бэ?
-Юуны өмнө галын дүгнэлт нь гарах ёстой. Гэрээнд давагдашгүй хүчин зүйл буюу байгалийн гамшгаас үүдсэн аливаа хохирлыг “Нарантуул” буюу түрээслүүлэгч хариуцахгүй гэж заасан гэсэн. Харин энэ гал хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж гарсан учраас мэргэжлийн хүмүүсийн гаргасан дүгнэлтийн дараа ярих ёстой сэдэв.
-Та УИХ-ын даргад хүсэлт хүргүүлсэн гэсэн. Юу хүссэн юм бэ?
-Сүүлийн үед улсын эдийн засгийн байдал муудаж, гадаадын хөрөнгө оруулалт эрс буурч байгаа тухай мэдээлэл олонтаа гарч олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна. УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахаар бэлтгэж байгаа нь дээрх сөрөг таамаглалыг баталсан үйл явц мэтээр олон нийтэд ойлгогдож байна. Асуудлын гол шалтгааныг судалж үзэхэд “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалттай ямар нэгэн байдлаар шууд болон шууд бус холбогдож байгаа юм. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудтай холбоотой үнэн бодитой, суурь мэдээллийг авахын тулд “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн П.Цагаан, Н.Багабанди, Ч.Ганболд нарыг УИХ-ын чуулганд урьж нээлттэй мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн юм.