
Түрүүч нь http://www.polit.mn/content/79640.htm
Худаг дээр уулзлаа, хээрийн бэлчээрт таарлаа гэсэн атлаа малчдыг байдгаар нь гоёор хувцаслуулж театрт орохоор явж байгаа мэтээр харуулж үзүүлэх зүйлийнхээ үнэмшлийг бууруулж ханшийг нь унагасан хачин юм ажиглагддаг. Тэр, энэ малчинтай отрын бэлчээрт таарлаа гэдэг ч угтаа цаадах нь урьдаас бэлтгэж цээжилсэн юм аа яриад байдаг. Хонин сүргээ идээшлүүлэн хээр яваа бүсгүй хээтэй торгон дээлтэй, алтан ээмэг мөнгөн бөгжтэй байдаг гэнэ л дээ. Гэхдээ телевиз бүгд бүтэлгүй бишээ. “Ам нээвэл”, “Алаг шаазгай” “Түмний үгийг төрд нь”, “Цензургүй яриа”, “Эгэл яриа”, “Монгол коммент”, “Ярилцах цаг”, “Зочны цаг” гэхчилэн сонин сонин нэвтрүүлэг болдог л доо.Үүнийг өгүүлэхтэй зэрэгцэж ТV8-ын “Гольф& кофе” санаанд оров. Түүнийг Сэнгээгийн Отгонмөнх гэдэг сэргэлэн сэтгүүлч бүсгүй цоглог цовоо хөтөлдөг. Саявтархан уг нэвтрүүлгээр ланжгар хуульч Д.Лүндээжанцан зангараг зааж ярьсан. Эдгээртэй эн зэрэгцэхүйц нэвтрүүлэг төрөөр тэтгүүлж, түмнээр бөөцийлүүлж, яам, газруудтай хүртэл хамтрах нэрийн дор нэг хөнжилд орох нь холгүй нөгөө МҮОНТВ-д хэр зэрэг элбэг байдаг бол? Байх нь байдаг л байх. Гадаад мэдээнийх нь чанар гэхэд л гайгүй дориун.
Хэвлэлүүдэд час хийсэн чамбай, мартаж боломгүй маш даацтай материал хааяа, хааяа харагддаг. 2015 оны арванхоёрдугаар сарын 4-нд байна уу даа, “Үндэсний шуудан” сонинд С.Ононтуулын бичсэн “Өрийн тэнгэрт тас эргэлдэв” гэсэн гарчигтай өгүүлэл гарсан. Түүнд дурдагдсан тоо баримт үнэн л бол үнэхээр ноцтой санагдсан. Сэтгүүлч болгон ингэж бичдэг байгаасай. Э.Энэрэл чи ч мөгөөгөө өгөхөөргүй сүрхий дээ.
Өөрийн чинь сонирхсны дагуу хууль эрх зүйн баталгаа гэдэг дээр нэмж тэмдэглэхэд УИХ-аас 2003 онд хүний эрхийг хангах хөтөлбөр баталсан. 2011 онд мэдээлэл цацах, олж авах талын хууль гарсан. Тэгэв ч тэдгээрийн биелэлт тааруу. Үүгээр ч үл барам нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “Хот сонин, сэтгүүл, радио, телевизтэй байж болно” гэсэн нь хэвлэл,мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн заалтаас зөрж байна. Өөр ч засаж залруулж, сайжруулж дээрдүүлмээр зүйл зөндөө. Арга ч үгүй биз дээ. Монголд чөлөөт хэвлэл сонгодог утгаараа хөгжиж ирсэн уламжлал байхгүй юм чинь. Тэгэхээр бусдаас сурахаас ч өөр аргагүй. Хаанаас гэдэг ч тодорхой. Өрнөдөөс, тухайлбал АНУ, Англи, Швед, Норвеги, Дани тэргүүтнээс. АНУ-д 300 жилийн өмнө сэтгүүл-зүйн мэргэжил үүсч төлөвшсөн тэр цаг үеэс л хэвлэл мэдээлэл нь улс төр,нийгмийн амьдралд хүчтэй нөлөөлдөг болсон. Францад ардчилал нь 200 гаруй жилийн түүхтэй ч олон радио,телевиз нь ердөө л 50 гаруйхан жилийн туршлага хуримтлуулсан. Швед 250-аад жилийн тэртээд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хуульчилснаар барахгүй хэвлэл мэдээллийн хүрээнд өөрийн зохицуулалт (selfregulation), өөрийн хяналт (selfcontrol), хэвлэлийн консул, омбудсмэн мэтийг үүсгэн байгуулж ажиллуулахын үлгэр загвар болж чадсан. Энэ мэтчилэнгээр яриад байвал ч ярих юм бишгүй дээ л байж болох. Тэгэвч хэлэхийг хэмнэж хэрхэхийг та зална уу даа.
-Сэтгүүлчийн тухайд тогтож жаахан ярих уу? Ингэхэд “сэтгүүлч” гэж чухам хэнийг хэлэх вэ?
-Чөлөөт хэвлэл,хэвлэлийн эрх чөлөөг хэрэгжүүлэгч гол эзэд, шийдвэрлэх субъект нь сэтгүүлч. Үүнийгээ үнэмшилтэй болгох үүднээс энд, тэндээс иш татъя. Сэтгүүл-зүйн нэр томъёоны дүймэнд;
“journalist: individual connected with gathering, organizing, presenting and publishing news”:
Олон улсын сэтгүүлчдийн холбооны баримт бичигт:
“A journalst is one who devotes the greater part of his /her working time to the profession of journalism and who derives from it most of his/ her income being employed or working as a freelance”;
Өрнөдийн нэг нийтлэг хэрэглээний лагс том тольд:
“journalist:
1.the writer of a journal,or diary
2.one whose occupation is journalism; an editor,correspondent,or reporter of a newspaper a newspaperman”…гэх мэтчилэн бий.
Сэтгүүлч гэдэг хэн, ямаршуу хүн болох нь эдгээрээс эрх биш ойлгогдож байгаа байхаа.Асуултад тань хариулах явцдаа сав л хийвэл харь хэл дээрх томъёолол сэлтийг тэр хэвээр нь толилуулахыг зорилоо. Яагаад ингэв гэвэл яриагаа буух эзэн, буцах замтай байлгах гэснийх. Сэтгүүлч хүнд шингэсэн байвал зохих олон онцлог шинжийг шонхорын эр зориг,бүргэдийн хурц нүд,барын бадрангуй дүүлэлт,чонын хурдан хөл,загасны соргог мэдрэмж зэрэгтэй зүйрлүүштэй.
Хэвлэл мэдээллийнхнийг хоточ нохой (watchdog)-той адитган алдаршуулдаг болохоос биш уяаны нохой (lapdog) хэмээн уруу дорой нэрлэдэггүй.
Сэтгүүлч алдрыг ард түмэн хайрлана. Тэрнээс биш өөрөө өөртөө өгчихдөг өргөмж хэргэм биш. Сэтгүүлчийг сэтгүүлчийн дайтай явахад яалтчгүй хэрэг болдог хэдэн гол үнэт үзүүлэлт байгаа. Тухайлбал өндөр дээд мэргэжил,өргөн дэлгэр мэдлэг,ажил хэрэгч чанар шударга шуурхай байдал,авьяас,ур чадвар сэлт. Үүн дээр үгүйлж нэмж дурьдах нэгэн зүйл байна. Тэр нь болбоос сэтгүүлч болгон өөртөө цаг үргэлж тээж,тэвэрч, өргөж дээдлүүштэй юм нь мэргэжил ёс зүйн хэм хэмжээ.
Энийг англиар “high ethical standarts are key to balancedreporting”гэж томъёолсон байдаг.
-Манай салбарт ёс зүй гэдэг ч ёстой яриуштай сэдэв.Танаас энэ тал дээр үг сонсмоор байна?
-Яах аргагүй тийм. Хүн ёс дагана,нохой яс дагана. Ажил мэргэжлийнх нь онцлогоос хамаарч ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих шаардлага сэтгүүлчдэд хурцаар тавигдах нь дараах учир шалтгаантай. Үүнд: чөлөөт хэвлэл гэдэг айхтар хурц зэвсэг тул түүнийг эзэмшиж чаддаг нь эрхэлнэ үү гэхээс чаддаггүйнх нь гарт шилжвэл гай тарина. Хэвлэлийн эрх чөлөө ч өөрцгүй. Энэ эрх чөлөөг их зөв бөгөөд соёлтой ухаалаг эдлэвэлзохилтой. Урвуулж, хэтрүүлж, ухвар мөчид эдэлбэл уршигт муу үр дагавар үүснэ.
Сэтгүүлчийн мэргэжил бол тэмцэгчийн мэргэжил. Тэмцэл тэмцэлдээ хүнд хэцүү төдийгүй хүний мөс чанар сорьж шалгадаг шаггүй бэрх тэмцэл. Болж бүтэхгүй болгонтой халз тулж, хатуу үзэлцэх дээ үзгэн жадаар сүлбэж, үгэн сумаар шүрших шаардлага гарах хэдий ч хэм хэмжээ хэтрүүлж, ёс зүй зөрчиж таарахгүй. Хэн нэгэн хэдий буруутай байсан ч гэлээ түүнийг шүүмжилж байгаа нь энэ гэж доромжилж, илчилж байгаа нь энэ гэж гөрдөж, эрэн сурвалжилж байгаа нь энэ гэж ул шагайх учир ёс байхгүй. Нөгөөтэйгүүр, чөлөөт хэвлэл гэдэг галзуу нохой биш. Тийм болохоор юм юм рүү үсчээд л, хүн хүн рүү ноцож дайраад л сүүл агсаж,шүлс үсэргэж, урж тастчих гээд байх хэрэггүй. Сэтгүүлч ч ялгаагүй. Яллагч биш тул сав л хийвэл тэр зөв, энэ буруу, тэр гэмт хэрэгтэн, энэ биш гэхчилэн буруутгаж зөвтгөх гэж улайрах нь увайгүйтэл.
Хэн нэгнийг шүүж, хэрэгтэн мөн эсэхийг хэлж тогтоодог газар байгууллага нь гагцхүү хууль шүүхийн институци. Тийм болохоор чөлөөт хэвлэл гэдэг нь галзуу нохой биш, сэтгүүлч гэмээ нь яллагч биш үү гэдгийг сайтар санаваас зохилтой. Ёс зүйд хамааруулж нэг зүйл хэлэхэд сэтгүүлчид мэргэжлийн эв санааны нэгдэл (professional solidarity)-ийг ихэд эрхэмлүүштэй. Хичнээн ч өлслөө гэхэд сэтгүүлч нь сэтгүүлчээ хэмлэж, идэж, хийцэлж дайрч хэзээ ч болохгүй. Чөлөөт хэвлэлийн зам болбоос аюул осолтой тул ганц нэгээр бус, гар гараасаа барьж, цувж бус цугтаа яваарай л гэх байна. Сэтгүүлчийн мэргэжлийн эв санааны нэгдэл (professiоnal solidarity of journalists) нэн хэрэгтэйг санаж,сахиж, хайрлаж хамгаалж хадгалж явууштай.
Сэтгүүлчид гэхээр л гангаар бүтсэн хүмүүс байдаггүй, машид эмзэг мах цусанд төрсөн бөгөөд алдах магадлал ихтэй албанд зүтгэгчид.Тиймээс тэднийг хаа, хаанаа хайрлаж,аль аль талдаа анхаарууштай. Ирина Бокова хатагтай илгээлтдээ таван өдөр тутамд хэвлэл мэдээллийн нэг ажилтан амь үрэгдэж байдгийг сануулсан нь сэрэмж болгоомжтой байгаарай л гэж хэлж байгаа хэрэг.
-Та сая сэтгүүлчдэд эв санааны нэгдэл эрхэм хэмээн хэлж байна л даа.Үнэхээр тийм. Сэтгүүлч гэлтгүй бүх салбарынханд, үндэстэн даяараа хэрэгтэй биз дээ?
-Хэрэгтэй байлгүй яах вэ. Хэн хэрэлдээд байхыг хүсэхэв дээ. Тэгэхдээ эвтэй байна гэхэд бас их учир бий. Эв нэгдэл гэдэг үгийг хэлбэл зохих үед, хэрэглэвэл зохих хэмжээнд эх захтай,зааг зарчимтай,зөв зүйтэй зүйлд зориулж байвал зүйтэй болов уу. Ингэхгүйгээр юм л бол эв нэгдэл гэж түүгээр хэт түрүү барьж хамаг муухайг хаацайлж, хамгаалж зөвтгөн аргалж авч үлдэх гээд байвал зарчим гэхээсээ илүү завхрал үүсч болохыг үгүй гэх газаргүй. Юуг юутай эвлэрүүлэх гээд байгаад л асуудлын гол нь байхаас бус юм болгоныг эв нэгдэл гэсэн энэ эрхэм үнэт үгтэй хутгаад гул үсэргээд байж таарамгүй. Энийг ойлгомжтой болгох үүднээс энгийн зүйлсээр жишээлье. Могой зараа хоёр нэг дор байдаггүй.Хулгана,муур хоёрыг ч хоргонд цуг хонуулж болохгүй. Хэрвээ өнжүүлж хонуулаад өглөө босоод харвал нэг нь үлдээд, нөгөө нь үгүй болж л таарна. Хонь чоно хоёр ч өөрцгүй.Хотонд хамт байхгүй. Энэ бол эгэл амьдралын зүгээр л нэг үнэн. Зөрчигдөшгүй зүй тогтол,зайлшгүй жам ёс ч гэж бодож болно. Болохгүй юмыг албаар болгох гээд байвал амжилт олохгүй. Тэгэхээр юуг юутай эвлэрүүлэх гээд байна вэ? гэдэгт л хамаг учир оршино. Эвтэй байхыг иш мухаргүй тулгаж албадах нь заримдаа буруу ч байж болох. Нийгмийн тогтвортой байдал, эе эв,зөвшилцөх гэх зэрэг чөдрийн үгээр хоргоож эв нэгдэл энэ тэрээ гэсэн чамин чамин юмыг цагийг нь ололгүй улиглаж урагшгүй удирдлагыг торгоож тогтоон барих тохиолдол ч байна.
Засаг төрөөс юм нэхэж төрийн гар харах хэрэггүй гэх хүн мэр сэр байдаг. Юу ярина вэ?. Үгээ олж хэлж, үхрээ олж мөөрч баймаар. Төр засаг гэж байх хэрэггүй юм бол төрийн албан хаагч, түшээд гэж 180000 хүнийг тохилог тасалгаанд залж тэжээх хэрэг юун. Ямбыг нь эдэлж байгаа юм чинь ялыг нь үүрэх л ёстой.
Эв нэгдлийн тухайд хувь хүн миний боддог зүйл, баримталдаг байр суурь товчдоо иймэрхүү. Өөрийн санал өөртөө зөв гэгчээр миний хэлсэн үг бусдад заавал таалагдаж байх ч албагүй. Хэчнээн хүн байна,төчнөөн хандлага байдаг гэдэг байх аа.
-Сэтгүүлчийн үйлсийг үггүйгээр төсөөлөх аргагүй.Тэгэхээр та бид хоёрын ярилцвал зохих үндсэн гол сэдвийн нэг нь үг, хэлний тухайд байх ёстой. Тийм үү?
- Яг тийм.Ямар сүрхий асуулт вэ? Ёстой л хариулж баймаар хавтай асуулт байх чинь юу вэ. Нээрээ л бодохноо үг гэдэг үнэхээр эрхэм, үлэмж чухал. Хаа газрын хүн зон үгээр дамжиж ойлголцохгүйгээр юугаар дамжиж ойлголцох билээ. Ямар дохиж зангаад байлтай биш. Хэрэглээний хэл шинжлэлийн үүднээс үзсэн ч үгийн агуулга, ач нөлөө асар лут. “Ам бол аюултай үүд” гэж айлдсан ухаантан ч бий. Хариас хэдэн жишээ татъя. “Үнэн үг чулуу хагална, худал үг толгой хагална” (узбек), “Сайн үг хүнд хүнс, муу үг зүрхэнд зүү” (Казах), “Бодолгүй ярих нь шагайхгүй буудахтай адил” (Орос), “Хутга ч бай, сүх ч бай хүний хэлнээс хурц биш” (Малайз) гэх мэт.
Сэтгүүлчийг хэлнээс нь салгачихвал хэн ч биш. Хий хоосон сүг лугаа болж сүйрнэ.Зүйрлэвээс ишгүй сүх, иргүй хутга, сумгүй буу, сургүй ташуур, хөвчгүй нум, хөггүй ая адил.
Аугаа Л.Түдэв “Сэтгүүлчийн зэвсэг нь хэл.Тэр нь барагдашгүй их сумтай.Тэр сум нь үг” гэсэн байдаг.
Өнө эртний түүхт, өндөр их соёлт өвгөд дээдэс маань үг хэлний үнэ цэнэ, жин бан, утга учрыг яасан ч сайхан мэддэг байсан юм бэ дээ.Ёстой бахархаад барамгүй.Тэд юу гэдэг байсан гээч.Үгээр цохихоор сүхээр цохь, үгийн шарх эдгэдэггүй, мэсийн шарх эдгэдэг, үг үзүүргүй ч үхтэл хатгана, үг нь гурил, зүрх нь царил, хүн хэлээр мал хөлөөр амны билгээс ашдын гэхчилэн яруу дэлгэр утгатайгаар ярьж хөөрдөгсөн.
Тийм сайхнаар тэнэгэр сэтгэж гоё хэлнэ гэж байх уу?!
Үг болгон утга тээдэг учир энд иш татсан хэллэг нэг бүр хүний мөс чанар, зан үйл, үнэлж таашаах хийгээд үзэн ядах философи,ертөнцийг үзэх үзэл хандлага гээд ер нь юм юм шингээстэй.
Монголчууд шиг үг хэлний үнэ хүндийг ой тойнд орж хоногштол онож цэцэн хэлж цэлмэг сэтгэдэг суу билэгт хүн зон хүж дэлхийд байна уу ч, үгүй юу. Байсан ч цөөвтөрдөг.
“Хэлтэй бол хөлтэй” гэсэн ийм нэгэн энгийн хэлцийг англиар амт шимтийг нь алдагдуулахгүй орчуулах гэж олон л хүн оролдсон доо.Олигтой болж өгдөггүй л юм шиг байна билээ.
Үгнээс үг, үхрээс тугал, ам нээвэл уушги нээ гэгчээр яруу тунгалаг баялаг дэлгэр монгол хэл ямар их ядуурч байна даа.Эмтэрч, эвдэрч байна ч гэж жигтэйхэн. Эрхтэн дархтан,дарга сайд хүртэл сайхан явах гээд алцагнана гэгчээр сав л хийвэл “юу ч гэмээр юм дээ” гэхчилэн ээрч муурч маяглана гээч.Юу хэлэхээ мэдэхгүй байгаа бол хэлж ярихын хэрэг юун.Өөхөнд хучаад ч нохой тоож шиншихгүй,өвсөнд ороогоод ч үхэр ирж үнэрлэхгүй шал дэмий донгосдог байж хэний ч санадаггүйг олоод хэлчихсэн мэтээр хээхийж маадайхыг яана.
Би хэлэх ёстой, бусад нь сонсох учиртай гэсэн байдлаар бардамнана.
Чөмөггүй туг ширээ гэгчээр яршиг ч байна даа.Юун ч биеэ үгүйлдэггүй юм дээ.Хэрээ мэдэж, тараа таньж баймаарсан.Эдний суут гэж хаашаа харсан юм байх вэ дээ.
“Алтан шаахай өмссөн ч алцан майга нь хэвээрээ” гэсэн энгийн үнэн үг байдгийг энд сануулахад илүүдэхгүй байлгүй.Арслангийн авир мууранд зохихгүй. Бүргэдийн дэвэлт болжморт ахдана.Хэрээ мэдэж хэмжээгээ таньж баймаар юм.
УИХ-ынхан бие биенийхээ тухай шүүж ярьж шүүмжлэхдээ “Манай зарим нөхөд, зарим гишүүд” гээд байх юм.Гэтэл 76 гишүүнийх нь дотор “Зарим” гэсэн нэртэй хүн нэг ч алга.Тэр гэх тэмдэггүй, энэ гэх эзэнгүй тийм алдуул хоосон ерөнхий ярихын ашиг өгөөж юун.Агаарт цацсантай адил замхраад өнгөрнө. Энд би зарга үүсгэх гээгүй ээ.Зарчим ярьж байна.Үг хэлний соёлт хэрэглээний үлгэр дууриал үзүүлэх үүрэг бүхий дээд түвшнийхэн тиймэрхүү балан салан байж таарамгүй.
-Та ч “зарим нөхөд”-ийг хэлц үг хэрэглээд хатуухан аваад хаячихлаа. Миний танд тавих дараагийн асуулт бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл хараат бус байхын тулд ер нь яах ёстой вэ?
-Хөрөнгө санхүүгийн хувьд хөл дээрээ бат зогсож чадахуйц бэл бэнчинтэй байх нь хараат бус байдлаа хадгалахад хамгаас чухал. Халаасны сэтгүүл – зүй ноёлсон нөхцөлд хараат бусын тухай мөрөөдөх нь үл биелэх үлгэр. Худалдагдсан сэтгүүлчид,янхан телевиз ....гэхчилэн янз янзын үг яриа үүсдэг чинь яг үүнээс үүдэлтэй.
Менежмент муутайгаас болоод дэн дун, дээсэн дөрөөн дээр арай ядан оршин тогтож байдаг хэвлэл, мэдээллийн газар ажиллагсдаа аргацаах төдийхнөөр цалинжуулна.Тийм редакцад сэтгүүлчийн хөдөлмөрийн далд мөлжлөг болж байхад түүнтэй тэмцдэг байгууллага ч гэж алга.Таллойрын тунхаглалд:
“Санхүүгийн тал дээр биеэ даагаагүй цагт хэвлэл үйл ажиллагааныхаа хувьд биеэ дааж хараат бус байж чадахгүй” (Without financial independence,the press cannot be independent)CPJ(the committee to protect journalists)-Сэтгүүлчдийг хамгаалах хорооны эрхэмлэж мөрддөг идеал зарчмуудынх нь дотор: “to maintain its independence, CPJ accepts no government funding”гэхчилэнгээр хэн ч ойлгочихоор хэлсэн байдаг.
Чөлөөт зах зээлийн нөхцөлд хөрөнгө санхүүгийн талаар хэний ч гар харахааргүй байяа гэвэл хэвлэл мэдээлэлд менежмент хэрэгтэй. Энд энгийн менежмент хангалтгүй. Эрсдэл даахуйц рискт менежмент шаардлагатай.Сайн менежменттэй байх нь санаснаар бүтчих ч зүйл биш.
Асар өндөр чадвар, мэдлэг, ажил бүтээх арга барил, удирдан зохион байгуулах ур дүй, овсгоо сүүхээ гэхчилэн олон давуу тал, шилдэг шинж чанар шингэсэн байх хэрэгтэй болно. Үүнгүйгээр хэвлэл мэдээллийн маш сайн менежментийн тухай яриад ямар ч нэмэргүй.Адууныхаа хэрээр исгэрч, хөнжлийнхөө хэрээр жийнэ гэгчээр асуудлыг би Австралийн Р.Мердок, К.Паркер, Энэтхэгийн А.Премжи, Америкийн Т.Тернер, Опра Уйнфири, Ройтерсын П.Жом...мэтийн зэргэмж хэмжээнд тавихгүй л дээ. Ердөө л Ц.Балдорж агсан маань шиг байвал манайдаа болоод явчихна.
-Одоо хоёулаа сэдвээ өөрчилье. Мөдхөн болох сонгуулийн сурталчилгааны эгзэгтэй өдрүүдэд сэтгүүлчид юу ярьж,яаж баймаар ч юм бэ дээ?
-Амьдрал итгэл дээр тогтдог гэдэг. Гэтэл тэр нь байгүй болчихсон болохоор одоо яах болж байна! Нийгэм нэлдээ бухимдалтай эгээ л амиа хорлохын даваан дээр байх шиг.Нийгэмд ажил хэрэгч, шүүмжлэлт чанар үгүйлэгдэж байна. Сануулж хэлэх хүнгүй байвал сайн төр ч ялзардаг гэсэн үг байдаг. Энэ л орой руу орох нь. Амьдрал дорой, ажил мууг сонсдог ч сайжруулахад хэцүү хэмээн өчнө. Хэцүү нь хэцүү. Тэгэхдээ хэцүү гэдэг чинь боломжгүй гэсэн үг огт биш ердөө л “хэцүү” гэсэн үг. Тиймд хийж чадахгүйгээ боломжгүй, ойлгоогүйгээ буруу, санаанд тохироогүйгээ байж болшгүй, санал зөрснийгөө дайсан гээд байж таарамгүй. Өөрсдөө чадахгүй байгаа бол чаддаг нь гарч ирээд хийг л дээ. Энэ замыг нээх эцээхэн сонгууль болоосой.Буруу бодлогын золиос болж зовж туйлдсан иргэд түмний илжгэн тэвчээр барагдах цаг байдгийг тод харуулах торгон мөч, алтан агшин хэзээ байхыг хэлбээс 2016 оны зургадугаар сарын 29!.
Аман мэхэнд унаж, алдаатай сонголт хийж, аягатай цайндаа шороо цацахаас ард зоноо аврахад сэтгүүлчид авьяас юугаа дайчилж,үзгээ хурцалж, үгээ хэлээрэй.Ахиад бас алдаж алмай сонголт хийж амаа сүүлд нь барихыг болиулаарай.Залилуулж хаширдаггүй сонгогчдын замыг нь зөв зааж өгөөрэй.
Аль нэгэн арга зальтан Их хуралд сонгогдож эрх мэдэлтэй болохын тул юу ч ярьж, яаж ч элдэвчилж мэхэлж мэднэ шүү.Хазахаас бусдыг хийх байх даа.Тэр бүхнийг илчилж тэнэгийн харанхуйгаас хүмүүсийг хэлтрүүлж тухайн нэр дэвшигч үнэн ярьж байна уу,эсвэл худал залаад байна уу гэдгийг ялгахад усан нүдээр бус ухаалаг харцаар хандахад, улс төрийн самуурлаар бус ухааны саруулаар нүдээ олсон сонголт хийхэд нь нүнжиг заан туслаж,яахаа мэдэх нэгэнд бодоогүйг нь бодуулж, санаагүйг сануулж сэхээрүүлэхэд сэтгүүлчдийн гүйцэтгэх үүрэг үнэхээр үлэмж.
Сэтгүүлчийн толгой эргэвэл сонгогчийн толгой эргэх магадлал маш өндөр. Энэ бүхнийг ихэд бодолцож ухаантай, учиртай байгаарай л гэх үү дээ. Ондоо ч юу хэлхэв. Олныг нуршаад яахав дээ.
Далимд дурдахад 76-г бүгдийг муучилж болохгүй л дээ. Хэдхэн тааруухан хүн л бусдыгаа хөөдөөд байна. Муугийн балаг олонд тусна, могойн цус тэнгэрт олгойдно гэгч энэ. Ирэх сонгуулиар хэн нь чухам хэн бэ? гэдгийн тарыг нь таниулж шинэ цусны сэлбэлт хийж шилж шигшээд өгнө өө гайгүй. Хараад л байгаарай.
Саруул ухаан ялаг, Сайн үйлс дэлгэрэг, Сайхан цаг ирэг.
- Ардчилсан сонгууль хийнэ л гээд байдаг. Ер нь Ардчилал гэдэг чинь таныхаар яг юу вэ?
-Минийхээр гэж мэдэмхийрээд ч яах вэ Тэгэхийн оронд Америкийн аугаа удирдагч гэж түүхэнд мөнхөрсөн Абраам Линкольн: Ардчилал гэдэг бол Засгийн газар нь ард түмнийх, байх агаад, тэрнийг ард түмэн өөрсдөө эмхлэн байгуулж, эрхлэн хөтөлж, улмаар Засгийн газар нь ард олны тусын тулд ажиллаж тэдний төлөө үйлчлэнэ гэсэн үг. (“Democracy is a government of the people, by the people and for the people”)гэснийг эрдэмтэд, судлаачид ихэд тоож олж онож хэлсэн сонгомол тодорхойлолт хэмээн үздэг.Бодоод байх нээ, ардчилал гэдэг нээрээ л энэ болов уу. Бүх нийтийн чөлөөт тэгш шударга сонгууль гэдэг чухамдаа төрт ёсыг төвхнүүлэх сонгомол шийдэл, ардчилал байгаа эсэхийг алган дээр тавьсан мэтээр ихэд тодоор илэрхийлэх индикатор мөн. Үзэл бодлоо илэрхийлбээс товч доо иймэрхүү. Болох уу ?
- Болно, болно.Их баярлалаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин