Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны талаарх зарим санал бодол, үр дүн ба сургамж

2018-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Тугалхүүгийн БААСАНСҮРЭН Сэтгүүл зүйн судлаач, доктор, профессор Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрөөд таван сар гаруй хугацаа өнгөрч байна. Сонгуулийг залгуулаад улсын наадам, даншиг наадам, баруун, зүүн болоод төвийн бүсийн шил шилээ дарсан их хурдууд үргэлжилсэн. Амралтын улирал шувтарч ашгүй есөн сарын 1 эхэлснээр сургуулиуд хаал­гаа нээж, ажил хөдөл­мөр сая л нэг хэ­вийн гольд­ролдоо орсон билээ. УИХ-д үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн МАН мэргэжлийн Засгийн газраа байгуулаад жилийн дараа унагаж “орондоо унтах завгүй олзлолдон булаацалдаж” байж ээлжит бага ба их хурлаараа сая нэг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд, МАН-ын даргаа тодруулсан ч 33 ба 32-ын бүлэглэл болж хоёр хуваагдаад ордондоо үе үе хэрэлдсэн бас зөрөлдсөн хэвээрээ байна. Ийм нөхцөлд олон зүйлийг эргэцүүлэн бодож цаашдын явдлаа бодолгүй горьгүй. Түүний дотор сүүлийн үед Монголын улс төрийн амьдралд болж өнгөрсөн олон үйл явдал, тухайлбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, түүнээс хийх сургамж лавтайяа багтана. Тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суу­дал­тай улс төрийн гурван нам өрсөлдөж санаанд багтамгүй сонин үр дүн гарсан. Үүнд гол сургамж нь байгаа юм. Эдүгээгээс бараг  найман сарын өмнө буюу  2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн “Зууны мэдээ” сонины ¹76 /5523/-д миний бие “Олигархиуд болоод оффшорчдыг хэн төлөө­лөх вэ?” /Улс төрийн намуудаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн эргэн тойронд/ хэмээх гарчигтай нэгэн таамаглал нийтлэл бичиж, түүндээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болоход гайхах зүйлгүй. МАН Ө.Энхтүвшин зэрэг нэр цэвэр улстөрчдөөсөө шалгаруулж нэр дэвшүүл­бэл ялах магадлалтай. Ерөнхийлөгчийн сэн­тийд залрах гэсэн М.Энхболдын хүслэн, МАН-ын удирдлага дахь тодорхой зарим хүрээл­лийн доторх түүнийг “дэвшүүлэн зайлуулаад” өөрсдөө эрх мэдлийн дахин хуваа­рилалт хийхийг хүсэмжлэн зүүдлэгчдийн эрх ашиг нэгдэж нийлбэл Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нарт од шүүрэх боломж олдохгүй. Харамсалтай нь  2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтий МАН-аас зай барин “зугтах” болсон. Ингэх эхлэлийг тэд өөрс­дөө тавилцаж зам хар­гуйг нь ханцуй шамлан засалцаж зүтгэлцсэн “гавьяатай”. Үүнээс авч үзвэл Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч төрж гарах магадлал АН-д илүүтэй хадгалагдаж байж мэднэ. МАН ба АН-ынхан Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гацаана. МАХН-аас Н.Энхбаяр, “босоо” С.Ганбаатар шиг улстөрчид нэр дэвшвэл аюул болно гэдгийг тэд сайн мэдэж байгаа. Хэрэв МАН-ын дарга М.Энхболд нэр дэвшиж Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал тэр өнөөгийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг зал­гамж­лагчаараа томилох өн­дөр магадлалтай. Өөрөөр хэлбэл, түүнийг МАН-ын дарга болгож ар талаа баталгаажуулна. У.Хүрэлсүх зэрэг улстөрч­дөд энэ нь огтхон ч таа­шааг­­дахгүй. Тэр МАН-ын даргаар сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж яваа. Тийм цаг үе нь ирсэн гэдэгт өөрөө гүн итгэлтэй байгаа. Ганц л гай бий. МАН-ын дарга М.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороод­чихвол яах вэ гэсэн асуулт. Ийм дүр зураг харагдаад байгаа. Ингэвэл цөөнгүй хүнийг уй гашууд автуулна. Зарим хүний “цахилгаан төлөвлөгөө” нурж унана гэсэн үг. Эндээс АН-ын нэр дэв­шиг­чийн аз нь шовойн гозойж, од нь гэрэлтэн гялалз­чих гээд байгаа юм. Эцсийн мөчид МАН ба АН-ын олигархи бүлэглэл, оффшорчид нийлж нэг­дэн ам хэлээ ололцон андгай тангараг өргөлцөн “хуйвалдах” хувилбар л үлдэж байх шиг байна. Энэ бол хамгийн том аюул гэж анхааруулан бичиж байлаа. Үйл явдал яг л ийнхүү ёсоороо өрнөж ямар үр дүнд хүрснийг өнөөдөр та бид нүдээрээ харж байна. Төрийн албыг най­маалцах гэсэн 60 тэр­бумын дуулиант хэрэг бат­лагдахгүй байна. 280 сая ам.долларын төмөр замын хэрэг гэж байхгүй болсон гэж өнгөрсөн оны сүүлээр хууль хяналт, шүүх прокурорынхон ил тод мэдэгдэв. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Говь-Алтай аймгийн Цагдаа­гийн газарт, түүнчлэн Дорноговь аймагт бариг­даж хураагдсан машин дүүрэн мөнгө иргэд сон­гогч­дын гар цайлгахад зориу­лагдаагүй цэвэр мөнгө байсан байна. Сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын үеэр М.Энхболдоос хэдэн зуу, мянган иргэнд тарааж гарын салаагаар урсгасан 50, 100, 200 мянган төгрөг хахууль биш байжээ гэж хэлж бичих болов. Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Солонгосын нэг иргэнээс 50 сая вон авсан нь тогтоогдлоо. Түүний нэрийг шүүгчийн захирамжаар нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, 50 сая воныг улсын орлогод хурааж авах боллоо гэж мэдээлэв. Ийм сонин хачин чих дэлдийлгэсэн мэдээллийг сонсоод өнөөгийн монголчууд гайхаж цочирдохоо бүр больжээ. Энэ нь ард нийтээрээ цөхөрч гүйцсэний шинж тэмдэг үү аль эсвэл өөр учир шалтгаан байна уу гэдгийг эргэцүүлэн бодох цаг нэгэнт болжээ. Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуулийн сурталчилгааны явц ба үр дүн, монголын нийгмийн улс төрийн амьдралд үлдээсэн түүний ул мөр, сургамжаас зарим гаргалгааг эрж хайж, цаашдын үр хөврөлийг олж харах гэж оролдож үзвэл яасан юм бэ гэж бодогдох боллоо. Тэгэхдээ нэг хүний санал бодолд тулгуурлах биш, нэг хэсэг хүний, нийгмийн сэтгэл зүйд хуримтлагдсан бодитой үзэл бодол, чиг хандлагад тулгуурлаж, түүнийг задлан шинжлэх замаар хариулт олох гэж эрэлхийлэх нь илүү үр дүнтэй. Үүний тулд сүүлийн 3-4 сарын турш Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар өдөр тутмын голлох сонинуудад юу юу гэж бичсэнийг шүүрдэн сонирхлоо. 2017 оны VII-X сар хүртэлх хугацааны дөрвөн сарын нийтлэлүүдийг сар сараар нь тоймлож үзэв. “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан”, “Өглөөний сонин”, “Монголын мэдээ”, “Монголын үнэн” зэрэг өдөр тутмын сонинд нийтэлсэн нийт 120-иод нийтлэлд задлан шинжлэл хийлээ. 140 хуудас судалгааны материал гараас гарсан. Агуулгыг 10 гаруйхан хуудсанд хураангуйлан багтааж уншигчиддаа хүргэе. 2017 оны  долдугаар сар бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсан сар. Бүх нийтийг хамарсан сэтгэл хөөрөл, талцал, туйлшралаасаа төдийлөн гарч чадаагүй байсан цаг үе. Тэр нь ч хэвлэл мэдээллийн нийтлэлд нөлөөлсөн бололтой. Харьцангуй бага мэдээ мэдээлэл гарчээ. Агуулга, сэдэв нь ч ойролцоо аж. Нийтлэлүүдийг ерөнхийд нь тоймлон хураангуйлж үзвэл: -Монгол Улсын Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгууль өнгө мөнгөний сонгууль болж өнгөрлөө. Эх үүсвэр ньхаанаасыг үл мэдэгдэх их мөнгөнд сонгогчид дарагдав. -Эрх мэдэл хэтэрхий нэг талд буюу эрх баригчдын талд үйлчиллээ. -Төр захиргааны хийгээд хууль хүчний байгууллагууд, шүүх цагдаа засгийн эрх баригчдад долигонож дохио зангаагаар нь ажиллав. -Сонгууль бүх улс төрийн намын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, МАН-д дүн тавилаа. Энэ нам шинэчлэгдэж олигархи дарга нараасаа салж хагацахгүй бол хол явахгүй нь нэгэнт тодорхой болов. -МАХН нь Монголын улс төрийн гурван том хүчний нэг болж, түүнээс нэр дэвшигч сонгуульд гайхалтай амжилт гаргав. -2017 оны Ерөнхий­лөгчийн сонгуульд хулгай, луйвар, булхай, хар пиар хэрээс хэтэрч түүхэн амжилт тогтоолоо. -60 тэрбумын хэрэг явдал, оффшор дансны луйвар булхай, Эрдэнэтийн 49 хувийн эргэн тойрон дахь яриа сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөв. 60 тэрбумаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр хайнаа хэрхэн яаж хагалахыг ард түмэн анхааралтайгаар ажиглан харж байна. -Энэ мэт эвгүй байдал сонгуулийн өдрүүдэд хавтгайрч хяналтаас халин гарсан ч иргэд өөрсдийн сонголт дээр баттай зогсож чадав. Тэд өнгө мөнгө, хуурмаг амлалтад хуурталгүйгээр иргэний санал бодлоо илэрхийлж ардчилсан сонголтод үнэнч үлдлээ гэсэн утга санаа илэрхий давамгайлсан байна. Харин 2017 оны наймдугаар сарын сонинуудад уг сэдвээр харьцангуй олон нийтлэл гарчээ. 60 тэрбумын хэргээр үргэлжилсэн аж. “Ерөнхийлөгч хэд хоногийн өмнө АТГ-ын дарга даамлуудтай уулзаж сонгуулийн өмнөөс дуулиан дагуулсан 60 тэрбумын асуудлыг сөхлөө. Олныг эмзэглүүлсэн сэдэв учраас толгойтой бүхэн төрийн тэргүүний байр суурийг дэмжиж байна. АТГ хэзээнээсээ олонд сайн нэргүй. 60 тэрбумын асуудал дээр нүдээ аньж таг дуугүй яваа нь иргэдийн дургүйцлийг бүр дэвэргэж байгаа. Энэ байгууллагыг толгойлдог Х.Энхжаргал 60 тэрбумын асуудлыг шалгуулах хүсэлт ямар явцтай байгааг сонирхсон Ерөнхийлөгчийн асуултад “Өнөөдрийн байдлаар тогтоосон зүйл алга. Илрүүлэх боломжгүй байна. Энэ асуудлын хүрээнд 3300 орчим албан хаагч хамрагдаж байгаа. 130-ыг нь л шалгасан” гэсэн хариу өгсөн нь даарин дээр давс нэмж олны дургүйцлийг өдөөж орхисон” гэж “Өдрийн сонин”-д  Л.Мөнхтөр “60 тэрбумын хэрэг нэг нь дуудаж асуугаад, нөгөө нь “Хууль гаргахгүй бол болохгүй” гэж хэлээд өнгөрөх асуудал ч биш дээ” нийтлэлдээ онцолжээ. Тэрбээр цааш нь, “Х.Энхжаргал хууль гаргаж байж хэргийг илрүүлнэ гэх маягийн үг хэлж харагдсан. АТГ бол үнэхээр мөнгө авч өгөлцөж албан тушаал наймаалцсан уу гэдгийг хууль гаргаж биш ур чадвараа харуулж байж илрүүлэх ёстой цорын ганц байгууллага. Ерөнхийлөгч энэ асуудалд анхаарал хандуулж тодорхой шийдэлд хүргэхгүй бол М.Энхболд шиг юм болно. М.Энхболд Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж сонгуульд ялчихаад эсрэгээрээ ажилласныг улсаараа харсан” гэх зэргээр шүүмжлэн бичсэн байна. Хэдийгээр жил бүрийн наймдугаар сар нь амралт, аялал жуулчлалын сар тул төвийн сонин хэвлэлүүд дэх мэдээллийн хур татрангуй байдаг магадлалтай ч өмнөх долдугаар сарын байдалтай харьцуулахад Ерөнхийлөгчийн сонгуулийн сэдэв, түүний үр дагавар юунд хүргэж болохыг хөндөж бичсэн мэдээ мэдээлэл мэдэгдэхүйц ихэссэн байна. Өдөр тутмын сонинуудын наймдугаар сарын дугааруудад нийтэлсэн дээрхийн адил нийтлэлүүд, мэдээ мэдээлэлд анализ хийж үзэхэд: -МАН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд сонгуульд унасан нь тус намд хямрал талцал үүсэх эхлэлийг тавьж өгчээ. -Энэ нь санамсаргүй гэв гэнэтийн дэлбэрэлт байсангүй. Сүүлийн 20 гаруй жилийн турш тус намд үүсч бүрэлдэн төлөвшсөн улс төрийн эрх баригчдын бөөгнөрөл, бүлэглэлүүд хоорондын тэмцэл хөдөлгөөний хуримтлал болж илрэлээ олж гадагшилсан байна. -С.Баяр, М.Энхболд, Сү.Батболд, Т.Бадамжунай, М.Эрдэнэбилэг нарын эрх мэдлийг гартаа төвлөрүүлж эд хөрөнгийн асар их хэмжээний хуримтлал үүсгэн үржүүлж баяжуулж чадсан олигархиудын өрсөлдөөн тэмцэл улам хурцдаж Миеэгомбын Энхболд + Цахиагийн Элбэгдорж + Санжаагийн Баяр гэсэн АН ба МАН-ын амьд гурвалжин буй болж засаг төр хийгээд эд баялгийн эрх мэдлийг хязгааргүйгээр, бас хугацаагүйгээр өөрсдөдөө төвлөрүүлэх гэсэн оролдлого МАНАН дахь шинэ залуу зулзаган олигархиудын дургүйцлийг төрүүлэх болсон байна. -Энэ бүгд нь УИХ дахь МАН-ын 65-ын бүлгийн дунд ан цав гарч хагарах, улмаар М.Энхболдын байгуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах хөдөлгөөн болж хувирсан байна. Төрийн албыг үнэлгээжүүлэн наймаалцсан 60 тэрбумын хэрэг явдал, Ж.Эрдэнэбат ба У.Хүрэлсүх нарын бие биесийг үл итгэж чагнасан, тагнасан гэх хэрүүл маргаан гал дээр тос нэмэн дэвэргэж түймэр болгон дүрэлзүүлжээ. -Зөрчил тэмцэл, талцлын үндсэн шалтгаан нь ганц Тавантолгойг тойрсон маргаан байсангүй. Эрдэнэтийн 49 хувиар хурцдан үргэлжилж, “Цагаан суварга”, “Хармагтай” хийгээд “Хүрэл үнэг”-ээр өргөжин шаталж гүнзгийрсэн бололтой. Идэх уух, авах завших дээрээ тохиролцож чадахгүй толхилцон зодолджээ. Түүнд нь гадныхны гар хөл ч оролцсон байж мэднэ. -Монгол Улсын эдийн засгийн хараат бус байдал алдагдаж зөвхөн урд хөршөөс хамаарах болсон нь уламжлалт харилцаа, хамтын ажиллагаатай ОХУ-аас улам бүр зай барин холдсон нь цөөнгүй хүмүүс, түүний дотор улстөрчдийн санааг зовиноож эхэлсэн байна. -Ж.Эрдэнэбатын Засгийн газар  2016 оны УИХ-ын сонгуульд ард түмэндээ өгсөн амлалтуудаа мартаж хэрэгжүүлэхээс зайлсхийсэн нь нийгэмд таагүй уур амьсгалыг бүрдүүлж МАН-д итгэх олон түмний итгэлийг унтраажээ. 2016 онд 49 хувьтай байсан МАН-ын рейтинг  2017 онд  21 хувь болж буурсан нь үүний нотолгоо юм. Энэ нь  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах нэг үндэс болсон байна. -2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд унаж ялагдсан нь буруутныг нам дотроосоо эрж хайх, олж тодруулах уралдааныг үүсгэсэн байна. Уг нь бол хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж бүгдээрээ ханцуй шамлан зүтгэцгээжээ. Тэгээд ч барсангүй. -МАХН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд түүхэндээ хэзээ ч байгаагүй асар их хэмжээний мөнгө хөрөнгийг зарж  95 жилийн турш тасралтгүй ажиллаж тогтож хэвшсэн улсын хэмжээний намын байгууллагын, бүтцээ бүрэн хөдөлгөн, мянга мянган гишүүн дэмжигчдээ өдөр шөнөгүй гүйлгэж, төрийн бүх шатны төдийгүй хууль хяналтын байгууллагуудыг гүйцэд дайчлан ашигласан ч санасан зорилгодоо хүрээгүй байна. -Энэ бол иргэд сонгогчдын улс төрийн ухамсар өөрчлөгдөж сайн муу, сайхан муухайг ялгахтайгаа болсон, худал амлалтад итгэл алдарч мөнгө төгрөгт хууртахаа больж эхэлж буйн шинж тэмдэг юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад гарсан нэг үндсэн том өөрчлөлт энэ байж мэднэ. Ард түмнээсээ арав таван төгрөг хандивлахыг гуйж, шударга ёсыг бадруулж, МАНАН-г арилгахын төлөө тууштай зүтгэнэ гэж хэлж ярьж явсан МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарт бараг  500 мянган иргэн саналаа өгсөн нь үүний нотолгоо болно. -МАН-ын эрх баригчид сонгуулийн анхан шатны санал хураалтын явцад илэрхийгээр санал луйвардаж Сайнхүүгийн Ганбаатарыг “хүчээр” дарж Миеэгомбын Энхболдыг “хиймлээр” өргөж өсгөсөн нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн нь ойлгомжтой юм. Унтаад босох хооронд  39 мянган амьгүй албат саналаа М.Энхболдод “өгсөн” нь  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн онигоо болно. Үүгээрээ МАН-ын нэр дэвшигч өөрөө өөртөө “цаазын ял” оноожээ. -Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, эсвэл огцруулах маргаан 2017 оны  наймдугаар сарын сонин хэвлэлийн гол сэдэв байв. Өргөх бичиг барьж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахыг шаардсан нэр бүхий гишүүд өөрсдийн үзэл бодлоо тууштай илэрхийлж, үндэслэлээ баримт нотолгоотойгоор тайлбарлаж чадсан нь нийгмийн уур амьсгалыг өөрчлөх, итгүүлэхэд шууд нөлөө үзүүлсэн байна. Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн гэсэн УИХ-ын цөөнгүй гишүүнийг энд нэр зааж хэлж болно. Тэдний манлайд У.Хүрэлсүх өөрөө явж Монгол Улс мафижсан төртэй, компанижлагдсан намтай болсон, асуудал төрийн ордонд биш хувийн компанийн оффист хундаганы ард шийдэгддэг болсныг ил тод хэлсэн нь олон нийтийн санаа бодлыг эргүүлж чадсан байна. Чөлөөт хэвлэл, түүний дотор “Зууны мэдээ”, “Өдрийн сонин” сонин тэднийг буюу тэмцэгчдийг дэмжсэн цуврал нийтлэл гаргажээ. Энэ нь Монголын хэвлэлийн түүхэн дэх  сонирхолтой бөгөөд бодит баримт болж үлдэнэ. -Үүнд нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын сайдуудын урагшгүй үйл ажиллагаа, мөнгө цагаан, нүд улаан хуйвалдаан, өөрсдөдөө тэрбум тэрбумаар өгсөн концессын гэрээ бүхий бусармаг үйлдэл, ашиг сонирхлын зөрчлүүд шууд нөлөөлж бүх нийтийн дургүйцлийг зүй ёсоор төрүүлсэн байна. -Шийдвэрлэх нөлөөлөлд тооцохгүй ч гэлээ улс төрийн оноо авч овсгоотой чадмагаар ажилласан сөрөг хүчин болох АН-ын өдөөлт турхиралт МАН-ын 65-ын бүлгийг дотор нь хагаралдуулахад бас сүрхий нөлөөлжээ. Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүх нарын “нөхөрлөл”-өөр энэ нь улам гагнагдаж бэхэжсэн байна. -Энэ бүгд нийлж нэгдээд ажлаа олигтой хийж чадаагүй Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах нь зайлшгүй гэсэн сэтгэгдлийг нийгэмд ерөнхийд нь бүрдүүлжээ. Асуудал дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг сэдэв рүү аяндаа гулсан шилжсэн байна. Улсын Их Хурлын гишүүн хүн байх ёстой эсвэл Ухнаагийн Хүрэлсүхийг болгоно гэсэн талцалд эрх баригч нам дотроо хоёр хуваагджээ. -Энэ тэмцэлд МАН ба АН-ынхан төдийгүй МАХН-аас парламентад суугаа О.Баасанхүү, бие даагч Б.Жавхлан гишүүн хүртэл аяндаа татагдан орж санаа бодол, байр сууриа ил тодоор илэрхийлсэн байна. Монголын нийгмийн төлөөллүүд, утга зохиол урлаг, сэтгүүл зүйн салбарынхан, нийгэм улс төрийн зүтгэлтнүүд ч өөрсдийн үгээ хэлцгээжээ. МАН-д шинэчлэл хэрэгтэй, эрх баригчдад хариуцлага тооцох шаардлагатай гэдэгт ерөнхийдөө нийгэм санал нэгдсэн дүр зураг наймдугаар сарын сонины нийтлэлүүдээс тодорхой харагдаж байна. Одоо  2017 оны есдүгээр сард төвийн сонинуудын нийтлэлийн агуулгад уншигч таны анхаарлыг хандуулъя. Энэ сэдэвт зориулсан олон мэдээ мэдээлэл гарсан байна. Сайн зүйлийг нь дэмжиж, саар үйлдлийг нь шүүмжилсэн байна. 2017 оны есдүгээр сард төвийн хэвлэлд нийтэлсэн дээрх мэдээ мэдээллүүдийг базан нэгтгэж үзвэл: -Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй МАН-ын Засгийн газрыг огцруулах, шинэ Засгийн газрыг байгуулах сэдэв байнга хөндөгдсөн байна. -Уг сурвалж нь 60 тэрбумын хэрэг явдал, 90 минутын бичлэг, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ба Шадар сайд У.Хүрэлсүхийн биесээ тагнасан чагнасан талцал хэрүүл, түүнчлэн оффшор дансны асуудал байжээ. -Ж.Эрдэнэбатын Засгийн газрын сайдуу­дын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой сэдвүүд, хэрэв түүний Засгийн газрыг огцруула­хад хүрвэл орны хүмүүс нь өөрөөр хэлбэл, шинэ сайдууд хэн байх вэ гэсэн таавар тасралтгүй хөвөрчээ. -“Зууны мэдээ” сонин эхэлж “хар хүчин” гэсэн нэр томъёо гаргаж ирж МАНАН-гийн мөн чанарыг зоригтойгоор илчлэн шүүмжилсэн нь “Өдрийн сонин” зэрэг бусад сонин  хэвлэлд  халдварлаж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах санал санаачилга гаргасан, өргөх бичигт гарын үсэг зурсан УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааг дэмжиж сайшаах уур амьсгалыг нийгэмд бүрдүүлсэн байна. -МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид энэ үйл явцад татагдан оролцож нам шинэчлэгдэх болсон хэмээн удирдлагаа шахаж шаардаж эхэлжээ. -Х.Баттулга ба У.Хүрэлсүхийн ойлголцол. Энэ хоёр хүн хэрэв Засаг төрийн өндөрлөгт хамтарч ажиллавал юм бүтээнэ гэсэн итгэл горьдлого нийгэмд буй болж. Энэ нь У.Хүрэлсүх АН ба УИХ дахь АН-ын бүлгийн дэмжлэгийг авах аятай таатай хөрс суурийг бүрдүүлсэн ч МАН-ын дотоодод эргэлзэл тээнэгэлзэл, хардалт сэрдэлтийг улам дэврээжээ. Тэдний зарим нь У.Хүрэлсүх АН-тай хамтарч МАНАН-г байгуулах гэж байна хэмээн шүүмжилжээ. -Үүнийг ажиглаж мэдэрсэн АН-ын удирдлагууд хэрэв Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч шинэ Засгийн газар бүрдсэн тохиолдолд АН бүрэлдэхүүнд нь орохгүй, Засгийн газрыг хамтарч байгуулалцахгүй хэмээн яаравчлан мэдэгдэж эхэлсэн байна. -Хууль хяналтын байгууллага тухайлбал, прокурорын газраас 60 тэрбумын хэрэг явдал, төмөр замын бүтээн байгуулалтаас алга болсон 280 сая ам.долларын асуудлыг хэрэгсэхгүй болгосон нь нийгэмд гайхал эргэлзлийг төрүүлж, МАНАН-гийн эрх баригчид ханцуй дотроо дахин наймаалцаж тохиролцлоо гэсэн хардлагыг газар авахад хүргэсэн байна. Энэ чиглэлийн нийтлэл мэдэгдэхүйц идэвхжжээ. -Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлаас эхлэлтэй МАН-ын даргыг нэр заан шүүмжлэх, улмаар бузар булайг нь дэлгэн тавих үйл ажиллагаа огтхон ч саарсангүй, харин ч нэмэгдсэн байна. “Шунал ихэдвэл шулам болдог” гэсэн өнгө аястай нийтлэлүүд үргэлжилж МАНАН-гийн оройд Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр нар байгааг улам хүчтэй илчлэн тавих болжээ. -Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын төлөө хийж буй МАН-ын УИХ дахь залуу гишүүдийн тэмцэл бол М.Энхболдыг унагах, МАН-ыг “Хар хүч”-нээс салгах тэмцэл юм гэсэн шинэ өнгө аяс зарим нийтлэлд мэдрэгдэж эхэлсэн байна. -Энэ бүхэн Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудалтай нягт уялдан үргэлжилжээ. МАН-ын эрх баригчид Үндсэн хуульд найман чиглэлээр өөрчлөлт, шинэчлэл оруулна гэсэн байр сууриа хамгаалан идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлжээ. Энэ нь эрдэмтдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байна. 1992 оны Үндсэн хууль нөөцөө шавхсан гэж олон хүн үзэх болжээ. -МАХН шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулснаа Улаанбаатар хот, 21 аймгийн иргэдэд танилцуулан санал авч эхэлжээ. Сүүлийн 27 жилд Монголд хуримтлагдсан бодит бэрхшээлүүд, нийгэм эдийн засагт үүссэн мухардлыг шинэ Үндсэн хуулиар засч залруулах боломжтой. Өөр гарц байхгүй гэж тэд үзсэн байна. -2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн Сайнхүүгийн Ганбаатар хэсэг хугацаанд нам гүм чимээгүй байснаа “Үндэсний шуудан” сонинд ярилцлага өгсөн нь түүний өмгөөлөгчийн зүгээс үйлчлэгчид нь тулган хүлээлгэх гэж эрх баригчаас оролдож байгаа хуурамч хэрэг, дарамт шахалтыг илчлэн няцаасан нь есдүгээр сарын хэвлэл мэдээллийн гол сенсаац мэдээлэл болж хувирсан байна. 50 сая вонын хандив, түүний эхнэрт хаяалж охидынх нь тоогоор бодож илгээсэн гурван ширхэг сум оньсого хэвээр үлдлээ. Тайлж тайлбарлаж өгөх ёстой гэсэн хүлээлт нийгэмд үүсчээ. -Засгийн газрыг огцруулахтай зэрэгцээд дараагийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, давхар ба дан дээлийн асуудал хурцаар тавигдах болсон байна. Ерөнхий сайдад У.Хүрэлсүх ба Ө.Энхтүвшин нар Ерөнхий сайдад нэр дэвшсэн. Улмаар МАН-ын бага хурлаар хагалуулсан нь өдөр тутмын сонинуудад дэлгэрэнгүй тусгалаа олсон байна. Ө.Энхтүвшингийн ил захидал олны анхааралд өртсөн нь ажиглагдаж байна. -Дашийн Бямбасүрэн зэрэг Монголын нийгмийн нэр төртэй улс төрийн зүтгэлтнүүд өөрсдийн үгийг хэлж улстөрийн алдаа мадаг гаргахаас эрх баригч нам, Засгийн газрыг сэрэмжлүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гарсан будлиант явдал, Ерөнхий сайд болохоор улайран тэмцсэн У.Хүрэлсүхийн талаарх сэдэв есдүгээр сарын сонинуудын гол сэдэв байсан байна. 2017 оны аравдугаар сарын өдөр тутмын сонинуудын нийтлэлүүдийг задлан шинжилж агуулгаар нь тодотгож үзвэл: -Өмнөх Засгийн газрын гишүүдийн алдаа дутагдлыг илрүүлэн шүүмжлэхийн зэрэгцээ шинэ Засгийн газарт хэн хэн багтах вэ. Давхар дээлтэй байх уу, дан дээлтэй байх уу гэдэгт ихээхэн зай талбай зориулжээ. -У.Хүрэлсүхэд хүсээд байгаа эрх мэдлийг нь өг. Тэгээд тэр хэмжээгээр хариуцлагыг нь нэх гэж шаардсан нь цөөнгүй аж. -Улстөрчдийн соёл, ажлын хариуцлага, ёс суртахууны хэм хэмжээнд өдөр тутмын сонинууд ихээхэн анхаарал хандуулсан байна. Авлига, хээл хахуулиас ангид байхыг тэднээс шаарджээ. -Ухнаагийн Хүрэлсүх АН-ынхантай хамтран ажиллаад өөрийн журамт нөхдийг үл тоомсорлож буйг бас зарим хэвлэлд шүүмжилсэн байна. Эв нэгдлийг эрхэмлэж ажиллахыг сануулжээ. -Эвдрэл талцал юунаас болж гарч байгааг, эрх баригчид байгалийн баялгаа булаацалдсан дээрэмчид болж хувирсныг анхааруулж УИХ-ын ажиллах чадварыг дээшлүүлэх, гишүүдийн хуралдааны ирцийг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатайг сануулсан байна. Үргэлжлэл бий. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

19 цаг 38 мин
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

19 цаг 40 мин
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Өчигдөр 09 цаг 31 мин
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

2025-08-20
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

2025-08-20
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

2025-08-20
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

2025-08-20