
Ч.ЗОТОЛ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн асуудал, туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр төрийн ордонд хийв. Улсын Бага Хурлаас эхлээд анхны Улсын Их Хурал буюу 1992-1996 оны парламентын гишүүдийг урилгаар оролцуулав. УИХ-ын чуулганы хуралдааны ирц хүрдэггүй, хэдхэн хүн сууж байгаад хууль баталдаг, “кнопчид” бий болсон, хуулийн хэлэлцүүлгүүд чанаргүй, дээр нь гишүүдийн ёс зүй асуудал дагуулж байгаа гэх зэрэг шүүмжлэл сүүлийн үед гарах болсон. Иймд дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Үүний тулд өмнөх замналаа эргэж харъя, ахмад гишүүдийн үгийг сонсохоор зорьжээ. Энэ тухай Д.Лүндээжанцан гишүүн хэлэхдээ “Одоогийн УИХ-д 1992 оны Үндсэн хууль батлалцсан гишүүдээс Ц.Нямдорж бид хоёр байна. 1990-1993 оны АИХ, Улсын Бага хурлын гишүүн байсан хүн гэвэл Л.Болд гишүүн бид хоёр байгаа. Тэгэхээр ийм хэлэлцүүлэг хийх нь зүйтэй гэж үзсэн” гэж байлаа.
Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга М.Энхболд нээж хэлсэн үгэндээ “УИХ-аас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны аравдугаар сарын 1-ний өдөр баталж, улмаар түүнд нийтдээ 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Улсын Их Хурал Хууль тогтоомжийн тухай хуулийг батлан гаргасан нь хуулийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэхэд тавигдах шаардлагыг өндөржүүлсэн. Энэ хуультай дэгийн зохицуулалтыг хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн түвшинд уялдуулах шаардлага бий” гэдгийг онцоллоо. Төр, засгийн өндөр албан тушаалд ажиллаж байсан, сүүлийн үед чимээгүй байгаа ховор хүмүүс, содон зочид хэлэлцүүлэгт ирсэн юм. Тэдний үг, дэгийн талаарх байр суурь сонирхолтой байв. Оролцогчдын байр суурийг хүргэе.
Д.Лүндээжанцан: ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАНА
Улс орнуудын парламентын дэгийг нэгбүрчлэн орчуулж, 2012 оны байдлаар авч үзэж байна. Энэ маш чимхлүүр ажил юм. Аливаа ажил сайн, муу байх нь зохион байгуулалтаас шалтгаалдаг. Тиймээс хуулийн хэлэлцүүлэг, бусад асуудал арга механизм сайн байх аваас чанартай бүтээгдэхүүн гарна. Иймээс дэгд зохицуулалт хийх хэрэгтэй. Хэт хялбар байх уу, олон шат дамжлагатай нүсэр байх уу гээд олон асуудал байдаг. 1990-1996 онд ажилласан АИХ, Улсын Бага хурал 51 гишүүнээс дээш ирцтэй хуралддаг, хуулийн зүйл хэсэг бүрээр хэлэлцдэг байсан парламентын гишүүдийн туршлага, сургамжийг сонсъё. Гадаад орнуудын туршлагыг бид харж байна. Тэгэхээр дэгийн асуудалд бид дороо хий эргээд байна уу, нэг хэлэлцсэнээ эргэж хэлэлцсээр таарч байна гэдгийг сайтар ярьж авъя. Цааш нь байнгын хороон дээр дэгийн асуудлыг тодорхой болгох асуудлаар ажлын хэсэг гаргахаар болсон. Үүний урьдчилсан шат нь энэ хэлэлцүүлэг юм. Цаашид парламент хийгээд парламентат ёсыг хуульчлах талаар тодорхой алхам хийнэ.
Лу.Болд: ИХ ХУРЛЫН БҮРЭН ЭРХИЙГ БҮРХЭГДҮҮЛЖ БОЛОХГҮЙ
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн асуудал хурлаас хурлын хооронд улам бүрхэг болж ирлээ. Бололцоо улам хумигдаж байгаа. Үүнд санаа зовж байна. Парламентаас сонгогдсон гишүүд нь Их хурал дээрээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийгөө болоод сонгогчдоо хамгаалах эрх алхам тутам буурч байгаа. Түрүүчийн Их хуралд кноп хэчнээн дараад үгийг нь хэлүүлдэггүй хэлбэр байсан. Одоо хуульчилж байгаад тийм хэлбэр рүү явчих вий гэхээс болгоомжилж байна. Олон түмэн өнөөдөр Их хурал хэрэггүй, өөрсдөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг болчихлоо. Бид нээлттэй хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалт гэхчлэн хийж байна. Үүний цаана парламент үгүйсгэгдэж болохгүй. УИХ-ын бүрэн эрхийг бүрхэгдүүлж болохгүй.
Д.Бямбадорж : ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД УИХ АНХААР
-Монгол Улс хүний эрхийн 50 гэрээ, конвенцид нэгдсэн. Шүүх энэ гэрээ, конвенцийг хэрэглэж чадахгүй байна. Яагаад хэрэглэхгүй байна гэвэл, гэрээ, конвенцийн нэр томъёо нь үндэсний хууль тогтоомжтой зөрчилдөж байна. Олон улсын гэрээг соёрхон баталсан бол дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хэрэгжинэ гэсэн заалт хэрэгжихгүй байна. Нэгдэн орсон гэрээг УИХ нь доторхийг нь харалгүй шууд соёрхон батлаад явчихсан,өнөөдөр ч тийм байгаа. Энэ байдлыг нэн яаралтай өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол иргэд олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, эрхээ эдлэхэд нэн хэцүү байгааг УИХ анхаараарай.
Л.Адилбиш /УИХ-ын гишүүн асан/: 76 ГИШҮҮНИЙ БОДОЛ САНААГ БҮРЭН СОНСДОГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
-Намын бүлэг, байнгын хороогоор дамжуулан 76 хүний бодол санааг бүтэн сонсдог болох хэрэгтэй. Цаашид хууль тогтоомжид тусгадаг байх талаар УИХ анхаарч ажиллаасай.Ямар ч дэгтэй байгаад дэгэнд ордоггүй хурал УИХ өөрөө шүү дээ. Үүнийгээ ч мэдээд боловсронгуй болгож ирсэн.
Р.Хатанбаатар/ АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн/: ҮГ ХЭЛЭХ БОЛОМЖ ХОМС БАЙГАА НЬ ГИШҮҮДИЙГ ИДЭВХГҮЙ БОЛГОДОГ
-Гишүүд хуулиа уншихгүй, идэвхгүй, хуулиа уншихгүй чуулганы хуралдаанд оролцож байгаа нь үг хэлэх боломж олддоггүйтэй холбоотой. Иймд хуулийн зүйл заалт бүрээр хэлэлцдэг системийг бий болгох хэрэгтэй. Дэгийн хуулиа сайжруулах хэрэгтэй. Үүнийг яагаад хэлэв гэвэл, сүүлийн хоёр Ерөнхий сайдыг огцруулсан байдлаас харагдаж байгаа.
Д.Чилхаажав /Улсын Бага Хурлын гишүүн асан/: ИХ ХУРЛЫН ЗАРИМ ЭРХ БҮРХЭГ БАЙНА
-УИХ-ын дэгийн тухай хууль нь бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлэхийг зохицуулдаг. УИХ гэрээ соёрхон батлах эрхтэй атал хэрэгжилтэд хяналт тавихыг зохицуулсангүй. Үүнийг дэгийн хуулиар тодорхой болгох хэрэгтэй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин