Найруулагчийн тэнгэртэй “Жаахан шарга” театрынхан

2016-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ҮЛ-ОЛДОХ

“Амьдралын тойрог” энэ удаа тайзны урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадмын нэгэн  шигтгээ, содон чимэг болсон Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” хөгжимт драмын театрыхан, ерөнхий найруулагч З.Далайг зочноор  урьсан юм. Тус театрын уран бүтээлчид  “Гэгээн Муза” наадамд   Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн,  Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн  “Гэгээн тамлан”  эмгэнэлт хөгжимт драмын жүжгээр оролцож,  шилдэг зохиолч, шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй болон эрэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй болон эрэгтэй туслах  дүр гэсэн долоон төрөлд  нэр дэвшсэнээс шилдэг найруулагч, шилдэг зохиолчийн шагналыг хүртээд байна. 

 

УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛИЙГ ХОСЛУУЛСАН  ХОС МОРЬТНУУД 

З.Далай найруулагч Сүхбаатар аймгийн I арван жилийн сургуулийн сурагчийн ширээний араас “Жаахан шарга” театрын дагалдан жүжигчин болсон юм. Түүний ангийнхан, 1989 оны төгсөгчид найруулагч найзаараа бахархаж баяр хүргэхээр УДЭТ-ын тайзнаа багтахгүй бужигнаж байв.

 

Бид “Гэгээн Муза” наадам болохоос  хэд хоногийн өмнө  “Амьдралын тойрог”-ийн гол баатруудаа “Ягаан ахайтан”-ы тайзан  дээрээс  олж харж бас олж авсан   юм. Тэдний тоглосон “Гэгээн тамлан” жүжгийг  очиж үзсэн минь тэр. Тэдний хувьд  Музад анх удаа ирж буй биш. Одоогоос хоёр жилийн өмнө “Гэгээн Муза” наадмын 11 дэх шалгаруулалтад “Муурын байшин” жүжгээр оролцож, долоон жүжигчин нэр дэвшсэнээс  дөрвөн Муза зэрэг хүртэж аймагтаа төдийгүй улс даяар  шуугиан тарьсан залуус. Түүнээс хойш  нийслэлийнхэн ч  тэднийг хүсэн хүлээдэг болсон нь танхимд суудал хүрэлцэхгүй,  алга ташилт аадар шиг  шаагиж, цэцгийн баглаа өнгө алаглаж байгаагаас илт. Бас жүжиг эхлэхээс аваад дуусах хүртэл  үргэлж амьтай байсан өвөрмөц шийдэлтэй  тайз, амин сүнс нь  болон  найруулагчийн ур чадвар  үзэгчдийг гайхшруулж, олон хүн “Энэ нөхөд Муза авах нь гарцаагүй” гэцгээж байсан даа, тэр орой.  Үзэгчдийн дунд Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж гэргийн хамт,  Сүхбаатар аймгийн Соёлын ордноос их урлагт цойлсон Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, театрын даргаар ажиллаж байсан Ш.Цолмон нар ирсэн байсан. Дуулах, хөгжимдөх, дуулалт жүжигт дүр бүтээх гээд аймгийнхаа  театрын бүхий л албанд зүтгэж өдгөө Ардын жүжигчин эрхэм алдрыг хүртсэн Ш.Чимэдцэеэ хэлэхдээ “Сүхбаатар  аймгийн хөгжимт, жүжгийн театр хэзээнээсээ найруулагчийн тэнгэртэй. Цөөхөн хүнтэй Соёлын ордон байхаасаа зүүн бүсийн аймгуудын уран бүтээлийн шалгаруулалтад дээгүүр ордог, заримдаа түрүүлдэг байлаа. Тэр үед Хэнтий аймаг чуулгатай, Дорнод аймаг театртай болчихсон үе.  Манайхан чуулгатай, театрынхантай уралдахад их төлөв нэг, хоёрт ордог байлаа.  Түүний суурийг  ахмад уран бүтээлчид, тэдний өмнөх үеийнхэн тавьж өгсөн. Дээхнэ үед дуулалт жүжгийг нэг их тоглодоггүй байхад “Торой банди”  жүжгийг Ойдовын Жамбалжамц гэдэг хүн бичиж, Соёлын ордны тайзан дээр тавьж байсан  гэдэг. Түүнд манай нутгийн алдартай дуучин Дорнод талын “Алтан гургалдай” Ш.Ичинхорлоо эгчээс авахуулаад олон сайхан жүжигчин тоглож байжээ. Найруулагчид нь ч алдартай байсан. Тэр суурь уламжлагдаж, одоо ч найруулагчийн уран чадвар “Гэгээн тамлан” жүжгээс  тод  харагдаж байна. Хуучны найруулагчдын тайзнаа тавьж ирсэн арга, ажиллагаанууд  ч өнөөдөр харагдаж байна. Манай нутагт  О.Жамбалжамц гуай өөрөө найруулагчаа хийж байсан гэдэг. Мөн н.Санжмятав гэж сайн найруулагч байсан гэлцдэг. Түүнээс хойш Бооёо нэрээр үзэгчдэд танигдсан Н.Ариунболдын аав Т.Намсрайжав   гэж хүн найруулагч байсан. Бас Ж.Доржгочоо гэж хүн ажиллаж байсан. Тэр хүн Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа багштай нэг ангийнх, онц сурч байсан, маш алдартай найруулагч байлаа. Би тэр хүний гараас гарч ирсэн бүтээгдэхүүн. Намайг драмын болон дуудалт  жүжигт  тоглуулж, дуулуулж, хөгжим тоглуулж давтсан хүн дээ.  Өнөөдөр “Гэгээн тамлан” жүжгийг үзэж суухад  хуучны жүжигчдийн арга барил, ажил  одоогийн залуу уран бүтээлчдэд шингэсэн нь ажиглагдаж байна. Тайзаар үнэхээр  тоглож чадаж байна. Жүжигчид ч тайзтайгаа сайн харьцаж байна. Жаахан юмыг том болгож бас чадаж байгаа нь жүжигчин хүний гайхамшиг. Бүгдийг гайхалтай гэж хэлбэл, хүн үнэмшихгүй байж магадгүй. Гэхдээ л сайн болсныг хэлэхгүй байхын аргагүй. Энэ Сүхбаатар аймгийн театрын түүхэнд асар их хувь нэмэр оруулж байна. Тайзны бүтээл хамт олны ажил, үүнд цэвэрлэгийн үүрэг ч их байгаа. Бүгдэд нь баяр хүргэж, амжилт хүсье. Намайг аймагтаа ажиллаж байхад одоогийн ерөнхий найруулагч З.Далай сурагч формтой жаахан хүү дугуйланд ирдэг байлаа. Соёлын ордноос салахгүй, урлагт их дуртай. Сүүлд нь Соёлын ордонд ажиллах болж, театрынхан  чадах, мэдэхээ зааж зөвлөж явлаа. Жаахнаасаа урлагийн мэдрэмжтэй, тайзны сэтгэхүй  сайтай хүүхэд байсан.Сайн найруулагч болжээ. Сайхан сэтгэлтэй, хамт олонч хүүхэд байсан даа” гэсэн нь тус театрынхны ажил, үйлсийг уламжлал, шинэчлэлтэй нь, найруулагчийн ажил хөдөлмөрийг үнэлж бас  харьцуулсан мэргэжлийн хүний дүгнэлт байв.

 

З.Далай: МИНИЙ ТОЛГОЙД ТЕАТРААС ӨӨР ЮМ БОДОГДДОГГҮЙ

 

“Гэгээн тамлан” зохиолоор эмгэнэлт драмын жүжиг тавьж, “Гэгээн Муза”-гийн шилдэг найруулагчийн шагналыг  хүртсэн З.Далайгийн хувьд энэ зохиол дээр ажиллахыг эртнээс хүсчээ. Зохиол нь    2005   онд бичигдэж, хэд хэдэн газар жүжиг тавьсныг ч харж л явж. Гэхдээ мань хүн тухайн үед найруулагч болоогүй байсан гэнэ. Мөрөөдөл нь явсаар өнөөдөр энэ хүрч, бас болоогүй “Гэгээн Муза” авчирсан байна. Тэрээр “Энэ бүтээл  сонгодог зохиолын хэмжээнд бичигдсэн, драмтург ч  сайтай. Магадгүй 20, 30 жилийн дараа ч театрын тайзнаас буухгүй зохиол доо. Хэллэгүүд маш   агуу. Түүгээрээ сонгодог. Нөгөөтэйгүүр, хаа газар хүмүүсийн тархины өвчин болсон, улс орон болгоны боддог цусаа ариун байлгая гэсэн санааг барьсан агуу зохиол. Б.Лхагвасүрэн гуай өөрөө эшлэж хэлсэн байдаг даа  “Монгол цусыг ариун байлгах хил хязгаар бол эмэгтэйчүүдийн тэвчээр, умайн амсар дээр байдаг” гэж. Үүн дээр найруулагчийн хувьд сэдэл төрж, барьж авсан.  Зохиол нь туульсын хэлбэртэй. Туульсын хэлбэртэй учраас ямар ч цаг үед хүлээн зөвшөөрөгдөх, бас миний сонгодог хэлж буйн бас нэг шалтгаан юм. Анх хөгжимт драм болгоно гэж бодоогүй. Зохиол нь цээжинд яваад байсан. Хөрөнгө мөнгө гаргахгүй  цомхон хэрнээ сонгодог хэлбэрээр тавъя гэж бодоод эхлүүлсэн минь явсаар хөгжимтэй, дуутай, цаашлаад өөрийн гэсэн тайзтай  болж энэ хэмжээнд хүрлээ. Миний найруулагч болоод тавьсан 6-7 дахь жүжиг болов уу, бүтээлээ тоолж байсангүй дээ” хэмээн дурссан.

Түүний хувьд Сүхбаатар аймгийн  Соёлын ордон 1988 онд Хөгжимт, жүжгийн театр болоход есдүгээр ангийн хүүхэд анх дагалдан жүжигчнээр орж байжээ. 1990-ээд оны зах зээлийн үед ажлаасаа гарч, Сүхбаатар сумын Соёлын төвийн багш, дарга, эрхлэгчээр ажиллаж, Дорнод аймгийн театрт дуучин болж, сүүлд нь хилийн цэрэгт үлээвэр, найрал хөгжмийн удирдаач, Соёлын төвийн дарга, офицер болж янз бүрээр л урлагт зүтгэж. Дунд нь наймаа хүртэл хийж үзсэн гэж байгаа.  Гэтэл зарсан бараанаасаа ашиг олох биш харин ч мөнгө нь  хорогдож орж ирээд байж. Наймаа хийж чадахгүй гэдгээ мэдэж, урлагаас хол байж чадахгүй гэдгээ ч ойлгож. Ингээд 2005 онд буцаад аймгийнхаа театрт жүжигчнээр орж, 2008 онд уран сайхны удирдагч болжээ. Сурагч хүүг ийнхүү урлагийн босгоор алхуулсан хүн тухайн үеийн аймгийн  театрын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн  Л.Гомбосүрэн аж.  Түүний хувьд  энэ хугацаанд практикаар мэргэшсэнээс бус, жүжигчний курс, мэргэжлийн сургалтыг эс тооцвол   номын дуу сонсч, ногоотой шөлийг нь  уугаагүй явж.  2009 онд СУИС-д орж, Б.Мөнхдорж найруулагчийн удирдлагад   найруулагчаар   сурч, төгсөөд 2011 оноос аймгийнхаа театрт ерөнхий найруулагч, уран сайхны удирдаачаар томилогдон ажиллажээ. Энэ хооронд олон хүнтэй хамтарч ажиллаж, нэртэй найруулагчдыг театртаа урьж, тэднээс суралцаж, УДЭТ-ынхныг урьж тоглолт хийлгэж явж. Энэ нь өөрөө ч, уран бүтээлчдээ юм сураасай, мэдээсэй гэж явсан зүтгэл нь байсан бол одоо ч суралцаж байна хэмээн тэрээр ярих. Мөн өнгөрсөн жил “Гэгээн Муза”-д хөндлөнгийн шүүгчээр урилгаар ажилласан нь их том юм өгсөн, олон юм сурч мэдэж авсан хэмээн хөөрөлдөх. Бас унаж босч, хүний   сайн зохиолыг үрэн таран хийж явсан цаг ч бий гэдгээ нуулгүй дурсах. Нэг удаа  Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуайг аваачаад жүжигт тоглуултал “Ёоо, Сүхбаатарын залуу намайг аваачиж, авьяас гундаалаа” гэж ёжтойхон  хэлж. Түүнээс “Би энэ хүнийг  дүүрэн гаргаж чадахааргүй зүйл хийж дээ” гэж мань хүн юм бодож, бас туршлага авсан нь мэдээж. Энэ мэтээр туршилт хийж явсаар тэрээр  өнөөдөр “Гэгээн Муза”-гийн ивээлд багтсан байна.

З.Далай найруулагчийн удамд урлагийн хүн байхгүй, малчин удмын хүү ажээ. Гэхдээ ээж нь урлагт дуртай,  аав нь дууны аятай, мөн  урлагт сонирхолтой байсныг эс тооцвол гэх үү дээ. Аав нь БНМАУ-ын аварга малчин С.Зундуй, ээж нь Ж.Тогтох гэж  хатгин овгийн ажилсаг хүмүүс  байж. Есөн хүүхэд төрүүлж өсгөсний хамгийн отгон нь “Амьдралын тойрог”-ийн маань гол баатар юм.  Аав, ээж нь хүүгээ урлагийн үзлэгт ороход том жүжигчин болсон мэт магтаж, хөл хөөрцөг болж явсан бол есдүгээр ангиасаа аймгийн театрт дагалдан жүжигчнээр ороход ах, дүүс нь хувийн байшин авч, бүх бололцоог нь  хангаснаар Баруун-Уртын төвд  эрдмийн   театрын жүжигчин аятай  амьдрах болсон байна. Өдгөө  тэд нь түүнийг ерөөс  урлагийн хүн, театрт байх ёстой  гэж үзэж, чи тэгсэнгүй, ийм зүйл хийсэнгүй гэж татлаа түтлээ бололгүй үргэлж  дэмжиж  иржээ. Эхнэр  П.Сайханчулуу  нь ч гэсэн нөхрөө мөн л урлагт зүтгэх их ажлыг нь ойлгож, дэмжиж хоёр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж найдвартай ар тал болж байдаг аж. Энэ тухайгаа тэрээр “Би гэртээ бол идэх, унтахаас өөр нэмэргүй хүн дээ. Тэр байтугай өнөөдөр машин маань бензинтэй байна уу, үгүй гэдэг хамаагүй. Миний толгойд театр л бодогдож байдаг” гэсэн юм. 

Найруулагчийн тэнгэртэй  “Жаахан шарга” театрын “Гэгээн Муза”-гийн хишигт найруулагчийн уруулыг угзарч цөөнгүй зүйл ярьсны дотор нэг зүйл тун  сонин, содон санагдсан. Түүнээс урлаг гэдэг нэгэн том далай хэдий ч тэр дотор өвөрмөц нэгэн дусал болж өнгө нэмж яваа танай тал нутгийн, сүхбаатарчуудын  онцлог юу  юм бэ гээд асуучихлаа. Тэгсэн “Газар газрын хүмүүс, уран бүтээлчдийн арга барил, ажиллагаа, авьяасынх нь ундарга тэс өөр байдаг. Манай сүхбаатарчууд, тэр дундаа дарьгангачууд

“Торгоных нь хээ товгорхон ч байна уу даа

Томоогүй сэтгэл нь хэнээсээ ч гарав даа” гэж ардын дуундаа дуулдаг, дуундаа бүх юм нь шингэсэн  ард түмэн дээ. Дууны үгээс үзэхэд хүнд бурууг шууд тохохгүй байгаа биз. Энэ бол Сүхбаатарын ард түмний нэг том философи. Хүнд бурууг тохохгүй, надаас болсон юм биш байгаа гэж боддог. Үүнийг урлагт аваад үзвэл  тухайн жүжигчин дүр дээр ажиллахдаа би үүнийг ингэж алдаад байгаа юм биш байгаа гэж бодож, хажуу дахь хамтрагч руугаа дайрахаас илүү өөрөөсөө өөрийгөө хайдгаараа тал нутгийнхан, уран бүтээлч, жүжигчид нь онцлогтой. Европын жүжигчид хажуу дахиа  “Чи надад тэгж өгөөгүй учраас би наадахыг нь авч болохгүй байна” гэхчлэн   загнаад  байдаг. Тэр хүнийг загнадаг хэдийн тоо вэ. Тэгвэл манайхан ялгаатай шүү. Нөгөөтэйгүүр, сүхбаатарчууд хөгжимлөг ард түмэн. Ардын дуу болгон нь домогтой, бас дуу болгон  харилцаа  бас  драм байдаг. Энэ манай уран бүтээлчдийн  том ололт, аз завшаан. Бас аман билэгтэй ард түмэн. Хүнтэй мэндлэхдээ хоёр үг холбочихоод гараад явчихдаг. Түүгээрээ агуу яруу найрагчид төрсөн байж магадгүй. Нэгэн үе манай театрт мэргэжлийн боловсон хүчин байгаагүй, дандаа амьдралаас төрсөн авьяастнууд байсан. Одоо бол бүгд мэргэжлийнх болсон.Магадгүй таван жилийн дараа манай жүжигчид хэнд ч дийлдэхгүй авьяастнууд гэдэг нь  тодорно. Би үүнд итгэлтэй байдаг ” хэмээн онцолж байна лээ.

 

НАЙРУУЛАГЧИЙНХАА НҮДИЙГ “УНШЧИХДАГ” ХАМТ ОЛОН 

 

Театрын хамт олон  “Бид найруулагчийнхаа нүдийг хараад  хэлэх гэснийг нь мэдчихдэг”. Бас “Нэгэн үеийн шижигнэсэн залуус, олонх нь 2009-2013   онд аймгаасаа гэрээтэй СУИС-д очиж, жүжигчин  Л.Дэмидбаатарын удирдлагад суралцаж  төгссөн  нэг ангийнхан, зангидсан гар мэт нягт цул болж ажилладаг”  гэдгээрээ  бахархаж байв. “Гэгээн тамлан” жүжигт Чинхэм хааны дүрийг бүтээж, “Гэгээн Муза”-д шилдэг эрэгтэй гол дүрийн номинацид нэр дэвшин өрсөлдсөн жүжигчин  А.Түвшинжаргал “Найруулагч хааны  дүрийг санал болгосон. Дүр дээр ажиллахад их ч  дэмнэсэн дээ, намайг. Найруулагчийн нэг үг түшиг болж, хийсэн хөдөлгөөн хүртэл биед эвтэй болж эхэлдэг” гэсэн. Харин тус жүжгийн Эршүү тайганы дүрээр шилдэг эрэгтэй туслах дүрд нэр дэвшсэн Б.Сүхчулуун “Миний дүр жүжгийн нэг шигтгээ байсан. Тэр донж, намбыг гаргахыг хичээлээ. Найруулагчдаа баярладаг. Манайхан шижигнэсэн сайхан залуучууд шүү, бүгдээрээ хийе гээд уриалдаг, тэр сэтгэл нь их гоё. Тэр сайхан урам,  эрч хүчээр сард дөрвөн жүжиг тавьж байсан” хэмээн  тэмдэглэсэн. Их хатан Дэрхэмийн дүрийг бүтээж, шилдэг эмэгтэй гол дүрийн номинацид нэр дэвшсэн, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, туслах найруулагч  Д.Болортуяа аймгийнхаа театрт 15 дахь жилдээ   ажиллаж буй  уран бүтээлч юм. Тэрээр олон хатны дүр бүтээжээ. Харин энэ удаагийнх эсрэг талын дүр учраас ихээхэн ажиллагаа шаардсан гэнэ. Тэрээр өмнө нь “Муурын байшин” жүжгийн гахайны дүрийг бүтээж, “Гэгээн Муза-11”  наадмаас шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртэж байсан. Туслах найруулагчийн хувьд ерөнхий найруулагчтайгаа нэг хүн шиг ойлголцож, хамтарч ажиллаж ирсэн. Хөдөлгөөнөөс нь юу хэлэх, хийх гэж байгааг мэдчихдэг  хэмээн ярьж байна. “Гэгээн тамлан” жүжигт Гүлмэр хатны дүрийг бүтээж, эмэгтэй шилдэг гол дүрийн номинацид нэр дэвшсэн жүжигчин  П.Чимэдцэеэг телевизийн хөтлөгч, шог хошин аятай дүрүүдийг өхөөрдөм бүтээдэг өсч яваа уран бүтээлч гэдгээр нь үзэгчид андахгүй. Харин түүнийг Сүхбаатар аймагт төрж, өссөн. “Жаахан шарга” театрт гэрээгээр ажиллаж байгааг сая л мэдэж авав. Бас тус аймгаас төрж гарсан Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэтэй нэр нэгтэй нь  анхаарал татсан бол “амьдаа” гэдгээрээ бахархдаг гэсэн. Түүний хувьд таван хүүхэдтэй айлын отгон, бас ихэр охидын нэг. СУИС-ийг 2011 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Мөнхдоржийн удирдлагад төгсчээ. Түүнд Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгээс “Их урлагт би дорвитой ч амьтан биш. Гэхдээ миний зэрэгт хүрээрэй” гэсэн сэтгэлийн үг хэлснийг энэ дашрамд дамжуулъя.   

Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж шавийнхаа тавьсан “Гэгээн тамлан” жүжгийг гэргийн хамт ирж үзэв.

 

ЗҮҮН БҮСИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ТӨВ БОЛОХ  ЗОРИЛГОД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ   

Баруун гар талд “Жаахан шарга” театрын дарга Б.Шинэхүү. Б.Лхагвасүрэн зохиолч “Гэгээн Муза”-д амжиж ирээгүй учраас тэрээр шагналыг нь гардаж авав.

 

Энэ бүхний эцэст Жаахан шарга” тетрын дарга Б.Шинэхүүгээс цаашдын хөгжлийн төлвийг сонирхсон юм. Түүний ярианаас  “Сүхбаатар аймаг 2014-2021 он хүртэлх хөгжлийн стратегиэ тодорхойлсон. Энэ зураглалд “Жаахан шарга” театр зүүн бүсийн сэтгэлгээний төв, сургалт, судалгааны цогцолбор байна гэсэн зорилт тавьж хэрэгжүүлж байгаа. Үүндээ зориулж өөрчлөлт хийсэн. Тухайлбал, орон нутгийн байтугай төвийн театр, чуулгад байхгүй бүтэц, зохион байгуулалттай. Бүх театрт драм ангийн багштай бол тэнд уран чадварын, хөгжмийн онол, бүжгийн урлагийн, дуулах ур зүйн зэрэг  төрөлжсөн багштай. Тэд нь театрынхаа удирдлагад багтсан. Ангийг зөвхөн ангийн дарга л удирддаг системтэй. Удахгүй Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвдөө ардын бүжиг, ардын  хөгжмийн анги нээнэ. Зорьж, хийж байгаа зүйл маш их. Харин энэ бүхэнд төсөв, санхүүгийн асуудал их байдаг. Аймаг маань чамгүй дэмжиж, тусладаг ч  урлагийн салбарын зүгээс бэрхшээлтэй зүйлүүд байдаг гэдгийг мэдэж авлаа. Том зорилго тавин ажиллаж буй” Жаахан шарга”  театрын хамт олонд амжилт хүсье. З.Далай найруулагчийн уран бүтээл, амжилт, ололт нэр шигээ халгих цагт дахин уулзахын ерөөл тавья.

“Гэгээн тамлан” жүжгийн Чинхэм хааны дүрийг бүтээсэн жүжигчин А.Түвшинжаргал: Найруулагчийн нэг үг дүр бүтээхэд түшиг болдог.

Зүүн гар талд Их хатан Дэлхэмийн дүрийг бүтээсэн Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Болортуяа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Уржигдар 06 цаг 00 мин
Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

12 цаг 24 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Өчигдөр 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Уржигдар 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Уржигдар 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Уржигдар 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Уржигдар 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Уржигдар 06 цаг 00 мин
Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

12 цаг 24 мин