
Д.ОЮУНЧИМЭГ
Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг нүд, чих, хамар хоолойн “Бид” эмнэлгийн захирал Ж.Цэцгээг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урилаа. Түүнтэй галт тэргэнд анх танилцсан юм. Томилолтоос буцах замд нэг тасалгаанд хамт явах гурван хүний нэг нь Ж.Цэцгээ эгч байлаа. Их л бухимдангуй, цухалдуу явааг нь хараад, би “Хот ортол яаж цагийг барна аа” хэмээн битүүхэн шүүрс алдав.
Суудлаа эзлэн, ачаа тээшээ байрлуулсны дараа амсхийх зуураа “Хаанаас явж байгаа охин бэ, чамайг хэн гэдэг вэ, хаана ажилладаг юм бэ” хэмээн асуултаар булах эмэгтэйд өөрийгөө танилцуулснаар анх санааширч байсан бүхэн замхран аль хэдийнэ эгч дүүс болж амжлаа. Замын турш сонирхолтой олон түүх хуучилсан юм. Ам хуурай байхгүй, элдвийг хүүрнэх зан нь хөгшин, залуу хоёр эмэгтэй болон хамт яваа хоёр зорчигчийг ч уйдаасангүй. Олон зүйлийг ярьж явтал аавын минь тухай яриа гарч сониуч занг минь татав. Ийнхүү хол замд танилцсан шинэхэн танилынхаа амьдралын хүрдийг эргүүлснээ уншигч танд хүргэе.
ЦЭЦГЭЭ ЭМЧ
Нийтлэлийнхээ гол баатартай уулзахаар Дархан-Уул аймгийг зорилоо. “Нүд, чих, хамар хоолойн “Бид” эмнэлэг хаана байдаг вэ” хэмээн сурвал Дарханыхан андахгүй хэмээн багын анд минь хэлж байсан юм. Автобуснаас буугаад “Бид” эмнэлэг рүү явах унаа байна уу гэтэл “Итгэл эмчийн эмнэлэг үү” хэмээн таксины жолооч асууж байв. Такси барих зуураа Ж.Цэцгээ эгч рүү утас цохитол “Наанаа хүлээж бай, би очиж авъя” гэлээ. Ингээд гол баатартайгаа уулзав. “Хотоос гарахдаа хэлэхгүй. Замд ядарсан уу” хэмээн олон асуултаар булж орхив. Уг нь би л асуух зүйл олонтой ирсэн атал эхлээд нийслэлийн сонин болон бусад олон зүйлийг хуучилж явсаар төд удалгүй зорьсон газраа ирэв. Ногоон өнгийн хоёр давхар байшингийн гадаа бууж дотогш орлоо. Том алаг нүдтэй, инээд алдсан эрхэмийг өмнө нь харсан хүн шиг санагдан “Хаана харсан юм бол” хэмээн бодож амжив. Энэ зуур “Миний хань Итгэл эмч” хэмээн надтай танилцуулав. “Таныг их л харсан хүн шиг санагдаад байна” гэхэд минь “Хүмүүс ахтай минь андуурах тохиолдол бий” гэж хэлсэн юм.
“Бид” эмнэлэг ачаалал ихтэй, амралтын өдөр ч ажилладаг ажээ. Хэвтэн эмчлүүлэгсэд нь ам сайтай байхаас гадна дараа нь дахин ирж үйлчлүүлдэг байна. Ж.Цэцгээ эмч мэргэжилтэй биш ч хүмүүс “Эмч ээ” гэсээр дасал болсноо хэлэв. Анх Д.Итгэл эмч ханийг нь “Эмч ээ” гэхэд нь “Эмч биш ээ” хэмээн тайлбарладаг байжээ. Гэсэн хэдий ч “Эмч ээ” гэсээр. Үүнд учир бий. Ж.Цэцгээ эгчийн эмээ гарын дүйтэй хүн байсан аж. Тархи нь хөдөлсөн хүүхдийн толгойг хэд илээд л зүгээр болгочихдог байсан гэнэ. Цаг хэцүү байх үед шөнө оройн цагаар хүүхдийнхээ толгойг бариулах гэсэн хүмүүс тэднийхээр цувна. Тэр үед өөрийгөө эмээ шигээ хүн болно чинээ санаж байгаагүй юм хэмээн дурслаа. Цэцгээ эгч толгой барихаас гадна, судас атган ямар эрхтэн нь өвдөж байгааг төвөггүйхэн хэлдэг байна. Тиймээс л түүнийг “Эмч ээ” хэмээн хүндэтгэн авгайлах хүмүүс олон байдаг ажээ.
КОМБИНАТЫН ЦЭЦГЭЭ
Зээ хүү Ж.Хүслэн хүүхдийн нэвтрүүлэгт орж байх үеийн хөгтэй явдлыг дурсав.
Аав минь залуу байх үеийн дурсамжаа хуучлахад үлгэр мэт санагддаг байж билээ. 70, 80-аад оны атамануудын тухай олон сайхан дурсамжийг ярьж өгсөнсөн. Гэвч өдгөө тэр цагийнхан шиг жинхэнэ атаман ховордсон юмдагуудаа. Магадгүй, атаман гэхээр айлгаж, ичээдэг айхавтар нөхөр мэт санагдана. Гэхдээ тэдэнд “Хүн чанар, өгөөмөр сэтгэл” хангалттай бий хэмээн аав минь хуучилдаг байлаа. Тэр цагийн атамануудын талаар дурсамж ном ч байх юм билээ. Тухайн үед “Комбинатын Цэцгээ” гэгддэг өндөр нуруутай, царайлаг хүүхний тухай ярьдаг байв. Харин тэр цагийн атаман бүсгүйтэй хожим нь танилцана гэж бодоогүй билээ.
Яагаад “Комбинатын” гэдэг болсныг нь тодруулахад “Тухайн үед их дэгжин, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг, баргын зүйлээс гэрэвшиж, няцдаггүй охин байсан” хэмээв. Тэрээр нийслэлийн нэгдүгээр амаржих газар төржээ. Комбинатын 15 дугаар дунд сургуулийг дүүргэсэн бөгөөд Р.Жадамбын охин болон мэндэлжээ. 10 жилд байхдаа орос хэлдээ гайгүй сурдаг хүүхдийн тоонд ордог байжээ. Нэг удаа хэл бичгийн шалгалт өгөх үеэр багш нь “Цэцгээ билет сугалахаас өмнө ганц асуулт асууя. Хэрэв хариулбал, чиний хүссэн дүнг тавьж өгнө” гэжээ. Ингээд уран зохиолын хэдэн ном уншсан, юуны тухай гардаг вэ хэмээн асуусан байна. Тэрээр нэлээд бодсоны эцэст “Муурын байшин” гэж хэлснээ дурсан инээмсэглэв. Хэдийгээр атаман гэгддэг ч тухайн үеийн хүүхдүүд даруулгатай байсан аж. Яагаад атаман болсон нь тун чиг сонирхолтой. Ихэвчлэн эрэгтэй хүүхдүүдтэй найзлан, аальгүй охидыг үздэггүй Цэцгээ тэвэг тоглодог байжээ.
Саяхныг хүртэл комбинатын Цэцгээ нас барсан гэж ярьдаг байсныг тэрээр саяхан 10 жилийн ангийн охинтойгоо тааралдсанаар мэджээ. Хүмүүс намайг нас барсан гэж бодож байсныг сонсоход эвгүйцмээр байсан ч урт наслах нь хэмээн бэлгэшээсэн гэнэ.
САЙН ААВЫН АТАМАН ОХИН
Аав Р.Жадамба Чех улсад сурч байх үе. 1972 онд гадаад паспортын зураг авахуулав.
Түүний аав Р.Жадамба 15 настайдаа гар үйлдвэрт гуталчин болсон аж. 1955 онд УИХ-ын 130 дугаар тойргийн депутат байсан бөгөөд 1934 онд эвлэлийн илтгээлтээр булигаарын үйлдвэрт очиж байв. 1971 оны зургадугаар сарын 8-ны өдөр “Үнэн” сонинд нийтлэгдэж байсан “Чихнээ нэг л зөөлөн, дулаан” найруулалыг өдгөөг хүртэл хадгалж буйгаа үзүүлэв. Тэрхүү найруулалд аавынх нь дурсамж бичигджээ. Р.Жадамба “Аав нь орос монгол олон нөхдийн хамт ажилладаг байлаа. Шинэ зүйлийг сурах, мэдэх юмсан гэж оролддог байв. Энд ажиллаж байсан зөвлөлтийн хүмүүс нөхөрсөг тусч улс байсан. 1937 онд тасгийн ерөнхий мастер болж, ажилчдынхаа хийх ажлыг урьд орой нь хуваарилна. Дамжлага бүрийг саадгүй байлгахад анхаардаг байв. Тухайн үед олон улсын байдал түгшүүртэй байсан үе болоод ч тэрүү гадаад материал, янз бүрийн будаг, арьс ширийг элдэншүүлэх хольц их ховор. Үүнийг олох гэж мөн ч их гүйдэгсэн” хэмээн хуучилжээ. Ийнхүү аж үйлдвэрийн суурийг тавьсан ахмад ажилтны ханийг Б.Нурмаасүрэн гэдэг. Ж.Цэцгээг бага сургуульд сурч байх үед эцэг эхийн хуралд ихэвчлэн аав нь суудаг байжээ. Нэг удаа ээж нь хуралд сууж ирснийхээ дараа “Цэцгээ” хэмээн ширүүхэн дуудаж. “Яасан” гэхэд нь “Чи охин хүүхэд байж эрэгтэй хүүхдээс дор байна. Аавынхаа нэр сүрийг бодоход яана. Үнэтэй хувцас өмсч гүйсэн, ганган охин ийм байх нь зохимжгүй. Бүх хичээлдээ дандаа гурав авч байгаадаа ичдэггүй юм уу” хэмээн загнажээ. Ж.Цэцгээ охин тухайн үед таван төгрөгийн зузаан дэвтрийн ар, өврөөс нь эхлүүлэн бүх хичээлээ багтаачихдаг байснаа дурсав. Ийнхүү ээждээ зэмлүүлж зогсоо охин дүүгээ ах нь өмөөрсөн гэнэ. “Гурав сурч байгаа ч, амьдралаа аваад явах ухаантай байвал болох биш үү” хэмээн том дуугарсан оюутан хүүгийнхээ үгийг анхааралтай сонсч байсан ээжийнхээ тухай дурсахдаа сэмхэн санаа алдлаа. Хэдийгээр 60 гарч яваа ч аав, ээжийгээ дурсах тэрхэн агшин балчир охин байх үеийнхээ гэгээн дурсамжид хөглөгдөн санааширч байв.
АМЬДРАЛ ХЭМЭЭХ ИХ СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН ОЛОН ҮНЭМЛЭХТЭЙ...
Дарханы Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн асан Ж.Цэцгээ болон гишүүд.
Дарханы Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний албыг хашиж байх үедээ олон хүнд туслажээ.
Сургууль төгсөн хойд хөршийг зорьж цахилгаан, дулааны инженер мэргэжил эзэмшсэн бөгөөд сүүлийн үед олон талын мэргэжилтэй болсон байна. Намайг багад “Цахилгаанчин, гагнуурчин, токарьчин гээд бүхий л мэргэжлийн үнэмлэх надад байна” гэж хэлдэг кино санаанд буув. Гэхдээ киноны баатар маань тэрхүү үнэмлэхийнхээ ид шидийг гаргадаггүй. Харин нийтлэлийн гол баатар маань амьдрал хэмээх их сургуулиас сурсан олон мэргэжлийнхээ үр шимээр сайхан амьдарч буй. Тэрээр “Зоос гоёлын үйлдвэр” анх байгуулагдах үед ажилчнаас нь эхлээд эд шалгагч хийж 13 жил болсон түүхтэй. Нийслэлийн унаган охин Дархан хотод 1987 онд суурьшин, 1989 онд хамгийн анхны тохиролцооны дэлгүүрийг ажиллуулдаг байв. Ингээд зах зээлд шилжих 1990-ээд оны үед гадагшаа гарч наймаа арилжаа хийснээр анхны бизнесийн гараагаа эхэлжээ.
ЭМЧ ХҮҮ, БАРИАЧ БЭР
1985 он. Анх танилцаж байх үе.
Түүний ханийг Д.Итгэл гэдэг. Дарханыхан Итгэл эмч хэмээн авгайлдаг. 1985 онд Ж.Цэцгээ Жанчивланд амарч байх үеэр ханийнхаа аавтай танилцсан аж. Гарынх нь хуруунууд халуун, хүйтнийг мэдрэхээ больсон хөгшнийг бариа засал хийж эмчилсэн байна. Ингээд эмч Д.Итгэл аавынх нь хурууг зүгээр болгож өгсөн хүнтэй танилцахаар ирснээр тэдний амьдралын эхлэл болжээ. Өдгөө хоёр охин, хоёр зээтэй бөгөөд том зээ хүүтэйгээ амьдардаг байна. “Миний ханийг Дарханыхан андахгүй. Хань минь ард түмнийхээ дунд нэр хүндтэй байхын хэрээр би ч тэрхүү хүндлэлийг хүртэж байгаадаа баяртай байдаг” хэмээн ханиараа бахархаж суугаа энэ эмэгтэйн харцанд хайр гэрэлтэж байлаа. Хүн өөрийнхөө амьдралыг өөрөө босгодог. Тэгэхээр амьдралын ухаанд зөв суралцах нь юу, юунаас ч чухал. Хэдийгээр сайн ханьтай ч бизнесийн ухаанаас илүүтэй хүмүүсийн эрүүл энхийн манаанд чин сэтгэлээ зориулан хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа ханийгаа түшиж, амьдралаа залгуулах арга ухааныг эмэгтэй хүн сүвэгчилдэг юм билээ гэж суугаа Ж.Цэцгээ “Олсныхоо хэрээр шунахаас илүүтэй, олонтойгоо явах нь чухал” гэдгийг сануулж байв. Анх түүнийг 1990 онд наймаа хийхээр шийдсэн тэр үед Д.Итгэл “Манай удамд дамчин байхгүй. Миний цалингаар болсоор байтал, нэр нүүрийг минь улайлгаж байна шүү” хэмээн дургүйцэж байжээ. Гэхдээ энэ насныхаа амьдралыг бүрэн бүтэн авч явахын тулд халуунд нь халж, хүйтэн нь хөрч гүйсээр өөрсдөө босгох учиртай гэдэг хатуу зарчмыг баримталсан Ж.Цэцгээгийн хүсэл, тэмүүллийг хорьж дийлээгүй аж. Ингэснээрээ тэд одоогийн сайн сайхан амьдралаа цогцлоож чадсан хэмээн бахархаж байв. Түүний нөхөр Д.Итгэл “Миний хань дайчин, шаргуу, хөдөлмөрч, цуцашгүй эмэгтэй. Хүн анх харахад ширүүн мэт харагдавч, уян зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархуу юм шүү дээ” хэмээн ханиараа бахархаж байлаа. Олон жил хамтдаа жаргал, зовлонгоо хуваалцсан хоёр хос өдгөө хаа ч явсан хамтдаа байдаг гэнэ. Цаг хугацаа өнгөрөх тусам хоёр биедээ уусан, нэгэнгүйгээрээ амьдрах тун чиг бэрх болдог юм байна хэмээн хормын төдий ч холдох хэцүү байдгаа хуучилж байлаа.
ҮХЭЛ, АМЬДРАЛЫН ЗААГ
2005 онд Дархан-Уул аймгийн ХАҮТ-ын оны шилдэг эрүүл мэндийн байгууллагаар “Бид” эмнэлэг шалгарав.
Ж.Цэцгээ үхэл, амьдралын заагаас хэдэнтээ буцаж ирсэн түүхтэй. Бөөрний дутагдалтай түүний бие нь чилээрхэх үед энэ амьдралаас явах нь гэх бодол төрж байсан нь цөөнгүй. Гэвч үхэлтэй тэмцэлдэн ялж гарсан нь олонтаа. Түүнийг гэнэт муудан сэхээний тасгаар дамжин энгийн тасаг руу шилжих тэрхэн агшинд хүмүүс “Ус уух хувьтай” байна гэж сайн сайхныг хүсч байсныг дурсахдаа нүүр нь гэрэлтэж байлаа. Ж.Цэцгээ “Хүн болж төрснийх олон хүнд сайныг хүсч, өөрийнхөө хэмжээнд туслаж дэмжсэн минь энэ амьдралын сайн сайхныг урт удаан мэдрэх боломжийг бэлэглэдэг гэж боддог” гэв. Хүнд хэцүү үеийг давах бүртээ ээжийнхээ тухай дурсдаг байна. Нэг удаа ээждээ зэмлүүлэн жавтий хүртсэн охин гомдонгуй байсан аж. Гэтэл ээж Б.Нурмаасүрэн нь гаднаас орж ирээд охиноо аргадсанаа “Миний охин ямар хоол идэх вэ” хэмээн асуусан байна. Ээж намайг аргадаад яасан юм бол хэмээн битүүхэн тандасхийн харж сууснаа “Котлет” гэж хэлжээ. Ээж нь ч охиныхоо хүслийг биелүүлэн дуртай хоолыг нь хийж өгөнгөө гурван төгрөгийн гүзээлзгэний компотоор шагнав. Гайхширсан охин юу болж байгааг ойлгоогүй өнгөрч. Харин дараахан нь төрсөн өдрөөрөө эхлээд жавтий хүртэн, дараа нь бэлэг авснаа мэджээ. Энэхүү дурсамж түүний амьдрах итгэл, урам зоригийг бадраадаг хэмээн ярьсан юм.
Учир нь ээждээ аашлуулах үедээ “Би өвдөөд, эмнэлэгт хэвтэхсэн” гэж боддог байж. Энэ нь түүний бага насны тэнэгхэн дурсамж. Гэвч үхэл амьдралын заагтай нүүр тулахын цагт “Яаж амьд гарч үр хүүхдэдээ харагдах вэ” гэдэг чин хүсэл түүнээс хэзээ ч салж байгаагүй ажээ.
МИНИЙ “ХҮҮ”
Аавынхаа гарыг зүгээр болгосон эмэгтэйг харахаар ирсэн Д.Итгэл эмч ханьтайгаа танилцсан түүхээ хуучлав. Ж.Цэцгээ “Би нүүрэнд чинь массаж хийж өгч гоё болгоноо” хэмээн эргүүлж байсан нь саяхан мэт санагддаг ажээ. Сувилалд ажиллаж байсан бүсгүй хотод байгаа гэртээ санаа зовж байгаагаа залуухан эмчид уламжилж. Гэхдээ түүнийг хэлсэн зоргоор нь гэрийг эргээд, цахилгаан илгээнэ гэж бодоогүй байна. Нэг өдөр хоолонд орохоор явж байтал Долоонжин гуай бариач бүсгүйг дуудан “Хүүгээс минь цахилгаан иржээ. Гэхдээ чамд явуулсан бололтой” хэмээн дамжуулсан байна. Гэтэл “Гэрийг тань эргэж очлоо. Бүх зүйл сайн байгаа учраас санаа зоволтгүй. Сайхан амраад ирээрэй, би тосч авна аа” хэмээн бичсэн байжээ. Тэр үед “Ямар сүрхий, идэвхтэй залуу вэ” хэмээн битүүхэн догдолсноо дурсав. Ийнхүү цэргийн хувцастай эмч залууд сэтгэл алдарсан залуухан бүсгүй ирээдүйн ханиа зөв сонгосондоо баярладаг хэмээн хуучлав. Уул шиг нөмөртэй ханийн түшиг эмэгтэй хүнийг жаргалтай болгодог юм. Миний хувьд хорвоод хоргодоод байх аав, ээж, ах дүү гэх хүн ховорхон. Мэдээж үр хүүхэд минь бий. Тэд минь бусдын жишгээр сайн сайхан амьдарч байгаа болохоор огтхон ч санаа минь зовдоггүй хэмээн гунигтайхан өгүүллээ. Харин түүнийг амьдралдаа сэтгэл хангалуун, өөдрөг байхад нь түүний хань хамгийн чухал үүргийг гүйцэтгэж буй. Энэ биений минь тал болтлоо биедээ ууссан болохоор орхиод, түрүүлээд явчихвал “Өнчрөл, хагацал” түүнийг минь ээрч зовоох вий гэхээс айдаг гэлээ.
Залуу цагтаа өндөр сайхан нуруу, царай зүс, өмсөж зүүснээрээ бусдаас онцгой байсан Ж.Цэцгээ өдгөө ханийн халамж, хайранд өлгийдүүлэн жаргаж яваа эмэгтэй. Тэрээр хоёр охиноороо бахархдаг бөгөөд залуу цагийг минь санагдуулам, сайхан охидоороо үргэлж бахархдаг хэмээн ярьж суулаа.
Амьдралынхаа түүхээс хуучилж суухдаа үе үесхэн ханиасаа лавлахад “Тийм байхаа миний хүү” хэмээн инээмсэглэж суугаа Д.Итгэлийн харцанд хайр гэрэлтэнэ. Анх эхнэрээ болгохоор эргүүлж байсан Д.Итгэлд түүний хань нь өөрийнх нь хүүхэд мэт санагддаг болжээ. Энэ нь хоёр хосыг амьдралын туршид хоёр биедээ хэрхэн уусч, илүү ихийг мэдэрч байгааг илтгэх мэт. Хэзээ ч үг сөргөддөггүй болов уу гэмээр найр тавин ярилцах хоёр маань залуухан хосуудаас ч халуухан, хайр нь ундарсаар байгаа нь анзаарагдав. Урт удаан хамт амьдрахдаа хатуу, хүтүүг хамтдаа туулж, амьдралын сайн сайхан охь бүхнийг хамтдаа эдэлсэн нь тэдний ийнхүү аз жаргалаар бялхсан амьдралын түүхийг бүтээсэн аж.
Д.Итгэл гэх энэ айлын амьдралын тойрог ийнхүү эргэж байна. Тэдний тулган дахь галын дөл өөдөө байж, эрүүл энх, аз жаргалаар бялхахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин