Монголын төрөөс шашны талаар явуулсан бодлого: Баримт судалгаа

2017-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ш.Сонинбаяр

Гавж, дэд доктор, профессор

Монгол Улс төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 1911 оноос хойшхи арав орчим жилийн хугацаанд Монголын төрөөс шашны талаар баримталсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны гол агуулга нь бурханы шашныг тууштай дэмжиж бусад шашныг үл гадуурхахад чиглэж байлаа. Энэ нь ч тухайн нөхцөлд Монголын хүн амын дийлэнх олонхи нь бурханы шашныг олон үеэрээ бишрэн дээдэлж ирсэн уламжлалд нийцэж байсан юм.

Гэвч энэ талаар манай түүхчдийн бүтээлд төдийлөн авч үзээгүй өдий хүрсэн бөгөөд энэ нь олон янзын учир шалтгаантайг тайлбарлах нь илүүц. Би түүх судалдаг лам хүний хувьд Монголын төрөөс шашны талаар боловсруулан хэрэгжүүлсэн бодлогыг холбогдох баримт сурвалжид тулгуурлан авч үзэхгүйгээр Монголын шинэ үеийн буюу 1911 оноос хойшхи түүхийг иж бүрэн боловсруулах боломжгүй хэмээн боддог. Иймээс ч энэхүү илтгэлдээ 1921 оноос 1944 оны дунд үе хүртэлх хугацаанд нам, төрөөс боловсруулсан шийдвэрт шашны тухайд шууд ба дам холбогдох зүйлийг хэд хэдэн хэсэгт хуваан өгүүлэхийг хичээлээ. Үүнд 1920-1921 он, 1921-1924 он, 1925-1928 он, 1929-1932 он, 1932-1944 он гэсэн таван үед хамрууллаа. Тэгэхдээ өөрийнхөө илтгэлд холбогдох бүх баримтыг бус зарим гол гол зүйлсийг нь сонгон авсан юм. За ингээд илтгэлийнхээ үндсэн хэсгийг эрхэм Та бүгдэд сонсгон толилуулж санал бодлоо хуваалцъя.

 

Нэг. 1920-1921 ОНЫ ҮЕИЙН БАРИМТЫН АГУУЛГА

1919 онд хятадын цэргийн эрхтнүүд Монголын автономит эрхийг цуцалж Дундад Иргэн Улсад хүчээр нэгтгэснээс хойшхи хугацаанд монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө дахин тэмцэл өрнүүлэхдээ шашин үндсээ сэргээн мандуулна гэсэн уриан дор нэгдэж Богд Жибзундамба хутагтын шууд удирдлага зааврыг дагаж байв. Энэхүү тэмцэл нь улам идэвхжиж 1919 оны орчим Нийслэл хүрээнд хоёр нууц бүлэг байгуулахад лам санваартан олон хүн түүнд элсэж улмаар 1920 оны зун дээрх хоёр бүлэг нэгдэж “Монгол Ардын Нам” хэмээх хувьсгалт байгууллагыг албан ёсоор байгуулан улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн тунхаглах их үйлстээ тусламж авах зорилгоор Зөвлөлт Орос Улсад долоон төлөөлөгчөө томилон илгээсэн билээ. Тэдгээр долоон хүний тав нь бага залуудаа хүрээ хийдэд шавилж бурханы номд суралцаж, ертөнцийн улирал хувьсгал, улс төр, шашны олон талт үйл хэргийн учир шалтгааныг ухаарч гэгээрсэн хүмүүс байлаа. Энэхүү төлөөлөгчид Зөвлөлт Орос улсад одохдоо Богд Жибзундамба хутагтын мутрын тэмдэг бүхий албан бичгийг авч явсан нь ер санамсаргүй тохиолдол бус Монголын шашны тэргүүн Богд Жибзундамба ард түмнийхээ эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцлийг дэмжиж удирдан зохион байгуулж байсны нотолгоо билээ.

1921 оны гуравдугаар сарын 1-3 нд хуралдсан МАН-ын анхдугаар их хурлын шийдвэрт “Манай монголчууд харъяат улсын доторх харгис самууныг устган хурааж өөрсдийн шашин суртал нутаг үндсээ ариутган хамгаалж тусгаар нэгэн улс болон тогтнох явдлыг гол болгон зүтгэсүгэй” (МАХН 1971, 7) хэмээн ард олноо уриалан дуудсан билээ.

Үүнээс гадна төр шашнаа сэргээн мандуулах “үүрдийн их үйлсэд зүтгэсүгэй хэмээсэн монгол үндэсний абугай нар дээдэс доодос лам хар эрэгтэй, эмэгтэй хэн ч атугай ... манай намын дүрмийг дагах нь болбаас бид нар намдаа багтаан авъя хэмээн эл учруудыг илтгэн гарган Монголын газар ус, ард амьтан, шашны төр юүгээн бодож... тунхаглан зарлавай” (МАХН 1971, 17-18) хэмээн өргөн түмэндээ сонсгосон нь ирээдүйд монголын хувь заяаг нааштайгаар шийдвэрлэхэд лам санваартнууд томоохон үүрэг зохих нөлөөтэйг монголын хувьсгалчид зөвөөр ухааран сэтгэж байсны нотолгоо мөн.

МАН-ын Төв Хороо, Ардын Түр Засгийн газар болон 1921 оны хавар хятад, оросын цэргийг Монголоос үлдэн гаргахад цэрэг зэвсгийн хүчнээс гадна олонд алдартай, нэр хүндтэй, монголынхоо төлөө үнэхээр сэтгэл зовнидог зарим хутагт лам нартай зөвлөн хэлэлцэхийг ч хүсэж байсан юм. Жишээлбэл, 1921 оны гуравдугаар сарын эцсээр МАН, Ардын Түр Засгийн газрын эрх баригчдаас Жалханз хутагт Дамдинбазарт тусгай элч зарж толилуулсан захидалд “хурц зэвсэг, хүчирхэг жад хуйларсан” (Х.Чойбалсан 1934, 157) Монгол орныг амар тайван болгохын тулд Жалханз хутагт, Манзушир хутагт, Цэрэндорж, Дүйнхэрийн да лам Пунцагдорж нар буюу тэдний заримтай Хиагт хотноо нүүр тулан уулзаж зөвлөн хэлэлцэхийг мэдэгдсэн байдаг.

Гэвч тэр үед Нийслэл хүрээнд сууж Монголын бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэн барон Унгерн дээрх захидалд дурдсан саналыг үл тоомсорлож “бидний Монгол болбаас харгис гэмингээс сая арайхан ангижирч хаан эзэнт автономит засгийг дахин байгуулсан” харин “одоогийн Монгол Ардын Нам нь даруй хятадын харгис гэмингийн янаг нөхөр мэт” (Х.Чойбалсан 1934, 214) хэмээн зааварлаж эрс эсэргүүцсан байдаг.

1921 оны долоодугаар сарын 8-нд Ардын Түр Засгийн газар, МАН-ын Төв Хорооны удирдлага Богд Жибзундамбад бараалхах үед Ерөнхий сайд Д.Бодоо үг хэлэхдээ “бидний ардын төлөөлөгчдөөс Богд хаан болон олон лам, ноёд та бүхний даалгасан ёсоор Их Орос улсын тусламжийг олж гадаадын харгисыг сөнөөн газар орноо бүрэн бүтэн болгон авав” (Н.Магсаржав 1924, 217) хэмээн онцлон тэмдэглэсэн нь Богд Жибзундамба Монголын хувьсгалчдын үйл ажиллагааг бүр эхнээс нь дэмжиж тэднийг Зөвлөлт Орос Улсаас тусламж ирүүлэхээр зориуд томилон одуулсныг илэрхийлж байна.

 

Хоёр. 1921-1924 ОНЫ БАРИМТЫН АГУУЛГА

1921 оны долдугаар сарын 10-нд Жибзундамба хутагтыг Монгол Улсын төрийн тэргүүн, хэмжээт эрхт хаанаар, Монгол Улсын байнгын Засгийн Газрын Ерөнхий сайд, Гадаад яам, Дотоод яамны сайдаар Д.Бодоо, Пунцагдорж нарыг тус тус томилсноос гадна Д.Лосолыг Монгол улсын Бүх цэргийн лам бөгөөд цэрэг ардыг эмчлэх хорооны даргаа, дилов хутагт Жамсранжавыг Улиастайн сайдаар, Егүзэр хутаг Галсандашийг Зүүн хязгаарын сайдаар, лам Дэмчигийг Танну Тувад суух сайдаар, лам Д.Чагдаржавыг Монгол ардын харилцан туслалцах хоршооны даргаар тус тус томилон ажиллуулж байв.

Ингэж Монголын төр Засгийн дээд албан тушаалтны нэлээд нь лам нар байсан явдал бол Монголын төр шашны талаар маш зохистой бодлого баримталж байсныг нотолж байна. Ер нь 1921-1924 онд, Монголын улс төрийн цор ганц байгууллага болох МАН-ын гишүүнд лам нарыг найман сарын хугацааны орлогчийн хугацааг дамжуулан чөлөөтэй элсүүлж байсан (НТА 1-2-49, 18) ба янз бүрийн албан тушаалд лам нарыг томилж аль нэгэн хүрээ хийдэд байнга шавилдаг лам нарыг цэргийн албанаас чөлөөлж байсан юм.

Гэвч 1922 оны эхээр Ерөнхий сайд ГЯЯ-ны сайд Д.Бодоог албан тушаалаас нь чөлөөлсний дараа Монголын тамгатай арван гурван хутагтын нэг С.Дамдинбазарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон бөгөөд энэ бол тухайн үед Монголын ард түмний дунд бурханы шашин ихээхэн нөлөөтэй байсныг харгалзсан явдалтай шууд холбоотой билээ. Монголчуудын олонх нь шашны гүн итгэл бишрэлтэй байсан тэр үед С.Дамдинбазар улс орны дотоод гадаад байдалд онцгой анхаарч, хүн ардаа эвсэг найртай байхыг удаа дараа ухуулан сэнхрүүлж байлаа. Гэвч тэрээр удалгүй таалал төгссөн бөгөөд түүнээс хойш Зөвлөлт Орос Улс, Коминтерний зүгээс Монголын дотоод хэрэгт ихээхэн эрх мэдэлтэй оролцох болсны улмаас МАН, Ардын Засгийн газраас шашны талаар явуулах бодлого нэлээд хурдацтайгаар өөрчлөгдөж шашин, лам нарын талаар хатуу чанга болгоомжилж цэрвэсэн байр сууринаас хандах болов. Ийм байдал нь 1924 оны тавдугаар сарын 20-нд Богд хааныг таалал төгссөнөөс хойш нилээд хурдасч “шар, хар харгисууд” хэмээх нэр томъёог Коминтерний төлөөлөгч, Бүх цэргийн Зөвлөлийн дарга Э.Д.Ринчино зэрэг хүн байнга ярих болсон юм.

Ийм байдал улам гүнзгийрч, 1924 оны эцсээр хуралдсан Улсын анхдугаар Их Хурлаас баталсан Үндсэн хуульд лам нарыг улс төрд оролцох явдлыг хязгаарлаж, хуралд байнга хурдаг лам нарын сонгох сонгогдох эрхийг бүрмөсөн хассан юм. Энэ нь тухайн үед Монголын нийгэмд шашин лам нар үлэмж нөлөөтэй байсныг огт харгалзахгүй учир эцэстээ улс төрийн сөрөг үр дагаварт хүргэсэн билээ.

 

Гурав. 1925-1928 ОНЫ ҮЕИЙН БАРИМТЫН АГУУЛГА

Энэ үед МАХН, Ардын төрөөс шашны талаар баримталсан бодлого улам бүр сөрөг хандлагатай болж олон үеийн турш үргэлжилсэн хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулдаг уламжлалт зан үйлийг Коминтерн, ЗХУ-ын шууд заавраар хориглосон юм. 1925 онд хуралдсан МАХН-ын IV, V, VI, VII их хурал болон Намын Төв Хорооны тэргүүлэгчид, Улсын II, III, IV их хурал, Улсын хэд хэдэн бага хурлаар шашин лам нарын тухай асуудлыг тусгайлан хэлэлцэж тусгай шийдвэр гаргаж байв. Эдгээрийн заримыг дурдвал 1925 оын дөрөвдүгээр сарын 14-нд “Шашин шүтлэгийн тухай МАХН-ын гол бодлого ба товч тогтоол” хэмээх баримт бичгийг батлан гаргажээ. Энэхүү баримтад дурдсан тоо баримт нь ихээхэн хэтрүүлэгтэй бөгөөд тухайлбал монголын лам хувраг  нарыг тоо 200-аас 250 мянга байх болох бөгөөд тус улсын бүх хүн амын хагас хувь болно (МАХН-ын  1981, 269) гэсэн нь бодит байдалтай огтхон ч нийцдэггүй юм.

1924 оны сүүлч 1925 оны эхний хагаст МАХН, Ардын Засгийн шийдвэрээр бүх тамгатай хутагт нарын шавь буюу хошууг засаг захиргааны нэгжээс хасаж бусад хошуудтай нэгтгэсэн байна. Энэ нь чухам агуулгаараа бол шашныг зугуухан байдлаар хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа байв.

Намын IV хурлын дараахан БНМАУ-ын II их хурал хуралдаж, Богдын хөрөнгийг хурааж хэд хэдэн газар хуваан олгуулах ба жас жаваас албан татвар хурааж байхаар шийдвэрлэсэн байна (БНМАУ-ын 1956, 45). Энэ нь шарын шашныг эдийн засгийн аргаар сулруулахад чиглэсэн бодлогын эхлэл байсан учраас лам хуврагууд эгэл жирийн сүсэгтнүүд жас жавын хөрөнгө, малд татвар ногдуулахыг эсэргүүцэн тэмцэж бослого хөдөлгөөн ч гаргах болсон юм. Гэвч тэрхүү эсэргүүцлийг хүчээр хориглон зогсоож байв.

1925 онд хуралдсан МАХН-ын V их хурал Богд ба бусад хутагт хувилгаадын хойд дүрийг цаашид тодруулах эсэх тухай асуудалд онцгой анхаарч хэлэлцэхэд Ж.Цэвээн зэрэг төлөөлөгч тодорхой санал гаргаж “бид мэтийн бэртэгчин ард мунхаг оюунаар таслан шийтгэхэд бэрх тул эрх биш Далай лам мэтийн дээд газраас лавлаваас зүйтэй болов уу хэмээн санагдана” (МАХН-ын 1981, 121) хэмээснийг бусад төлөөлөгчид дэмжиж “бидний бэртэгчин олон шавь нар махан нүд, мунхаг оюунаар магадлан шийтгэж үл чадах учир Далай ламд айлтгаж лавлах явдлыг шинэ сонгогдох Төв Хорооноо даалгах”-аар шийдвэрлэжээ (МАХН-ын 1981, 206). Намын  V их хурлын дараа үйл ажиллагаагаа эхэлсэн БНМАУ-ын III их хурал Богдын хойд дүрийг тодруулах эсэх талаар намын V их хурлаас гаргасан шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна (БНМАУ-ын 1956, 56).

Гэвч 1927 онд энэ талаар ямар нэгэн тодорхой шийдвэр гараагүй бөгөөд 1928 оны сүүлч 1929 оны эхээр хуралдсан БНМАУ-ын V их хурлаас “Богдын зэрэг хутагт хувилгаадыг залах тодруулах гэхийг бүрмөсөн зогсоох” (БНМАУ-ын 1956, 89) шийдвэр гаргасан юм. Энэ бол бурханы шашны түүхэнд олон зууны турш үргэлжилсээр ирсэн уламжлалыг төрийн эрх барих дээд байгууллагын тогтоолоор хориглосноороо сүсэгтэн олон санваартан лам нарын сэтгэлд сэв суулгаж, төр засгийн бодлогод өргөн олон дургүйцэх сөрөг үр дагавар бий болгосон юм.

 

Дөрөв. 1929-1932 ОНЫ БАРИМТЫН АГУУЛГА

1929-1932 он бол Монгол Улсад зүүнтний хэт хувьсгалч үйл ажиллагаа ид хүчээ авч шашин лам нарын талаар нилээд хүч түрэмгийлсэн шинжтэй бодлогын хүчээр хэрэгжүүлсэн үе юм.

1929 оноос эхлэн Монголын төр засаг, МАХН-аас шашны бүх газрууд оршин тогтнох нэг чухал нөхцөл болсон жасын үйл ажиллагааг олон талаас нь хавчин хязгаарлах болов. Тухайлбал, 1929 оны 11 дүгээр сарын 22-нд Засгийн газраас тогтоол гаргаж жасын мал адуулагчид нь хариуцан авсан малаа чононд идүүлэх, хулгайд алдвал ямар ч тохиолдолд нөхөн төлөх ёсгүй хэмээн шийдвэрлэв (БНМАУ хөрөнгөтний 1956, 91).

Эдгээр шийдвэр нь Жасын мал хэдхэн жилийн дотор эрс хорогдох сөрөг үр дагавар бий болгосон юм. Жишээлбэл, 1927 онд Монголын бүх хүрээ хийдийн нийт мал 3 сая 598 мянга гаруй байсан бол 1930 онд 3 сая 34 мянга, 1933 онд 392 мянга болж дөрөвхөн жилийн дотор 9,1 дахин хорогджээ (Печников 1949, 8).

1929 оны долдугаар сарын 13-нд МАХН-ын Төв Хорооноос тогтоол гаргаж “феодалын хөрөнгө хураах төлөвлөгөөг хянан зөвшөөрсөн” (МАХН-ын 1984, 31) юм. Үүний дараа мөн орны есдүгээр сарын 16-нд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид Засгийн газрын гишүүдийн хамтарсан хурлаас тогтоол гаргаж феодалын хөрөнгө хураахаар шийдвэрлэж, тус комиссын даргаар Х.Чойбалсанг томилжээ (БНМАУ хөрөнгөтний 1956, 79).

Ийнхүү шашныг хавчин устгах гол арга нь эдийн засгийн хөшүүрэг байх ёстой гэсэн чиг шугамыг МАХН, Засгийн газар сонгож авсан байна. Энэ байдлыг гүнзгийрүүлэхэд 1930 оны дөрөвдүгээр сард хуралдсан МАХН-ын VIII их хурал онцгой анхаарч “лам нар ба түүний сурталтан хийгээд эдийн эрхтэй тэмцэх бодлогыг гүйцэтгэх арга замуудыг тодорхойлон явуулах” (МАХН-ын 1984, 47) гэж заав. Тус их хурлын тогтоолд “лам нарын” гэсэн хэсгийг тусгайлан оруулж “лам нарын дээд дунд ангиуд нь ... тус монголын хувьсгалд эдийн засаг ба улс төрийн талаар туйлын тэрслүү ихээхэн хүчин болох нь одоо хүртэл хэвээр байна” гэсэн (МАХН-ын 1984, 72) гэж тэмдэглэжээ.

МАХН-ын VIII их хурлын шийдвэрийг бодит байдал дээр хэрэгжүүлэхэд БНМАУ-ын VI их хурал том үүрэг гүйцэтгэсэн юм. 1930 оны дөрөвдүгээр сард хуралдсан тус хурал шашны асуудалд маш нухацтай хэлэлцэж, 18 нас хүрээгүй хөвгүүдийг шавилан суулгах явлыг хориглов (БНМАУ 1956, 134).

Мөн сүсэгтний итгэл бишрэлийг гутаан доромжлох, лам нарыг хувьсгалын эсэргүү хэрэгт олноор нь баривчлан цаазаар авах, хорих ял ногдуулах өргөл барьцыг хязгаарлах болсон зэрэг нь эгэл жирийн ардаас эхлээд сүсэгтнүүд лам нар нам, төрийн бодлогод эрс дургүйцэж улс орныг бараг бүхэлд нь хамарсан зэвсэгт бослого гарсан ба олон хүн арга буюу эх орноосоо дайжиж харьд цагаачлахад хүргэсэн юм.

Бүрэн бус мэдээгээр бол тухайн үеийн бараг бүх аймгаас 7542 өрх (30 мянга орчим хүн ам) Дундад Иргэн Улс руу дүрвэсэн байна (Монгол 2003, 180).

Монголын улс төрийн байдал ноцтой хурцадсныг Монгол ба ЗХУ, Коминтерний эрх баригчид зориуд анхаарч шат дараалсан хэд хэдэн шуурхай арга хэмжээ авснаар улс орон аажмаар хэвийн байдалд шилжиж эхлэв. Энэхүү шилжилтийн үеийг бүрэн хэрэгжүүлэхэд нам төрөөс баримталсан гол хандлага нь 1921-1928 оны үед нам төрөөс чиглэл болгож байсан үндэсний ардчилсан чиг шугамыг сэргээсэн явдал юм. Үүнийг түүхэн шинэ эргэлтийн бодлого гэж нэрлэдэг.

 

Тав. 1932-1934 ОНЫ ҮЕИЙН БАРИМТЫН АГУУЛГА

Би энэ үеийн эхний хэсгийг 1932-1934 оноор, хоёр дахь хэсгийг 1934-1937 оноор, гурав дахь хэсэг нь буюу сүүлийг 1934-1944 оноор зааглан авч үзэх нь зүйтэй боловч энэ удаад ингэж нарийвчилж амжсангүй. 1932 оны зун эхэлсэн Шинэ эргэлтийн бодлогын нэг тодорхой чиглэл нь шашин лам нарын тухайд зориулагдсан юм. Коминтернээс 1932 оны хавар Монголын тухай гаргасан тогтоолд “хувьсгалын эсэргүү дээд ангийн лам нар лугаа тэмуэх тэмцлийг хоцрогдсон олон түмнийг сүсэг бишрэлийг доромжлох явдлаар сольжээ” (Коминтерн 1996, 395) гэж тэмдэглэсэн нь бодитой юм. Иймээс ч МАХН цаашдаа “шашин шүтлэгийн заншлуудтай хориглох аргаар тэмцэж үл болно” (БНМАУ-ын 1956, 325) гэж үзэж байлаа. Гэвч чухамдаа бол энэ зарчмаа төдий л хайхраагүйгээр үл барам ард олны шүтэх бишрэх эрх чөлөөг хязгаарлах хандлага давамгайлж байлаа. Өөрөөр хэлбэл Шинэ эргэлтийн бодолго эхэлж байх үед нам төрөөс шашны талаар баримтлах бодлого нэлээд эерэг зөв чиглэлтэй мэт байсан боловч үйл явц гүнзгийрэх тутамд уг бодлого сөрөг хандлагатай болж бүх асуудлыг хүч түрж шийдвэрлэх байр суурьт шилжжээ. Энэ нь тухайн үед нам, төрийн дээд байгууллагаас гаргасан баримт бичиг буюу албан ёсны шийдвэрүүдээс тодорхой мэдэгддэг. Жишээ нь 1933 оны арванхоёрдугаар сарын 18-нд Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч хүрээ хийдэд шавилах хүүхдийн тоог 18 насаар хязгаарлав.

1934 онд хуралдсан МАХН-ын IX их хурал шашны эсрэг довтолгооныг эрс эрчимжүүлэх шийдвэр гаргасан бөгөөд үүнийг мөн онд хуралдсан Улсын VII их хурал улам гүнзгийрүүлж “төрөөс шашныг тусгаарлах тухай” хууль батлав. Уг хуульд “ард түмний сүсэг бишрэлийг санаатайгаар ашиглаж” “ард түмнийг хутган үймүүлэх зорилгоор хууран мэхлэх, цуу үг тараах” аваас “хүндэд цээрлүүлэн шийтгэнэ” (БНМАУ хөрөнгөтний 1956, 103) гэсэн заасан нь 1932 оноос буюу Шинэ эргэлтийн бодлогоос хойш ч төр засаг шашны тухайд баримталсан бодлого доголдолтой байсныг засаж залруулахад чиглэжээ.

1936 оны хоёрдугаар сарын 13-нд Улсын Бага хурал Засгийн Газрын хамтарсан хуралаар уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хүрээ хийдэд шавилж буй 18 нас хүрээгүй хөвгүүдийг ар гэрт нь эгүүлэн татвал зохино. Хэрэв хийдэд үргэлжлэн сууж байвал тэднийг лам гэж тооцохгүй болгожээ. 18-аас дээш насны хөвгүүдтэй айл хүүхдээ лам болгохыг зөвшөөрсөн боловч нилээд чанд болзол тогтоосон байна. Үүнд: гурав буюу түүнээс дээш хөвгүүдтэй айл нэг хүүгээ лам болгон шавилуулж болно. Тийм хүүхдийг цэргийн албанаас чөлөөлөх боловч цэргийн тусгай татвар төлнө. Үүнээс гадна хэрэв шаардлага гарвал эдгээр лам нарыг цэрэгт татаж болно. Харин гурав үл хүрэх хүүтэй айл бол нэг ч хүүхдээ лам болгохыг хоригложээ (БНМАУ хөрөнгөтний 1956, 113-114).

МАХН, Ардын төр 1934-1937 онд шашин лам нарын талаар явуулсан бодлогын гол агуулга нь шашныг мөхөөхөд бүрэн чиглэж үүнийг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн хөшүүргийг гол болгосон юм. Бодит ашиг орлогоос хэт өндөр албан татварт сөхөрсөн бүх хүрээ хийд 1937 оны эцэс гэхэд үндсэндээ үйл ажиллагаагаа зогсоож, лам нар харын дансанд шилжсэн байна.

1937 оноос буюу улс төрийн хэлмэгдүүлэлт ид оргилдоо хүрсэн үеэс 1939 оныг дуусталх хугацаанд баривчлагдсан лам нарын тоо бол тун тодорхойгүй бөгөөд янз бүрийн сурвалжид байгаа мэдээ нь өөр өөр боловч ерөнхийдөө ойролцоо байдаг. Миний эргэцүүлж байгаагаар бол доктор Д.Өлзийбаатарын бүтээлд хэвлүүлсэн тоог нэлээд магадлалтай мэт.

Түүний бичснээр бол, 1937-1939 онд 17454 ламыг хувьсгалын эсэргүү хэрэгт баривчилж, 14201 буюу 82,4 хувийг цаазаар авч 3751 буюу 11,5  хувийг арван жилээр зөвхөн 2 ламыг (0,1%) арваас доош жилээр ялласан байна. (Д.Өлзийбаатар 2004, 274)

Үүнээс гадна 1939 оны тавдугаар сарын 8-нд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дараг Лувсаншарав, Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайд маршал Х.Чойбалсан нарт Шашны хэрэг эрхлэх газрын орлогч дарга тохинуулагч Баярсайханаас бичсэн илтгэх рапортад дурдсан мэдээнээс үзвэл 1937 онд баривчилсан лам нар 1689, үүнээс 1548 буюу 81,7 хувь нь цаазлуулж 141 нь хорих ял шийтгүүлсэн ба 1938 онд 15268 лам баривчилж 12103 буюу 80,3 хувийг цаазалж, 1365-ыг нь хорих ялаар, 1939 онд 47 лам баривчилсны 31 буюу 76 хувийг цаазалж, 16-г нь хорих ялаар шийтгэжээ. Гэхдээ энэ бол 1922 оноос 1940 өөд оны дунд үе хүртэл ял шийтгэл хүлээсэн бүх лам нарын тоо биш юм. Энэ талаар нэхэн судалж нэгдсэн дүн мэдээ гараагүй болохоор дурдан буй хугацаанд чухам хэдэн лам хилс ташаа хэргээр амиа алдсан нь одоогоор мэдэгдэхгүй байна. Иймд энэ талаар цаашид нарийвчилсан судалгаа хийх зайлшгүй шаардлага байгааг энэ дашрамд тэмдэглэе.

Баримт сурвалжаас ажиглахад МАХН, Монголын төрөөс шашныг устган мөхөөхийн тулд хуулийн хүчирхийлэл, санхүүгийн дарамтаас гадна зарим нөлөө бүхий томоохон хүрээ хийдийг оршиж буй нутгаас албадан нүүлгэх шийдвэр гаргасан нь тэднийг үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй болгосон юм. Жишээлбэл, Егүзэрийн хийд, Амарбуянтын хүрээ зэрэг 16 хүрээ хийдийг хилийн бүсээс дотогшлуулах нэрийдлээр албадан нүүлгэснээс хойш дахин хурал номоо хураагүй ажээ. Мөн Гандантэгчинлин хийд, Голын цагаан сүм, Дэчин галбан хийд, Очирдарын сүмийн үйл ажиллагааг хориглон зогсоосны дараа барилга эд хөрөнгийг нь улсын өмчид хурааж, зарим дуган сүмийг Монголд байрлаж байсан ЗХУ-ын улаан цэргийн эзэмшилд ямар ч хөлсгүйгээр эзэмшүүлсэн байна.

Ингэж олон зууны турш шашинд итгэж биширч сүсэглэж байсан монголчууд 1937 оны эцэс болоход мөргөлийн ганц ч дугангүй болж, нийгмийн бүтцэд тодорхой хувь эзэлж байсан 100 мянга гаруй лам нарын нэлээд нь цаазлуулж, нэг хэсэг нь шорон гянданд хугацаа нь тодорхойгүй ял эдэлж, үлдсэн нь харын дансанд бүртгүүлж иргэний байдалд шилжсэн юм. Нам, Монголын төр 1921 оноос эхлэн ЗХУ, Коминтерний тулгалт шахалтад автаж шашны талаар туйлын буруу бодлого хэрэгжүүлсэн нь өнгөрсөн зуунд Монголын түүхнээ тохиосон аймшигтай, эмгэнэлтэй тохиолдол байлаа.

Мөн 1944 оны есдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 1940 онд батлагдсан Үндсэн хуулийн 71 дүгээр зүйлд өөрчлөлт оруулж хурлын лам нар ба урьд өндөр зэрэг мяндаг тушаалтай байсан лам нарт сонгуулийн эрх олгосон юм. (Монгол 2004, 162). Энэ шийдвэр бол шашин лам нарын тухайд Монголын төрөөс баримтлан хэрэгжүүлсэн бодлогод хамгийн эерэгт тооцох боломж бүхий баримт билээ.

Дээр өгүүлснээ дүгнэж хэлэхэд Нам, төр 1921-1944 онд шашны талаар хэрэгжүүлсэн бодлого бол зөвхөн ганц зорилго буюу шашныг мөхөөхөд чиглэж маш тодорхой дарааллын дагуу хэрэгжсэн нь дурдан буй хугацаанд үйлдсэн баримт сурвалжаар эргэлзээгүй нотлогдож байна. Монгол Улсад шашны үйл ажиллагааг бүрмөсөн хориглосон нь хэд хэдэн сөрөг үр дагавар бий болгосон юм. Тухайлбал соёлын асар их өв үрэн таран болж, үлэмж хэмжээний мал хөрөнгө талаар үрэгдэж манай улсын ард иргэд галт зэвсэг барин өвөр зуураа дайтаж олон хүн амь насаа алдсан юм. Хамгийн аймшигтай нь ямар ч гэм зэмгүй хэдэн мянган лам санваартанд улс төрийн хилс хэрэг тулган хүлээлгэж егүүтгэсэн явдал юм.

Энэ бүхэн бол зөвхөн болж өнгөрсөн түүх бус цаашид ийм бурангуй хийрхэл дахин давтагдахаас болгоомжлох их сургамж болж байгааг эцэст нь тэмдэглэе.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04