
С.УЯНГА
Цасан хуягтай уулын энгэр ээврийг эмжин налайтал идээшилж буй хонин сүрэг. Малгайнхаа чихийг босгож, элбэгхэн хүрэм өмссөн хөтөлгөө морьтой малчин хоёр гурван есийн жаврыг үл ажирна. Хаа нэгтэйгээс дуу нь тодрон дөхөх замын унаа хоргоох хоточ нохойн дуу хөдөөгийн танил дотно төрхийг эрхгүй санагдуулна. Малчны хот ийм л амар амгалан байдагсан.
[caption id="attachment_30176" align="aligncenter" width="645"]
“Арвайхээр сумынхаа жишиг хот айл больё гэсэн зорилгыг өөртөө тавьж амьдрах орчноос гадна малын хашаа хороогоо үзэмжтэй, тохилог байлгах гэж зүтгэсэн”[/caption]
Гэвч өнөө жил улс даяар зуншлага тааруугаас арваад аймгийн 50 гаруй сум цагаан зудтай, найман аймгийн 45 сум зудархуу байгаа гэх базаахгүй мэдээлэл цацагдах болов. Цаг зуурын хүндрэлийг даван туулахын тулд төр засаг болон аймаг орон нутгийнхан ч хэрдээ анхаарч байгаа гэх. Гэхдээ л өвөл, хавар хүндэрлээ гэхэд галын шугаман дээр байгаа малчдаас өөр хэн үнэнийг өгүүлэх билээ. Манай сурвалжлах баг Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Арвайхээр хотын Засаг даргатай зөвлөлдсөний эцэст төвөөс холгүйхэн өвөлжиж буй аймгийн сайн малчин Ч.Авирмэдийнд очихоор боллоо. Өглөөнөөс хойш хэл авалцаж болохгүй байсан малчин захиргаан дээр давхиад иржээ. “Утсаа аваарай. Төвөөс ирсэн сэтгүүлчид танайд очино” гэсэн мессеж авсан гэнэ. Ингээд даргын жолооч унаа тэргээ базааснаар малчнаа ч суулгаж аваад замдаа гарлаа. Гэтэл Ч.Авирмэд “Замдаа виза карт уншдаг дэлгүүр зогсоод өгөөрэй. Эхнэрийн захиасыг авья. Карттай яваад сурчихаар заримдаа бэлэн мөнгөгүй чинь хэцүү юм билээ. Гэхдээ яахав мөнгө төгрөг хаяна гэхгүй амар. Ойрхон эмийн сан бий билүү, Даймаа ах ” гэсээр машинаас буулаа. Жолооч Даймаа ах “Ид ханиадны үеэр эмийн сангууд сүрхий дугаартай байсан. Эм зөөж давхисаар сүүлдээ эмийн сангуудыг андахаа болилоо” гэж байна. Ийнхүү аймгийн төвөөс 18 км-т Бага булаг гэдэг газар өвөлжиж буй малчных руу зам шулуудлаа. Тэгсэн Ч.Авирмэд “Урьдчилаад хэлсэн бол” гэснээ “Яахав байгаагаараа байх шиг сайхан юмгүй. Аяндаа та хэд очоод мэдэрнэ ээ” гэлээ. Бид зам зуураа ойрын өдрүүдэд сүрхий бүлгэрэх шинжтэй, мал тооллогынхон хоноод явлаа, хаа сайгүй бараан байна зэргээр ам хуурайгүй ярьж явав. Цас ихтэй гээд байсан малын амны л цастай юм гэхэд нутгийн хоёр “Харин ч цастай болчихоод байгаа нь энэ. Энэ жил ер нь бараан байна” хэмээн ам уралдан хариуллаа. Ярианыхаа хажуугаар зам зааж бүдэг мөр дагасаар нэлээд сайхан шигүү дэрстэй гол руу ороод явчихлаа. Голын эхэн дээр харагдах ногоон дээвэртэй улаан тоосгон байшингийн гадаа буув. Хөдөөдөө өнгөлөг, сүрлэг харагдах энэ байшингийн дэргэд зүүн талын бага гэр, хашаа хороог сая л анзаарсан нь тэгтлээ нүдэнд торж анхаарал татаагүй бололтой.
[caption id="attachment_30177" align="aligncenter" width="422"]
“Аав ээжээсээ уламжилж үлдсэн малыг чанартай өсгөж үржүүлэхийг зорьж, зүтгэж явна. Тоо чухал биш. Чанартай байх ёстой”[/caption]
МАЛЧИН ХҮН ИНГЭЖ АМЬДРАХ ЁСТОЙ ГЭСЭН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХИЙГ ЗОРЬСОН
Зорьж очсон айлынх хоёр өрөөтэй сууцанд амьдарч байна. Аймгийн сургууль, цэцэрлэг амарсан гээд халуун ам бүлээрээ байна. Гэрт оруут Ч.Авирмэд “Утаатай байна уу” гээд цонхоо онгойлгож орхив. Зочин, гал тогооны өрөө тусдаа хөдөөгийн өвөлжөөний сууц их тохилог юм гэхэд гэрийн эзэн “Арвайхээр сумынхаа жишиг хот айл больё гэсэн зорилгыг өөртөө тавьж амьдрах орчноос гадна малын хашаа хороогоо үзэмжтэй, тохилог байлгах гэж зүтгэсэн. Хэчнээн өвс тэжээл муутай ч малд дулаан хэвтэр чухал. Энэ байшингаа гурван жилийн өмнө барьсан. Малчин хүн ингэж амьдрах ёстой гэсэн орчныг бүрдүүлсэн ухаантай. Аймаг сум, айл саахалтдаа үлгэр жишээ болохсон гэж хичээж явдаг. Хужиртад байдаг хүргэн ахтайгаа илбээд 10 гаруй сая төгрөгөөр босгосон. Хөлс мөнгийг нь өгөөд хүнээр хийлгэж болох ч өөрөө хийхэд цаанаа л өөр санагддаг” гэлээ. Харин зундаа зүүн тийшээ гараад зусчихдаг аж.
Ч.Авирмэд Арвайхээр хотын долдугаар багийнх. Нутагтаа мал маллаад 30-аад жил болж буй. Аав нь Барилга угсралт трестэд барилгачин, гагнуурчин хийж байсан улсын аварга барилгачин. Ээж нь мөн л хамт ажиллаж байж. Сүүлд 1993 онд гавьяаны амралтдаа гарч мал малласныг нь өнөөдөр Ч. Авирмэд үргэлжлүүлж буй юм. Анх 1995 онд тусдаа гарахдаа 100 гаруй толгой малаа таван төрөл дээр нь өсгөсөн ч тэмээгээ цөөлжээ. Тэрээр “Аав ээжээсээ уламжилж үлдсэн малыг чанартай өсгөж үржүүлэхийг зорьж, зүтгэж явна. Тоо чухал биш. Чанартай байх ёстой. Малаа хагас эрчимжсэн фермерийн чиглэлээр өсгөхийг чухалчилж байгаагийн дотор үхрийг түлхүү өсгөж байна. Мах, сүүний чиглэлээр ч мөн адил удам угсааг нь сайжруулж байна. Нутаг орноо зөв сайхан авч явна гэдэг мал, ахуй амьдралтай салшгүй холбоотой. Илүү нугаламтай хонь, барга хуцыг хээлтүүлж малынхаа удам угсааг сайжруулахад анхаарч байна. Мах сүүний чиглэлийн Сэлэнгийн хар, улаан тарлан үхрийг өсгөж байна. Цэвэр монгол үхэр ч бий” гэсэн юм. Аймагт зохион байгуулдаг малын үзэсгэлэн худалдаа, дуудлага худалдаанд байнга оролцдог. Сум орон нутаг малчдыг дэмжиж мал аж ахуйн салбараа зөв бодлогоор зохион байгуулж байгаа нь малчдын амжилтын үзүүлэлт гэдгийг яриан дундаа хэлээд авлаа.
Ч.Авирмэд эхээс тавуулаа. Ах, эгч нь малчин бол түүний ихэр болон дүү нь суурин газар хувийн бизнес эрхэлдэг байна.
Эднийх 1000 гаруй бог, 150-аад адуу, 160 орчим үхэртэй. Цэргийн алба хаагаад ирсэн хүү нь бод малаа аваад намар есдүгээр сард оторт явжээ. Отрын гэр нь 140 гаруй км зайтай Баянгол суманд бий. Тэрээр “Зуншлага тааруу, бэлчээрийн хомсдолтой. Эртхэн отор хийсэн нь оносон байна. Сүүлийн арав хоног хүйтрээд сүрхий цас нэмчихлээ” гэж байна. Цэргээс ирсэн хүүгээ өөрийнхөө сонирхлоор малчин болж, аав ээждээ тусалж байгаад баяртай байгаа аж.
Ч.Авирмэдээс өвөлдөө хэрхэн бэлтгэснийг асуухад “Аймаг орон нутгаа харж суухгүй бэлтгэх нь хамгийн чухал. Бог мал хол туухаар тарга тээвэр алдахаас эхлээд өвлийн нүүдэл хэцүү. Тиймээс эндээ таван га бэлчээр хашчихсан. Хэдэн өдрийн цасан шуурганд ажрахгүй. Түрүүчээсээ тэжээлийн төлөг, борлонгоосоо оруулаад эхэлсэн. Чөдрийн морины хоолгүй болоход хашсан бэлчээртээ оруулчихна гээд тустай. Энэ жил 10-аад тонн өвс бэлтгэсэн. Тэжээлээ Дарханаас татдаг” гэсэн нь өвөлдөө өнөтэй орж байгаа халшир малчны үг гэлтэй.
Үхрээ жилийн дөрвөн улиралдаа ээлжээр төлүүлж аль болох ашиг шимийг авахыг боддог. Удахгүй 20-д гаргаад 30-аад үнээ тугаллана. Хавар 400-өөд бог мал төллөх гэнэ.
МАЛЧИД ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙНА
[caption id="attachment_30180" align="aligncenter" width="645"]
“Аймаг орон нутгаа харж суухгүй бэлтгэх нь хамгийн чухал. Бог мал хол туухаар тарга тээвэр алдахаас эхлээд өвлийн нүүдэл хэцүү. Тиймээс эндээ таван га бэлчээр хашчихсан. Хэдэн өдрийн цасан шуурганд ажрахгүй”[/caption]
Ч.Авирмэдийн төдийгүй залуу малчдын бодож явдаг нэг зүйл нь малчид үйлдвэрлэгч болох гэнэ. Тэрээр энэ талаар “Жижиг дунд үйлдвэрлэл малчдад зайлшгүй шаардлагатай. Архангай аймагт жижиг оврын арьс шир боловсруулах тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа нь үнэхээр цагаа олсон зүйл. Зуны цагт хонины нэхийгээ 500, 1000 төгрөгөөр ченжүүдэд өгч байснаас технологийн дагуу бэлтгэж анхан шатны боловсруулалт хийгээд гаргах юм бол малчдад ашгаа илүү өгнө. Нийлүүлж байгаа үйлдвэртээ ч хэрэгтэй. Малчид үйлдвэрлэгч болвол малаас гарч байгаа арьс ширний чанар сайжирна. Өмнө хонь хуулахдаа халимыг нь хусч авч байж трестэд нийлүүлдэг. Ноолуурын хялгасыг заавал түүдэг байсан. Малчид чанартай бүтээгдэхүүн гаргаж байж үнэ нэмэгдэнэ. Малчид тодорхой хэмжээний үйлдвэрлэгч болж байж анхан шатны бүтээгдэхүүнээ өөрөө үйлдвэрлэх юм бол арьс ширэндээ ч илүү анхаарна, зүсч, эсгэхгүй. Санаа нэгтэй хүмүүс нэгдээд ноосоо угаагаад, арьс ширээ боловсруулдаг байж болно” гэсэн юм. Гэхдээ эднийхийг бизнесмэн, бага хэмжээний үйлдвэрлэгч гэж хэлэхэд буруудах зүйлгүй. Сааль сүүгээ борлуулж зах зээлд нийлүүлнэ. Мөн аймагтаа хүүхдийн Үдийн цай хөтөлбөрт сүүгээ өгдөг гэнэ. Бас хавар нь бог, намар бодоо борлуулахдаа ихэнхдээ цайны газруудтай яриад үнэ тохирчихдог байна.
Малчны ухаан дундрахгүй гэдгийн адил Ч.Авирмэд нас, насны хурдан морь уядаг. Аймаг, сум, бүсийн наадмаас олон айраг, түрүү авсан сумын алдарт уяач аж. Морь уядаг талаараа “Мориноос буугаад л морь уяж эхэлсэн. 7-8 дугаар ангиасаа адууны зэлэн дээр өнждөг болсон. Хүний амжилт хийсэн бүтээснээрээ байдаг. 2003 онд сумын аварга малчин, 2004 онд аймгийн сайн малчин болсон. Энэ олон жилийн хөдөлмөрийн үр шим, үр хүүхдэд маань үлдэх өв хөрөнгө бахархал юм даа” гэсэн юм. Тэднийх зундаа тогтмол, өвөл шаардлагатай үед туслах малчин авдаг гэнэ.
[caption id="attachment_30179" align="aligncenter" width="645"]
“Нойр хоолгүй зүтгэх үе олон. Нэгэнт л хөдөлмөрлөж байж амьдралаа дээшлүүлэхээс хойш шантрах, хойш суух эрх байхгүй”[/caption]
Гэр бүлийн хүн Өвөрхангай аймгийн Баянгол сумынх. Д.Отгонбат гэдэг бүсгүйтэй ханилаад таван хүүхдийн аав, ээж болцгоожээ. Одоо амьдрал нь жигдэрсэн өнөр бүл болжээ. Эхнэр Д.Отгонбат “Манай аав, ээж малчин хүмүүс. Мал маллах сайхан. Төвийнхнөөс дутахааргүй сайхан амьдарч байна. Нойр хоолгүй зүтгэх үе олон. Нэгэнт л хөдөлмөрлөж байж амьдралаа дээшлүүлэхээс хойш шантрах, хойш суух эрх байхгүй” гэсэн юм. Тэднээс мал маллахад шантрах үе байсан уу гэвэл гэрийн эзэн “Би наймдугаар анги төгсөөд хөдөө аж ахуйн техникумын хуваарь авсан ч манай ихэр явахгүй гээд би малчин болохоор шийдсэн. 2003 онд адууны ханиад гараад хэдэн адуу доройтоод болдоггүй. Тэр үед сургуульд явдаг ч байж гэж бодогддог юм билээ. Тэглээ гээд шантраагүй.
Ер нь сүүлийн үед эргэцүүлэх, шүүмжлэх зүйлс олон болж байна. Хүүхдүүдээ хүнээс дутахгүй мэдлэг боловсролтой болгохыг бодолгүй яахав. Гэхдээ их, дээд сургууль төгсөөд ажилд орж чадахгүй хүмүүс байх л юм. Одоо бол мал техникээс биш морьтой давхиад очиход үргэдэг болж. Энэ буруу. Тиймээс хүүхдүүдээ аль болох адуунд ойр өсгөхийг боддог. Зарим хүмүүс эдэлгээ тааруу олс дээс худалдаж авах юм. Суран зэлэнд адуу шөргөөж байхад дэл сүүл халцардаггүй. Сураа элдээд аль болох өөрөө хийхийг илүүд үздэг. Малтай байя гэвэл эрүүл малтай байх хэрэгтэй. Дараа нь чанар ярих хэрэгтэй. Малчид бидний эрсдэлээс гарах арга зам бол хуримтлал. Тиймээс аль болох хуримтлуулахыг боддог” гэсэн бодолтой явдаг аж. Ийнхүү малчны хотонд өрнөсөн бидний яриа өндөрлөж зочных маань монголчуудын тэр дундаа малчдын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг цагаан сарын баяр удахгүй болно. Бууз, хавсай хийхээс өгсүүлээд дэм дэмэндээ ажлаа амжуулна даа гэсээр үлдлээ.
[caption id="attachment_30178" align="aligncenter" width="645"]
Аймгийн сургууль, цэцэрлэг амарсан гээд халуун ам бүлээрээ байна.[/caption]
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин





