
Д.ЦЭРЭННАДМИД
Дэлхийг дэлдийлгэж дэнж хотойлгодог дэлгэр наадам ганцхан Монголынх. Тийм ээ. Монгол наадам эхлэхэд ердөө дөрөв хоног үлдлээ. Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жил гээд тэгш ойнууд давхцаж байгаа болохоор наадмын цар хүрээ их өргөн болно гээд хүн бүр долдугаар сарын 11-нийг тэсч ядан хүлээж буй. Энэ цаг үе ямархуу байхыг бөх, сур, шагайнхан хэрхэн харуулж байгаа вэ гэдгийг БХЯ-ны “Алдар” спорт хорооны бөхчүүдийн гал дээр очоод тод мэдрэв. Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Пинтийн ам гэдэг газар тус хорооны спорт сургалтын төв байдаг юм байна. Уг төв он жилийн саалтанд насжаад тэрүү нэг их гялайж гялтайсан юмгүй тун энгийн харагдах. Хоёр давхар модон байшин бас хэдэн байшинцар, гэр. Харин тэнд бэлтгэлээ базааж буй бөхчүүд, сурчид дэлгэр зуны өнгийг улам чимж байх шиг санагдвай. Байгаль нь төгс сайхан газар юм.
Энд их хотын нозоором халуунаас тэс өөр. Хаашаа ч харсан нов ногоохон, цэцгэс алаглаад, дурдан шиг сэвгэр салхитай ёстой агаарын сайхан хөдөө юм даа. Тийм болоод бөхчүүд, тамирчдад эрч хүчийг нь сэлбэдэг байхаа.
* * *
Эхлээд “Алдар” нийгэмлэгийн тухай түүх дурсах нь зөв болов уу. Монголын ууган нийгэмлэг эднийх тун удахгүй 70 жилийн ойгоо тэмдэглэх юм билээ л. Энэ нийгэмлэг буюу одоогийн спорт хороо баялаг түүхтэй. Монголын сор болсон тамирчид эднийхээс л төрсөн байдаг. Бөхийн хувьд спорт хорооны түүхийн 70 жилийн хугацаанд улсын баяр наадмын 20 гаруй үзүүр, түрүүг авсан гэдэг. Дархан аварга Д.Цэрэнтогтох, аварга Ш.Батсуурь, Ч.Бээжин, Д.Хадбаатар, улсын арслан Ц.Бадамсэрээжид, Г.Жамц, Ө.Эрдэнэ-Очир, заан Т.Санжаа гээд баяр наадмыг манлайлж байсан олон хүчтэн “Алдар”-ынх байсан шүү дээ. Бас нэг онцлог нь гэвэл наадмын өмнө бөхчүүд гал болж бэлтгэлдээ гардаг санаачилга, сайхан жишээ мөн эднийхээс эхтэй юм. Энэ жил тус спорт хорооны улсын цолтой бөхчүүд нутаг нутгийн галдаа бэлтгэлээ базааж байна. Тухайлбал Архангайн галд дархан аварга Г.Өсөхбаяр, улсын харцага Т.Мөнгөнцоож, Увсын галд улсын арслан П.Бүрэнтөгс, Б.Ганбат, Сэлэнгийн галд улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Ч.Баянмөнх, Булганы галд улсын заан И.Доржсамбуу, Завханы галд Б.Гончигдамба тэргүүтэй бөхчүүд гарчээ.
Тэгвэл бидний очсон сургалтын төвийн үндсэн галд аймгийн арслан Н.Мустафа, Б.Серик, цэргийн начин П.Түмэнжаргал, Б.Зоригтбаатар нарын 30-аад бөх наадмын бэлтгэлээ базааж байгаа ажээ. Тэднийг спорт хорооны үндэсний бөхийн багш дасгалжуулагч, улсын начин Ш.Зоригт удирдаж “уяа сойлго”-ыг нь тааруулж байна. Түүнтэй уулзаж бөхчүүдйнх нь бэлтгэлийн явц ямар байгааг сонирхсон юм. Начин ярихдаа:
-Бид энд бэлтгэлдээ гараад 20 гаруй хонолоо. Бөхчүүд бие бялдрын хувьд жигд болж байна. Одоо сэргэлтийн үе шатандаа орлоо. Энэ үед барилдааны техникээ сайжруулах, тактикаа боловсруулах ёстой болж байна. Миний хувьд хүн бүрийн бэлтгэлд анхаарах тэр дотор тухайн бөхийн алхаа гишгээ, барилдааны өнгө зэргийг байнга харж цаг тухайд нь зөвлөж хэлж өгч байгаа. Залуу бөхчүүд голдуу болохоор гараа дэвээнээс эхлээд бөхийн ёс, жаягийг эзэмшүүлэхэд гойд анхаарч байна гэлээ.
-Шавь нараасаа улсын цолд хүрчих болов уу. Бас цолоо ахиулах бөх гэж хэнийг хэлэх вэ? гэж асуувал
-Манай спорт хорооны харьяанд нийт 70 бөх байдгаас 30-аад нь аймгийн арслан цолтон юм. Тэд маань бүгд энд бэлтгэлээ базааж байна. Тэдэн дотор улсын цол авах бүрэн боломжтой бөх арваад бий. Тэгэхээр лав 3-4 хүн улсын шинэ цолд хүрэх болов уу даа. Гэхдээ наадам хаяанд тулсан үед нэрийг нь дурдаад яахав. Нэрлэх нь цээртэй ч гэж байгаа юм биш. Сэтгэл зүйд нь нөлөөлөх гээд байдаг юм шүү. Бас олон бөх барилдахтай уялдаад шинэ аваргатай болох ч магадлал бий.
-Энэ жилийн наадамд 1024 бөх зодоглоно. Үүнтэй уялдаад бөхийн барилдаанд ямар онцлог байх бол...?
-Их онцлог бий. Аймаг, сумдын наадам хойшилсон болохоор зодогтой бүхэн л улсын наадамд ирнэ шүү дээ. Тун өтгөн хийгээд өргөн наадам болно байх. Шинэ цолтон ч харьцангуй олон төрж мэднэ. Гэхдээ эхний даваанууд сулхан таарах байх гэдэг ойлголт, тийм тайвшрал байж огт болохгүй. Олон бөх барилдах тусмаа өрсөлдөөн ширүүн болдог юм шүү дээ. Би бөхчүүддээ ингэж захиж байгаа даа.
-Нэг зүйлийг нэмж асуухад бөхийн ес жудаг сүүлийн үед нэлээд алдагдаад байна уу даа гэж хүмүүс ярилцдаг?
-Тийм л дээ. Гэхдээ энэ чинь хоёр талтай юм. Нэг талаас монгол бөх ёс суртахуун, дэг жаяг гэдэг юманд захирагддаг уламжлал бий. Үүнийг гажуудуулах явдал хааяа гардгийг үгүйсгэхгүй. Харин мэдээлэл хүчтэй хөгжснөөр бага юмыг том болгож харагдуулах, харлуулах нь элбэг болж. Нөгөө талаар монгол бөх бол жинхэнэ үндэсний наадмын гол төлөөлөл. Гэтэл бокс шиг, холимог тулааны жишгээр тэмцлийн хэлбэрт шилжүүлж ярьдаг, бичдэг болсонд би эмзэглэдэг.
* * *
Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр нар бөхчүүдтэйгээ мэндэллээ.
Биднийг сургалтын төв дээр очиход Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабынхан бөхчүүд, тамирчдаа эргэн очиж наадмын бэлтгэлтэй нь танилцах үе таарсан юм. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй удирдах хүмүүс нь тэнд очжээ. Тэгээд жилийн жилд уламжлалтай бага наадам энд болов. Энэ наадамд тус спорт хорооны бөхчүүд, сурчид, шагайнхан гал, галаасаа ирж оролцдог нь бас уламжлал аж. Эр бяр нь жагссан 32 бөх бага наадмын дэнжид зодоглосон юм. Тэднээс заан Ч.Санжаадамба түрүүлж, аймгийн арслан Н.Мустафа үзүүрлэв. Шөвгийн дөрөвт аймгийн арслан Г.Баяржавхлан, цэргийн начин Б.Зоригтбаатар нар үлдсэн юм. Цөөн бөх зодоглосон ч гэлээ бөхчүүдийн бэлтгэл хэр ханаж байгааг харуулж чадлаа гэж Ш.Зоригт начин дүгнэж хэлнэлээ. Түрүү бөхийг халзан цагаан хониор байлж харагдсан. Мөн сурчид, шагайчид эрхий мэргэнээ харуулан өрсөлдөж сурчдаас улсын хошой мэргэн С.Энхтунгалаг, улсын мэргэн Б.Батбаатар, шагайхнаас улсын дархан мэргэн С.Ямааранз нар шалгарч шагнагдав. Энд нэгийг тодотгон хэлбэл, “Алдар” спорт хорооны шагайн баг үнэхээр алдартай гэж болно. Яагаад гэвэл С.Ямааранз ахлагчтай баг нь улсын баяр наадамд таван удаа түрүүлсэн юм билээ. Дархан мэргэн Ж.Мөнхжаргал, Х.Батбаатар, Н.Баттүшиг, гарамгай мэргэн Н.Ганхуяг, Ю.Энхтөр, Ч.Ирээдүй гээд л дандаа аваргууд. Энэ жил амжилтаа бататгах тухай ярьж байгаа эдний багийн есөн тамирчин бэлтгэлдээ гараад байгаа юм байна.
Ердөө ганцхан сарын дараа дэлхийн спортын хамгийн том наадам олимп эхэлнэ. Улсын баяр наадмын дараа олимпод оролцох тамирчдаа монголчууд сүү өргөж үднэ. Тэр тамирчдын дотор “Алдар” спорт хорооноос Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа тэргүүтэй 10 тамирчин байгаа. Бусад спорт хороодоос тамирчныхаа чанар чансаагаар эднийх бас илүү нь эндээс харагдаж байгаа юмаа гэдгийг бас онцлох байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин