Мал хүний боддоггүйг боддог, боддогийг ч боддог, хүний сэтгэлийг сайн ойлгодог, хүний хэл маш сайн мэддэг

2017-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

(Малчиддаа: дугтуйлаагүй захидал)

Д.УРИАНХАЙ

(“Монголын философийн холбоо”-ны тэргүүлэгч гишүүн)

Түмэн буянт малчдынхаа амар амгаланг эрж элэг даран мэхиймүү!

Мал, хүний хайр үргэлж булаасан их сайхан, зарим нэг муухай, “нүглийн тулам” хүмүүсээс ч хавьгүй сайхан, зарим муйхар мулгуу нэгнээс хавьгүй ухаантай амьтад гэж бодсоор өвгөрч явна, би! Бурханы хайраас төрдөг хүнийг муу муухайгаар нь, мулгуу мунхагаар нь дуудах том нүгэл л болох байх, гэхдээ л, хувьдаа үнэхээр л боддогоо хэлж нүгэл хураахаас яах вэ, арай ч тамд уначихалгүй шиг үлдчих байгаа, хайрхан! гэж бодоод хэлний нүгэл үйлдчихлээ.

Үл өгүүлэн өгүүлэх нь:

Мал сүрэг маань зах зээлийн жилүүдэд их өслөө, ашгүй! Тэгэхдээ, энэ өсөлт гол нь, мал “хувийн өмч” болж хувьчлагдсанаар ч бус, өнөөгийн ихэнхи “онолчид”-ын ухуулдагаар, “Мал эзэндээ очсон”-оор ч бус (“Нийгмийн өмч” байсан таван толгой гуч шахам сая малыг эзэд нь бус “амьгүй албат”, “үхдэлүүд” хариулж байгаагүй!), “Нэгдлийн мал” гэдэг “ялтай мал” (өнөөгийн “онолчид”-ын ойлгодогоор!) Ялгүй мал болж“эрх чөлөө”-тэй майлж, мөөрөлдөж, унгалдаж, буйлж чадах “жаргалтай” болсоноор ч бус, ганц хоёрхон шалтгаанаар, тухайлбал, мал, махны хэт их хэмжээний экспорт эрс багассанаар, хоёрт, хүн хичнээн баян тансаг амьдралтай, хичнээн аварга “боловсруулагч” ходоодтой ч бай, өдөрт бүтэн ирэг, бүхэл шарын мах идэж чадах боломж байгалиас өгөгдөөгүйн ачаар мал сүрэг ингэж гэнэт өссөн хэрэг. Өөр нэг үнэмлэхүй шалгаан бий! Түүн рүү хэдхэн өгүүлбэрийн дараа шилжье.

Өнгөрсөн жилийн мал тооллогоор Монголын маань мал сүрэг тавь гаруй сая тоо толгойд хүрчээ.Тэнгэр хангай муухай аашлахдаа аашилж, хатуу хахир ган, зуд тохиохдоо тохиосон ч мал сүрэг маань хорогдохдоо хорогдож, өсөж үржихдээ үржсээр ийм их тоо толгойд хүрсэн нь хоногийн дийлэнхэд гадаа шогшиж, хээр хэнзэрч, борив бохисхийх зав зай хомстойхон сар жилийг улираадаг “Хүний хайлан” хэдэн малчдын минь баатарлаг хөдөлмөрийн ач гавьяа юм даа, чухам даа! Ийн бахдан баярлахуй, хэлэх сайхан үгсийг монгол хэлнийхээ арвин сангаас уудлаад хэлчихэж чадахгүй мунгинаж, энэ удаад их л сандарч суунам.

Хүний жаргалд олон л юм хэрэгтэй байх, НҮБ-ын тоо баримтад дурьдснаар, хүний амьдралыг төгс төгөлдөр, дээдийн аз жаргалтай үргэлжлүүлэхэд арав гаруй сая нэр төрлийн бараа таваар хэрэгтэй гэсэн байна лээ, ухаан гүйцсэн судлаачид, шинжлэх ухааны эрдэмтдийн тооцоолж гаргасан тоо биз, гэхдээ л, хүний амьдралын философи утга агуулгыг арай л “материйн, түвшин”-д ойлгон тооцсон болов уу даа, харла, сайн мэдэхгүй! Угтаа бол, хүн жаргалтайяа, жаргалтайяа амьдраад үхэхэд чухал хэрэгтэй юмсыг хэрэв онцгойлвол, цөөхөн юманд багтаад хураагдчихна. Нэгд, “минийх!” гэж хайрлах эх оронтой, тусгаар бүрэн эрхэт төртэй, эрхтэн бие өвчин зовиур өчүүхэнтэй, эзэмшсэн эрдэм,эрхэлсэн бүтээлч хөдөлмөртэй, элэг бүтэн өнө аж төрөх л жаргалын манлай шүү дээ.

Үл өгүүлэн өгүүлэх нь:

Түмэн буянт, тэнгэр заяат малчид минь ээ, гүнээ хүндэтгэлт та нартаа би хөдөө билчээрээр явж байхдаа харсан амьдралаасаа хоёр гуравхан санааг дашлуулмаар эрхгүй санагдаад энэ захидлыг эхэлсэн юмаа, тэгтэл, элдвийг чалчаад илүү зөндөөг эрээччихлээ, уг нь би эрхэм сайхан, бурхан үйл бүтээн амьдрагч Та олондоо юу гүнээ хүсмээр, юу захимаар (өвгөнөтгөннасныэрэмбээр!) байна вэ? гэхүл, анхдугаарт, та нар минь мал сүрэгээ хээр билчээрт хариулж явахдаа хуучин муусайн хувцасаа битгий өмсөж малаа хариулж байгаарай, баяр ёслол, урлагийн үзвэр, олон хөлийн найр наадамд очих гэж явж байгаатайгаа л адил, тэгж явж байхдаа өмсөж гангардаг гоё сайхан хувцаснуудаасаа аль нэгийг нь өмсөөд мал сүрэгээ билчээр усандаа хариулж явбал их зүйтэй, их сайхан харагдах юм шиг санагддаг шүү. Хүүхээд! Малчин ард малаа хариулж явна гэдэг чинь төрийн сайд хүн сайдын ажил албаа гүйцэтгэхээр албан өрөө, тасалгаандаа орж ирж байгаатай утга чанар нэг шүү дээ! Билчээрт сүргээ хариулж яваа монгол малчдыг хүмүүс хараад, хэн нь ч бай, гадаад, дотоодын иргэд, жуулчид, аян талаар яваа дарга, цэрэг, сэтгүүлч, зохиолч, эрдэмтэд шинжээчид аль нь ч бай, хээр хөдөө, хангай говийн нар салхинд мал сүргийн тань дэргээд та нартай минь тааралдаж уулзаад, “Монголын малчид ямар хийморьлог, өлчир чийрэг, гоё сайхан хүмүүс вэ? Монголчууд гэгч ямар их гэрэл гэгээтэй, золбоо жавхаатай, тэнгэрлэг хүмүүс вэ? гэж атаархан, бас бахархан харна даа! гэж бодсондоо ингэж захиж байгаа ухаантай юм шүү! Хүний чанар төгөлдөр малчин хүн бол “мал” нэртэй үг хэлгүй, ухаан ухваргүй адгуус хариулж, өсгөж байгаа хүмүүс огт бус, буян өгөөмөр амьтадыг монгол нутгийн өвс ургамалын шим, усны тунгалагт араасаа дагуулж, араас нь дагаж, хажуугаас нь хамгаалан хүргэж энэ хойт насныхаа буяны бумбыг дүүргэж яваа “мал аж ахуйн шинжлэх ухаан”-ы гарамгай эрдэмтэд, судлаачид яалт ч үгүй мөнөөр барахгүй та нарын минь нинжин сэтгэл, хараа хурц нүд, ариун биеийн сайнаар өсөн төлжиж Монголоо тэжээдэг мал сүрэг тань болбоос жинхэнэ буяны амрида далай юмаа. Бурханы номын ёсонд, энгийн үгээр хэлбэл, “Буяны хууль” гэж хэлэхээр утга агуулгатай ёс буй. Энэ “хууль”-иар буян тогтох нөхцөл нь, эхэнд, өглөг бөгөөд өглөгийн эзэн нь өгсөн өглөгөө санах бус ор тас мартах, өглөгөндөө харамж санахыг огт мэдэхгүй байх ёстой, эцэст нь, хэнд, юунд, ямар тус буян үйлдсэнээ өөрөө бас мэдэхгүй үлдэх ёстой юм. Бурхадаас тогтоосон “буяны хууль” чухамдаа ийм, ийм энгийн, ийм их хол, гүн учир жанцантай хатуу, чанд хууль юм. Энэ “хууль”-ийг баримталбал, “Мал” хэмээгдэгч “жандагын эзэд” л ерөөсөө уг хуулийг жинхэнэ ёсоор нь гүйцэлдүүлэгч “гавьяат хэрэгжүүлэгчид”, тэд л өнөөх “мэдэхгүй байх ёстой" бүгдийг үнэхээр үл мэдэгч буянтан, тэгэхдээ харин, хүний сэтгэл, хүний үг хэлийг гаргуун сайн мэддэгээрээ малыг “мах” гэж хардаг дамшигуудаас хавьгүй ухаантай “дээд амьтад” гэхэд дэгэсдээд хэн нэг нь нүүр, нүд рүү минь нулимаад унахгүй байх гэж бодном.

Цаашлаад хүсэхэд, нэгэн чухал юм байгаа нь, малч эзэд хариулж яваа мал сүрэгээ яг л “өлгийтэй хүүхэд”-ээ мэт санахаас өөрөөр санадаггүй нь аргагүй, өлгийтэй хүүхэд биеэ тавгүйтэхэд уйлдаг шиг мал ч бас бие хаагаа, эсвэл, сэрэл, сэрэхүйн орноо тавгүйтэхээр, эсвэл, ижил сүргээ үгүйлэн гансрахаараа, төл нь эхээ санан өнчрөсхийхээрээ майлах нь майлж, мөөрөх нь мөөрч, буйлах нь буйлж, үүрсэн унгалдах нь үүрсэн янцгааж сэтгэл хирдхийлгэдэг. Уйлж хэвтээ өлгийтэй хүүхэд ижийгээ уянгалаг сайханаар бүүвэйлээд өгөхөөр дорхноо тайвширч тайтгараад нам унтаад өгдөг.Дуунд тийм увидас хүч, амьтан юуг ч амуулах халуун эрчим хурсан байдаг. Малчид хээр билчээрт сүргийнхээ дэргэд амгалан тайван, аз жаргалтайяа суугаад ардынхаа уртын дууг болон богино сайхан дууг чадах чадахаараа мал сүрэгтээ дуулж өгдөг байваас мал сүргийн “далд ухамсар” (парапсихологи шинжлэх ухааны нэр томъёогоор), мэдрэхүй, амьд амьтаныхаа баяр, зөнгөөрөө дамжуулан амар амгалан, тавтай талбиун жаргалын мэдрэмжинд автаж их тайван тухлаг, налгар намуун идээшилж тарга тэвээрэг гүйцэд авна. Мал, эзэн хоёрын хооронд маш халуун элгэмсэг, дотно ойр харилцааны “чинад гүйдэл” гүйх үр, үндэс үүснэ. Энэ амьд “гүйдэл” бол тэдний хоорондын далд гүн итгэлцэл, ханьсал, зөн совингийн түвшин дэх ойлголцолын хэл юм. Малч эзэд мал сүрэгтээ “Уяхан замбуу тивийн нар”-аа дуулах ч юмуу, “Сэрүүн сайхан хангай”-г исгэрэх, “Баян сүрэг”-ийг лимбэдэж суухыг сурвал хүний “дотоод хөгжил”-ийн л соёл болохоос гиюүрэл, хоцрогдол огт бусыг нийгэм ч ойлгодог болох нь холгүй шүү!Хөдөө нутгаар ойр зуур явж байхдаа харахнаа, малчид маань энд тэндгүй л мал сүргээ машин, мотоциклээр хариулж, хурааж явдаг болжээ. Энэ, харин, соёл, хөгжил ер биш, залхуурал, зэрлэгшил!

Баярхал, бахархал ер биш, инээдтэй” шог үзэгдэл”, аль нэг малчин хүний сэтгэл, ухаан хоёрын нь “хам хомсдол”-ын шинж шүү! Нүдэнд их муухай харагддаг, ялангуяа адуун сүргээ тэрэг, техникээр хөөж яваа үзэгдэх нь муухайгаас муухай, хачин эвгүй, сэтгэл жийрхэм ёозгүй, адуучин эзэн нь адуугаа тууж яваа бус, эрлэг, зэтгэр л адуу морьдын нь амийг тасалж арьс махыг нь зулгаахаар элдэж явах мэт харагдаад нүд дальдраадаг. Монгол улс яаж үйлдвэржиж хөгжлөө ч малчин ард нь мал сүргээ хариулахдаа морио л унаад, эсвэл, явган гүйгээд ч юмуу, монгол хүн  шиг хариулж, оройн хүүшээр хот хороо руугаа “Хаа-йя! ”, “Хөж!”,”Чаа-чүү!” гэжчимээ өгөн дөхүүлж явах нь мал сүргээ ч баярлуулна, эргэн тойрон чагнаархах уул, овоо, гол ус, тэнгэр сахиусдаа ч баярлуулна, гэрийнхээ хойморт, гал голомтоо даатган тахьсан Бурхад шүтээнүүдээ ч баясган үл чавчин ширтэх мэлмийд нь ч “цагаа унагалгүй” зөв сайхан амьдрахын үүдтэй байх юм. Малчид унаа тэрэг хөлөглөхдөө зөвхөн яаруу сандруу ажилд л хөлөглөж засмал цардмал замаар сүүгүүлэхээс бус хээр билчээр рүү малынхаа араас явахдаа тэрэг техник хэрэглэж аглаг зэрлэг ургаастай цэцэг ногооныхоо иш, навчийг арзгар сэрзгэр дөрвөн дугуйгаар нь дайруулж бүү өвтгөөсэй, өмхий хар утаа, бензин шатахууны нь харь гаж үнэрээр бүү утаж гундаагаасай, онгон дагшин орон газрынхаа лус, савдагийг бүү айлгаж цочоогоосой, бүү уурлуулж хилэгнүүлээсэй! гэсэн нэг бодол үргэлж л толгойд минь зууралдаатай зовоохиймаа, чааваас! Өвс ногоо гэдэг хүмүүс биднээс тийм ч тоймгүй ихээр ялгарах ялгаагүй, хүний л бие махбодтой адил өвдөж ёолдог бие махбодтой, хүүхэд мэт цочимтгой сэрэмтгий чанартай, хүний л эдэлдэг зовлонтой ав адил зовлонтой, эдэлдэг жаргалтай нь адил жаргалтай, хүн хүндээ гомддог шиг тэд бас хүнд гомддог, хүн хүндээ баярладаг шиг тэд ч аанай хүмүүст баярладаг мэдрэмжтэй байдаг, харин тэдэнд байдаг цөөхөн ялгаанаас хэд нь, -хүний цус улаан, өвс ургамалын “цус” ногоон, хүн аль ч улиралд төрөх нь төрж, үхэх нь үхдэг бол монгол нутгийн хөрс шороонд үндэстэй өвс ургамал зөвхөн намар, өвөлд хагдран хатаж хавар хаварт ургаж амилдаг, хүн мах идэж шөлийг нь ууж амьдардаг бол өвс ургамал малд идүүлж шим шүүсээрээ ундаалж амьдардаг, хүмүүс бид л мэддэггүй, хэзээ ч сонсдоггүй болохоос, өвс ногоо их чанга дуулж, их чанга уйлдаг, билчээрт мал сүрэгийн аманд орохдоо, намар хадлан тэжээлд хадуулж унахдаа их баярлан инээдэг, яг л хүүхэд шиг инээлдэж хөхрөлддөг.

            Олон үгний эцэст, ухаант  мэргэн монгол малчдаасаа нэгийг аргадан гуйхад, та нар минь улс нийтийн наадам цэнгэл, баяр ёслолын өдрүүдээр хот, суурин төвүүд рүү хонь малаа зарахаар хөлхөн ирэхдээ хөөрхий тэр амьтадаа амьдаар нь битгий ачиж авчирч байгаасай даа, өөр өөрсдийнхөө нутаг голдоо муулаад гулууз махыг нь, дээр нь толгой, шийр, гэдэс доторыг нь дагалдуулахаар бол зулам угааж арилгаад нойтон улаан арьсанд нь боогоод зах зээлийн газар арилжиж зогсдог болоосой доо, хотныхоо хонийг өвс билчээр, гол уснаас нь салгаад хот, суурины улаан халцгай хөрс, хахир ёвор гахиур зам дээр нүдийг нь бүлтэгнүүлэн хашаад хэд хичнээн өдөр аманд нь хүргэх өвс ч үгүй, ус ч үгүй харангасгаад “нүдэн балай, чихэн дүлий” зовоож зовоож эцэст нь сая нэг юм голыг нь гогдуулахыг харах аймшигтай, харгис муухай, өмнөөс нь үхмээр өрөвдөлтэй санагдаад сэтгэл их тамлагдах юм даа, яагууштай ч юм бэ дээ, бүү мэд, сэтгэл хий өвдөхдөө л ийн гуйж сууна даа!..

            За зөндөө дэмийг нуршиж хайран, завгүй цагаас тань хороочихлоо, өршөөл эрэе!

            Монголын минь малчин үрс маш олон болох болтугай, ажил хөдөлмөрийнхөө гайхамшиг, аз жаргалынхаа ариун сайханаар дэлхийд үлгэрлэх болтугай!

            Дор мэхийн ёсолсон: “Бодь сэтгэл, эв хамт ёс”- “Ганцаарчилсан хөдөлгөөн”.

2017.08.13-26.

Завхан аймаг, Идэр сум-Улаанбаатар, Туулын хөндий

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

Уржигдар 14 цаг 21 мин
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

Уржигдар 13 цаг 35 мин
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Уржигдар 10 цаг 50 мин
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

Уржигдар 06 цаг 00 мин
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

Уржигдар 06 цаг 00 мин
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

Уржигдар 06 цаг 00 мин
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

2025-06-04