Тавантолгойн анхны шанг таталцсан гэр бүл

2017-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Монголын геологичдын өдрийг тохиолдуулан өнөөгийн Тавантолгойн уурхайг таван ханатай гэрийн буйран чинээ ухсан нүх төдий байхад хайгуулын III ангийнхантайгаа хамт очиж, залуу насаа эх орныхоо хөгжил цэцэглэлт, социалист хөдөлмөрийн их буухиа дунд  өнгөрүүлсэн нэгэн гэр бүлийг “Амьдралын тойрог”-тоо урьсан юм. Гэрийн эзэн Сэрээтэрийн Дашдамба, гэргий Төмөрийн Бадамсүрэн нар би тэгсэн, би ийм зүйл хийсэн гэж ярихгүй,  “бид”, “манайхан” хэмээн ярих нь хээрээр гэр хийж, хэцээр дэр хийн, хэлж ярихаас эхлээд хийх нь хүртэл нэг хүн шиг болчихдог геологичдын ажил, амьдралын онцлог ажээ.   “ТАВАНТОЛГОЙН III АНГИЙНХНАА ХЭЗЭЭ Ч  МАРТАХГҮЙ” [caption id="attachment_25408" align="aligncenter" width="750"] Тавантолгойд хөл тавьсан залуу гэр бүл Геологийн яамны сайд Ч.Хурцыг дагаж очсон зурагчнаар анхны үрээ тэврэн зургаа татуулж байсан бол өдгөө ач, зээгээ эрхлүүлсэн өвөө, эмээ болжээ.[/caption] Гэрийн эзэн  С.Дашдамба Өвөрхангай аймгийн Бат- Өлзийт сумын уугуул. Хөдөө мал маллан өссөн тэрээр  18 насандаа цэргийн албанд татагдан  гурван жил алба хааж ирээд 1972 онд Геологийн удирдах газрын босгоор алхаж,  жолооч болсноос хойш 30 жил энэ салбарт зүтгэжээ. Дөнгөж ажилд ороод  Төв аймгийн Бүрэн сумын Онгон-Хайрханы геологийн ангид ажиллахын зэрэгцээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Далай булагийн нүүрсний уурхай,  Баянхонгор аймагт томилолтоор ажиллажээ.  1974 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн хайгуулд болгаруудтай хамт явснаас эхлэн тийшээ ажил, амьдралын зам зурайжээ. Тухайн үед  Монголын талаас Цэрэннадмид, Баттөр, Шагдарсүрэн, Авид нар тус багт ажилласан бол  Бэгз, Баттөр, Дорж, Дашдорж, Дашдамба, Болгарын талаас Батилов нар  жолоочоор ажиллажээ. Мөн нягтлан бодогч Цэрэнхорол, өрмийн мастер Сэрчин нарын хүмүүс хамт явсан байна. С.Дашдамба 1975 онд гэргий Т.Бадамтайгаа  танилцаж,  улмаар гэр бүл болж охин Бат-Өлзий, хүү Баттулга, хүү Батхуяг, охин Батгэрэл нарын  дөрвөн сайхан хүүхдийн аав, ээж болжээ.  Өдгөө тэд зургаан ач зээтэй өвөө, эмээ болж өнөр өтгөн аж төрж байна. Тавантолгойн геологийн III ангид анх томилогдохдоо  тэврээд очиж байсан  том хүү Баттулгынх нь гэр бүл  гурван ихэр хүүхэдтэй болж дурсамж дээр дурсамж, баяр хөөр нэмсэн хэмээн тэд хуучилж сууна. [caption id="attachment_25410" align="aligncenter" width="750"] Дөрвөн хүүхдээ бага байхад.[/caption] Дээхнэ үед цэргийн дарга, тээврийн жолооч, геологийн ангийнхныг дагасан бүсгүй хүн цагаан зээр лугаа нутаггүй хэмээх хэлц үг хүртэл гарч байв.  Т.Бадамсүрэн нөхрөө дагаж Тавантолгойд очсон тухайгаа  “Би Дундговийн Дэлгэрхангайн хүн шүү дээ. Сумандаа дунд сургууль дүүргээд ХАА-н техникумд орж суралцан  малын зоо техникч мэргэжлээр 1978 онд төгссөн.  1975 онд  ханьтайгаа танилцан гэр бүл болсон. Миний хувьд  анх 1978 оны хавар зургадугаар сард Тавантолгойд  очсон. Тэр үед би сургуулиа төгсөөд Өмнөговь   аймгийн төвд  ТМС-ийн багшаар ажиллах боллоо. Охин Бат-Өлзий хоёр настай, хүү Баттулга өлгийтэй, аав дээрээ байгаа учир аймаг дээр байж чадахгүй нь гэж ХАА-н Удирдах газарт очиж учирлаж байж томилолтоо Цогтцэций сум руу шилжүүлж байлаа. Тэгээд нөхөр хүүхдүүд  дээрээ ирсэн. Намайг очиход  10-аад гэр Баяраа ах, Гэрлээ эгч, Санчин дарга, холбоочин Тунгалаг эгч гээд хэдхэн хүн  намайг угтаж авсан. Гэр эзэнгүй, нөхөр маань  охиноо  аваад ажилдаа явчихсан байлаа. Намайг анх очиход Тунгалаг, Гэрлээ, Оюунчимэг /инженер Төмөрбаатарын эхнэр/ нарын  гурван л эмэгтэй байсан. Хамгийн зүүн талд Доржийнх манайхтай айл, баруун хойно Баяраа ахынх, урд талд нь Төмөрбаатар инженерийнх дунд нь хэдэн коммуны /геологийн ангийнхан/  гэр байсан. Халуун нар шарж, улаан шороо шуурсан ийм газар манайх гэрээ дөрөвдүгээр  сард авчраад барьчихсан байсан л даа. Дөнгөж сургууль төгсөөд ирсэн надад уйтгартай ч юм шиг, нэг л тиймхэн санагдаж билээ. Гэхдээ би амархан дассан. Учир нь түрүү жил нь бид хоёр охин  Бат-Өлзийгөө аваад Баянхонгор аймгийн Баянлиг, Баян-Овоо, Шинэжинст сумдад геологийн ангид ажлаар явж байсан юм. Бидний амьдралд Тавантолгой өгөөжөө өгсөн, хэзээ ч мартагдашгүй сайхан хамт олон дунд залуу насаа хөдөлмөрлөж өнгөрүүлсэн, өнөр өтгөн айл болж, одоо ач зээгээ өсгөөд налайж сууна” хэмээн дурсав.   М.СЭДРАГЧАА ДАРГЫН ҮЕД ТАВАНТОЛГОЙН  УУРХАЙ  ЦЭЦЭГЛЭН  ХӨГЖЖЭЭ [caption id="attachment_25413" align="aligncenter" width="750"] Хайгуулын ангийн жолооч нар. Зүүн гараас С.Дашдамба.[/caption] Ийнхүү тэд  Тавантолгойн геологийн  III  ангийн шавыг анхлан тавилцжээ. Тэр үед хайгуулын ангийн дарга  Санчин, орлогч дарга  Баяраа, С.Дашдамба нарын  гурван хүн  хамт явсан бол  дөрөвдүгээр сараас нь эхлэн их нүүдлийн ажил эхэлж, анхдагчид  нүүж очжээ. Анхны гэр, анхны хоол цай, коммун хэмээн  бужигнасаар 1978 оны  наймдугаар  сараас эхлэн Хармагтайн анги ирж нэгдсэнээр  Тавантолгойн III  анги гэсэн том анги бий болжээ. [caption id="attachment_25412" align="aligncenter" width="750"] Яамнаас зарласан ШБОС уралдаанд жолооч С.Дашдамба, жолооч Д.Мянганцангийн хамт машин угаах төхөөрөмж хийж II байрт орж, диплом ШБОС-ын гэрчилгээгээр шагнуулж байжээ.[/caption] Төмөр, Жанлав, Сэдрагчаа нар даргаар ажилласан он жилүүдэд  Тавантолгойн хайгуулын анги өргөжин хөгжих нүүдэл зөөвөр, ангид хэрэглэгдэх техник, тоног төхөөрөмж, хүнс, нормын хувцас, хэрэглэл, шаврын станцын түүхий эд шавар гэх мэт хотоос хангагдах зүйлийн хүргэлтийн ажилд  жолооч нар ихээхэн  үүрэг гүйцэтгэжээ. Үүнд: Болдоо, Пүрэвбаатар, Тогтохдорж, Төмөрбаатар, өндөр Чинбат,  жижиг Чинбат, пүүлэнгийн Алтангэрэл, Сангидорж, Энхжаргал, Ганбат, Бат-Эрдэнэ, Бэгз, Баттөр, Даваа гээд олон жолоочийн хамт манай нийтлэлийн баатар С.Дашдамба мөр зэрэгцэн ажиллажээ. Хайгуулын ангийн түүхийг сөхвөл Сэдрагчаа даргын үед л   жинхэнэ цэцэглэн хөгжилт, мандан  бадралтын үе байлаа. Бидэнд ажлын цаг нар гэж байгаагүй . Ямар ч ажил гарсан тушаалын цэрэг шиг л явдаг байсан. Гэхдээ бидний хэн нь ч тушааж байна, тушаал биелүүлж байна гэж боддоггүй, тийм бодол ч толгойд байдаггүй, хийх л ёстой ажлын нэг гэж цаг алдалгүй заавал биелүүлдэг байлаа” хэмээн ярьж байна.   “ХАМГИЙН ТОМ  ШАГНАЛ МАШИНАА УНААД  ХАМТ ОЛОНТОЙГОО  АЯЛАХ БАЙЛАА”   [caption id="attachment_25411" align="aligncenter" width="750"] С.Дашдамба байгууллагынхаа магнай жолооч байж, ЗИЛ-131 16-89 УБ, ЗИЛ-130 14-02 УБУ машинуудыг шинээр авч жолоодож, шинээр нь шахуу актанд өгч байжээ.[/caption] Гэрэл зургийн цомгоо дэлгэн дурсамж хуучлах гэрийн эзэн, эзэгтэй хоёр байсхийгээд л инээлдэн нөхдийнхөө тухай хошин шог, онигоог ярьж хөгжилдөх.  Социализмын үеийн туг далбаа болсон нэгэн зургийг  гэрийн эзэн заагаад “Ангийн ажлаас  гадна  бид олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байлаа. Яамнаас зарласан ШБОС уралдаанд  манай жолооч Д.Мянганцан бид хоёр машин угаах төхөөрөмж хийж II  байрт орж,  диплом ШБОС-ын гэрчилгээгээр шагнуулж байсан юм. Өвөл ажилчдыг цагаан идээгээр хангах зорилгоор Циеэрегзэн, Мянганцан, Билэгсайхан, Дорж бид  жил бүр Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумаас цагаан идээгээ авчран айл бүрт хуваарилан өгдөг байлаа. Нэг айлд таван кг ааруул, нэг гүзээ цагаан тос, хоёр  кг шар тос, 10-15 кг аарц, гурван  кг ээзгий, 1 -2 кг тогооны хатаасан шинэ өрөм гээд л.  Айл бүр өөрийн хэрэгцээгээр л авдаг байсан даа. Харин бид өөрсдөдөө жаахан монгол нэрмэлтэй ирдэг байлаа” хэмээн хүд хүдхийтэл инээж сууна. Жолооч нарын хувьд  машин тэрэгнийхээ  бүрэн бүтэн байдалд  анхаарч өдрийн ихэнх цагийг гарааш дээр л өнгөрөөнө. Ганц өөрийнх  гэхгүй бусдынхаа машин техникийн бүрэн бүтэн байдалд сэтгэл тавьж, үргэлж тус дэм болж хамт засварлана. Үүнийхээ хүчинд хэзээ ч техникийн эвдрэл  гардаггүй, хэний ч машин ажилд бэлэн  байдаг байжээ. Манай нийтлэлийн баатар байгууллагынхаа магнай жолооч байж,  ЗИЛ-131 16-89 УБ, ЗИЛ-130 14-02 УБУ машинуудыг шинээр авч жолоодож,  шинээр нь шахуу актанд өгч байжээ.Энэ нь  хувь хүнээс шалтгаалсан арчилгаа, тордлогоо байсан аж. Энэ талаар тэрээр “Тэр үед экспедицээс зарласан социалист уралдаанд түрүүлэн Улаан-Үүдэд аялж байв. Сайн ажилласан хүмүүсээ  жил бүр байгууллагын зардлаар Өвөрхангай аймгийн Хархорин, Эрдэнэ зуу, Орхоны хүрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулахад  хамт шалгарч,  шагнагдсан хүмүүсээ ч машинаар авч явдаг сан. Их сайхан шагнал байсан.  Би тийм их гавьяа байгуулаагүй ч байгууллагын анхны аварга болж,  яамны хүндэт жуух бичиг, экспедицийн баярын бичиг, сайшаалын үнэмлэх, V, VI, VII таван жилийн гавшгайч, Ардын хувьсгалын 70 жилийн ойн медалиар шагнагдаж байлаа” хэмээн даруухан дурслаа.   Т.Бадамсүрэн: НӨХРӨӨ ДАГААД БИЧЭЭЧ, ХОЛБООЧИН ГЭЭД ХИЙГЭЭГҮЙ АЖИЛ БАЙХГҮЙ   Т.Бадамсүрэн Тавантолгойд анх очоод таних хүн амьтангүй, нөхрийгөө ажлаасаа ирэхийг хүлээж долоо  хоноход хэрхэн хөглөсөн тухайгаа   “Долоо хоног гэдэг урт хугацаа шүү, тэр хооронд Цогтцэций суманд ажиллахаар яваад  очлоо. “Сумын төвд ажиллуулж өгөөч хоёр  нялх хүүхэдтэй” гээд  учир байдлаа хэлтэл сумын дарга огт авч хэлэлцсэнгүй “Сийрст бригадын даргаар яв. Чиний нөхөр жолооч хүн ирж очоод болно биз ер нь одоо яв” гэлээ. Уйлж сууж байгаад гараад гэртээ харьчихлаа. Сүүлд нь “Ажил тасалсан” хэргээр шүүхэд дуудагдаж бөөн юм болж байж суманд ажиллахаа бүр мөсөн больсон. Эцэст нь  Тавантолгойн геологийн ангидаа  ажилд орж, хий гэснийг голж шилэлгүй хийж зүтгэсэн дээ. 1982 онд радио станцын операторчны курст явж ирээд холбоочин, бичээч,  нарийн бичгийн даргаар 1989 оны хавар  хүртэл ажилласан. Бид Тавантолгойн ангид их сайхан байсан. Хамтач эвсэг, ялангуяа бие биедээ маш дотно тусалж нэг гэр бүлийн хүмүүс шиг л байдаг байв. Одоо ч бодохоор л сэтгэл огшдог. Бид  Тавантолгойн геологийн ангийнхандаа маш их дассан, хайртай байлаа. Ялангуяа манай хүүхнүүд их ажилсаг,  тэр дундаа манай аравтын хүүхнүүд ажилч хичээнгүй. Тэр үед олон нийтийн ажил их зохиогдоно. Долоо  хоногт хоёр  удаа бүжигт явна. Заавал сурах 10 бүжиг гээд л янз бүрийн уралдаан тэмцээн, тэр дундаа гар урлал, төрөл бүрийн хоол хийх, урлагийн үзлэг, бүр хувцасны моод хүртэл үзүүлж шалгаруулдаг байлаа. Олон нийтийн ажил   сэтгэл оюун өөдрөг болгож,  биднийг хурцалж ажил хийх эрч хүч өгдөг байлаа. Тэр ч бүү хэл төвөөс зохиогдож буй спортын тэмцээн уралдаанд Улаанбаатар хотод ирж оролцдог байлаа. Манай баг  ТГЭ-ээс зохиогддог тэмцээнд жил бүр оролцож нэг удаа “Болор цом” хүртэл авч байлаа. Ийм сайхан идэвхтэй бүтээлч хамт олныг бүрдүүлж өгсөн Сэдрагчаа даргадаа бид их  баярлаж явдаг юм” гэв.  Тэнд ажиллаж байхад хөгжилтэй явдал их л тохиож байсан байх гэхэд тэрээр нэг болсон явдлыг ярья,  санаанаас минь ер гардаггүй юм гээд  “Долгорсүрэн гэж жолооч эгч байсан юм, бид хоёр аймгаас дизель масло авахаар явлаа. Дооёо маань УАЗ-452 маркийн машинтай байлаа. 30 гаруй км явж байтал гэнэт машин унтраад зогсчихлоо. Бид хоёр  яаж ч оролдоод асааж дийлдэггүй. Тэгж байтал замын хажууд олон тэмээ бэлчиж явнаа. Түүн дотор нэг бурантагтай тэмээ байна. Хоёулаа  ярилцлаа. Явган яваад мөд хүрэхгүй. Тэгээд нөгөө тэмээг барьж аваад би унаад анги руу жонжууллаа даа. Хэл хүргэх гэж яваа нь энэ. Тэр үед намрын дунд сарын налгар дулаан өдөр байлаа. Тэгээд жонжуулсаар яваад анги дээрээ ирж хэл дуулгаад машин явуулж Дооёоогоо авчирч билээ. Уг нь аймаг явна гээд их л гоёсон байсан санагдана. Гэтэл өмсөж явсан хувцас маань тэмээний хөөс, сэвсээр  бүрхэгдсэн байж билээ. Өглөө эрт машинтай гарсан хүн үд өнгөрч байхад тэмээ уначихсан ирэхэд Пүрэвсүрэн инженер их гайхан, бас их инээж билээ. Иймэрхүү хөгтэй, хөгжилтэй явдал их гардаг байсан даа” гэлээ. [caption id="attachment_25409" align="aligncenter" width="750"] Ийм залуус анх танилцжээ.[/caption] Хэдийгээр геологийн хайгуулын арын албаныхан, жолооч, түүний ар гэр хэдий ч тушаал авсан цэрэг шиг ар гэр, ах дүү, төрөл садангаа мартан ажлын төлөө зүтгэсэн он жилүүдийг тэд үджээ. Жолооч болохоор л  хааяа ажлын шугамаар  Улаанбаатар ордог байж. Жилдээ ганц л удаа амардаг, тэр нь 21-хэн хоног, түүнээс хугацаа хэтэрч, хоцорч болохгүй хатуу чанд дүрэмтэй. Хайгуулч, геологчийн ажил ч ганц тэдний зүтгэлээр биш арын албаныхан, жолооч хүртэл машинаа тавьчихаад өрөм барьж, штанг өргөж,  нэг хүн дутвал нөгөө нь орлож, халуунд халж, хүйтэнд хөрч нэгэн зорилгын төлөө гэсэн  хамтын хөдөлмөрөөр  ажил нь урагшилж, өнөөгийн  Тавантолгойг цогцлоожээ. Манай нийтлэлийн баатрууд одоогоос хоёр жилийн өмнө гал голомтоо бадраасан Тавантолгойн хөндийд, хүүхдүүд, ач нараа дагуулан  очиход гэрийнхээ буйрыг засч байсан газар нь ухагдаад алга болчихсон, тэр бүү хэл   “Талын Тавантолгой” хэмээн дуунд мөнхөрсөн таван хөөрхөн бор толгой ч  байхгүй, улаан шороо боссон газар л угтсан. Уйлмаар санагдсан. Улс оронд маань хэрэгтэй бол одоо яалтай ч билээ” хэмээн ярьж сууна. [caption id="attachment_25414" align="aligncenter" width="750"] Т.Бадамсүрэн “Тавантолгойн хайгуулын ангийн хүүхдүүд бүгд ажилсаг. Тэр дотор манай багийнхан тэргүүлэгч байлаа”[/caption] Монголын Геологичдын өдрийн тохиолдуулан Монголынхоо орд газруудын бүхий л  хайгуул, судалгааны ажилд гардан оролцож, шинэ үеийнхэнд гарын авлага, туршлагаа үлдээсэн ахмад геологичдод  баярын мэндийг нь хүргэж, сайн сайхан бүхнийг ерөөе. Орчин үед уул уурхайг хөгжүүлэгчдэд  ахмад үеийнхний эх оронч сэтгэл, сэтгэлгээнээс суралцаасай хэмээн  хүсье. Хүн бүхэн өөр өөрийн “Амьдралын тойрог”-ийг бүтээдэг, хойч үед зурж үлдээдэг орчлонд хөдөлмөрөөр чимсэн сайхан залуу насаа эх орондоо зориулсан юм хэмээн бахархал, ухаарал дүүрэн намтар түүхээ  хуучилж суугаа С.Дашдамба, Т.Бадам нарт уншигчдынхаа өмнөөс талархал дэвшүүлье. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04