
Намбарын ЭНХБАЯР
Канадын Ванкувер хотод болж өнгөрсөн Өвлийн олимпийн тоглолтын үеэр түүнийг үзэгч би бээр хүний бие бялдар, оюун ухаан, сэтгэл санааны хөгжлийн гайхамшигт амжилтын гэрч болохын зэрэгцээ сэтгэлгээний хоцрогдлын илэрхийлэл гэж хэлж болохоор зарим үйл явдал, шийдэлтэй таарч учирсан билээ. Түүний нэг нь яахын аргагүй Олимпийн тоглолтын билэг тэмдэг болсон амьд галыг хана хашаа босгож “хамгаалсан” явдал байлаа. Ингэсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлж, өргөн шүүмжлэлд өртсөн юм.
Олимпийн тоглолт нь олон улс үндэстнийг төлөөлж буй хүмүүсийн, тэдний итгэж шүтдэг болон баримталдаг олон шашин, зан заншлын эв найрамдалтайгаар хамтран орших, хөгжихийн билэг тэмдэг, нэг нэгнээсээ салж тусгаарлах бус, харин нэгдэж нөхөрлөх, нэг нэгнээсээ хаагдаж нуугдах бус, харин нэг нэгэндээ нээгдэж ойртохын төлөөх үйл явдал хэмээн ойлгогддог билээ. Тийм ч учир жирийн үзэгчид Олимпийн галыг “хашаа босгож хамгаалах” гэсэн оролдлого нь Олимпийн үзэл санаанд огт тохироогүй бүдүүлэг ажиллагаа болсон гэж дүгнэсэн юм.
Миний бие Олимпийн тоглолтыг үзэж, Ванкувер хотод хуран цугларсан олны дунд явж байхдаа орон орноос ирсэн үзэгчид, хөгжөөн дэмжигчдийн тамирчдынхаа амжилт ялалтад баярлаж бахархсан хөөр баяслыг нь ч мэдэрч, тэднийхээ ялагдалд гуньж гутарсандаа нулимс дуслуулж байсныг нь ч харж байлаа. Харин хана хашаа босгосныг бүгд гайхаж, нэгэн дуугаар шүүмжилж байсан билээ. Олимпийн хашаа босгогчид шүүмжлэлд өртөхдөө аргагүйн эрхэнд хашаагаа нааш цааш зөөж, нэгэнт гаргасан алдаагаа цайруулах гэж оролдсон. Гэхдээ нэгэнт хэрэг явдал мандсан байсан тул тэр нь олигтой ухаалаг арга хэмжээ болж чадаагүй.
Хана хашаа гэснээс ер нь хүн төрөлхтний түүх бол тэр чигээрээ хана хашаа босгох болон нураахын түүх мөн гэж хэлбэл хэтрүүлсэн болохгүй. Хүмүүс, ялангуяа албан тушаалтнууд хана хашаа босгох дуртай, харин түүнийгээ нурааж буулгах дургүй.
Ямар сайндаа Олимпийн тоглолт дээр хүртэл хана хашаа босгож, түүнийгээ буулгахын оронд ийш тийшээ зөөж байхав дээ?
БЕРЛИНИЙ ХАНА
Хана хашаа гэж яривал хамгийн түрүүн өөрийн эрхгүй “алдарт” Берлиний чулуун хана санаанд орно. Босгосон цагаасаа эхлэн бүх дэлхийн анхаарлын төвд байж, шүүмжлэлд өртөж байгаад нурааж буулгахад нь дэлхий даяараа баярласан энэ хана хэрэмний түүх хүн төрөлхтөний орчин үеийн түүхтэй салшгүй холбоотой. Тийм ч учир өнгөрсөн жилийн сүүлээр түүнийг нурааж буулгасны 20 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ. Берлиний ханыг босгосон болон нураасан нь дэлхийн хөгжлийн чиг хандлагад хүчтэй нөлөөлсөн.
Гэхдээ Берлиний хана бол боссон цагаасаа эхлээд нурах нь тодорхой байсан гэж хэлбэл буруутахгүй.
Берлиний ханыг босгохоос өмнөх ертөнц, түүний байж байх үеийн дэлхий, Берлиний ханыг нураасны дараах дэлхий ертөнц гэж яривал хоорондоо өдөр шөнө шиг ялгаатай гурван өөр цаг хугацаа, орон зай, журам дэглэм, үнэт зүйлс болно.
Тэгвэл Берлиний ханыг босгохоос өмнөх ертөнц ямар байсан бэ?
Саяхан дэлхий даяар Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 65 жилийн тэгш ойг тэмдэглэсэн билээ.
Гэтэл Берлиний хана Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнтэй шууд холбоотой. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа тэр дайнд ялагчид болох Англи, АНУ, ЗХУ, Франц зэрэг орнууд дэлхий ертөнцийг нөлөөллийнхөө бүсүүдэд хувааж тус бүр бүсээ хариуцаж байхаар хоорондоо тохиролцсон. Берлин хотыг ч захиргааны дөрвөн хэсэгт хувааж, нэг орон нэг хэсгийг нь удирдахаар болж, дэг журмаа тогтоож эхэлсэн билээ.
Хэдийгээр тэд фашист Германыг ялахын тулд хүч чадлаа нэгтгэж тэмцсэн ч, дайны дараа дэлхий ертөнцийн хөгжлийн зүг чиг хаашаа чиглэх вэ? Хэн өөрийнхөө нөлөөг нэмэгдүүлж чадах вэ? хэмээн дор дороо нэгийг бодож, хоёрыг тунгааж, тун удалгүй хоорондоо өрсөлдөж, улмаар зөрчилдөж эхэлсэн юм.
Ер нь ялалтын дараа амжилтдаа бялуурч, зөрчил хурцаддаг, харин зөв сургамж авбал ялагдал хүч нэмдэгийн тухай жишээ хүн төрөлхтний түүхэнд элбэг тохиолддог.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш ердөө нэг жилийн дараа буюу 1946 онд Английн Ерөнхий сайд Черчилль АНУ-ын Фултон хотын Вестминстерийн коллежид зочлохдоо дайны дараах дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд, учирч байгаа аюул заналын тухай үг хэлснийг түүхчид “Хүйтэн дайны эхлэлийн үг” хэмээн үздэг билээ.
Тэдгээр том гүрнүүдийн хоорондох өрсөлдөөн-зөрчилдөөн Берлин хотын хувь заяанд шууд нөлөөлсөн. ЗХУ-ын нөлөөнд байсан зүүн Берлин, зүүн Герман богино хугацаанд баруун Герман, баруун Берлинээс улс төр, эдийн засгийн хэв загвар, тогтоосон дэг журмаараа огт өөр болсон. Тэгж өөрчлөгдөж буйд нь дасаж чадахгүй, бас дасахыг хүсэхгүй байсан германчууд зүүн Берлинээс баруун Берлин рүү олноороо оргон зугтаж байсан тул 1961 онд зүүн Германы эрх баригчид Берлиний ханыг босгосон.
Ийнхүү дэлхий ертөнц улс төр, эдийн засгийн хоёр системд буюу капиталист ба социалист, Баруун ба Зүүн хэмээн хуваагдаж, “Хүйтэн дайн” “албан ёс”-оор эхэлж, Берлиний хана тэрхүү хоёр ертөнцийг хуваан заагласан нэг ёсны “Төмөр хөшиг” болсон юм.
Хэдийгээр тэр үеийн зүүн Германы удирдагчид Берлиний хана хэрмийг босгосноо “Хүмүүс баруун Берлин рүү зугтахаас сэргийлсэн” гэж тайлбарлаж байсан боловч үнэн хэрэг дээрээ энэ үйл явдал дэлхийд хоёр өөр ертөнц бодитойгоор буй болсны, тэр хоёр ертөнц нэг нэгнээсээ бага шалтгаалдаг, эсхүл бага шалтгаалахыг хүсдэг болсны, хоёр өөр улс төр, эдийн засгийн хэв загвар бий болсны бодит илэрхийлэл болсон билээ.
Тус ханатай холбоотой олон чухал үйл явдал шинэ цагийн түүхэнд тод томруун бичигдсэн байдгийн заримыг нь эргэн санацгаая.
АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди 1963 онд Баруун Берлинд айлчлахдаа “Би Берлиний иргэн мөн”(“Ich bin ein Berliner”) хэмээх алдарт үгээ хэлсэн байдаг.
Кеннеди Ерөнхийлөгчийн үгийн гол хэсгээс ишлэе: “Одоогоос хоёр мянган жилийн тэртээ хүн хамгийн ихээр бахархахдаа “civis Romanus sum” буюу “Би бээр Ромын иргэн мөн” гэж хэлдэг байжээ. Тэгвэл өнөөдөр эрх чөлөө бүхий ертөнцөд амьдарч буй хэн ч хамгийн ихээр бахархахдаа “Ich bin ein Berliner!” буюу “Би бээр Берлиний иргэн мөн!” гэж хэлнэ. Эрх чөлөөтэй бүх хүн амьдарч буй улс орноосоо үл шалтгаалан бүгд Берлиний иргэд мөн. Тийм учир би ч гэсэн эрх чөлөөтэй хүний хувьд “Ich bin ein Berliner!” буюу “Би бээр Берлиний иргэн мөн!” хэмээн бахдалтай хэлж байна”.
Берлиний хана хэрэм дэлхий дахиныг Баруун ба Зүүн, шилжүүлсэн утгаар “чөлөөт” ба “хаалттай” ертөнц хэмээн зааглан хувааж байсан тул Кеннеди Ерөнхийлөгч баруун Берлинийг “чөлөөт” ертөнцийн билэг тэмдэг болгож, өөрийгөө “Берлиний иргэн” буюу “чөлөөт ертөнцийн иргэн”, “хана хэрэмгүй ертөнцийн иргэн” хэмээн зарлан тунхагласан юм. Энэ үг Берлинчүүдэд болон Барууны “чөлөөт, хана хэрэмгүй” ертөнцөд амьдарч байсан бүх хүнд ихээхэн урам зориг өгч, итгэл үнэмшил төрүүлсэн билээ.
Тухайн үеийн ЗХУ-д “өөрчлөн байгуулалт” эхлээд удаагүй байхад буюу 1987 онд АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рэйган Берлин хот үүсч байгуулагдсаны 750 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцохдоо Берлиний ханын дэргэдээс тэр үеийн ЗХУ-ын удирдагч Михаил Горбачевт хандаж: “Ерөнхий нарийн бичгийн дарга Горбачёв оо. Хэрэв та үнэхээр энх тайван тогтоохыг хүсч байгаа бол, хэрэв та үнэхээр ЗХУ болон зүүн Европыг хөгжүүлэхийг зорьж байгаа бол, хэрэв та үнэхээр эрх чөлөөт нийгмийг байгуулахыг бодож буй бол энэ хаалган дээр хүрч ирээч! Ноён Горбачёв оо, энэ хаалттай хаалгыг нээгээч! Ноён Горбачёв оо, энэ ханыг буулгаач!” хэмээн шаардсан алдарт үгээ хэлсэн юм.
Аль аль үг нь хүн төрөлхтнийг үзэл бодлоор нь хоёр хэсэгт хуваахыг, хуваах хуваахдаа бүр чулуун хана хэрэм босгон хуваан тусгаарласныг буруушааж, Берлиний хана хэрэм нурснаар дэлхийд хуваагдмал байдал арилж, эрх чөлөө, шударга ёс тогтоно гэсэн санааг илэрхийлсэн байдаг.
1989 онд Берлиний хана ч нурсан билээ. Хүмүүсийг салган тусгаарласан, хашиж хорьсон хана ер нь нурдаг жамтайг дахин баталсан хэрэг болсон. Энэ үйл явдлаас хойш дэлхий ертөнц Баруун ба Зүүн гэж хуваагдахаа больж, хүйтэн дайн “албан ёсоор дууссан” гэж тооцогддог.
Энэ дашрамд дэлхийд алдартай, түүхэнд тэмдэглэгдсэн зарим хана хэрмийн талаар товч өгүүлье.
ХЯТАДЫН ЦАГААН ХЭРЭМ
Төв Азийн нүүдэлчдийн довтолгооноос хамгаалж, Хятадын домогт хаан Циншихуандийн үеэс эхлэн Манжийн Чин улс хүртэл бараг 1800 жилийн турш барьж босгосон хана. Олон шинж чанар, утга агуулгыг шингээсэн болон илэрхийлсэн гэж үзэж болно. Үүнд:
- Хятадуудын цаг хугацааны тухай өвөрмөц ойлголт. Цаг хугацаатай уралдах гэж оролдохгүй, харин хичээл зүтгэл, бүтээн байгуулалтаар цаг хугацааг “өөрийн эрхэнд” оруулна. Хятадын Цагаан хэрэм бол нэг ёсны “чулуужсан” 2000 мянган жил. “Зорилго тавиад зүтгэвэл түүнд хүрч болно” гэдгийн илэрхийлэл. Цаг хугацаа зорилготой хүний талд үйлчилнэ гэсэн үг. Нөгөө талаар уг хэрмийг барьж босгож байх урт удаан хугацаанд зарим барилгачид уг хэрмэн дотор “оршуулгын газраа” олсон гэж ч ярьдаг. Нэг ёсны том хана хэрмийн “тоосго туйпуу” болсон гэсэн үг.
- Хятадуудын газар нутгийнхаа тухай ухаарсан ойлголт. Юуны түрүүн газар нутгаа хамгаалах зорилготойгоор олон зуун жилийн турш бүтээн босгосон хана хэрэм учир түүний гадна нь харийн нутаг, дотор нь Хятадын уугуул нутаг гэж ойлгож байсан. Энэ хана тухайн үедээ нэг ёсны “хилийн зурвас”-ыг тогтоож байжээ.
- Хятадуудын “гэнэндүү” сэтгэлийн илэрхийлэл. Хана хэрмээр өөрсдийгөө баттай хамгаалж болно гэж бодоод, тэр бодолдоо хүрэхийн тулд бараг бүтэн хоёр мянган жилийн турш хэрэм босгох гэж зүтгэжээ. Гэхдээ ямар ч том Цагаан хэрэм монголчууд Хятадыг эзлэн нэгтгэж Юань гүрэн, хожим нь манжууд Хятадыг эзэлж Чин улс байгуулахад саад болж чадаагүй гэж түүхчид үздэг.
- Өнөөдөр: Хятадын цагаан хэрэм бол дэлхийн шинэчилсэн 7 гайхамшгийн нэг. 6 мянга гаруй километр урт, дундаж өргөн нь 4-6 метр. Эхэлж буй цэг нь Номхон далайн эрэг дээрх Чинхуандао хотын хэсэг болох Шанхайгуан, төгсгөлийн цэг нь Лоб нуур. Ямар ч байсан анх дайн дажин явуулах зорилготойгоор баригдсан Цагаан хэрэм өнөөдөр гол нь газар газрын жуулчдын нүдийг хужирлаж, гайхшийг нь төрүүлдэг “дайн”-ы хана бус, “соёлын дурсгал” бүхий нэг ёсны “гүүр” болсон учир түүнийг нураах биш, харин ч соёлын өвд бүртгэн хамгаалах, сэргээн засварлах шаардлага бий болсон байна.