
Д.ЦЭРЭННАДМИД
ЭХЛЭЛ БУЮУ ЭДНИЙХНИЙ ТУХАЙ
Малчид гэхээр зүгээр л нэг мал дагаж явдаг хүмүүс гэж зарим нь төсөөлдөг юм гэнэлээ. Тэгвэл малчин хүний тухай миний хувьд огт өөрөөр боддог. Мөн ч олон малчинтай уулзаж сурвалжилж явлаа. Харин хүлэг бүхэн жороогүй гэдэг шиг хүн болгон тэгж сэтгэлээсээ ярьдаггүй болохоор зарим хүн бодол санаагаа бүрэн илчилж ажил үйл танилцуулж чаддаггүй байж мэднээ дээ. Тийм болохоор дутуухан бодолтнууд малчин хүнийг доохнуур үзэх гээд байдаг байх.
Тэгвэл малчид бол Монголыг ирээдүй рүү тээж яваа хүмүүс шүү дээ. Монгол орон хөгжөөд байгаа л гэдэг хэний хүчээр хөгжиж дэвжээд буйг хэл гэвэл нүүдэлчин Монголын үр сад малчид гэж чангахан шиг хэлэх байна.
Бид саяхан Цэндийн Лувсандорж гэдэг ухаалаг хүнтэй уулзлаа. Тэр бол Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн малчин хүн л дээ. Бүр удам дамжсан тэмээчин юм билээ тэр. Тэднийх мянган тэмээг ч олж харамгүй дэндүү уужимхан говийн нэг содон нутаг Үл-Олдохын талд Шар дух хэмээх газар хаваржиж байна. Энэ л нутагтаа хүн малтайгаа ээнэгшиж дассан эдний өнөр бүлийнхэн бүгдээрээ тэмээчин гэхээр үнэхээр сайхан сонсогдсон шүү.
Хулд сумаас Өмнөговийн чиглэлийн шинэхэн засмалаар давхиад тэднийд буучих юм. Хойноос нь харахад сууриндуу юм шиг хэдэн төрлийн машин сойгоостой харагдах. Харин түүнийг нь алсуур тойрч урдаас нь очвол давхар давхар зэл, олон тэмээ зорьж гарсан малчных маань мөн ажээ. Дунд талын гаднаа нарны тосгууртай гэрт орвол яриа хөөрөө нь цалгисан гав шув гэсэн нэг эмэгтэй байна. Тэр бол Ц.Лувсандорж аваргын гэргий Ш.Бадамханд аж. Идээ, унд болох зуураа “Өвгөн хот явчихсаан. Маргаашаас ирэх байхаа гэж байна. Танай гэрийн эзэнтэй уулзах учиртай даа гэвэл “Өөрөө байхгүй ч бид байна шүү дээ” гэсэн үгийг тэр харцаараа хэлэх шиг санагдлаа.
Түүний нь хариу болгож “Танай айлууд хэнийх вэ” гэвэл. “Манай хоёр хүүгийнх нь бас өвгөний хамаатан дүү Хөдөө аж ахуйн ухааны доктор Бээжинхүүгийнх гэх айлууд байна даа” гэв. “За бас доктортой хот байх нь тэр доктор чинь энд ямар албатай байдаг хүн бэ? гэж сонирхоход “Тэмээчин хүн л дээ” гэсэн цөөн үгээр хариу барив. Бас манай хүүхдүүд ч, бэрүүд ч тэмээчин гэх нь нэг л сонсголонтой санагдав.
Гадаа нэг “Ланд-100” ирээд зогсов. Тэрнээс бууж ирсэн хүнийг бид зочин хэмээн бодож сууриндуу зангаар мэндэлбэл “Сайхаан, сайхан хаваржиж байна уу. Зорьсон газар эднийхээ. Тэмээгээ усалчихаад л явж байна даа гэх нь яалт ч үгүй малчин хүн болж таарав.
Түүнтэй танилцаж хэдэн үг солив. Очирын Эрдэнэ гэдэг угаас энэ хонхрын хүн гэдгийг мэдэв. Нэг хэсэгтээ жолооч гэгдэж яваад сүүлд нь тэмээчин болж энэ л Олдохын цэнхэрхэн говьдоо амьдарч байгаагаа тэр ярьж байсан. Тэднийх Лувсандорж аваргынхаас барууханд “Үзүүр товог” гэдэг газар хаваржиж байгаа гэнэ. Хоёр зуу гаруй тэмээтэй. Харин сонирхолтой нь “Ланд-100”-гаар тэмээгээ малладаг гэдэг нь сонин аж.
О.Эрдэнэ их цовоо цойлгон хүн бололтой. Цөөхөн үгийн ард өөрийгөө бүрэн танилцуулж амжих юм. Тэгээд аваргаа малчин Ц.Лувсандоржийн тухай ярихдаа “Бид хоёр төрсөн ах дүү шиг төө зайгүй найзууд гээд л хөөрөхдөө. Манай Лууяа чинь ёстой л жинхэнэ малчин хүн дээ. Энэ нутгийн хөрс шороо өвс ургамлыг ширхэг ширхгээр нь мэднэ.
Олдохын талын овоо хэдэн малчны нэг юм шүү дээ. Улсын аварга байтугай баатар, гавьяат байхаар хүн гэж магтаж байх юм. Овоо хэдэн малчны нэг гэдгээс нь үүдээд бодоход хуучин нэгдлийн үе Цагаанчулуу бригад гэж байхад энэ нутаг аваргуудын нутаг гэддэг байсныг мэдэх юм. Тэмээн сүргээ өсгөж манлай бригад болж “Мөнгөн буйл” чиргүүлтэй 130 машинаар шагнуулж байсныг нь дуулж байсан санагдав.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар тэмээчин Б.Эс гэдэг эмэгтэйгээс эхлээд улс, аймгийн аваргууд олонтой нь энэ л нутгийн онцлог байна. Улсын аварга малчид нь бүгд тэмээчин байсан гээд бод доо. Ингэхлээр Үл-Олдохын уужимхан тал тэмээний орон-тэмээ, тэмээчин хоёртоо ээлтэйхэн нутаг билээ.
Тэмээчин Ц.Лувсандорж “Энэ Олдохын талын айлууд үргэлж өөдөлж, дэвжихийн нигууртай гэж би хэлнэ. Яагаад гэхээр энэ талбиун сайхан нутгийн өгөөж нь үнэхээр баян болохоор ядмагхан гэхээр амьдралтай айл байдаггүй юм шүү дээ. Баян Олдохынхон гэхэд ч болно” гэж бахархангуй ярьж байна лээ. Хэн нэгэн бас ярьж байсан л даа. Тэмээчин Лувсандорж ажил үйлсээрээ ч ааш зангаараа ч нутгийнхандаа үлгэртэй, мундаг малч хүн гэж. Бас хүүхдүүд нь ажилтай, анхиатайгаараа онцгой шүү дээ гэхийг сонссон байлаа. Өөртэй нь ярилцаж байхад үг бүрээс нь мал ч амьдралын үнэр ханхалж байх шиг санагдаад л...
-Би ер нь нэг тийм юмтай болохсон гэх юм уу, аль нэг нэр, алдартан гэж дуудуулахсан гэж боддоггүй л дээ. Харин нэг л мэдэхнээ юм юмтай болчихсон байдаг юм. Үүнийгээ сайн санааны заяа тавилан юм байх гэж боддог. Үгүй хө, зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гээд дуулаад байдаг биз дээ гэж тэрбээр урсгаад өгнөө ярина гэж.
Эднийх зөвхөн тэмээтэй айл биш адуутай бол адуутай олны олон хонь, ямаатай. Хаврын нэг мундаг ажил эдний хотноо оволзож байхтай таарсан. Тэр нь ямаа самнах. 300 гаруй ямааг арваад хүн гурав, дөрвөн өдөр самначихлаа гэж байна лээ.
Сумаас ирсэн самнагчид өдөрт нь ямаа самнаад “цалингаа” аваад оройд нь хөзөр тоглож төвийхнөөс дутахгүй наргачихнаа хараажаар. Нэг ямааг 5000 төгрөгөөр самнаж байна. Дадлагатайхан нь овоо хэдэн төгрөг авлаа гэж ярьж байна лээ. Энэ дүр зураг Монголын өнөөгийн малчид зөвхөн үйлдвэрлэгч биш ажил олгогчийн зиндаанд очсны илрэл гэж болохыг харуулж байна. Лувсандорж гуайн 300 гаруй ямааг 1.5 сая гаруй төгрөгөөр самнаж байна гээд бод доо. Тиймээ хөдөөд амьдрал байна аа байна.
Эдний гадаа “Ланд-80”-аас эхлээд малчдад “ажлын мал” гэгдэх болсон “Портёр” бас жижиг машин, отрын авто сууц гээд бүхэн байна лээ. Үүнийг хэлэхдээ аварга малчин Лувсандоржийнх ийм баян айл гэхийг урьдал болгосонгүй. Өнөөгийн малчид иймэрхүү л амьдарч байна шүү дээ гэж хэлэх гэсэн юм даа.
ТЭМЭЭ МАЛЛАХ ЭРДМИЙГ ИЖИЙГЭЭСЭЭ ӨВЛӨСӨН ХҮН
Ц.Лувсандорж дөрөвдүгээр ангиа төгсөөд л ижийтэйгээ тэмээ маллаж. Тааруухан сурлагатан байгаад тэр үү гэж түүнээс асуухад “Үгүй шүү. Сурлага маш сайтай учир багш надад их сайн. Харин дуу дуулна гэж хөглүүлж өгдөг хүүхэд байв гэх. Лувсандоржийг дуулахаар л хүүхдүүд инээлдэх. Дунд дүн авдаг хичээл нь дууных. Малчин болоод бэлчээрт хангинатал дуулахын хүсэл түүнд байсан ч юм билүү. Тас зүтгэж байгаад л мал дээр очсон гэдэг. Ижий Цэнд нь жирийн л малчин ч гэлээ тэмээ маллахдаа сүрхий, нутаг орныхондоо хүндлэгдсэн хүн байж. Лувсандоржийг нэгдэл нийгмийн тэмээ маллаад гайгүй дадаж байтал 1970 онд эх орон дуудаж цэрэгт морджээ.
Энэ тухай сонирхуулж ярихдаа тэр “Яагаав нөгөө аймгийн арслан Н.Пүрэвсүрэн Цэргийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Дэмбэрэл гуайд агсам тавьж зодоод Мандалговийн зүүн хойт хөтлийг нураах шахсан цэрэг татлага байлаа шүү дээ гэж хуучлахдаа “Би тэгээд цэрэгт очсон доо. Дархан хотын нэг том ангид түрүүч цолтой бага дарга явлаа. Цэргийн гурван жилд юу эсийг сурахав. Бие хаа ч овоо болсон. Нөгөө надад чацархаад байдаг хүрэн тайлагыг нэг номхруулж өгнө дөө гэж бодох.
Тэгээд цэргээс халагдаж ижий тэмээ хоёр дээрээ ирсэн гэж хөөрөв. Тэгснээр Хулд сумын “Талын цэцэг” нэгдэл нэг залуу тэмээчнээр бүл нэмж. Эхлээд нэгдлийн 80 тэмээ хүлээн авч байж. Тэр нь өсөөд хэдхэн жилийн дараа хот дүүрэн тэмээтэй айл болж нутгийн бүсгүй Бадамхандтай гэр бүл болж ижийгээ баярлуулсан гэдэг.
Мал дахин нийгэмчлэхэд дахиад тэмээ нэмж авч өсгөсөөр нэгэн үе 500 бараг хүргэсэн дээ гэх юм билээ. Тэр олон тэмээг маллана гэдэг амаргүй байхдаа гэвэл “Даваад ирсэн давааг хэн өндөр гэдэг билээ дээ. Түүн лүгээ 40-50 жил малчихсан хойноо тэмээ хэцүү гэж хэн хэлэх вэ дээ. Харин тэмээ 200 хүрээд ирэхээр унаа морь дийлэхээ байдаг юм гэж байна лээ. Ц.Лувсандорж бүр багаасаа унаа малд гаргуун байж. Нэгдлийн тэмээ маллаж байхдаа суурь адуунаас арай л армаг цовоог сонгож унадаг. Түүний унадаг морьдыг өөр хэн ч зайдалж чаддаггүй байж.
Гэхдээ эмнэг догшин морь, тэмээг эр чадлаар биш эе эвээр номхруулж эдэлдэг малчин хүний нэг содон арга чаргыг Лувсандорж төгс эзэмшсэн хүн. Түүнийгээ миний ижийгээсээ сурсан эрдэм гэдэг аж. Ер нь мал маллах арга ухааныг малчин хүн их, дээд сургуулийн танхмаас биш эцэг өвгөдөөсөө, эрдэнэт малынхаа дэргэдээс олж авдаг гэдэг шүү дээ.
Энэ Монголын малчин хүний удмаа дагаж амьдардагтай холбоотой юмсан болов уу. Өнөөдөр Монгол Улсын аварга малчин Ц.Лувсандоржийнхон гэж бүлээрээ тэмээчин өнөр өтгөн Олдохын талд өнгө гэрэл нэмсэн айл байнаа.
Шар духын хаваржаанд ингэн тэмээний гунганан ижил хөөрхөн ботгонуудын дуутай хорших нь хаврын нэгэн найрал хөгжим мэтээ.
Эхнэр Ш.Бадамханд нь басхүү удам дагасан тэмээчин айлаас гаралтай нэгэн “Саявтар сумынхаа малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож “Манлай малчин гэргий” гэсэн хүндтэй өргөмжлөл авлаа гэж ярьж байсан. “Улсын аварга малчин болсон хүний гэргий нар чинь бас аварга малчин болоод байгаа шүү дээ” гэвэл тэр “Нэг тийм яриа сонссон. Энэ жилээс улсын аварга эхнэр, нөхөрт адилхан цол, тэмдэг хүртээж байгаа л харагдсан. Бас өмнө нь аварга болсон хүмүүсийнхийг нөхөж өгнө гэх ч шиг. За тэр ч яахав. Энэ Лувсандорж гэдэг тэмээнээс өөрийг ярих дургүй хүнтэй 40-өөд жил ханилж цагийн халуунд нь халж, хүйтэнд хөрч хэдэн малаа л гэж явлаа даа гэв. Эднийх хоёр хүү, хоёр охинтой юм. Хоёр охиноо сургууль соёлын мөр хөөлгөж, суурин газрын хүн болгосон бол хоёр хүүгээ тэмээчин заяандаа аваад үлдэж. Том хүү Л.Амаржаргал нь наймдугаар ангиа төгсөөд санлаараа малчин болсон. Харин бага хүү Л.Төмөрсүх нь өөрийн бодол нь сургуулиар явах байсан ч аавынхаа шахалтаар малчин болсон аж. Түүний хувьд аавынх нь шаардлага тийм сүрхий байгаагүй бол өдийд малчин биш байх нөхөр гэнэ. Анх аавыгаа “Миний хүү малчин болно шүү” гэхэд үгүй гэж байсан удаатай ч одоо тэр үгээ мартчихсаан гэж байна лээ.
Ингээд хоёр хүү эцгийнхээ шийрийг хатаах тэмээчин болох замдаа оржээ. Одоо хоёул эхнэр хүүхэдтэй их гэрээ түшиглэсэн тус тусдаа айл болжээ. Гэргий Б.Баяржаргал, Б.Ханд нар нь хэзээний малч, сааль саах, сааль сүүгээ боловсруулж идээ цагаа хийхдээ хүний гар харахгүй хүмүүс байна.
Бага бэр Б.Ханд нь их сургууль төгсгөсөн хүн. Монгол хэлний багш мэргэжлээ тэмээчин гэдгээр сольчихсон явна. Хүүхдүүд нь сайн яваа нь аав, ээжийнх нь нэгэн үзүүрт сэтгэлийнх нь үр шим гэж хэлэхэд ононо биз ээ.
Аваргынх ердөө тэмээтэй айл биш таван хошуу малтай, тараг айргаар бялхсан айл. Дөрвөн зуу гаруй тэмээтэй энэ жил 70 гаруй ингэ ботгуулахаас одоо 60 гаруйг гаднаа зэллэчихэж. Бас хэдэн азарга адуутай. Зунд нь гүүгээ барьчихдаг. 2000 гаруй бог мал байна. Энэ олон малыг тавуул, зургуулхнаа маллана, ашиг шимийг авна гэдэг амаргүй ч малч ухааныхаа хүчээр л хоёр нарны хооронд амжуулж сурчээ тэд.
Малдаа хайртай, малч эрдэмтэй хүмүүс болох нь ёстой л тавхан үгэндээ танигдаад байх юм билээ. “Танайх таван төрлийн малтай айл байтал та тэмээ л гээд байх юм даа” гэвэл Лувсандорж гуай “Би тэмээний шүтлэгтэй хүн дээ. Бурхан намайг энэ замбуу тивд тэмээ малла гэж л явуулсан юм шиг байгаа юм” гэж байхад том хүү Амаржаргал нь “Мал гэдэг чинь байгалийн шалгарал бүхнийг давж хатуужсан үнэхээр аугаа юм шүү. Монгол хүний гол амин зуулга бол мал. Би боддог юм. Өнөөгийн нөхцөлд ямар ч ажил хөдөлмөр эрхлээд үнэн нь малаас олдог шиг орлого олохгүй дээ. Гэхдээ малаараа амьдрахад хувь хүний хичээл зүтгэл их чухал” гэж ярив.
Тэдний үгийг сонсон Ш.Бадамханд “Тиймээ. Мал дагавал ам тосдоно гэсэн сайхан үг байдаг шүү дээ” хэмээн урам нэмэх ажээ. Эднийх Олгойн ус гэдэг элбэг устай гүний худаг эзэмшдэг. Уг худгаа өндөр хүчдэлд холбочихсон болохоор кноп дараад малаа усалчихна. Тэмээчин залуус хэлж байна лээ. Бидэнд цахилгаан байна. Телевизээ үзчихнэ. Гар утсаараа интернэтэд ороод хаа байгаа тив дэлхийн сонин сайхныг мэдчихнэ. Дутуу юм алгаа гэж.
Хөдөөд хөгжил иржээ гэсэн үг энэ. Эднийх тэмээгээ эр сувай, ботголох ингэ, торомтой саалийн тэмээ гээд хэдэн хэсэг маллана.
Тэмээ нутагтаа дэндүү дассан, эзэндээ ээнэгшсэн болохоор маллагаа нь тун хялбар гэнэ. Бог малаа хотлуулахгүй голдуу бэлчээрт нь өнжөөж сургажээ. Ц.Лувсандорж гуай тэмээнийхээ үүлдэр угсааг сайжруулахад их анхаардаг. Галбын говийн улаан, Ханын Хэцийн хүрэн гээд шилмэл үүлдрийн хэд хэдэн буур авчирч байж. Тэгснээр хэн ч харсан нүд булаам сайхан тэмээтэй болж. Жилээс жилд өссөөр. Ээлжийн 50-60 ингэтэй гэдэг том тоо шүү дээ. Анх удаа ботголсон гурван настай гунж гэхэд туг ширээ бөхтэйг харахад “Танай тэмээ өвөл хаврыг хэр тарга хүчтэй давав” гэж асуухын ч хэрэггүй байлаа.
ТЭМЭЭ УХААНТАЙ, БАС ТЭНГЭРЛЭГ АМЬТАН
Энэ үг аварга малчин Ц.Лувсандорж гуайн хөөр болгон хэлдэг үг нь. Тэр хэлэхдээ, тэмээнд хэд хэдэн онцлог шинж бий. Бусад малаас өөр нь дөлгөөхөн бас ухаалгаараа эзэн биднээс илүү шүү дээ гэж байна.
Тэмээ нүдээрээ их юм “хэлдэг” эзэн хүн тэмээнээс бас ихийг сурдаг аж. Тэмээний хамгаас содон нь гэвэл юмыг мартдаггүй нь гайхамшигтай гэнэ. Ноослож байхдаа хаа нэг газар нь хайчны үзүүрээр хатгачихсан бол дараа жил нь юм уу ноослох үед тэр хатгуулсан газрынхаа ойр ноосонд нь хайч хүрэхэд давдагнаад хөдлөөд эхэлнэ. Бас хаа нэгтэй үргээд туйлсан бол тэр орчиндоо мөн цагтаа туйлаад л авна.
Энэ нь тэмээ гэдэг амьтан алив тохиолдлыг огт мартдаггүйн шинж. Нэг ийм үг байдаг. Тэмээнд болуул шинэ ус, бэлчээр бүү үзүүл гэж. Үүнийг Лувсандорж гуй хоёр тохиолдлоор хэлж байна.
Тээр жил дээ. Зуншлага муугаас Өлзийт сумаас урагш Дэл Хөнжлийн ууланд хаваржиж зун үзэв гэнэ. Тэндээ тэмээгээ ногоолуулж. Тэгсэн дараа жил нь ногоо гарах үед тэмээгээ алдчихсан чинь өмнөх жилийн ногоо амталсан тэр л нутагт оччихсон байж. Лувсандорж хүү Амраатайгаа явж тэмээгээ аваад тором унаад ирсэн гэдэг. Бас нэг удаа Өмнөговийн нутагт өвөлжиж хаваржаад Дэлгэрхангайгаас хойш гарч зунжаад ирсэн байна. Тэгсэн мөн тэмээ нь дараа жил нь тэр ногоо сайтай байсан нутагт хүрчихсэн байсан аж.
Тэр бүхнийг тэмээ ой ухаан сайтай, мартдаггүйн жишээ болгож ярина лээ.
Лувсандорж гуайн ярьсан бас нэг сонин зүйл нь тэмээг асар цэвэрч амьтан гэх. Үүнийг нохой сарьчихсан бут байхад түүнээс тэмээ нэг ч хазахгүй гэдгээр нь баталж хэлсэн. Үнэндээ ч цэвэр сайхан мал ажээ.
Амьдралын тойргийн маань гол баатар Лувсандорж ясны тэмээчин хүний нэгээ. Түүнийг хэрвээ саран дээр очиж амьдар гэх юм бол тэмээгээ туугаад явна өөр нь юм надад хэрэггүй гэж хэлэх л хүн юм аа даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин