
Р.ЭНХБАТ
Кембридж гэж юугаа яриад байгааг мэдье гэсэн хүн гарсангүй юу эсвэл асуусан ч юу болохыг нь ерөөсөө хэлж мэдэх хүн алга. Шивэр авир ярианаас хэтрэхгүй Кембриджийн хөтөлбөр учир битүүлэг явсаар улам бүдгэрч байгаа нь юуных вэ. “Юуг яах гээд байгаа юм бол” гэж ядаж боловсролынхонд бодогддоггүй юм байх даа. Анх энэ нэрийг сонсоод би хүүхдэд англи хэлний боловсрол эзэмшүүлэх зорилготой юм болов уу гэж таамаглаж суутал сүүлдээ юуг яах гээд байгаа нь мэдэгдэхээ больж бүр эцэст нь оньсого тааврын хэмжээнд хүрэв. Шинэ Засгийн сайд ч түгдчээд, Кембриджийг нэг бодоход магтаад эсвэл муулаад ч байгаа юм шиг.
Анхнаасаа энэ Кембридж гэх санаачилгын учир явдал нь олон улсын гэх ногоон гэрлээр явагдах бизнес-хөтөлбөр байсан бөгөөд цаанаа асар их мөнгөтэй холбогдож байгаад оршино. Одоогийн байдлаар энэ хөтөлбөрт нийт хэдэн төгрөг зарсан нь мэдэгдэхгүй бас дахиад хэдэн төгрөг нэмж алдах тооцоогоо ч мэдэхээ больсон явдал дараа дараагийн сайд дарга нарын толгойг эргүүлсээр байна.Хаана хөвж яваа нь мэдэгдэхгүй, “Кембридж” гэх чамин нэртэй энэ хөтөлбөрийн ач холбогдлыг дүрсжүүлээд хэлэх юм бол мөнгөөр зодож хийсэн Баянзүрх дүүргийн нохойны хөшөөнөөс дор.Нэгэнт босчихсон хөшөөг нураачихаж болдоггүйтэй яг адилхан “Кембридж”-ийг одоогийн сайд шууд хүлээгээд авахад нэг хэцүү, хэдэн тэрбумыг зарчихсан болохоор газарт булаад хаячихад ч бас хайран. Байдал ердөө энэ. Харин манайхан байдлыг хүндрүүлж, ойлгомжгүй тал руу нь түлхэхдээ гарамгай. Аливаа юмны нарийн учрыг олох гэсэн хүнийг манайхан ад үзнэ, түвэгшээнэ, аягүй бол иймхэн юм ойлгодоггүй гэж шууд мангараар нь дуудна.Монголын иргэн бүрт хамаатай боловсролын бодлогын хувь тавилан өгсч уруудаж, ямар замаар орж буйг мэдэх иргэд үгүйлэгдэж, төр засаг ч юу хийж байгаагаа нууж дарсаар өнөөг хүргэлээ. Хаана байна тэр ардчилал. Харин манайхаас өөр газарт бол юмны учрыг ойлгуулж чадаагүй л бол тэр засаг эсвэл тухайн этгээд өөрөө асуудлаа нарийвчлан ойлгоогүйд тооцогддог ажээ. Шударга байгаа биз. Чухам юу юм бэ энэ чинь гэж асуух хүн гардаггүйн шалтгаан бол “Дургүйд хүчгүй” гэдэг шиг эрх баригчдын иймэрхүү бүрхэг байдлын үр дагавар. Харин ийм байдал манай дарга даамлуудад юмыг аль болох бүрхэгдүүлж,аль болох ихийг идэж уух сайхан орчин нөхцлийг бүрдүүлж өгнө. Манай их дээд сургуулиудад бас яг ингэж хичээл заадаг багш нар зөндөө. Юу заагаад байгаа нь сайн ойлгогддоггүй, заалгуулж байгаа нь ч өөртөө буруу өгөөд сурчихсан байдаг.
Кембридж гэдэг энэ хөтөлбөр юу болохыг ойлгох тийм ч хэцүү биш л дээ. Үүнийг ойлгохын тулд боловсролыг үндсэн гурван хэсэгт хуваавал боловсролоос бид ер нь юу хүсэх ёстой юм бэ гэдгийг ч ойлгоход хялбар дөхөм болно.Тэгэхээр боловсролыг Бүтэц (Struktur), Үйл ажиллагаа (Prozess), Агуулга (Content) гэсэн гурван хэсэгт хуваан яривал эрх баригчдын юуг, яах гээд байгаа нь ил болж ирнэ.
Бүтэц
Боловсролын бүтцийг хийхдээ манай боловсролын байгууллагууд бүхэлдээ намын хяналтан дор байхаар эрх баригчид нарийн тооцсон ажээ.Бүх томилгоо дээрээс ялсан намын шийдвэрээр явагдах учиртай. Бүр хөдөөгийн бөглүү суманд ч цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн номын санчдын хувь тавилан энэ шийдвэрт захирагдана. Бүхнийг хуулийн дагуу ингэж зохицуулжээ. Эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж, хүүхдийн боловсрол хүмүүжилд санаа тавихын оронд эрх баригч аль нэг намыг түшиж, амьжиргааныхаа хэдэн төгрөгнөөс салахгүй юмсан гэх хөөрхий нэг бодол жирийн иргэдийг эзэмддэг. Ямар ч гэгээлэг сайхан хүсэл мөрөөдлийг энэ бодол дийлнэ. Бид ингэж ардчилагдаж байна. Дүгнээд хэлбэл Монголд боловсролыг хөгжүүлэх эрүүл бүтэц,зохион байгуулалт хуулийн дагуу үгүйсгэгдэж,эрх баригчид боловсролыг бүхэлд нь сонгуульд хэрэглэх хүн хүч хэмээн харсаар байна.
Үйл ажиллагаа
Боловсролын процесс буюу үйл ажиллагаа гэдэг бол тасралтгүй үргэлжлэх,төрийн бодлогоор зайлшгүй хийж хэрэгжүүлэх олон төрлийн ажил үүргийг багтааж буйг нэрлэж байгаа юм. Сайд солигдох бүрийд тасралтгүй үргэлжлэх ажил хэрэг гэж байх ёстой хэдий ч голдуу шинэ санал санаачилгаар яамны ажил дүүрнэ. Намын пиар эсвэл хувь хүний сэтгэл хөдлөлөөс хамааралтай зохиомол ажлын санаачилгууд бүр гоё сайхан нэртэй болж аваад,төсөл төлөвлөгөө болж олон нийтэд танилцуулагдана, хэвлэл мэдээллийнхэнтэй эвийн гэрээ байгуулсан засгийн газар өнөөх олон төсөл төлөвлөгөөгөө зай завсаргүй рекламдана. Дүгнээд хэлбэл сайдын сонгуулийн шоу ингэж эхэлдэг. Боловсролыг улс төржүүлж, боловсролоор рекламдаж гангарна гэдэг энэ. Ё.Отгонбаяр гэдэг амьд жишээ ч бий.“Кембридж” гэдэг гоё чамин зүүлтээр дөрвөн жил гангарсаар их хурлын гишүүн болов. “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг түүний хамгийн хэлэх дуртай үг бид хаашаа явж байгаа зүг чигийг заана.
Агуулга
Эцэст нь ямар агуулгаар монгол хүнийг ирээдүйд шат дараатай бэлтгэх тухай асуудал тавигдах ёстой. Энэ нь манай төрийн цогц бодлогын гол утга учир. Монгол хүүхэд, англи хүүхэд хоёр зөвхөн нүүр царайгаар бус түүх соёл, орчин нөхцөл, зан араншингаараа хүртэл шал өөр. Тэгвэл англи хүүхдийг ирээдүйд бэлддэг “Кембридж” хөтөлбөр Монголын хөрс шороонд шингэх үү. Энд тэндээс аль гоё чамин зүйлсийг олж цуглуулснаа монгол хүүхэд рүү “чихсээр” хэн ч биш болгож байгаа юм биш үү, ийм болчимгүй зүйл хийж байгааг хажуунаас нь харсаар суугаа боловсролын профессор докторууд хаана явна вэ.
Энд тэндээс сандал ширээ зөөж авчраад хэрэглэж болно харин агуулгыг зөөж, хуулж болохгүй, бүр чадах ч үгүй. 1990 оноос хойш манай боловсролд мөн ч гоё гоё нэртэй төсөл, төлөвлөгөө ар араасаа хэрэгжсэн. Мөнгөөр зодсон тэр бүх төлөвлөгөө тив дэлхийн нэртэй хэдэн банкийг л баяжихад тус нэмэр болсон байх. Монголд боловсролыг хөгжүүлье гэвэл эхлээд хийж бүтээснээ дүгнэх хэрэгтэй, тэгээд дараа нь юу хийхээ гаргаж ирнэ. Монголд Кембриджийн хөтөлбөрийг хуулбарлан хэрэгжүүлэх бус, Кембриджийн болон бусад олон сайн хөтөлбөрийг зэрэгцүүлэн судалж, өөрийн гэсэн боловсролын агуулга гаргаж ирэхэд түүнээс санаа авч ашиглах ёстой. “Кембридж”гэдэг өнөөдрийг хүртэлх шигээ тайлагдашгүй оньсого таавар хэвээр явж болохгүй, бүх нийтээрээ нарийн учиртай нь танилцах хэрэгтэй, ийм бололцоог бодлого боловсруулагчид иргэдэд тавьж өгөх ёстой. Гагцхүү тэд үүнийг л хүсэхгүй байгаа юм. Тиймээс хийж бүтээх нэрийн дор эрх баригчдын хэмжээ хязгааргүй их мөнгө зарж баяжих шалгарсан шинэ аргыг бүгдээрээ нийлж зогсооцгооё. Монголд боловсролын хувьсгалт өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй болжээ.