
Х.ЦЭВЛЭЭ /Cоёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч/
Энэ удаа “Монголын нууц товчоо”-ны бас нэг хангал сэдвээр яриа өдөх санаатай байна. Тэр сэдэв бол “Бодончар мунхаг”-ийн тухай юм. Энэ хүний тухай тусгайлан онцолсон бичвэр, бүтээл би хувьдаа олж үзээгүй ээ. Байдаг л байлгүй. Байх учиртай. Тэр хүн бол мэргэн бичээч нарын хурц хараанаас мултарч хоцрохоор өчүүхэн хүн яавч биш. Бодончарыг онцолж сонирхоод байгаа нь юуны өмнө тэр хүн бол Чингисийн Монголын түүхэнд гардаг гол хүний нэг яах аргагүй мөн.
Тэр бол боржигон овгийн анхны хүн. Энэ тухай МНТ-ны 42 дугаар зүйлд “Бэлгүнүтэй, бэлгүнүд овогтон болов. Бүгүнүтэй, бүгүнүд овогтой болов. Буха хатаги, хатагин овогтон болов. Бухату салжи, салжид овогтон болов. Бодончар, боржигон овогтон болов” гэсэн байдаг. Боржигон бол Чингисийн Монголын үндсэн овгийн нэгэн. Түүнээс тайчууд, урууд мангууд, хонхтон, сөнөд, арулад гэхчлэн олон овог салбарлан бий болсныг МНТ-нд дэлгэрэнгүй дурджээ. Тэгэхээр үүнийг хялбарчилан тоймловоос Тэнгэрийн тааллаар Алангоо хатнаас Бодончар хэмээх отгон хүү хүний хорвоод мэндэлж, түүнээс уламжлан боржигон овогтон бий болж, боржигон овогтноос Тэмүүжин Чингис төрж тэгээд Их Монгол Улс байгуулагдаж, түүнээс эдүгээ цагийн бидний Монгол Улс голомтоо сахин дэлхийн бусад улс гүрэнтэй мөр зэрэгцэн оршиж байгаа нь яалт ч үгүй үнэн.
Ус мөрөнд ундарга, ургамал ногоонд үндэс гэж байдаг. Иймийн тул бид монгол хүмүүс мөнийхөө хувьд өөрийн ургийн нэг үндэс болсон Бодончар өвөөг үл тоомсорлож яахин болох билээ. Харгана гэдэг өргөстэй модлог ургамлыг хэчнээн янзаар бордож тордоод түүнээс алим жимс ургуулна гэж байхгүй. Харгана харганаараа л байх болно. Ямаанаас ишиг л төрөхөөс бус хурга төрөхгүй. Түүн лүгээ адил төрөлхийн хувиршгүй өгөгдөл хүний хорвоод олон бий. Дээд эцэг болсон Бодончар өвөөгийнхөө хүмүүн төрхийг тодруулж ухаарахгүйгээр XXI зууны монголчууд хол явахгүй гэдгийг эндээс харж байна. Өнөөдрийн монголчууд бол Бодончар өвөөгийн төрсний дараах мянгаад жилийн буйран дээр амьдарч байгаа байх. Гэвч энэхүү мянган жилд бидний монголчууд олон талаар хөгжин боловсорсон боловч огт өөр яс үндэсний хүмүүс болчихоогүй, мөнөөх Бодончар өвөө шигээ гүдэс шулуун зантай, намхан хамартай, хар үстэй, хурц сэргэлэн ухаантай, булчин шөрмөс нь зангирсан, морин сүлдтэй хийморлиг монголчууд тэр л янзаараа байцгааж байна. Хамгийн тэмдэглүүштэй зүйл гэвэл хэдийгээр биднээс мянгаад жилийн тэртээх хүн мөн хэдүй боловч Бодончар өвөөд заяамал байсан мөс жудаг, хүн чанар нь өнөөдрийн монголчуудын дэлхийшиж байгаа түгээмэл шаардлагаас огтхон ч хуучирч хоцроогүйгээр барахгүй гүдэс шударга зан, өөрийн хүчинд итгэдэг төрөлхийн итгэлээрээ өнөөгийн биднээс түрүүлсэн гэмээр харагдаж байна. Сүүлчийн хүн болох тусам илүү ухаантай, илүү чадварлаг сайн хүн байдаг мэт ойлгодог үзэл бодол үеэ нэгэнт өнгөрөөсөн байна. Хятадын мөнөөх мэргэн ухаант Күнз гэхэд өнөөгөөс лавтай 100 гаруй үеийн өмнөх хүн юм гэдэг. Гэвч эдүгээ цагийн урд хөршийнхөн маань түүнийг дэндүү эртнийх гэж гадуурхаж хараагүйгээр үл барам харин ч жинхэнэ үнэн бодот амьдралын гүнээс өөрийн жамаар тодорч гарсан мэргэн ухаантан гэж бишрэн хүндэтгэж түүний дотоод ертөнцөд улам гүн шургаж, тийнхүү шамдах тусмаа илүү ухаан сууж байх шиг харагддаг. Өөрөөр хэлбэл 2300 жилийн тэртээх Күнзийг хятад зон олон XXI зууны өнцгөөс харан түүний номлолоор гэгээрч байна.
Тэгвэл бидний монголын “Бодончар мунхаг” гэж хэн бэ. Тэр үнэхээр мунхаг тэнэг хүн байсан гэж үү. Бодончар гэдэг тэр хүн бол монгол маягийн Робинзон Крузо, тэгэхдээ түүн шиг уран зохиолын дүр бус бодит бие хүн байсан гэж би хардаг. Даниел Депогийн урнаар дүрсэлж бичсэнчилэн соёлт Английн нэгэн иргэн Робинзон Крузо гэгч нь азгүй нэгэн тоххиолдлоор гадаад далайн эзгүй арал дээр хаягдаад өөрийн ухаан бодол, ажил хэрэгч чанараараа хүмүүний ёсоор ажил хийж, амьдарч болдгийг харуулсан учраас түүний дүрийг соён гэгээрүүлэгч шилдэг сайн дүр болсон гэж үнэлдэг.
Манай Бодончар бол түүхэн бие хүн. Онон мөрний шугуйд хувь тавилангийн нэгэн зуурдын золгүй учирлаар шидэгдээд, тэндээс хүмүүний бүтээлч амьдралыг олж амьдрах анхны арга замыг өөрөө нээж, түүхэнд нэр нь мөнхөрсөн монгол хүн. Тэр бол уран дүр бус жинхэнэ биетээрээ тийнхүү амьдарч явсан, үр удмаа үлдээсэн түүхэн бие хүн мөн. Тэр тусмаа түүний удмаас дэлхийд ижилгүй их хаан Чингис тодорсон байдаг. Эх нь хээр алаг бол унага нь шийр цагаан төрдөг учиртай болохоор Бодончар бол содон хүн болж байна. Тэр тэгэхээр тэнэг мунхаг нэгэн яавч биш байна. Бодончар өвөөг түүний ах нар “мунхаг” гэж тохуурхангүй нэрлэж гадуурхах болсны учир гэвэл түүнийг тэнэг мангуу гэсэн утгаар бус. Харин ах нараасаа өөрөөр сэтгэгч, зөвхөн байгаагаараа л байдаг “этгээд хүн” гэсэн утгатай нэршил гэж бодож байна.
Эдгээр онцлог чанар нь МНТ-ны 24 ба 25 дугаар зүйлд тод зурагдсан байдаг. Тухайлбал, “Бодончар урагт эс тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил сүүлт орогшин хул морио унаж үхвэл үхье, амьдарвал амьдаръя гэж Онон мөрөн рүү зорьж одов. Тэнд Балжийн арал гэдэг газар хүрч өвсөн эмбүүл гэр барьж суув. Тэгж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг үзэж, гол дайрт, годил сүүлт орогшин хул морины хялгасаар урхи хийж, тэр бор харцага барьж авчрав” гэсэн байна. Эндээс харахад түүний бүтээлч, ажил хэрэгч, махруун чанар мэдэгдэж байгаа юм. Тэр бол “үхвэл үхье, амьдарвал амьдаръя” гэж шийдээд Онон мөрний Балжийн арал хэмээх газар руу давхин одсон баримтыг анзаарахад хүн ерөөсөө өөрийн амьдралыг өөрөө л бий болгох ёстой. Эцэг эхийнхээ үлдээсэн өв хөрөнгө зэрэгт найдаад бэлэнчилж суух учиргүй гэсэн дотоод ухаантай нэгэн байсан нь харагддаг. Монгол хүн өөрөө өөртөө эзэн болж, монгол хүн монголчууддаа итгэн найдаж амьдарвал, хүний ёсоор амьдарч чадна гэдэг үзэл санаа түүний энэ үйлдлийн араас цухалзаж байгаа нь өнөө бодоход аугаа гайхамшиг мөн биз. “Үхвэл үхье” гэснээс нь үзэхэд тэр бээр зүрх зоригтой хүн. Бас хэнэггүй цөлх хүн. Тэр нэрлэхдэггүй илэн далангүй хүн. Тэр эргэж буцдаггүй гүдэсхэн хүн. Мориныхоо дэл сүүлээр урхи хийж анчин бор харцага барьж тэжээсэн хийгээд давын өмнө өвсөн оромж барьж авсан зэргээс ажихад бэрхшээлийн өмнө сөгдөх арчаагүй нэгэн биш. Аливаа аргыг бүтээлчээр сэтгэж олдог, нэгэнт сэтгэсэн оюуныхаа төсөөллийг амьдралд зөв хийдэг хүн юм. Бүх нийтийн түгээмэл онолоор бол хүн хэмээх амьтан ажил хөдөлмөрийн багаж зэвсгийг хийдэг болсноор адгууснаас ялгарсан гэж үздэг. Тэгэхээр энд энэ хүний амьдралд тийм л үндсэн хувьсгалт эргэлт болж байна. Тэр хувьсгалыг мань хүн өөрөө гардан гүйцэтгэж байна. Байгалийн зэрлэг амьтан болох махчин бор харцгыг барьж тэжээгээд хоол хүнсээ базаах зэвсэг болгон ашиглаж байгааг харахад тэр үнэхээр ухаалаг хүн байжээ.
Одоо манайд Бодончар өвөөгийн үзэл, итгэл яалт ч үгүй үгүйлэгдэж байна. “Үхвэл үхье, амьдарвал амьдаръя” хэмээн Ононы шугуй руу давхин одсон шиг тийм эрс зоримог, шийдвэртэй алхам хийж чадах гүдэс шулуун агаад эргэлт буцалтгүй давшигч тийм удирдагч Монголд хэрэгтэй байна. Бид Бодончар өвөөгөө дахин босгоод ирэх боломжгүй боловч түүний гал голомтыг сахиж үлдсэн монголчуудын дотроос түүн шиг хүн олдмоор л юм. Гэвч олдохгүй ойрын 30-аад жилийг гулсуулж алдлаа. Гүйх нохойд гүйхгүй нохой саад болдгийн үлгэрээр олигтой сайн хүн нь гарч ирэхгүй, ар талд нь хоцорчихоод хоосон улстөржигчид нь бусдыгаа халхалчихаад байх шиг байна. Өвөө маань өнөө үед төрсөн байдаг ч болоосой. Монгол Улсынхаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болгох юмсан. Тэгвэл ч монгол хүндээ итгэж чаддаг, бусдыг даган таваргахыг таашааддагүй, бусдаас хувь хишиг царайчилдаггүй, ямар ч атугай хэрэгцээтэй бүхнийг өөрөө санаачлан бүтээхийг хичээдэг. Энэ зорилгодоо ч хүрч чаддаг үнэнхүү зоримог гүдэсхэн, ажилсаг удирдагч тохиолддогсон бол Монгол Улсыг хэдхэн жилийн дотор гялалзуулаад гаргаад ирнэ биз. Үгүй ядахдаа л шатахуунаа өөрөө боловсруулдаг болж таарна. Бас эрчим хүчний хараат байдлаас бүрэн гаргах нь эргэлзээгүй.
Мөнгө хүүлэх дэглэмийг нэн даруй устгаж чөлөөт өрсөлдөөнийг бий болгох байх. Мөнөөх хэрүүлийн алим болсон Оюутолгойг Монгол Улсын мэдлийн эдийн засгийн толгойлох салбар болгож чадсан л байх биз. Ер нь л Монгол Улсыг ямар ч атугай Олон улсын валютын санг царайчилж суухгүйгээр бие даасан улс болгож авна байх. Эдүгээ даан ч Бодончар шиг зоригтой, шударга, илэн далангүй, гүдэсхэн, бүтээлч эрч хүчтэй, авьяас чадвартай хүн манай улстөрчдийн дотор ховордсон юм байна. Хэрэв боломж олддогсон бол тийм зүтгэлтэнд Монгол төрийнхөө алтан жолоог атгуулахсан гэж дотроо шатаж явдаг учраас энд ингэж баахан дэмий нуршлаа. Бодончар өвөөгийнхөө улс төрийн мэдрэмж, удирдахуйн ухаарлын тухайд тодосгож өгүүлье.
МНТ-ны 33 дугаар зүйлд “Бодончар, Буха хатаги ахын хойноос даган хатирч өгүүлрүүн “Ах аа, ах аа, бие тэргүүнтэй, дээл захтай нь сайн” гэвэл, ах нь тэр үгийг хайхарсангүй.
- Бодончар мөн үгийг хоёрдугаар удаа өгүүлбэл, ах нь хариу хэлсэнгүй. Мөн үгийг гуравдугаар удаа хэлэхэд ах нь өгүүлрүүн “Чи энэ үгийг юунд дахин дахин өгүүлнэ?”.
- Бодончар өгүүлрүүн “Тугаарын (саяын) Түнхэлэг горхиноо бүхий иргэд эзэнгүй, их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя
- Ах нь өгүүлрүүн: “За тийм бол гэртээ хүрч, ах дүү нартай зөвлөлдөж, тэр иргэнийг эзэлье”... 39. Тэндээс ах дүү тавуулаа тэд иргэнийг довтолж, адуу малыг авч, хүн ардыг зарц болгов” гэжээ. Ийм л нэг овор хэмжээгээр жижигхэн атлаа утгын хувьд уртын урт углуургаар өнөөдөртэй холбогдсон үнэн баримт бодит түүхээр өртөөлсөөр бидний үед хүрээд иржээ.