
(Тосон нуурыг тойрч тэрлэсэн тэмдэглэл)
Сүрэнгийн ЗЭВСЭГ
ХУВЬ ЗАЯАНЫ ХИШИГ
Монголчуудын амны хишиг, буянаар эх болсон газар шороо минь бидэнд асар их баялаг, байгалийн гоё сайхныг сэтгэл харамгүй хайрласны нэг нь Хэрлэний хөдөө арал дахь Тосон нуур юм. Хэрлэн, Нугаар (Зарим судлаачдын тодорхойлсноор), ар өвөр Цэнхэрийн голуудын дунд Хэрлэний хөдөө аралд Баян Улаан уул, Жаргалт хан, Дэлгэр хан, Тооно уул, Дархан хан зэрэг уулсаар хүрээлэгдэн орших түүхт Хар талын урд зах орчимд Бор хонхор, Тосон нуур, Бүрд гэсэн гурван жаахан нуур чандманлан тогтжээ. Тэр бүхнээс ид шид, ач буян, анагаан ариусгах увидастай нь Тосон нуур аж. Дээхэн үед энэ нутгаар хэдэнтээ явсан ч яг тухайлан амарч байсангүй. Энэ жил зорин очиж цөөн хоног амарлаа. Бороо хур элбэг дэлбэг, ургамалын гарц тэгш сайхан. Хаашаа л харна цэлийсэн ногоон тал, хөх униар татсан уулс, нуур усанд нь аяны шувууд бүл нэмэн ганганалдаж, мал сүрэг ч өнгө зүс сайтай тарга тэвээрэг гайгүй авч буй нь илт. Нутгийнхан цаг агаараа дагаад амгалан сайхан зусч, амрагч сувилуулагчид олон, хөл хөдөлгөөн ихтэй. Ёстой л хүн малын жаргалын орон гэхээр байв.
Миний хувьд нуур шаварт орж, рашаан ус хүртэж, бариа засал хийлгэсэнгүй. Ерөөсөө л үзэх гэж очсон. Тэр их амгалан сайханд, эртний түүхийн шарласан хуудас болж сүндэрлэх хайрхан уулс өөд хараа бэлчээж цэлийсэн ногоон талын дундуур айван тайван алхаж, үзэгдэж харагдсан энэ тэрхэний зургийг татсан шиг хэдэн өдрийг үдлээ. Энэ ялдамд үзсэн харсан, дуулж сонссон, төрсөн бодол сэтгэгдлээ уншигч олонтойгоо ялангуяа Аварга тосонгийн рашаан сувиллыг зорьж очдог хүмүүстэй хуваалцаж, мөн төр, засгийн зарим байгууллагын сонорт хүргэе хэмээн бодлоо. Гэхдээ холбогдох дарга эрхэмүүдийг ажил албандаа санаа авч, байгаль эхийн хайрласан их хишиг өглөгийг хамгаалж, зүй зохистой гамтай ашиглаж, үр ач, хойч үедээ онгон дагшин байдлаар нь биш гэхэд жаахан танагтай үлдээгээсэй гэсэн сэтгэлийн үүднээс жаахан өөтэй, согогтой талаас нь хандсанаа ташрамд хэлж, хүлцэл хүсье. Хамгийн гол нь энэ сайхан байгаль, аугаа их баялгийг хэн нэгэн хаан, Ерөнхийлөгч, сайд, дарга нар тэр бүү хэл бурхан ч бүтээгээгүй. Гагцхүү бидэнд хувь заяагаар олдсон хишиг буян билээ.
МИНИЙ УХААРЧ ЯДСАН ТОСОН НУУР
Энэхүү нуур нь гар дүрж, биеэ арчихад яг л тостой юм шиг зөөлөн гулгасан байдал мэдрэгддэг, нэлээн шорвогдуу устай. Эрт цагт нэн цэнгэг байсан байх. Одоо ч өнөө цагийн аймшигт бохирдолтой тэмцэн тэмцэлдсээр бас ч гайгүй талдаа байна. Газрын гүнийн ундарга тэжээлтэй, хүний биед олон талын ач тустай, элдэв өвчин эмгэг, ялангуяа арьсны тууралт, яр шархыг анагаан илааршуулах онцгой чанартай химийн олон элемент найрлагаар баялаг, энэ бяцхан нуурыг хүмүүс өөрөө өөрийгөө ариусган цэвэршүүлж чаддаг гэж одоо ч итгэсээр байдаг бололтой.
Рашааны анагаах увидас чанарыг хүмүүс хэдэн мянганы тэртээгээс танин ухаарч, Тосон нуурт орж, биеэ эмчлэн сувилж ач тусыг нь хүртсээр иржээ. Гэхдээ одоог бодвол харьцангуй цөөн, жилд сайндаа л дөрөв таван зуун хүн ирдэг байсан байх. Харин өнөөдөр хөөрхий Тосон нуур хэмээс хэтэрсэн их ачааллыг дааж ядан тарчилж байна. Сувиллын гэх газруудын ашиг орлого, мөнгө бодсон эздийн шунал, амарч сувилуулагчдын амиа хичээсэн хүнийрхүү зэрлэг үйлдлүүд Тосон нуурын голыг гогдож байх шиг. Хэн дуртай хүний тааралдсан газраа хашаа хатгаж, гэр байшин барьж босгосон, болсон болоогүй амралтын газар нэртэй элдэв оромжууд нуурын орчмыг шоргоолжны үүр мэт бүрхжээ. “Аварга тосон” рашаан сувиллын ажилтан залуу “Рашаан нуурын эрэг дээр 50 гаруй амралтын газар үйлчилгээ явуулж, энэ нуурын буяныг хүртдэг. Тэднээс хамгийн том нь манай захирал Д.Түмэндэмбэрэл, Д.Майнбаяр нарын өмчилж авсан (Баянхонгорын Шаргалжуутын амралтыг бас авсан юм байх) “Аварга тосон” рашаан сувилал. Манайх зөвхөн урин дулааны гурван сард ажилладаг. Оргил ачаалалтай үедээ нэг ээлжинд 480 орчим, нийтдээ 4000 шахам хүнийг хүлээн авч үйлчилдэг” гэж ярив. Тэгвэл бусад амралтын газар нь дурдсан хугацаанд хэдэн мянган хүнийг хүлээж авдаг бол...? Ингээд бодоход Тосон нуурын ачаалал ямар байгаа нь ойлгомжтой. Амрагчид, сувилуулагчдын ихэнх нь ямар нэг өвчин эмгэгтэй байдаг гэнэ. Тэгэхээр хэдэн мянган элдэв өвчин эмгэгтэй хүмүүсийн яр шархаа угаасан хир дайр, хог новшоо хаяж бохирдуулсан бохирдлыг байгалийнхаа жамаар оршиж буй энэ бяцхан нуур ариутган цэвэршүүлдэг гэхэд тун бэрх. Цэвэршүүлдэг цаг байсан байж магадгүй. Одоо бол хүчин мөхөсдхөөр болжээ. Бие биенээ тэгж хуураад яахав гэсэн бодол төрөв. Тэр нутгийн Пүрэвдагва хэмээх нас тогтсон эр “Эртнээс хүмүүс энэ гурван нуурын эхнийх нь болох Бор хонхорын (Одоо бол нуур гэхээр юм байхгүй шавар шалбаагтай хонхор) нуур орчмоос эмчилгээний янз бүрийн шаврыг авч түрхээд, наашаа явж Тосон нуурт (Гол рашаан нь) ордог, тэндээсээ зүүн хойно байгаа Цэнгэг нууранд (Харьцангуй том сайхан нуур боловч цэнгэг гэдэг нэрэндээ үл нийцэхээр маш их бохирдсон) орж биеэ угаадаг тийм нэг шат дамжлага маягийн дэгтэй, тэгээд нуур нь өөрөө аяндаа ариусдаг байлаа. Цэнгэг нуур савнаасаа халин цааш урсаж Аваргын голыг тэжээдэг байв. Одоо бол ширгэж багассаар юун гол тэжээх мантай болсон. Ер нь энд ёстой замбараагаа алдсан даа” хэмээн толгой сэгсэрч суув.
“АВ ГА ОСОН ШАА СУВИЛАЛ”
Аварга тосонгийн зүүн урд дэнжийг бүрхэж шавааралдсан байшин барилга, элдэв оромжуудаас “Аварга тосон” рашаан сувилал арай дориун нь юм байх. Энд саяхан баригдсан бололтой нэг дажгүй зочид буудал бий. Түүнийг “Аураг” зочид буудал гэдэг ч сүүлийн үед “Ав га осон шаа” буудал гэдэг болсон юм байна. Учир нь буудалд орж очиход, угтан авч үйлчлэгчдийн (Ресепшин) ширээний арын хана дээр “Ав га осон шаа сувилал” гэсэн гоё самбар хараа булаана. Тэрхүү самбар хаяг, энэ айлын үйлчилгээний нүүр царай, зохион байгуулалт, эмх цэгц, хүмүүсийн хариуцлага сахилга зэргийг бараг тодорхойлно. Гайгүй хөрөнгө зарж барьсан буудлын барилга ашиглалтад ороод хоёр жил болж байгаа гэх боловч өнөө хэр дуусаагүй бололтой. Гэрэл чийдэнг нь уяж угсраагүй унжиж санжсан утас, хана туурганы шавар будаг ховхорч сармайсан, гантиг хана нь зарим газраа цөмөрч эвдэрсэн. Ус цахилгаан нь байнга тасарч, “00” нь бөглөрч тагларч байдаг ч люкс өрөө нь хоногийн 80000 төгрөг (Хагас люкс нь 60000 төгрөг) дээр нь хоолны үнэ гэж хүн бүрээс 29800 төгрөг нэмж авна. Ингээд “Ав га осон шаа сувилал” хэмээх буудалд нэг хоноход 109800 төгрөг. Үйлчилгээ сайн бол тэр байтугайг төлөлгүй яахав. Эдний өөр нэг онцлог бол япончуудад маш “дургүй” юм шиг санагдсан. Биднийг тэнд хэд хонох үеэр Японы мэргэжлийн сумогийн Нагоё башёгийн сүүлийн өдрүүдийн барилдаан болж байлаа. Гэвч сувиллын газрын эзэд яг барилдаан эхлэхэд цахилгаанаа таслаж, дуусахаар нь залгана. Энд соёл, урлаг үйлчилгээний ямар нэг үзэж харах, хүний сэтгэлийг сэргээх юм бараг байхгүй. Тийм болохоор хүмүүс, монголчуудын нэг хэсэг хөл алдан гүйж байгаад сүүлдээ сонин нь буурч мартаж яваа сумо барилдааныг арга буюу үгүйлсэн хэрэг. “Ав га осон шаа” буудлын дээд давхарт нэг ойлгмжгүй үйлчилгээ бий. Энэ бол ямар нэг нэр хаяггүй, сүрхий үнэтэй архи дарсны “мухлаг”. Тэр мухлаг 18 цагаас шөнө хэд хүртэл ч ажилладаг юм бүү мэд. Тэнд архи дарс, ус ундаа мэтхэн л байх. Харин шөнө дөлөөр согтуу хөлчүү хүмүүс орилолдож бахиралддаг нь тэндээс улбаатай байх. Эднийхний үйлчилгээнээс ажиглагдаж ойлгогдсон нэг юм бол ерөөсөө Аварга тосонгийн рашааныг тэд өөрсдөө бүтээгээд бий болгочихсон юм шиг “Та нар манай нууранд орж, шавар тавибал тавь, байвал бай” гэсэн янзтай сонин сэтгэлгээ ноёрхоно. Тэгээд ч тэнд байгаль эхээс хайрласан орчин тойрны сайхан, нуурын ус рашаан, шарваас өөр хүнийг татаж хоргоцуулах юм тун ховор. Үүнээс үүдэн “Ав га осон шаа сувилал” бол байгалийн сайхан, нуурын ус рашаан, шавартаа дулдуйдаж өвчин эмгэгт баригдсан хүмүүс, сонирхож ирэгсдийн буянд оршин тогтнож байна гэхэд нэг их хилсдэхгүй болов уу.
Ер нь шуудхан хэлэхэд эзэд захирлуудын ажил алба, өмч хөрөнгөндөө эзэн байх сэтгэл, бүтээлч чанар ядмагхан, ажлын хариуцлага дульхан. Дунд шатны дарга даамал, менежер гэх хүмүүс нь дээдчүүлээ дагаад бас л ажил нь сүрхийгүй, хийсэн бүтээсэн зүйл багахан, өдөр хоног өнгөрөөж ядсан маягтай. Тэгсэн хэрнээ албархуу дээрэлхүү төрхтэй нь ажиглагдсаныг нуугаад яахав. Эднийх зөвхөн дулааны улирлын гуравхан сард ажилладаг хэдий ч “Чамлахаар чанга атга” гэдэгчлэн бага хугацаанд хөөрхөн мөнгө олдог байх. Ажиллагсдынх нь яриагаар гурван сарын хугацаанд 4000 шахам хүн хүлээж авч үйлчилдэг бол нэг сувилуулагч энгийн өрөөнд ганц хоноход 29800 (Хоолны үнийн хамт) төгрөг. Нийт амрагч, сувилуулагчид зөвхөн энгийн өрөөнд 90 хононо гэж бодвол хэдэн төгрөг хүртэх вэ? Бас энгийн өрөөнүүдээс гадна “Ав га осон шаа” буудлын нэг өрөө хоолны үнэ орохгүйгээр хоногийн жараас наян мянган төгрөг гэдгийг дээр дурдсан. Ийм өрөө хорь гаруй байдаг гэнэ билээ. Түүнчлэн Дүнзэн люкс (Хоногийн 55800. Хэдэн ор, өрөөтэйг мэдэхгүй. Том дүнзэн байшин бий), хуучин зочид буудлын люкс (Хоногийн 44800), хагас люкс (Хоногийн 39800), зочны байр (Хоногийн 35800 төгрөгийн) гээд өдий төдий өрөө байрны орлогыг нэмж тооцвол бас ч гэж таггүй тоо гарч таарна. Тэгээд ч өрөө хоосон, ор сул хононо гэж бараг байдаггүй байх. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд хэн нэгний, аль ч байгууллагын орлого зарлага бусдад хамаагүй. Харин үйлчлүүлэгч, харилцагчдад үзүүлсэн үйлчилгээ, сэтгэл ханамж, ая тухтай нөхцөл нь тэднээс авч байгаа мөнгөндөө ойролцоо байвал арай шударга юм болов уу. Бас бэл бэнчинтэй хэн ч төсвийн хөрөнгөөр бүтэж бий болсон ямар нэг объект, байгалийн эрдэс баялгийн ордыг хувьчлан авч өмчлөх эрхтэй. Харин хувьчилж авсан эзэн, үйлдвэр үйлчилгээний газрынхаа ажиллагааг зориулалтаар нь хэвийн явуулж, хэрэглэгч харилцагчдын эрх ашгийг бодож байгаа эсэх. Өргөжүүлэн өөд татаж, техник технологийн шинэчлэл хийж байна уу үгүй юу гэдэг л хамгийн гол нь. Ялангуяа хүн амын эрүүл мэнд, хүнсний хангамж гээд иргэдийн амжиргаанд шууд хамаарах үйлчилгээний газар, байгалийн баялаг рашаан ус, эмийн ургамал зэрэг нь зүгээр нэг тоосгоны үйлдвэр, нүүрсний уурхай, алтны ордноос арай өөр юм.
Нэг танил маань “Сувиллын эзэн Майнбаяр гэж хүн бий. Та хэрэг гарвал тэр хүнтэй уулзаарай” хэмээсний дагуу утас цохивол “Уулзанаа” гэсэн. Эрээд олдоогүй, сураг тасарсан. Би тэр хүнээс байр, хоол гуйх гээгүй. Сувиллын газрын түүх, байгалийн сонин, газар усны нэр зэрэг ойр зуурыг асууж лавлах бодолтой уулзахыг хүссэн хэрэг. Бас тэнд менежер Алтанчимэг гэж хүн байдаг бололтой юм билээ. Нэгэнтэй ярихаар залгасан чинь сүрхий төвөгшөөсөн. Ер нь нэлээн ууртай, жаахан бухимдуу байх шиг санагдсан. Дахиж залгаагүй. За тэгээд “Аварга тосон” рашаан сувиллын Ерөнхий эмч, зүрх судасны эмч гээд голдуу тэтгэврийнхэн болов уу гэмээр насны хүмүүс бий. Тэдний зан харьцаа сайнгүй, учраа олохгүй мунгинаж яваа голдуу хүүхэд хөгшдийг сүрхий загнана. Харин хаа ч очиж тэдний үйлчлэгч цэвэрлэгч, тогооч зөөгч, сувилагч гээд доод шатны хүмүүс нь даруухан өөр өөрсдийнхөө хэмжээнд эрхэлсэн ажилдаа эзэн байхыг хичээдэг, болгож бүтээхийн төлөө зүтгэсэн, зан харьцаа ааш араншин гайгүй, голдуу оюутан, амралтаараа хэд гурван төгрөг олох санаатай ажиллаж байгаа Дэлгэрхаан сумын зарим албан хаагчид байх шиг санагдсан. Бас нэг сайн тал бол хоолны хэмжээ дамжаа, амт чанарын хувьд голж чамлахааргүй. Гоц гойд тансаг хоолоор үй зайгүй балбаад байхгүй ч байгаа аар саархан материалаараа боломжийн аятайхан хоол унд хийж залгуулдаг нь таалагдсан.
“АВАРГА ТОСОН” СУВИЛЛЫН НЭГЭН ТӨРХ
Өнгөрсөн зууны жар далаад онд “Аварга тосон” рашааныг түшиглүүлэн байгуулсан Нэгдэл дундын амралт сувиллын газрыг өмчлөн хүмүүсийн ажиллагаанаас шалтгаалан байгаль эхээс хайрласан ариун дагшин рашаан мөхлийн ирмэгт тулж ирээд байх шиг санагдлаа. Тэд Нэгдэл дундын амралтын суурь баазыг гавьтай өргөжүүлж чадаагүй байх. Наад зах нь эрт цагт Тосон нуурыг тойруулж барьсан бартагдуухан төмөр хашаа өнөө хэр байсаар. Тэр муу хашаа нь энд тэндээ онгорхой цоорхой хаагуур нь л бол хаагуур нь хүн, машин, мал, золбин ноход чөлөөтэй орж гарна. Эдний эзэмшлийн гэх цэлгэр том талбай (Ажилтнууд нь “Манайх арваад (9,6) га талбай эзэлдэг. Амрагч сувилуулагчдад зориулсан шинэ байр бараг бариагүй. Хуучин Нэгдэл дундын амралтын жижиг шавар байшин зонхилдог” гэж байлаа) сарьсан багваахай үүрлэсэн эвгүй үнэртэй ноорхой цоорхой, эвдэрч муудсан байшин, энд тэндгүй хөглөрөх хог новш, барилгын материал, чулуу бетоны үлдэгдэл. Газар доорхи байгууламжийн хэдэн худагтай ч ихэнх нь таглаа байхгүй, цементэн хавтан, панаар мод зэргээр бөглөж аргацаасан. Хэзээ ч юм, гудамж талбайгаа гэрэлтүүлэхээр гайгүй ажил сэдэж, төмөр хоолойгоор (Турба) шон босгож, дээр нь гэрлийн бөөрөнхий бүрхүүлийг нийллэг (Скоч) наалтуураар ороож тогтоосон 70 орчим гэрэлтэй болох гэж оролдсон ч одоо дөнгөж арваад нь асдаг, үлдсэнийх нь бүрхүүл хагарах нь хагарч, мултрах нь мултарч, утас нь тасарч, гэрэл нь шатаж яг л эзнээ алдсан мэт гунигтай гудайна.
За энэ ч яахав эмчилгээ сувилгаанаас арай хол юм гэхэд хамгийн гол нь хүмүүс хаа холоос зорин ирдэг Тосон нуурын эрүүл ахуй, ариун цэврын байдал дэндүү доройтож орчных нь бохирдол хэмээс хэтэрсэн нь харамсалтай. Нууранд орж, шавар тавиулж байгаа амрагч сувилуулагчид ч өөрсдийнхөө эрүүл ахуйн төлөө үг хэлж, шаардлага тавьдаг нь тун цөөн. Өөр хоорондоо бухимдан ярихаас хэтэрдэггүй. Хэдий болтол Тосон нуур өөрөө өөрийгөө “ариутган цэвэршүүлдэг” гэсэн мухар сүсгээр явах билээ. Тосон нуур тэжээл авдаг бяцхан горхи нь ширгээд бараг байхгүй болсон. Ёроолоосоо ч юм уу, өөр ямар нэг ундрагаар арай л амь тасраагүй явна. Миний таамагласнаар нуурын тэжээлийн зонхилох эх үүсвэр нь хурын ус байх. Гэтэл рашаан нуурын эргэн тойронд нэг ширхэг бие засах (Зөөврийн авсаархан бие засах газар байгуулахсан) газар байхгүй. Ямар нэг байдалд орсон хэн ч ялгаагүй нуурынхаа зах хавьцаа “юу яах”-аас өөр арагүй. Бүр хэцүү байдалд орвол нуурын зүүн хойд хөмөг (Нуур эргэн тойрон хөмөг мөргөцгөөр хүрээлэгдсэн өөрөөр хэлбэл бяцхан тогоо маягийн хонхорт тогтсон. Жаахан бороо орвол тэрхүү хөмөг мөргөцгийн хог новшийг нуур уруу хамаж хийнэ. Энэ бол байгалийн өөрийнх нь тогтоцын онцлог) энгэрт байх бөөн дэрс, хэд гурван халгайд л найддаг юм байх. Гэвч төдхөн жаахан бороо орвол тэрхүү элдэв ялгадас нь, хүмүүсийн нүцгэн ордог, нүүр толгой биеэ угаадаг, бүр амсаж уудаг рашаан усанд урсан орно. Өөр зам байхгүй. Нууранд орж байгаа хүмүүсийн ихэнх нь арьсны ил тод, элдэв өвчин эмгэгтэй. Бүр нүд халтирмаар улаан эрээн яр шархтай хүмүүс ч цөөнгүй. Өвчин эмгэгт ээрэгдэн ядарч яваа тэр хүмүүсийг юу гэхэв дээ. Хөөрхийс.
Бас хэн нэгнийг нууранд орж байтал гэдэс дотор нь эвгүйцэх, ялангуяа бага насны хүүхэд нуур дотор бие засах явдал байдаг байх. “За хүүхэд юм байна дүүрсэн хэрэг” гэж бодъё. Гэтэл зарим нь танхайран сахилгагүйтаж нуур дотор зориуд бие засах явдал ч байдаг бололтой. Нуурын эргээр алхаж яваад, хорь гаруй насны хоёр залуугийн яриаг тохиолдлоор сонсов. Нэг нь “Чи одоо болилдоо ямар заваан юм. Урсгалын (Тэр залуу монгол хэлэнд сүрхийгүй байх.Тогтмол нууранд урсгал гэж юу байхав. Бодвол нуурын долгионы чиглэлийг хэлж байгаа ёр нь тэр биз) дээд талд тэгээд байхдаа яадаг юм бэ” гэхэд цаадах нь “Би тэгээд яах болж байна” гэснээр тэр хоёр инээд ханиад болон ноцолдож бие биерүүгээ ус цацан тоглосоор хоцорсон. Энэ мэтээр Тосон нуурт бие засдаг хүн цөөнгүй болов уу. Үүнийг бас “Хүн юм байна одоо яахав” гэхэд хамгийн хачирхалтай, аймшигтай нь амралтын тосгоноор хаа сайгүй тэнүүчлэх золбин нохойн сүрэг Тосон нуурт хүмүүстэй хамт орж сэрүүцэж, бие засч, өвчин эмгэгээ илааршуулан ариусгаж, алжаал ядаргаагаа тайлна. Эрт цагт золбин нохой янз бүрийн халдварт өвчин тээж явдаг гэдэг сэн. Ардчилсан гэх шинэ нийгмийн үед өөр болсон байж мэдэх юм. Тэр олон нохдоос 80000-ын “Ав га осон шаа” буудал, хоолны газрын хавиар орогнож, өглөө оройд боргон хуцаж хүмүүсийн амгалан байдлыг алдагдуудаг нарийхан годон сүүлтэй хар, мөн годон сүүлтэй алаг, бас гайгүй хонхорцогтой гэрийн тэжээвэр бололтой тарган халтар гээд цөөнгүй ноход Тосон нуурт сувилуулагчидтай хамт орж “тансаглана”. Тэгэхдээ өглөө их эрт орж тоглож зугаацна, жин үдийн халуунд ус туучиж сэрүүцнэ, үдэш орой хүмүүсийн хаясан хог хаягдлыг эргүүлэн сэлгүүцнэ. Амрагчид, сувилуулагчид хий дэмий л “Пай пүү, жов. Энэ муусайн нохойг...” гэж хашхирч, хараахаас хэтрэхгүй.
Өөр нэг гутамшиг бол сувилуулж зугаалж яваа хүмүүс, хаяж болох хамаг муу муухайгаа нуурын эргээр тэр байтугай дотор нь чөлөөтэй хаяна. Бүр ярьж бичихэд хэцүү хэрэглэгдэхүүнээ хүртэл хаяна. Сувилуулагчдын ихэнх нь энэ бүхнийг үл тооно. Зарим нь “Энэ нуур чинь ямар ч бузар булай зүйлийг цэвэрлэн ариусгадаг ид шидтэй нуур” хэмээн улиг болсон мухар сүсэгт хөтлөгдөн амсаж бүр ууж, залбирч мөргөнө. Нөгөө цөөн хэсэг нь “Энэ рашаан сувиллынхан дэндүү хариуцлагагүй, даанч юм хийхгүй шүү” гэцгээх төдий. Нуурын эргэн тойронд хүрэлцээтэй биш юм гэхэд хог хийх тоотой хэдэн сав байрлуулчихвал хүмүүс хогоо арай ч улаан цагаан хаяаад байхгүй болов уу. Гэвч “Үзээд шангий нь өгъе” гэсэн ч хогийн нэг ширхэг сав байхгүй. Тэр хавийн хогийг хааяа цэвэрлэдэг, хог хаясан хүмүүст шаардлага тавьдаг эргүүл, цэвэрлэгч гэж ганц хүн байдаггүй нь сонин.
“ТОСОН НУУРЫГ АВАРЪЯ” ХЭМЭЭН УЧИРЛАХ НЬ
Хэрлэний хөдөө арал, Аваргын гол, Тосон нуур, Аваргын рашааны хавь орчим нь монголчууд нэн эртнээс лавтай мэдэгдэж буйгаар бүр Хүн гүрний үеэс нутаглаж, мал сүргээ маллан аж төрж ирсэн өлгий нутаг аж. Эртний хүмүүсийн түүх соёлын дурсгалт газар, хөшөө хиргисүүр, домог яриа, эд өлгийн зүйлээр арвин болох нь Агуруг хотын туурын дэргэд байгуулсан хөөрхөн музейн үзмэрээс тод харагдана. Наад зах нь Чингис хаан идэр залуудаа энэ хавиар нутаглаж, Их Монгол Улсыг байгуулж, анхны нийслэл Агуруг хотоо энэ л Тосон нуур, Аваргын гол, Аваргын рашааныг түшиглүүлж байгуулан суурьшиж байсныг судлаачид тогтоожээ. Гэхдээ Чингис хаан нийслэл хотоо байгуулахдаа Тосон нуур орчмын дэлгэр цэлгэр, сэргэг сэрэглэн сайхан тал дэнжийг сонгоогүй, харин ч зай барьж хэдэн саахалтын газарт орд харшаа барьсан нь учиртай. Энэ нь Чингис хаан Тосон нуурын ид шид ач тусыг мэдрэн ухаарч, манай өнөөгийн дарга нараас арай илүү холыг харж, нэг үгээр хэлэхэд энэ нуурыг хайрлан хамгаалахыг эрхэмлэн үзснээс үүдэлтэй байх. Мөн Монголын эртний түүхийн сонгодог их судар “Монголын нууц товчоо”-г тэрүүхэн Долоон болдогт бичиж дуусгасан. Өндөр гэгээн Занабазар Тосон нуурт морилон сувилуулж байсан гээд Монгол Улсын түүхэнд холбогдолтой баримт, дурсгалт газруудыг ярьж, бичиж баршгүй. Мэдээж Чингис хааныхан, дараа дараагийн хаад, жирийн иргэд Тосон нуурт хэдэн зууны турш эмчлүүлэн сувилуулж элдэв өвчин эмгэгээ илааршуулсаар ирсэн биз. Гэхдээ морь тэмээн хөсөгтэй хүмүүс, цөөн цөөнөөрөө ганц нэг гал болж ирдэг байснаас, өнөө цагийнх шиг хэдэн мянган хүн нэгэн зэрэг шавж боорлож байсан нь үгүй байх. Өнөө цаг дор энэ их ачаалал, орчны бохирдол Тосон нуурыг мөхлийн ирмэг дээр авчирчээ гэсэн бүтэл муутайхан бодол мөхөс бичээч намайг тойрон эргэлдэж байна. Мань мэт хүчин мөхөсдөх нь мэдээж хэдий ч бас дуугай өнгөрч болсонгүй. Ямарч гэсэн амрагч сувилуулагчид, хүн нохойн хир дайр, баас шээс, элдэв хаягдал ялгадсаар биеэ угааж арчиж, хоолой амаа зайлж, амсаж уух гэж хэдэн зуу, бүр мянган километрийн тэртээгээс Тосон нуурыг зорин зүтгэж ирдэг гэж үү. Энэ бүхнийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, тэртээ Хүн гүрэн улмаар Түрэг, Киданы үеэс эхлээд Монголын эзэнт гүрний анхны нийслэл оршин тогтнож, их Чингис хаан нутаглан аж төрж байсан эртний монголчуудын түүх соёлын дурсгалыг хадгалж байдгийнх нь хувьд Соёл, спорт ялал жуулчлалын сайд Ц,Оюунгэрэл, байгалийн асар их баялаг, гоё сайхны өлгийн болсон Хэрлэний хөдөө арлыг унаган дагшин байдлаар нь хадгалж үлдэх явдал өнөөгийн тулгамдсан асуудал болж байгаагийн хувьд Байгаль орчны сайд С.Оюун, мөн ахмадуудын нийгмийн халамж үйлчилгээг хариуцаж, төсвөөс хуваарилсан хөнгөлөлтийн мөнгийг итгэмжлэгдсэн гэх амралт, сувиллын газруудад түгээдгийн хувьд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гээд Шинэчлэлийн Засгийн газрын дөрвөн гишүүнийг Хэрлэний хөдөө арлын цогцолбор нутаг, ялангуяа Аварга тосонгийн рашаан сувилалд (Ид ажиллаж байгаа, оргил ачаалалтай үед нь) морилон очиж, байдалтай танилцаасай, анхааран үзэж зохих арга хэмжээ аваасай хэмээн сонордуулж байна. Та бүхэн мэргэн оюундаа болгооно уу.
Ер нь төр засгийн буруу бодлого, үйл ажиллагааны харгайгаар Монгол Улсад сүүлийн жилүүдэд гурил, мах, эмийн болон нефтийн зэрэг стратегийн гэхээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж нийлүүлэлтийн бодлого алдагдаж хэдхэн компаниудын аманд гүйж орсон горыг жирийн иргэд амсаж хохирсоор байгаа. Түүний нэгэн адил Аварга тосон, Хужирт, Шаргалжуут гэх мэт хэдэн сайхан рашаан сувиллын газраа хувьчилсан нь манай эзэнгүй төрийн бас нэг том алдаа гэдэгтэй жирийн бичээч би санал нийлдэг. Уг нь дээр дурдсан рашаан ус, эмчилгээний баялгийг төр мэдэлдээ байлгаж, төрийн бодлогоор зохицууулан оновчтой ашиглаж, ойр орчных нь онгон дагшин байгалийг хамгаалж, аялал жуулчлал, эмчилгээ сувиллын цогцолбор бий болгож, дотоод гадаадын иргэдэд үйлчлээд явж болох л байсан шүү дээ. Гэтэл хувь хүний мэдэлд өгч “Нүдэн байлай, чих дүлий” хаяж, монголчуудад хувь заяагаар олдсон хайран баялгийг яйран болгож байна. Тэгээд ч улсын хэмжээнд амралт, сувиллыг эрхэлдэг төр, засгийн байгууллага гэж юм байна уу гэсэн асуулт гарч ирэхэд хүрсэн юм биш үү. Миний бие Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам зэрэг нэлээд газраар орж утастаж, олон түшмэдүүдээс асууж лавлан учрыг нь олох гэж оролдов. Тэд ч бие биерүүгээ чихэж түлхсээр эцэст нь Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн У.Цэгмэд гэж хүн байдгийг олж мэдэв. Гэвч хоёр өдөр утасдаж, бүр яам дээр нь гүйж очоод ч уулзаж чадсангүй. Арай ядан утсаар холбогдож “Аварга тосон” сувиллын газрыг мэргэжлийн зүгээс хариуцаж магдлан итгэмжлэл олгож байдаг байгууллагын хувьд, тэр рашаан сувиллын газрын эмчилгээ, сувилгааны ажлыг чухам хэзээ үзэж танилцсан талаар лавлахад “Миний хариуцсан энэ ажил өөр яамны мэдэлд байснаа Эрүүл мэндийн яамны харъяанд ирээд нэг жил гаруй болж байна. Энэ хугацаанд бид “Аварга тосон”-г лавтай шалгаагүй. Өмнө нь хэн хэзээ шалгасныг мэдэхгүй” гээд хуралтай завгүй болохоо илэрхийлэн утсаа тасалсан юм. Түүнчлэн саахалт оршиж, тэр олон амралтын газраас багагүй татвар хүртдэг байх учиртай Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төр, захиргааны байгууллага чих дүлий, мэлмий харалган суудаг нь харамсалтай. Энэ маягаар удаан явбал хэдэн жилийн дараа Тосон нуурын рашаан ус устан үгүй болсон байхыг үгүйсгэх, бас гайхах зүйл үнэхээр алга. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцсон, С.Дамдинсүрэн гэж тэргүүнтэй “Хэрлэний хөдөө арал”-ыг байгалийн төрхөөр нь байлгахын төлөө хөдөлгөөн” гэдэг байгууллага байдаг гэнэ. Гэвч тэдний хийсэн ажил, түүний үр дүнг мань мэт мэдэх арга алга. Ийнхүү “Аварга тосон” рашаан сувилал “Ав га осон шаа сувилал” болон хувирч буйг өнгөцхөн харж, аврал эрэн мэлмэрэх Тосон нуурыг тойрч тэрлэсэн тэмдэглэлээ түр өндөрлөе.
“Аварга тосон”-Улаанбаатар.