Т.Тансагчимэг: Улс эх орны хөгжил гэр бүлийн хөгжлөөс эхэлнэ

2016-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

Улс үндэстний баялаг бол гэр бүл. Харин гэр бүлийн баялаг бол үр хүүхэд. Тиймээс энэ удаа боловсролын салбарт, тэр дундаа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төлөө мэдэх, чадах бүхнээ харамгүй зориулж яваа нэгэн судлаач, багш бүсгүйтэй уулзсан юм.

Т.Тансагчимэг гэх энэ бүсгүй БНХАУ-ын Бээжин хотын  Хэл соёлын дээд сургуулийн докторантурт суралцахын зэрэгцээ эх орондоо  “Шинэ зам хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв” НҮТББ-ын тэргүүнээр ажилладаг аж. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

-Юуны өмнө танд баяр хүргэе. Монголын боловсролын салбарыг судлах үндсэн судалгаа нийгэмлэгээс таныг 2016 оны “Хүндэт менежер”-ээр тодруулсан гэж сонссон?

-Баярлалаа.Хамтран ажиллаж, ихийг хийж бүтээсэн хамт олондоо бас баярлалаа. Та бүгдийнхээ агуу их хичээл зүтгэл, хөдөлмөрч зүрх сэтгэлийн хүчээр энэ ололт, амжилт ирдэг шүү гэж хэлмээр байна.

-Нийгэмд тулгамдсан олон асуудлын нэг нь яах аргагүй гэр бүлийн асуудал, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг хөгжүүлэх, хүмүүжүүлэх асуудал байдаг. Харин танай байгууллагыг энэ асуудалд анхаарч ажилладаг, хувийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх бүлэг олонтой гэж сонссон. Та байгууллагынхаа үйл ажиллагааг товчхон танилцуулахгүй юу?

-“Шинэ зам, хүүхэд гэр бүл хөгжлийн төв” нь нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм. Бид 2006 онд анх “Шинэ зам хүүхэд гэр бүл хөгжлийн клуб”-ийг байгуулан сайн дураар эвсэн нэгдсэн хэдэн багш нар цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвүүд, дугуйлан секц, хөгжүүлэх сургалт, хүмүүнлэгийн ажлаар гараагаа эхэлж байсан. Харин одоо НҮТББ болж өргөжөөд  илүү далайцтай өргөн хүрээнд ажлаа төлөвлөн нийтийг хамарсан олон талт арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.Манай байгууллага нь монгол түүх соёл, төрт ёс, эх орноороо бахархах бахархалыг тэтгэж, нийгэм дэх эерэг бүтээлч сэтгэлгээ, зөв хандлага, эв эеийг цаашдын хөгжлийн үндэс суурь болгон батжуулж, монгол хүнийг ясли, цэцэрлэг,бага, дунд сургууль, мэргэжлийн сургалт, коллеж, их, дээд сургууль гэх мэт ажил, амьдралын  турш бүхий л залгамж холбоог тасралтгүй хөгжүүлж чадсан,  насан туршийн чанартай боловсролыг олгох, бүтээлч чадварыг цогцлоосон дэлхийн жишигт хүрсэн бодлоготой байж түүнийг  хэрэгжүүлэх үндсэн зорилготой ажилладаг.

-Үйл ажиллагаагаа явуулаад бараг 10 жил болжээ. Энэ хугацаанд багагүй туршлага хуримтлуулсан байх. Одоо хэдэн цэцэрлэг, хаана ажиллаж байгаа вэ?

-Боловсролын салбарт арав гаруй жил ажилласан маань бидэнд их туршлага болж өгсөн. Өнөөдрийн байдлаар “СӨБ болон Бага Боловсролын залгамж холбоог бэхжүүлэх нь 2015-2035” нэртэй боловсролын салбарын шинэчлэлд хувь нэмрээ оруулсан төслийг эхлүүлэн нийслэлийн таван дүүрэг,  хөдөө орон нутгийн гурван аймаг,  дөрвөн суманд  ажил хэрэг болгоод явж байна.

-Танай байгууллагыг бусад хувийн цэцэрлэгүүдийг сургалт арга зүйгээр хангаж, сайн туршлагаа хуваалцдаг гээд боловсролын салбарынхан ам сайтай байдаг юм билээ. Мөн хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулж чадаагүй албан байгууллагатай хамтарч ажилладаг гэж байсан. Энэ талаар мэдээлэл дуулгаач?

- Өнөөгийн нийгэмд хүүхдийн үгийг сонсож, тэдний өмнө тулгамдаад байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал ихээхэн дутагдаж байна.  Тиймээс бид аль болох үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулж, боловсрол хүмүүжлийн зөв төлөвшилтэй болгон хөгжүүлэхэд  чиглэсэн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийг хичээн ажилладаг.  Энэ утгаараа бид үйл ажиллагаа нь доголдоод санхүүгийн хямралд орсон хувийн цэцэрлэгүүдийг дэмжиж, тэднийг  маркетингийн зөв бодлогоор хангаж,   мэргэшсэн боловсон хүчнээр зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Мөн бага сургуулиуд,  өдөр өнжүүлэх төвүүдтэй холбон өгч асуудлыг  цогцоор нь шийдэх үндэсний арга зүйг боловсруулан ажиллаж байна. Бидний хүүхэд нэг бүрийг хөгжүүлж байгаа сургалт, арга зүй олон хүнд  танигдаж,  бодит үр дүнд хүрч байгаад баяртай байдаг. Гэхдээ нэг үеэ бодвол ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаардаг байгууллагууд олон болжээ. Тэд бидэнтэй хамтран өөрсдийн байгууллагынхаа  дэргэд ажилчдын хүүхдүүдэд зориулсан  цэцэрлэг, бага сургуулийг хэрхэн байгуулж тогтвортой, чанартай ажиллуулах талаар зөвлөгөө авдаг болсон. Бид мэргэшсэн боловсон хүчин, чанартай үйлчилгээг санал болгож чадаж байгаа болохоор  өөрсдийнхөө хүүхдүүдийг бидэнд даатгаж, ард нь  эцэг, эхчүүд маань ажлаа тайван хийж,  ажлын бүтээмж нь нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Хамгийн сүүлд л гэхэд бид  Хил хамгаалах ерөнхий газрын нийгмийн халамжийн хэлтэстэй хамтран ажиллаж, төслийнхөө  цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвд ажилчдынх нь 40 хүүхдийг хамруулсан. Мөн манай байгууллагад итгэл хүлээлгэн хамтран ажиллах саналыг минь хүлээн авч, бидэнтэй хамтран ажиллах хүсэлт тавьж буй байгууллага хамт олонд талархсанаа илэрхийлж байна.  Та бүхний хүүхдүүдийг өндөр төлбөр нэхэхгүйгээр  сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадна IQ, хэл ярианы хөгжил,  шатар, бүжиг, гадаад хэл гэх мэт нэмэлт хөтөлбөрөөр нас сэтгэхүйд нь тохируулан хүүхэд нэг бүрийг  хөгжүүлж өгөхөд бэлэн байна.

-Сүүлийн үед зарим эцэг, эхчүүд гадаад хэлтэй, гадна дотны хөрөнгө оруулалттай сургууль, цэцэрлэгт хүүхдээ өгөхийг илүүд үздэг болж. Гэтэл зарим нь улсын цэцэрлэгт ч хүүхдээ өгч чадахгүй байна. Багш хүний хувьд та үүнийг аль өнцгөөс нь харж суудаг вэ?

-Бидний үйл ажиллагаа ямар нэгэн шашны болон хөрөнгө оруулагч нарын шахалт дарамтгүй цэвэр Монголын чадварлаг эрдэмтэн,  багш нарын багаас бүрддэг. Бид өөрсдийн хүчин чармайлтаар бүх насныханд ямар ч ялгаа зааггүйгээр боловсролын салбарын  үйлчилгээг хүргэдэг. Тйим болохоор оюутан ажилчин, удирдлага, өвөө, эмээ хэн байх нь чухал биш, тэдэнд  юу хэрэгтэй байна. Тэд биднээс юу хүлээгээд, хүсээд байгаа нь чухал гэж үздэг.

Боловсролын салбарын тухайд Кембридж л гэнэ, Турк, Америк, Солонгос, Хятадын  бодлого л гэнэ. Тэгээд гадны санааг шууд хуулж авчраад, хүчээр мөрдүүлэх гэж хэчнээн жил цаг алдаж, жинхэнэ зөв бодлогоо тодорхойлж чадахгүй байгаа нь нууц биш.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 100 орчим хувийн дунд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр сургуулийн төлбөр 400.000-32 сая төгрөгийн төлбөртэй байна.Энэ бол харамсалтай явдал. Төрөөс хүүхдүүдийг шууд баян, ядуу айлын хүүхэд  гээд ялгаад  байгаа хэрэг биш гэж үү. Жишээ нь, миний хүүхэд хэзээ ч жилд 32 сая төгрөг төлж, ЕБС-д  сууж чадахгүй.  Баян айлын хүүхдүүд яагаад жирийн иргэдийн ч юм уу,  дундаж гэр бүлд өсч буй хүүхдүүдтэй хамт сурч боловсорч болохгүй гэж. Зарим хүмүүс үүнийг ардчилал гээд байдаг. Ийм бодлого хэдэн тэрбум хүн амтай хөгжсөн улс орнуудад байж болно. Харин манай Монголд ийм нөхцөл боломж хараахан бүрдээгүй байна.

Хуулиараа бол боловсролыг үнэ төлбөргүй, ялгаварлан гадуурхахгүй олгодог байхаар заасан байдаг. Гэсэн  ч амьдрал дээр байдал огт өөр байдагт харамсдаг.   Хүүхэд эцэг, эхээ өөрсдөө сонгож төрддөггүй гэдэг шүү дээ. Харин Монгол Улсын эдийн засаг хямралтай байгаа энэ  үед ахуй амьдралаа сайн тал руу эргүүлж болох боломжууд бас бий.  Жишээ нь, гадаадын хөрөнгө оруулалттай дунд сургуульд их мөнгө төлж, гадныхны халаасанд ордог тэр мөнгийг монгол сургуульдаа өгч болно. Мөн Монголоос өөр оронд  хувийн зардлаар суралцахаа больчих. Гадаадад сурах гээд  хүсээд байгаа бол гадаадын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцээд гадны орноор сургалтын төлбөрөө даалгаад  сурвал энэ чинь л  эцэг, эхдээ төдийгүй  эх орныхоо  эдийн засагт оруулж буй хувь  нэмэр  гэдгийг би шавь нартаа үргэлж хэлдэг. 

-Гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө нойр, хоолоо хасан байж ажилладаг ээж, аав олон. Гэтэл ард нь хүүхэд орхигдоод байдаг. Тиймээс зарим ээж, аавуудад та хүүхдийг зөв хүмүүжүүлэх нь хэчнээн чухал болохыг хэлж өгөөч. Ер нь зөв хүмүүжил олгох гэж юуг хэлээд байна вэ?

-Хүүхдийг сурган хүмүүжүүлнэ гэдэг  нэг талаас мэдлэг эзэмшүүлэх нөгөө талаас хүмүүжүүлэх үүрэгтэй. Мэдлэг эзэмшүүлэх үйл ажиллагааг хүмүүжүүлэх үйлтэй хэрхэн холбох вэ гэсэн асуудал цаг ямагт тулгардаг. Энэ бүхний хариултад доктор, профессор Х.Сампилдэндэв нэгэн сонирхолтой хариултыг хэлсэн байдаг. Тэрээр “Манай ард түмэн хүмүүжил гэдгийг ерөөс хүнд байдаг шинж чанарыг хүнд бий болгох гэж үзсэн байдаг. Учир нь хүн хүмүүжил гэдэг үгсийн язгуур нь хүртэл нэг юм.  Хүмүүжил нь хүний нийгмийн шинжийг бүрдүүлэх асуудал гэж ярьдаг. Үүнтэй би санал нийлдэг юм. Үүнээс харахад  хүмүүжил гэдэг нь оюун сэтгэлд хүрч нөлөөлөх үйлийн хэлбэр болох нь тодорхой байгаа юм.  Ер нь бол зөв хүн болгож төлөвшүүлэх үйл маш чухал. Дараа нь боловсрол эзэмшүүлэх чадвар, чадамжтай болгох тухай бодлоготой зөв алхамууд хэрэгтэй. Энэ бүхний суурийг цэцэрлэгт, бага ангийн багш нар тавьж өгдөг. Тиймээс тэд бол хамгийн чухал хүмүүс гэж ойлгож болно.

Амны билгээс ашдын билэг гэдэг. Зөв гэдэг харьцангуй ойлголт болохыг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ бидний зүгээс өгөх гээд байгаа гол мессеж бол өнөөх  боловсролын  салбарт орж байх ёстой  санхүүжилт биднээс сургалтын төлбөр  нэрээр  гадаад руу гарч байгааг анзааран харж,  түүнийг бага гэж чамлахгүйгээр  дотооддоо барьж үлдэх. Монголдоо чанартай сургуульд  суралцаж төгсөх боломжийг бүрдүүлсэн Монголын боловсролын  брэнд стандартыг  бий болгон хэрэгжүүлэх нь эхний алхам  болоод байгаа юм.

-Танайхыг “Зөв Монгол эмэгтэй” ТББ-тай хамтарч ажилладаг. Эхчүүд, хүүхдүүдийн төлөө олон буянтай үйлс хийдэг гэж гэртээ хүүхдээ хараад сууж байдаг ээжүүд бидэнд дуулгасан?

-Бидний ажлыг үнэлсэн эхчүүд, хүүхдүүд ээжүүддээ баярлалаа. 2015 оноос хойш бид “Зөв Монгол эмэгтэй” НҮТББ-тай хамтран ажиллаж буй төслийн хүрээнд  нийт үндсэн болон гэрээтээр ажилладаг 40 гаруй эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан  нартайгаа хамтран хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд төдийгүй гэр бүлийн гишүүн бүрт хүрч зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, сургалт зохион байгуулж, ажил амьдралд нь тус дэм болж ирсэн. Манайх шиг байгууллага цөөхөн байдаг.

 Бид өрхийн үйлдвэрлэл болон ЖДҮ эрхэлж байгаа бүсгүйчүүдээ дэмжин “Бизнесээ эхэл, хөгжүүл” нэртэй төслийн сургалтыг зохион байгуулдаг. Энэ сургалтанд хамрагдсан үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүд маань өөрсдөө төслөө бичээд зээл хүсдэг, хэн ирж туслах бол гээд хүлээж суухгүй өөрсдөө хөөцөлдөөд зээлээ авах чадвартай болдог. Түүнчлэн гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эмэгтэйчүүдээ хөгжүүлэх зорилгоор  иога бясалгал, цэнгээнт бүжиг, явган аялал, гадаад хэл,  компьютерийн, төсөл бичиж сургах, зөв хооллох, оёдол эсгүүрийн сургалтуудыг  болон хүний хөгжлийн сонирхолтой лекцүүдийг тэдэндээ санал болгодог юм.”Зөв Монгол эмэгтэй” клуб маань орон нутгийн болон дүүргийн салбараараа дамжуулан үнэ төлбөргүй,  хөнгөлттэй хэлбэрээр  дээрх сургалт лекцүүдийг хүргэж, өөрсдийнхөө  үйл ажиллагаа өргөжүүлээд явж байна.

-Бүсгүйчүүдийнхээ боловсрол, мэдлэгт анхаарч эмэгтэй хүнийг таван чухал эрдэмд шамдан суралцахыг чухалчилдаг гэж сонссон. Тэр таван чухал эрдмийг хэрхэн яаж тодорхойлсноо сонирхуулаач?

-Эмэгтэй хүн дараах таван зүйлийг үйл хэрэг болгож чадвал амжилт олдог гэж үздэг бидний хэсэг бүсгүйчүүд бий. Энэ нь юуг хэлээд байна вэ гэвэл өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо үгүйлэгдэж байгаа тулд тэд маань эмэгтэйчүүдийн таван чухаг үйлийг амьдралдаа мөрдлөг болгон хэвших аваас бүх салбарт боломж бий гэдгийг сануулахыг зорьсон юм. Тухайлбал, бид эмэгтэй хүний таван чухал зүйлийг ингэж тодорхойлсон байдаг.

1. Ухамсарт сэтгэлгээ далд ертөнцдөө  ариун байх. Өөрөөр хэлбэл өс хонзон тээхгүй, бодол сэтгэхүйдээ эмх цэгцтэй сайн сайхныг хүсэмжилж, түүндээ тэмүүлсэн байхыг хэлж байгаа юм.

2. Та эрүүл энх байж гэмээнэ  эрүүл саруул үр хүүхэд төрүүлэн өсгөж,  үр удмаа үлдээнэ.  Улмаар Монгол Улсынхаа хойч үе залгамж холбоогоо тасралтгүй байлгахад бие болоод  сэтгэл зүрхнээсээ санаа тавих хэрэгтэй. 

3. Мэдлэг боловсрол, чадвараараа  өв тэгш байх. Энэ нь бүх хүн дээд боловсролтой байхын нэр биш гуталчин, үсчин, эмч, багш хэн ч бай өөрийн  эзэмшсэн мэдлэг, чадвартаа  эзэн болж баялаг бүтээх чадамжтай байхыг хэлж байгаа юм.

4. Ажилтай орлоготой байж баялаг бүтээх явдал.Та нэгэнт чадамжтай мэдлэгтэй тул одоо сайн ажил хийж их мөнгө олж амьдрал ахуйгаа тэтгэх боломжтой болох хэрэгтэй.

5. Харин одоо танд бүх зүйл байгаа тул  бүсгүй хүн гэдгээ марталгүй гадаад гоо үзэмж төгс,  үзэсгэлэнт хатагтай, бүсгүй байхдаа санаа тавих нь чухал. Орчин үед сэтгэлдээ өс хонзон тээчихээд, махан бие нь өвчний үүр болсон байгааг мэдсээр атлаа нүүр болон үзэгдэх хэсгээ брэндээр өнгөлж, өрөөр авсан байрандаа хэцүүхэн амьдраад, лизингийн машин уначихаад   баян тарган, сэтгэл хангалуун амьдарч байгаа мэт аашилдаг хүн олон болохоор энэ талаар заавал дурдмаар байна.

-Монгол оронд шинэ өглөө яаж эхэлдэг вэ гэж танаас асуувал та юу гэж хариулах вэ?

-Гэгээлгээр харвал ургахын улаан нар мандаж эхэлдэг. Харин хатуу болоод үнэн бол маш олон эгэл жирийн ард иргэд эмнэлгийн үзлэгийн дугаар авахаас эхэлж байгааг бүх дүүрэг, нэгдсэн эмнэлгүүдийн гаднааас харж болно. Үүнийг өөрийн нүдээр хараад ажил хэрэг болгон өөр хэд хэдэн эмнэлэгт очиж үзээд их цочирдон, бас их эмзэглэсэн.  Өвдсөн хүн хэчнээн их мөнгө олоод яах ч билээ буцаагаад л эм эмчилгээндээ зарцуулна. Тэгэхээр өвчингүй эрүүл байна гэдэг хамгийн чухал. Манай их мэдэгчид үнэт зүйл гэж их  холоос том юм хайгаад байдаг. Үнэт зүйл чинь эрдэнэт хүн та өөрөө  учраас  түүнийг хайх ч хэрэггүй. Өөрийгөө хайрлах нь буруу зүйл биш. Иймээс дээр дурьдсан таван үйлийг зөв тэнцвэртэй авч явах ухааныг бид бусдад зааж сургадаг юм. Манай баг, хамт олон  худал хоосон ярьж, улс төрждөг хоосон нэр зүүгчид биш. Тиймдээ ч өдий олон жил түмний танил итгэлт хамтрагч нь байж чадсаар ирсэн. Цаашдаа ч урам зоригтой, үр дүнтэй ажиллана.

-Улаанбаатар хотод 23 мянган өрх толгойлсон эмэгтэй байна гэсэн тооцоо байдаг. Та бүхнээс үлгэр жишээ, санаа авч бүсгүйчүүдээ чадваржуулж, тэдэнд итгэл өгч дэмжлэг үзүүлэх байгууллага олон болоосой?

-Тийм шүү. Энэ бүх хуга­цаанд бид  дандаа шулуун дардан замыг туулаагүй. Бусдын адил гүтгэлэг, хяналт шалгалт, үл ойлголцол, итгэлцэл урвалт бүгдийг нь мэдэрч унаж, босч, тэмцэж ирсэн. Шантрах үе байсан ч сайхан хамт олон,  бие биенээ ойлгон,  итгэл хүлээлгэх,  бие биедээ өгөх  урам зоригоор тэжээгдэн өнөөдрийг хүрсэн. Миний бодлоор эмэгтэй хүний хамгийн гол үүрэг бол эх хүн байх, орон гэрээ сайн сайхан авч явах, цаашлаад улс орныхоо найдвартай ар тал, түшиг тулгуур байх үүрэгтэй ч тэдэнд  ямар ч ажлыг зохион байгуулдаг, тууштай, амьдралын төлөө зүтгэдэг, бүтээлч чанар заяагдмал байдаг нь анзаарагдсан.

Манай орны хувьд ачааны хүндийг буюу жижиг дунд үйлдвэрлэл, эрүүл мэнд, худалдааны гэх мэт бүтээлч салбарт тэд манлайлан ажиллаж, эмэгтэйчүүд хамгийн үнэнч ажилчид гэдгийг эрчүүд ч хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Хөгжингүй орны жишгээс харахад эмэгтэйчүүдийг 30-аас дээш  хувь, зарим нь 60 гаруй хувь хүртэл парламентдаа оруулсан шийдлүүд ажиглагддаг. Заавал үүнийг даган дуурайхдаа гол нь биш. Бид “Монгол удам”-ын үр сад  боловсрол, бүтээл,  сэтгэлгээгээрээ ч Монгол байх нь чухал .

Түүхээ эргэн харахад ч гэсэн Монголын түүх алдар цуутай хүчирхэг, дайчин,эрх мэдэлтэй, эрдэм оюунтай эмэгтэйчүүдээр арвин баялаг байсан. Монгол Улсын төр, эдийн засгийн ороо бусгаа хямралын үеүдэд эмэгтэй хүний нарийн мэдрэмж, уян зөөлөн хийгээд шаргуу дайчин гүйцэтгэл сайтай зан чанарын хүчээр даван туулж ирсний ул мөрийг олон хатдын түүхээс харж болно. Тиймээс цааш­лаад хийж бүтээдэг, шийд­вэр гаргах чадамж бүхий сойлго нь таарсан эрдэмтэй, оюунлаг, баялаг бүтээсээр ирсэн чадварлаг  бүсгүйчүүд  цөөнгүй байгаа. Тэднээс ичилтгүй тусламж ав гэж эрчүүддээ хэлмээр байна.  Эр нөхөр нь ажлаа тараад гэртээ ирэ­хэд халуун дулаан уур амьсгалтай, цэвэр цэмцгэр угтах ямар байдагтай адил улсын тэргүүн төрт улсаа халуун дулаан гэр бүл лугаа адил  аз жаргалтай тайван  байлгахыг хүсч байгаа бол жижиг зүйлсээр бүтээл урладаг гэж чамлахгүйгээр  зохион байгуулах, зорьж буй үйлсээ зогсоохгүй байх, тэмцэх чадвар бүхий  эмэгтэй хүнд  боломжийг олгох ёстой. Бусдад сайнаар нөлөөлхүйц монгол удам угсааг цэвэр байлгах цэгц шулуун бодлоготой эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд бодлогоор томилж өгвөл  тэд их олон ажлыг чанартай хийж чадна гэдэгт  би итгэдэг. Ингээд танай сониноор дамжуулан бидний ажлыг дэмжин хамтран ажилладаг бүх байгууллага,  хамт олон, хувь хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье.

Эх сурвалж: www.polit.mn

Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

59 мин
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхт

59 мин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Өчигдөр 06 цаг 25 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Өчигдөр 06 цаг 15 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Өчигдөр 06 цаг 10 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Өчигдөр 06 цаг 05 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Өчигдөр 06 цаг 00 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

Уржигдар 19 цаг 10 мин
Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Уржигдар 17 цаг 47 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Уржигдар 14 цаг 20 мин