
Б.БАРС
ОХУ Монголд нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож болзошгүй тухай “FlashSiberia” агентлаг мэдээлсэн. Энэ талаар “Деловая Россия” шинжээчдийн бүлгийн гишүүн В.Жуковскийтэй ”Коммерсантъ FM” радиогийн хөтлөгч О. Барыкина ингэж ярилцжээ.
-2010 оны арванхоёрдугаар сард Монголын ОХУ-д төлөх өр 174 сая гаруй ам.доллар байсан. Тэгвэл Москва энэ сарын хоёрдугаар сард тэр өрийн 98 хувийг хүчингүй болгосон, тийм үү?
-Тийм.
-Тэгээд одоо дахиад зээл өгөх нь ээ. Бүр нэг тэрбум ам.долларын шүү?
-Ер нь манай улсын санхүүгийн бодлого, дотоод, гадаадын аль нь ч ялгаагүй дэндүү утгагүй шүү дээ. 2000-аас 2014 оны хооронд Оросын түшмэд Этиоп, Сири, Алжир, Ливи, Афганистан, Монгол гээд гуравдагч орнуудын 118 гаруй тэрбум ам.долларын өрийг тэглэсэн байгаа юм. Энэ чинь хамгийн багадаа 3.5-4 их наяд рубль гэсэн үг. Хөдөө аж ахуйг дэмжихэд олгодог арван жилийн төсөвтэй тэнцэх мөнгө шүү дээ. Энэ их мөнгөөр хөдөө аж ахуйн салбарыг тэр чигт нь дахин сэргээж болохоор байлаа.
Иймд гадаад бодлогын өнцгөөс харахад бид нэлээд хүнд байдалд байгаа бөгөөд хөрш зэргэлдээ орнуудаа холбоотон болгоход мөнгө төлөхөд хүрч байгаа юм. Гэвч эдийн засгийн үүднээс авч үзвэл энэ нь эрүүл ухаанд нийцэхгүй шийдвэр. Эдийн засгийн чухал салбарууд болон бага дунд бизнесийн өндөр хүүтэй зээлийг багасгах аргагүй гэдэг.Дээр нь он гараад шатахуун, бензин, дизелийн түлшний акцизыг хоёр удаа нэмлээ шүү дээ. Иймээс үйлдвэрлэгчдийн зардал нэмэгдэж, барааны үнэ өсч, хүн амын амьжиргааны түвшин буурсаар байна.
Гэтэл бид хөрш зэргэлдээ Монгол, Түркмен, Дундад Азийн бусад орнуудтай хэвийн харилцаатай, холбоотон байхын тулд мөнгө төлж байна. Энэ бол цэвэр улс төрийн шийдвэр. Эдийн засгийн талаас харахад, ТУХН-ийн орон зайд түншүүд маань биднийг саалийн үнээ болгон ашиглаж өөрсдийн эдийн засаг, улс төрийн асуудлыг шийдэх болжээ.
Бид монголчуудад гадаад худалдааны тэнцлийн хүндрэлийг нь шийдэхэд тусалж байна гэж түшмэд хэлэх юм. Тэгвэл бидний өөрсдийн гадаад худалдааны тэнцлийн асуудлыг шийдэхэд хэн туслах вэ. Манай гадаад худалдааны тэнцлийн ашиг энэ оны эхний хоёр сард л гэхэд 2013-2014 оноос 2.5-3 дахин унасан гэдгийг сануулъя. Рублийн доллартай харьцах ханш унаснаар л худалдааны тэнцэл нөхөгдөж байгаа.
Ийм байхад бид бусдад туслаад байдаг. Тэгсэн хэрнээ аж үйлдэр, хөдөө аж ахуй, тэтгэврийн өндөр настнууддаа туслахыг хүсдэггүй. Дээр нь багш, эмч, эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин, амьдралын түвшин эрс буурлаа. Ийм л байна.
-Удахгүй бид өөрсдөө зээл гуйж эхлэх нь ээ?
-Бусдын өрийг өршөөдөг бид өөрсдөө улам их өртэй болж байна. Сүүлийн 7-8 жилийн дотор 4.5 их наяд рублиэс 11 их наяд рубль хүртэл өсчээ. Одоо манай улс өрийнхөө үйлчилгээнд жил бүр 550-600 тэрбум рубль зарцуулдаг боллоо. Энэ чинь хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтээс даруй хоёр дахин их үзүүлэлт. Иймд гадаадын авлагаа тэглэх бус өөрт ашигтай ямар нэг хөрөнгө оруулалтын нөхцөл гаргах ч юм уу, бизнес, хөдөө аж ахуйд хэрэгтэй ямар нэг өөр аргаар шийдвэрлэх хэрэгтэй байсан юм.
-Монголоос тиймэрхүү зүйл олж авах боломжтой юу?
-Монгол бол өвөрмөц, бүс нутгийн маш жижигхэн эдийн засагтай улс. Бараг тэр чигтэй түүхий эд дээр тулгуурласан, хөдөө аж ахуй, барилгын салбар бага зэрэг хөгжсөн эдийн засагтай. Монголд Тажикистан, Узбекистан, Киргиз, ер нь нийт Дундад Азийн нэгэн адил Хятадын хөрөнгө их хүчтэй нөлөөлдөг, тэнд манай капитал Хятадынхаас хэдэн арав дахин бага. Иймд манайд Дундад Ази, ТУХН-ийн орнуудад явуулах цэгцтэй, дэс дараатай гадаад эдийн засгийн бодлого үгүйлэгдэж байна. Бид тэндээс юу хүсч, тэнд юу хийхээ өөрсдөө ч ойлгохгүй явна.
-С.Лавров Монголтой хийдэг худалдааны тэнцэл алдагдсан тухай ярьсан?
-Монгол Улс ОХУ-ын гадаад худалдаанд нэг хүрэхгүй хувь эзэлдэг. Өөрөөр хэлбэл дэндүү жижигхэн худалдааны түнш. Манай эдийн засагт ч, хүн амын амьжиргааны түвшинд ч ямар нэг нөлөө үзүүлдэггүй. Ийм учраас л өрийнх нь 90-95 хувийг тэглэе гэсэн юм уу? Тэгвэл яагаад 10 их наяд рублийн хэрэглээний өрөнд баригдсан орлого багатай иргэд, 2-3 их наяд рублийн өртэй бизнесийнхний өрийг тэглэхгүй юм аа гэхэд сунгах, хүүг нь бууруулах арга хэмжээ авахгүй байна вэ? Гэтэл дотоодын үйлдвэр, үйлчилгээг нэмэгдүүлэн манай эдийн засгийг урагшлуулдаг хүмүүс өрөнд унаж, өр цуглуулагчид тэднийг дарамтлан гэр орныг нь шатааж, эхнэрүүдийг нь хүчиндэж байна шүү дээ.
-Гэхдээ энэ бүхэн манай гадаад бодлоготой холбоотой гэж үү?
-Тийм ээ, бид геополитикийн хүчний харьцаа, нүүдэл зэргийг сонирхохоос бус бид бүхний амьжиргааны түвшин үйлдвэрлэгчид, хүн амын төлбөрийн чадвараас хамаардгийг ойлгохгүй юм.
15 жилийн дотор гадаад орнуудын тэглэсэн 115 тэрбум ам.доллараар чинь Оросын нэг сая иргэнийг хөнгөлөлттэй ипотекийн зээлээр орон сууцжуулах боломжтой байлаа. Тэгсэнсэн бол Оросын барилгын салбарын хөгжилд маш хүчтэй түлхэц өгч үүнийг дагаад олон дайвар салбарууд цэцэглэх байсан юм.
Эх сурвалж: www.polit.mn