
Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний түүхэнд салааны захирагчаас-хорооны захирагч, мэргэжилтнээс-ЗХЖШ-ын орлогч дарга, БХЯ-ны газрын даргаас-Төрийн нарийн бичгийн дарга, анхлан сонсогч, удаад нь факультетын орлогч дарга, хожим нь Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирал зэрэг өндөр хариуцлагатай албанд шат дараалан томилогдож, 40 гаруй жилийн бүтээлч хөдөлмөрөө зориулж яваа төр, түмэндээ хүндлэгдсэн хошууч генерал Ядмаагийн Чойжамцын тухай нийтлэл бичих санааг олон жил сэтгэлдээ тээж, өдгөө бодит биелэл болж буйд ихэд билэгшээж суунам.
“Хүн өөрөө насан туршийн амьдралаа бүтээдэг” гэлцдэг. Тэгвэл эрдэм мэдлэгийн охийг далай мэт хүртэж, өөрийн эх орондоо төдийгүй, дэлхийн хөгжилтэй улсуудад олон шатны сургууль, дамжааг төгсч, хэдэн арваар тоологдох олон улсын уулзалт, зөвлөлгөөнд хамрагдаж, 50 гаруй орны их, дээд сургуулийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж амжсан түүний бахархам амжилтыг эвдсэн онцгой албан тушаалтан одоогоор үгүй гэдэгт эргэлзэх юун билээ.
Түүний амжилт бүхний цаана, өнөөгийн сайн сайхан амьдралыг цогцлоож яваа эрхэм хүн нь, насан туршийн түшиг тулгуур, халамжит хань нь багадаа нэг ангид ижилдэн дассан Говь Алтай аймгийн Тонхил сумын харьяат Цэрэнгийн Цэенбадам билээ. Тиймээс Чойжамц генерал нэгэнтээ “Цэргийн бидний гэр бүл гэдэг нь бүхэл биений тал нь байдаг бөгөөд өндөр хариуцлагатай албанд олон жил зүтгэж буй миний амар тайван ажилдаа зүтгэх, ар гэртээ санаа зовохгүй байх нөхцлийг сайтар бүрдүүлж, амьдралын бүхий л ачааг үүрч яваа юугаар сольшгүй, үнэлж барамгүй их гавьяатан нь хань минь билээ” гэж бахархал дүүрэн өгүүлж, бас чиг цэргийн дарга хүнээс гарамгүй мэлтэлзсэн нулимс дуслуулж байсан нь түүний нинжин сэтгэлийн илэрхийлэл, хүн чанарын төгс цогцлол байлаа.
Тэднийх 4 хүүхэд төрүүлж өсгөсөн ба бага хүү Ч.Ариунбат нь АНУ-д эдийн засгийн мэргэжил эзэмшсэн бөгөөд аавынхаа мэргэжлийг өвлөхөөр шийдэн Япон улсад Батлан хамгаалахын их сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр суралцсан ба өдгөө Зэвсэгт хүчний 189 дүгээр ангид дэслэгч цолтой ажиллахын хамт энэ мөчид Судан улсад энхийг сахиулах үйлсэд зүтгэж яваа юм билээ.
Үнэхээр бахдам түүх, баялаг намтар, онцлох гавьяатай эрхэм генералын амьдрал, үйл ажиллагааны нэгээхэн хэсгээс энэхүү нийтлэлдээ бичиж, уншигч тантай санал солилцохыг зорьсон минь энэ билээ.
Эрдмийн далайгаас сувд шүүрсэн он жилүүд
Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул тэрбээр Алтай хотын 10 жилийн сургууль, Нийслэлийн 28 дугаар дунд сургуульд суралцаж, 1978 онд Цэргийн Ерөнхий дээд сургуулийн Ерөнхий цэргийн командын ангийг төгсч байсан тэрбээр 1988 онд ЗХУ-д М.Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академийг, дараа нь 2007 онд АНУ-ын Зэвсэгт хүчний Аж үйлдвэрийн коллежийг төгссөн бөгөөд орос, англи, герман хэлийг гаргууд эзэмшсэн болохоор түүнийг өнөө цагийн өндөр боловсролтой генералын тоонд зүй ёсоор тооцох нь тодорхой.
Тэрчлэн АНУ-ын Батлан хамгаалахын хэлний институт, Батлан хамгаалахын нөөцийн менежментийн институт, Англи улсад Энхийг сахиулахын дамжаа, Итали улсад Олон улсын хүмүүнлэгийн хуулийн институт, АНУ-д Терроризмтай тэмцэх удирдлагын дамжаа зэрэг олон удаагийн сургалтад хамрагдсан түүнийг эрдэм мэдлэгийн оргилд хүрсэн эрхэм генерал хэмээн хүндлэхэд хүргэсэн юм. Түүнчлэн цэргийн ухааны болон нөөцийн стратегийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалж, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн профессор хэмээх эрхэм цол хүртсэн нь дээрх амжилтыг улам бүр тодотгож байгаа хэрэг.
Амжилтаар жигүүрлэсэн он жилүүд
Я.Чойжамц 1978 онд ЦЕДС-ийг төгсч, “офицеруудын хээрийн академи” хэмээн хүндлэгдсэн Зүүнбаянгаас ажлын гараагаа эхэлснээр улс орныхоо аюулгүй байдлыг хангах, түүний дотор батлан хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэж, цэргийн шинэчлэлийн үйл явцыг эхлүүлэх, хэрэгжүүлэх, амжилтад хүргэхэд өөрийн бүхий л мэдлэг, чадвар, туршлагаа дайчлан ажилласан манай чадварлаг удирдах ажилтны нэг юм. Тэрээр Зэвсэгт хүчний ангиудад салааны захирагчаас хорооны захирагч хүртэлх бүхий л албан тушаалд шат дараалан дэвшин ажилласан бөгөөд түүний ажилласан байгууллага, нэгж, салбар бүрт ажлын амжилт, хамт олны бүтээлч хөдөлмөр, идэвх зүтгэл өрнүүн ундарч байсныг гэрчлэх хүн олон.
Шижигнэсэн залуу офицерын анхны томилолт нь тагнуулын салааны захирагчийн ажил байсан агаад хариуцсан цэргийн алба хаагчдыг гүйцэтгэх үүрэгт нь сурган дадлагажуулах, цэргийн дэг журамд дасгах, зэвсэглэл, техникийн бэлэн байдлыг хангах, ахуй хангалтыг нь зохицуулах зэрэг олон асуудалд санаа тавих шаардлага тулгарсан юм. Тэрээр 1979 оны хавар явагдсан Монгол-Зөвлөлтийн цэргийн хамтарсан сургуулийн үеэр командлалаас тавигдсан үүргийг нэр төртэй биелүүлснээр ердөө 8 сарын дараа хугацаанаас өмнө ахлах дэслэгч цолоор шагнагдсан нь ховор завшаан бөгөөд түүний амжилтын илэрхийлэл болж, ихээхэн урам өгсөн гэдэг.
Ажлын амжилт дүүрэн байсан ахлах дэслэгч Я.Чойжамц шинээр байгуулагдсан Тагнуулын тусгай батальоны ротын захирагчаар дэвшин томилогдож, уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд жил гаруй хугацаанд 169 дүгээр ангид тагнуулын даргаар, удалгүй 1982 оноос Зэвсэгт хүчний 131 дүгээр ангид мотобуудлагын батальоны захирагчаар дэвшин ажилласан нь түүний удирдах арга барилд дадлагажих, офицеруудтай ажиллах арга зүйг эзэмшихэд томоохон сургууль болсон юм.
Энэ үед сургалт бэлтгэлийн дээд шалгуур болсон БХЯ-ны сайдын нэрэмжит шалгалтаар хариуцсан батальоныг сайн дүнтэй шалгуулж, “Ардын армийн тэргүүний батальон”-оор тодруулсан түүнийг 1984 онд ЗХУ-ын нийслэл Москва хотноо М.Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн академид суралцуулсан ба сургуулиа амжилт дүүрэн, улаан дипломтой төгссөнөөр Ардын армийн 169 дүгээр ангид захирагчаар томилогдсон нь захиргааны ажлын шинэ түвшинд хүчээ сорих боломжийг олгосон юм. Тэрээр хариуцсан ангийн сургалт бэлтгэлийн чанарыг дээшлүүлэх, цэргийн сахилгыг бэхжүүлэх, анги, хотхоныг тохижуулах, соёл хүмүүжлийн ажлын чанар, үр нөлөө, бие бүрэлдэхүүний алба хаах нөхцлийг сайжруулах чиглэлээр бодит ажлуудыг үлгэр жишээ гүйцэтгэснээр өнөөдөр бахархаж яваа нь зүйн хэрэг бизээ.
Ийнхүү түүний ажлын амжилт бүхэн алдар цол, албан тушаалын илэрхийлэл байж, салааны захирагчаас хорооны захирагч хүртэлх бүхий л албан тушаалд томилогдон ажилласан он жилүүд байсныг эрхэм уншигч танд хүргэх байгаадаа бахархал дүүрэн байгаа минь энэ билээ.
ЗХЖШ-т ажилласан он жилүүд
Хошууч генерал Я.Чойжамц 1990 оноос цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагад мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр үр бүтээлтэй ажиллаж, улмаар ЗХЖШ-ын орлогч, Энхийг дэмжих, хамтын ажиллагааны газрын дарга, ЗХЖШ-ын дэд даргаар тус тус дэвшин ажилласан юм. Тэрээр энэ хугацаанд Зэвсэгт хүчнийг шинэчлэх, түүнийг гүйцэтгэх үүрэгт нь бэлтгэх, цэргийн баг, бүрэлдэхүүнийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах эрх зүйн үндсийг боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр мэдлэг, оюунаа дайчлан ажилласнаар тэдгээрийн эрх зүй, бодлогын үндэс бүрэлдэн тогтож, төр, засгийн дээд түвшинд дэмжлэг авч чадсан юм.
Чойжамц генерал тухайн үеийн БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүнтэй сэтгэл нэгтэй ажиллаж, Зэвсэгт хүчний цэргийн багийг “Иракийн эрх чөлөө” олон улсын цэргийн ажиллагаа, “Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаа, НАТО-ийн Аюулгүй байдлыг хангах хүчний ажиллагаа болон Сьерра Леон улсад НҮБ-аас явуулсан энхийг сахиулах ажиллагаа, Хойд Суданы Дарфур дахь НҮБ-ын хоёрдугаар шатны эмнэлгийн ажиллагаанд оролцуулах асуудлыг хэрэгжүүлэх талаар холбогдох олон улсын байгууллага, гадаадын орнуудын цэргийн удирдлагын байгууллагуудтай тохиролцох, уг асуудлуудын саналын үндэслэл, тооцоог бэлтгэх, дээд байгууллагад мэдүүлэн шийдвэр гаргуулахтай холбогдсон удирдлага, зохион байгуулалтын ажилд өөрийн жинтэй хувь нэмрийг оруулсан болохыг бид сайтар мэдэх юм.
Ингэснээр Чой генерал АНУ-ын Төвийн командлалын Эвслийн орнуудын ажиллагааг зохицуулах төвд 2 удаа Үндэсний ахлах төлөөлөгчөөр томилогдон ажиллаж, “Иракийн эрх чөлөө” ажиллагаа, “Афганистаны Үндэсний Армийг хөгжүүлэх хөтөлбөр”, Афганистаны “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаа, НАТО-ийн Аюулгүй байдлыг хангах хүчний ажиллагаануудад оролцож байгаа өөрийн цэргийн багуудын стратегийн удирдлага, төлөвлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх, үндэсний командлалыг АНУ, Польш, Германы талын стратегийн, оперативын командлалтай холбох, шаардлагатай мэдээллээр цэргийн дээд удирдлагыг хангах, өөрийн цэргийн багуудын өмнөх тулгамдсан асуудлыг АНУ-ын талтай зохицуулан шийдвэрлэх үүргийг амжилттай хэрэгжүүлсэн юм.
Тэрээр ЗХЖШ-ын орлогч дарга, Энхийг сахиулах ажиллагааны газрын даргаар томилогдон ажилласан хугацаанд Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчнээс гадаадын улс орнуудад үүрэг гүйцэтгэх, энхийн ажиллагаанд оролцох хүрээг өргөжүүлэх, энхийг сахиулах ажиллагааны сургалтын үндэс, тогтолцоог бүрдүүлэх, энэ чиглэлийн бодлого, стратегийг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд гадаадын хамтын ажиллагаатай орнуудын дэмжлэгийг авах, энхийг дэмжих хүчнийг бий болгох, үндэсний сургалтын төвийг байгуулах үндэслэлийг тодорхойлон ажил хэрэг болгох зэрэг өргөн хүрээтэй ажлыг амжилттай хэрэгжүүлсэнд талархах хүн олон юм билээ.
Энэ бүхэн нь хошууч генерал Я.Чойжамцын Зэвсэгт хүчнийг шинэчлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох шинэ үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар түүнийг орчин үеийн шаардлагад нийцсэн чадварлаг, мэргэжлийн чиг хандлагатай болгон өөрчлөх үйл явцад оруулж байгаа томоохон хувь нэмэр гэж үнэлэхээс өөр аргагүй.
БХЯ-нд ажилласан он жилүүд
Я.Чойжамц генерал Монгол Улсын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад газрын дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаанд төрийн батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг шинэчлэх, түүний эрх зүйн үндсийг бүрдүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг орчин үеийн нөхцөлд нийцүүлэн өөрчлөх үйл явцад идэвхтэй оролцож, өөрийн оюун ухаан, эрдэм мэдлэг, ажлын туршлагаа дайчлан ажилласан нь саяхан мэт санагдах ажээ. Түүний оролцоотойгоор салбарын 10 гаруй хуулийн төсөл, олон арван шийдвэрийн төсөл боловсрогдсоны дээр бусад салбарын 80 гаруй хуулийн төсөлд батлан хамгаалах салбарын эрх ашигт нийцсэн саналыг үндэслэлтэй тусгасан нь зөвхөн батлан хамгаалахын шинэчлэлд төдийгүй, төр, засгийн эрх зүйн шинэчлэлд томоохон хувь нэмэр болсон юм.
Тэрээр төрийн цэргийн байгуулалт, түүний дотор Зэвсэгт хүчний байгуулалтыг шинэчлэх онол, эрх зүйн үндсийг бий болгоход гол анхаарлаа хандуулж, БХЯ-ны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын даргаар ажиллахдаа 2 удаагийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын хэрэгжүүлэх зорилт, зорилгыг үндэслэл, тооцоонд тулгуурлан тодорхойлж, хэрэгжүүлэх ажилд бодит хувь нэмэр оруулсныг өнөөдөр үнэлэх хүн олон байна.
Тэрчлэн дэлхий дахин даяаршиж буй энэ цаг үед үндэсний аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах бодлогын хүрээнд бүс нутгийн цэргийнхний хооронд итгэлцлийг бэхжүүлэх олон талт үйл хэрэгт Монгол Улсын оролцоог идэвхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, “АСЕАН”-ы Бүсийн чуулганы батлан хамгаалахын анхны ахлах албан тушаалтан байж, олон арга хэмжээнд оролцсон нь он цаг улирах тусам одоо мэт санагдах ажээ.
Үндэсний БХИС-д ажиллаж буй он жилүүд
Түүний шууд оролцоо, удирдлагаар цэргийн боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоог өөрчлөн орчин үеийн шаардлагад нийцүүлж, сургалтын агуулгыг шинэчлэх үйл хэргийг хэрэгжүүлж, Зэвсэгт хүчинд анх удаа цэргийн дээд боловсрол, мэргэжилтэй офицеруудыг бэлтгэх ажлыг бодит ажил болгосон нь ач холбогдлоороо ихээхэн чухалд тооцогдож байна. Энэ нь дэд хурандаа Я.Чойжамцыг 1993 онд Цэргийн их сургуулийн дэргэд шинээр байгуулагдсан цэргийн дээд боловсролтой удирдах ажилтнуудыг бэлтгэх зориулалт бүхий Оперативын факультетэд орлогч даргаар томилон ажиллуулснаар тодорхойлогдох ажээ.
Тухайн үеийн факультетийн дарга нь Монголын Зэвсэгт хүчний туршлагатай, өндөр боловсрол, дадлагатай дарга нарын нэг дэслэгч генерал Л.Моломжамц байсан ба факультетын нийт багш нар тухайн үедээ манай армийн шилдэг дарга, офицерууд байсан тул шинэхэн академийн шанг зөв тавих хөрс суурь нь болж, тэднээс суралцах өргөн боломжийг түүнд олгосон хэрэг. Тэдний уйгагүй хөдөлмөрийн үр дүнд тус факультетийн сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн хөтөлбөрийг амжилттай боловсруулан хичээлийг цагт нь эхлүүлснээр өөрийн эх оронд анх удаа цэргийн дээд боловсролтой офицеруудыг бэлтгэх үйл явцыг эхлүүлсэн бөгөөд төрийн цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнийг бэлтгэх үйл хэрэгт өнөөгийн Батлан хамгаалахын удирдлагын академийн оруулж буй хувь нэмэр асар их гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн юм.
Түүнийг 1996 оноос Цэргийн их сургуулийн тэргүүн дэд захирал, захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон ба энэ хугацаанд эрхэм хурандаа Я.Чойжамц нь тус сургуулийн шинэчлэлийг үндэсний бусад их, дээд сургуулийн сургалт, судалгааны агуулга, арга зүйн шинэчлэлийг төгөлдөржүүлэх, суралцагч, багш нарын сэтгэлгээний эрх чөлөөг хангах, сургалтын үнэлэмжийг багц цагийн тогтолцоонд шилжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх зэрэг олон хүрээнд чиглэсэн шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж чадсан юм. Энэ хүрээнд мэргэжлийн яамдаас дэмжлэг авах, үндэсний их, дээд сургуулиуд, шинжлэх ухааны хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаадын ижил, төстэй сургуулиудтай ажил, хэргийн холбоо тогтоох ажлыг эхлүүлсэн нь тус сургуулийн цаашдын хөгжилд тустай үйлс болсон юм.
Харин эрхэм генералыг 2012 оны 12 дугаар сараас БХИС-ийн захирлын өндөр хариуцлагатай албанд томилсон бөгөөд өдрөөс өдөрт тус сургуулийн өнгө төрх улам бүр гэрэлтэж байгааг хэн бүхэн мэдрэх болжээ. Ердөө өнгөц байдлаар нь харахад ойрын 4 жилийн хугацаанд БХИС-ийн материаллаг бааз ихээхэн шинэчлэгдэж, спорт цогцолбор, “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн байр шинээр ашиглалтад орсон бөгөөд дотоод нөөц бололцоогоор засмал болон явган зам олноор тавигдаж, бүрэлдэхүүн сургууль бүр дотооддоо томоохон хэмжээний засвар, тохижилтын ажлыг хийсэн нь тодорхой харагдаж байна.
Тэгвэл эрхэм захирлын шууд оролцоотойгоор гардан гүйцэтгэсэн олон арван ажлыг нэрлэж болох ч нийтлэлийн маань хүрээнд тэр бүр багтахгүй нь ойлгомжтой. Түүний амжуулсан түүхэнд мөнхрөх ажил нь Монголын их, дээд сургуулиудын консерциумд албан ёсоор элсч, “БХИС-ийн дүрэм”-ийг шинээр батлуулж, сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон олон улсын жишигт нийцүүлсний дээр бүх албан тушаалтанг захирлын тушаалаар томилдог эрх зүйн үндсийг бүрдүүлсэн нь мөрөөдлийн мэт санагдаж байсан үе саяхан.
Чойжамц генерал сургуулийн бүх багш нарт магистр байх шаардлага, шалгуурыг тавьснаар өнөөдөр багшлах бүрэлдэхүүн бүгд магистрын зэрэг хамгаалсны дээр жилд дунджаар 12-15 багш, судлаач боловсролын докторын зэрэг эзэмшиж байгаа нь өмнөх жилүүдээс эрс өссөн дүнтэй гарч байна. Тэрчлэн эрдмийн хамт олны бүтээлийг нийтийн хүртээл болгох зорилгоор өөрийн сэтгүүлүүдтэй болж, түүний санаачлагаар “Соёмбо” сонины хавсралт сонинг сард 2 удаа гаргаж буй нь эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлэх чөлөөт индэр болсон нь бахархууштай.
Тэрбээр сургуулийн удирдлагын бүрэлдэхүүнтэй сэтгэл нэгтэй байж, цаашид олон улсын жишигт нийцсэн судалгааны их сургууль болох эрхэм зорилгыг агуулан оновчтой шийдвэрүүдийг олонтаа гаргаж, бодит ажил болгож байгаад сургуулийн нийт хамт олон талархал дүүрэн ханддаг нь мэдээж билээ.
Өдгөө тэрбээр “Батлан хамгаалахын менежментийг боловсронгуй болгох зарим асуудал” сэдвээр докторын диссертац бичсэн ба хэд хэдэн номыг эмхэтгэн, редакторлаж, эрдэм шинжилгээ, судалгааны хэдэн арван өгүүлэл, нийтлэлийг олны хүртээл болгосон нь энэ их ажлын хаагуур нь амжуулдаг байна гэсэн сонирхлыг төрүүлж, түүний бүтээлч үйл ажиллагааг илтгэж байна.
Эрхэм генералын мэргэжлийн өндөр боловсрол, батлан хамгаалах салбарын байгууллагуудад он удаан жил тогтвор суурьшилтай ажилласан туршлага, даалгасан ажил, үүргийг итгэлтэй, нэр төртэй гүйцэтгэх, эрхэлсэн ажлаа бүрэн хариуцах чадвар зэрэг нь түүнийг Зэвсэгт хүчний чадварлаг, нэр хүнд бүхий удирдах ажилтан, шилдэг офицеруудын нэг гэдгийг батлан харуулж буй хэрэг юм. Түүний хариуцсан ажлаа эрхэлж буй байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар гаргаж буй санал, санаачлага, аливаа асуудалд шинэлэгээр хандах, өөрийгөө дайчлан ажилладаг чанар, менежментийн арга зүйн өргөн мэдлэг, хүн нэг бүртэй тулж ажилладаг чадвар зэрэг нь түүнийг өсөх ирээдүйтэй удирдах албан ажилтан төдийгүй, цаашид ч улам ихийг амжуулах боломжтойг харуулж байгаа хэрэг гэдэгт эргэлзэх юун билээ.
Эрхэм генералдаа болон түүний гэр бүлд Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт баярын мэндийг уламжилж, ажлын өрнүүн амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МСНЭ-ийн шагналт сэтгүүлч,
МУСТА, хурандаа Б.Отгонбаяр