
Ц.ГАЛБАДРАХ
Ерөөлт дээдсийн дагшин газар орон бурхны номын авшигт шавь нар олонтой. Нэг нь Буддын гүн ухааны гэвш, Гармаба Гаржид Үржин Пэрэнлайлин хийдийн тэргүүн Диваасамбуугийн Тайвансайхан болой.
Түүний аав Гандантэгчинлин хийдийн цорж Гаржидийн Диваасамбуу хар нялхдаа сахил хүртсэн агаад таван машин ном судар, бурхан шүтээнтэйгээ Ганданд ирж, нярав, даамал, гэсгүй, Шашны дээд сургуулийн багш, даа лам, хурлын ловон хийж, насаараа бурхан номдоо үнэнч яваа сайхан буурал буй.
Д.Тайвансайхан ламтан дорнын соёлт эсгий гурний эрт, эдугээгийн үүх түүх, судар, шаштирыг уншин гэгээрч, Монголын бурхан шашны дээд сургуулийг төгссөн даруйлаа л Гандантэгчэнлин хийлийн Чойрын гүн ухааны даиан хийгээд Шашны дунд сургуульд багшилж, урьд насны үйлийн үрээр холливудын нэрт жүжигчин, кино од Стивен Сигалын лам болж, гурван жил дэргэд нь сууж, өрнө, дорнын олон орноор хамт явж, Монголдоо ирүүтээ Гармаба Гаржид Үржин Пэрэнлайлин хийдийг сэргээн байгуулсан номын садан хүн. Түүнтэй ийн ярилцав.
-Хөдөө төрсөн ч хотод өссөн гэж та нэгэнтээ ярьж байсан. Хэдэн настайдаа Улаанбаатарт орж ирээ вэ?
-Өө, хариугүй жаахандаа. Төрөөд удаагүй, өлгийтэй ирсэн гэдэг юм. Бие тулгар ээж минь Чоно голын хөвөөгөөр аргал түүгээд явж байж. Хаврын налгар дулаахан өдөр. Гэтэл гэнэт тэнгэр бүрхэн салхи дэгдэж хүчтэй мөндөр асгачихаж. Сандарсан ээж ойролцоохон харагдсан хашаа хороо руу яаравчлан очиж толгой хоргодож байтал юу юугүй өвдөөд намайг төрүүлсэн гэдэг. Яахав, тэгээд бороо зогсуут хүүгээ дээлэндээ боож тэврээд гэртээ ирсэн гэж байгаа.
-Тийм үү. Сонин тохиол юм. Чоно голын хөвөөнд хээр хөдөө мөндөр дунд төрнө гэдэг...?
-Өвөөг эрдэм номтой айхтар хүн байсан гэж хүмүүс дурсдаг. Намайг түүний хойд дүр гэж манайхан ярьдаг юм.
-Таныг төрөх үед аав, ээж чинь хөдөө очоод байсан хэрэг үү?
-Үгүй ээ. Намайг төрсний дараа л хотод нүүж ирсэн юм билээ. Манайх Гандангийн зүүхэн талд хашаанд байсан, намайг мэдээ орох үед. Миний бага нас лам нарын дунд л гүйж өнгөрсөн.
Ваанчиг гэдэг ламынх манайхтай зэргэлдээ байх. Тавын бидонтой ус барьсан би өглөө хар үүрээр тэдний хаалгыг зөөлхөн тогшино.
-Усыг нь авч өгдөг байгаа юу?
-Тийм ээ. "Хэн бэ" гэхээр нь "Таван настай Тайвансайхан байна аа. Танайд ус авчирлаа" гэнгүүт хаалгаа тайлж өгөх. Сайндаа ч тийм өглөөгүүр эртлэн гарахгүй шүү дээ.
-Цаад санаа нь юу байхав?
-Тэдний таваг гоё гоё чихэртэй. Үргэлж дүүрэн. Ус аваачиж өгөх болгонд тавагнаасаа чихэр атгаад л өгнө. Угтаа амттанаар бор ходоодоо баярлуулахаар эртлэн гарч байхгүй юу. Усаа худгаас орой авч бэлдэж тавьж байгаад л өглөө эртлэн гардаг сан.
-Гандангийн хашаанууд ярьдаг бол ихийг өгүүлэх биз. Тухайн үед одоогийнхтой адилхан байв уу, өөр байв уу, айл аймаг, хашаа хороо нь?
-Өөр байлгүй яахав. Хашаа, гудамж нь маш цэгцтэй байсан. Дандаа шургааган хашаатай. Хадаасгүй, модоор чагтлаад барьчихсан. Дааман хаалгатай. Дааман хаалга нь ихэвчлэн саравчтай.
-Тэр сайхан шургааган хашаанууд одоо харагддаггүй. Хэзээнээс буулгаад сольчихоо вэ?
-1980-аад оноос л алга болсон.
-Шинэчлээд банз, тоосго болгочихсон юм байх даа?
-Шинэчлэх юу байхав. Түлшинд хэрэглээд оронд нь банз, тоосгон хашаа барих болсон. Хуучны шургааган хашаа одоо ховордсон доо. Дааман хаалга ч ганц нэг л харагддаг, Гандангийн баруун талаар. Зүүн талдаа бол байхгүй болсон.
Гандангаас хойш айл байгаагүй, нэг хэсэг газарт. Одоогийн Зурагт хүртэл. Миний багад насандаа мартамгүй нэг сайхан боломж тохиож билээ.
-Ямар боломж вэ, ярьж өгөөч?
-Сургуульд арай ороогүй байх үед буюу далаад онд олон сайхан киноны зургийг Гандангийн хажуугийн гудамжнуудад авсан юм. “Өглөө”, “Тэмцэл”, “Тунгалаг Тамир” гээд л. Киноноос л үзсэн алдартай жүжигчдийг “амьд”-аар нь тэнд анх харж байлаа.
-Тухайлбал, хэн хэнийг...?
-Сүхбаатар жанжинд тоглодог Дашнамжил гуай, “Төрд хэрэгтэй зайран” Чимэд-Осор гуай, “Сэлэм Тогмид” Цэрэндорж гуай, “Итгэлт баян” Очирбат гуай, за тэгээд Нямын Цэгмид гуай, Цэндээхүү гуай, Цээнямбуу гуай, Дамчаа гуай, Бадамгарав гуай гээд олон доо.
Харамсалтай нь “Зураг авч байна” гээд биднийг ойртуулахгүй. Шат тавьж байгаад хашаан дээгүүр харах гэхээр хөөж тууна. Хашааны завсраар л уйгагүй хардаг сан, тоглолтыг нь.
-Аав тань Гандангийн чухал хүний нэг байсан гэдэг. Тийм болохоор багаасаа л мундаг хүмүүст ойр өссөн биз?
-Аавыгаа багаасаа дагасан. Олон газар очиж, олон сайхан хүнтэй уулзаж байхыг нь мэднэ. Нэг өдөр аавыгаа даган Гэсэр сүмийн зүүн хаалгаар орохоор явж байтал дээлээ суран тэлээгээр бүсэлсэн цагаан сахалтай өвөө тааралдан яриа өрнүүлж билээ.
Мөнөөх буурал өвөө "Танай банди уу" гэж ааваас асууснаа "Сайн хүн болно оо" гээд толгойг минь илж байсныг мартдаггүй. Хожим мэдэхэд тэр хүн их эрдэмтэн Бямбын Ринчин гуай байсан юм билээ. Энэ мэт олон сайхан өвгөдөөр толгойгоо илүүлж, адис жанлавыг нь хүртсэн дээ.
Аав минь хөдөөнөөс, Эрдэнэцагаанаасаа ирээд Гандангийн нярав хийсэн байдаг, эхэндээ. Аж ахуйн ажлыг эрхлэн гүйцэтгэдэг хүн. Хурал номын тахилга, идээ будаа бүхнийг л бэлэн болгож нааш цааш болгож зохицуулдаг байсан юмдаг.
Өглөө маш эрт босно. Олон түмний төлөө залбирна. Манайхаар орж гараагүй Сүхбаатар чигийн хүн ховор. Хүнд тусархаг болохоор аавд найз үй олон.
-Ээж тань бас Сүхбаатарынх уу?
-Тийм ээ. Аав ээж хоёр нэг нутгийнх. Эрдэнэцагаан сумын улс. Хөөрхий ээж минь их залуу, 49-хөн насандаа бурхан болсон.
Эрхи эргүүлж, буян их хийдэг хүн байсан даа. “Би богино настай. 49-нийхөө жилийг давчихвал ажрахгүй” гэж ярьдаг байсан ч чадаагүй. Аав, ээжийн нөлөө, бид багаасаа нийгмийн тустай хөдөлмөрт оролцож эхэлсэн. Аавтайгаа Тасганы овооны баруун талын замын гүүрний банз модыг сэлбэж, засч янзалдаг байв. Буяны үйл юм даа.
-Гандангийн нярав, даамал, гэсгүй, да лам, хурлын ловон, Шашны дээд сургуулийн багш гэхээр аавын тань шавь нар бишгүй биз?
-Аав минь насаараа уншлага хийсэн хүн. Өдөрт дөрвөн цаг, 108 удаа маань хөгжөөнө гэхээр олон сая дүнчүүр болно. Дашчойлон хийдийн хамба Дамбажав гуай, Мамба дацангийн хамба Нацагдорж гуай, Гандантэгчинлин хийд, Зүүн хүрээ хийдийн цорж, унзадууд гээд аавын шавь олон. Цорж лам гэдэг сургалт хариуцсан ректор гэсэн үг. Тиймээс лам нарын багш нь байдаг. Шавь нартаа сахил хүртээнэ. Гэнэн, гэцэл, гэлэн гээд сахилыг өгдөг учир аавыг сахилын багш гэх хүн зөндөө.
-Хатуу чанга дэг жаягтай үед лам нарын амьдрал ерөнхийдөө ямар байсан бол?
-Сайхан байв. Яагаад гэвэл тэр үеийн лам нар илүү хардаггүй байж. Хуучин соц нийгмийн үед Гандан хийдийн гүйцэтгэж байсан зарим чухал үүргийн тухай хүмүүс тэр бүр мэддэггүй.
-Ямар үүргийг нь...?
-Хүүхдийн төлөө фонд гэж байсан шүү дээ.
-За тийм..?
-Цэдэнбал Филатова гуай тэргүүлдэг байсан. Тэнд Гандан хийд 1950-иад оноос хойш жил болгон сая төгрөг өгдөг байсан байдаг.
-Хандиваар уу?
-Тийм. Тухайн үеийн сая төгрөг гэдэг асар их мөнгө шүү дээ. Мөн Гандангийн лам нар төмрийн хаягдал түүж, түүнийгээ тушааж олсон мөнгөө тэр фондод өгдөг байсан байгаа юм. Аав минь тэр тухай их ярьдаг.
-Хүүхдийн төлөө тийм буяны үйлийг одоо Гандан хийд хийдэг үү?
-Хийж байгаа байх аа.
-Гандан хийд нийтэд тустай өөр ямар үйл ажиллагаа явуулдаг байгаа вэ?
-1956 онд гэдэг юм. Эрдэнэзуу хийдийн 108 суваргыг Гандангийн лам нараас бүрдсэн гурван баг очиж сэргээсэн байдаг. Аав ярьдаг юм.
-Юу гэж...?
-Эрдэнэзуу хийдийн гол ганжир байхгүй болчихсон байж. Хэн нэгэн аваад явчихаа юм биз. Аав минь Гандангаас 11 кг алт гаргуулж ганжирыг нь шинээр хийлгэсэн гэдэг.
-Хэнээр хийлгээ бол. Лам нар өөрсдөө юү, уран дархнаар уу?
-Сангийн сайд асан Чүлтэмийн Улааны хадам аав Балдорж гэж манай Дарьгангын алдартай дархнаар урлуулсан юм билээ. Шинэндэнзэл гэж хамт хийсэн дархан нь одоо байгаа. Гандан бол эрдэм чадал, авьяас билэг төгс гайхамшигтай хүмүүс цугласан газар байж.
-Тухайлбал...?
-Номч мэргэн гавж Гомбожав гуай гэж сайхан буурал байв. Гандан хийдийг олон улсад дэлгэн таниулах, монгол лам нарынхаа авьяас, чадал чадварыг харуулахад их зүйлийг хийсэн хүн гэлцдэг. Гаднын олон хүний яриа дуртгалд байдаг, Гомбожав гэж гайхамшигтай хүнтэй уулзаж явсан тухайгаа бичсэн.
Олон ламыг нийгмийн тустай хөдөлмөрт уриалан дуудаж оролцуулдаг, эрдэм мэдлэгийг нь дээшлүүлэхэд их хүчин чармайлт гаргаж байсныг нь ярих мэдэх хүн цөөнгүй. Дамбапэлжээ гэж манай нутгийн лам хамбын ланз цавыг бэлддэг байсан юмдаг.
Мөн цорж Ёндон гэж гайхамшигтай хүн байв, Өмнөговийн. За тэгээд Зана унзад, Лхагвасүрэн унзад, Осор гуай гээд мундаг улс зөндөө. Гэвш Чогжов гэж ямар ч цоожийг ганцхан үлээгээд онгойлгодог эрдэмтэй лам байсан. Сэрээтэр гэж Богд ламын соовин хийж байсан хүн ч байв.
-Соовин гэдэг нь...?
-Шадар туслах нь. Эрдэм төгс лам нараас гадна лам хувцсаа өмсөх эрхгүй бурхны шавь олон байсан. Шар шувтлах гэдэг дээ. Хүчээр хар болчихсон ч сэтгэл сүжгээрээ Гандангийн түлээ модыг хагалж, боов боорцгийг нь хийдэг өвгөчүүл л дээ.
-Таныг эрхи цуглуулдаг гэж сонссон юм байна. Хобби тань уу?
-108 эрхитэй болъё гэж боддог байв.
-Болсон уу, тэгээд...?
-Өө, даваад 250 гаруй эрхитэй болоод байгаа.
-Сонин содон, өвөрмөц эрхи олон бий байлгүй?
-Байна аа. Есөн эрдэнээр эрхи бүтээлээ. Гармаба багшийн хайрласан цагаан эрхи байна. Мөн эрдэм номтой 108 хүний гавлын яснаас авч хийсэн эрхи ч бий. Ховрын ховор эд дээ.
-Цагаан сар юу юугүй хаяанд ирлээ. Таны дуртай баярын нэг бол уу?
-Өө тэгэлгүй яахав. Баярлахаасаа илүүтэй олон өдөр хоногт ном хурдаг. Олон түмэнд цаглашгүй их буян хураах үүднээс ном хураад л сууна шүү дээ, шинийн 15-ныг хүртэл.
-Эд баялгаа арвижуулах олз омогтой явахын тулд Намсрай бурхныг шүт гэдэг. Харин гэр орноо амар амгалан байлгахад ямар бурхныг залвал зүгээр вэ?
-Бурхан багшийг гэртээ залвал хамгийн ээлтэй. Харин батлан хамгаалах яам, шүүх, цэрэг, цагдаагийн байгууллагуудад залдаг “цагдаа бурхан” гэж нэрийддэг Жамсран бурхныг гэртээ залж болох юм.
Учир нь Жамсран бурхан орон гэрийг хулгай дээрэм, худал хуурмагаас хамгаалж байдаг.
-Хэрвээ бурхдыг эдүгээчлэн өндөр дээд албан тушаалтнуудаар төсөөлөн бодвол Ерөнхийлөгч нь хэн бэ?
-Мэдээж Бурхан багш. Харин Очирваань бурхныг Ерөнхий сайдтай, Намсрай бурхныг Сангийн сайдтай, Манал бурхныг Эрүүл мэндийн сайдтай, Манзушир бурхныг Боловсролын сайдтай адилтгаж ойлгож болох.
-Намсрай бурхныг шүтдэг байлаа гээд бүгдийг түүнд даатгаж болно уу?
-Намсрай бурхныг шүтэж түүнд тангараг өргөн гуйсан учраас хариуцлагаа хүлээх нь зүй. Нэгэн түүхэн хүн Намсрай бурхны тухай ингэж бичсэн байдаг.
-Юу гэж бичээ вэ?
-Урд насандаа туйлын харамч байсан хүн энэ насандаа ядуу нэгэн болж төрснөөс Намсрай бурхныг нэг насаараа тахин шүтэж л дээ. Гэтэл хэдийгээр өөрийг нь тахиж урин залж байгаа хүн бүрт туслах ёстой гэж Намсрай бурхны тангарагт заасан байдаг ч нөгөө хүнд Намсрай бурхан өглөг өгч яавч болсонгүй.
Нэгэнт илээр өглөг өгч болохгүй болохоор тохиолдлоор олсон болгох гэж Намсрай бурхан нөгөө хүний худаг руугаа явдаг зам дээр гулууз алт орхичихож.
Гэтэл өнөөх хүн худаг руугаа явах замдаа саваагүйтэн сохор хүн хэрхэн явдаг бол хэмээн төсөөлж нүдээ анин өнөөх алтан дээгүүр нь алхаад гарчихжээ. Ингэж Намсрай бурхны хишгийг хүртэх аз дутсан нь урьд насандаа харамч байсны үйлийн үр байж.
Өдөр хоног өнгөрсөөр өнөөх хүн өлсч үхэхийн даваан дээр уулнаас бууж явтал нэгэн баян айл Намсрай бурхныг тахиж байхтай таарсан юмсанж. Тарни ихээр уншиж билгийн нүдтэй болсон өнөөх хүнд Намсрай бурхан нөгөө баян айлын эзнийг тэврэн аз жаргалтай байхыг харжээ. Тэднийд ороод Намсрай бурханд агсрав гэнэ. “Ядуу надад өглөг хишгээ хайрлаагүй байж язайтлаа баяжсан энүүнтэй сүжрэхийн учир юу вэ” гэж ирээд л.
Үнэндээ өнөөх баян эр урьд насандаа тун өглөгч нэгэн байсан учраас Намсрай бурхан түүнд хайр хишгээ харамгүй хүртээсэн аж. Өнөөх хүн Намсрай бурхныг тэднийхээс гараад явахад араас нь агсраад л дагаад байж. Бурхан ч тоосон шинжгүй яваад байж. Гэтэл мөнөөх хүн гэнэт урьд насандаа хийсэн гэмээ ухааран бурхныг магтаж эхэлжээ. Өөрийн гэмийг ухаарч сэтгэлээ ариусгасан болохоор Намсрай бурхан баруун мөрөн дээгүүрээ үл ялиг хойшоо харсан гэдэг юм. Түүнээс хойш нөгөө хүн эд хөрөнгөтэй болж сэтгэл хангалуун амьдарх болжээ.
Ерөөс Намсрай бурхныг шүтчихсэн юм чинь гээд ажилгүй архайж суун алт мөнгө өөрөө гэрт ороод ирнэ гэж бодож болохгүй юм. Бурхныг шүтэж баясгахын зэрэгцээ хөдөлмөрлөх хэрэгтэй л дээ.
-Хот хүрээнд, орон сууцанд амьдардаг болсноос хойш бидний олонх нь том өрөөнийхөө буйдангийн эсрэг талыг хоймор гэж ойлгодог. Хоймор гэдэг нь бурхан шашинтай холбоотой юу, бас?
-Орчин цагийн суурин соёл иргэншилд шилжсэнээс хойш байшин барилгыг янз бүрийн байрлалтайгаар барьдаг болсон. Таны хэлснээр хүмүүс том өрөөний буйдангийн эсрэг талыг хоймор гэж ойлгодог. Үүнээс болж бодис болон агаарын солилцооны урсгал өөрчлөгдөж тархи толгойн өвчин үүсэх шалтгаан болдог тул буруу юм.
Харин ертөнцийн зүгт тулгуурлан хоймроо тодорхойлох хэрэгтэй л дээ. Манай нүүдэлчин ард түмэн дорнын их соёлтой учраас ертөнцийн зүг чигт онцгой ач холбогдол өгч ирсэн.
Нар зүүн зүгээс манддаг учраас гэрийнхээ үүдийг тэр зүгт харуулдаггүй. Дэлхийн тэнхлэгийн гол руу чиглүүлж барьдаг. Хоймор гэдэг нь гэрийн үүдний эсрэг тал гэдэгтэй уялдаатай ойлголт биш бөгөөд сайн зүг буюу хойд зүгтэй холбоотой. Тэгэхээр хойд зүгт хаалга байлаа ч хоймор тань хаалганы л зүгт байна гэсэн үг. Түүнээс гадна өвөг дээдсээс хоймрыг бурхан зүг хэмээн хүндэтгэж үздэг байсан. Гэрийн эзэн ертөнцийн мөнх бусыг үзүүллээ гэхэд бурхан зүгт залж толгойг нь хойш харуулан гэрийн баганын хооронд байрлуулдаг.
-Таны байнга очих дуртай ямар газар байна вэ, Улаанбаатарт...?
-Нуулгүй ярихад Гандангаараа л орох дуртай. Өдөр бүр машинтай Гандангаа тойрч гороо хийдэг.
Жамжиг гэж ном бий. Жамжиг айлтгахад олон ламын жавдан бат оршиг, олон амьтан амгалан байг гэж уншдаг. Дан ганц хүнийг энэрэхээс гадна бүхий л амьтныг амар амгалан байлгахад зориулж айлтгадаг. Үүгээрээ бурхны шашин бол гайхамшигтай юм.
-Хөдөөний хүн гэж ярьдаг.
...Би жинхэнэ монгол
Билэг танхай хөдөөний хүн... гэж ч дуулдаг. Тэгэхээр бас хотын хүн гэж байх нь ээ. Таныхаар хотын хүн гэж ямар хүнийг хэлэх бол оо?
-Намайг хүүхэд байхад хөдөөнөөс ирсэн хүмүүс хотоор явахдаа жаахан эмээнгүй байдаг байв. Гол нь хотод хэм хэмжээ гэж айхтар зүйл байж. Соёл, дэг журамд нь захирагддаг байж. Байг гэхэд зүлгэн дээгүүр явбал торгуулна. Одоо бол зүлэг байтугай хүн дээгүүр ч гишгээд гарах энүүхэнд болж.
Миний бодлоор, хэм хэмжээгээ мэддэг хүнийг л хотын хүн гэнэ. Хүнлэг, хүмүүжилтэй байх хэрэгтэй юм. Бусдад үлгэрлэдэг байх хэрэгтэй юм.
-Хүнлэг байх гэж яг юуг хэлж байна вэ?
-Хүнд туслахыг л хэлнэ шүү дээ.
-Тодруулвал...?
-Хараа муутай хүн, эсвэл настай хүн зам хөндлөн гарч явбал түшээд тулаад гаргаад өгдөг, өлсч ундаассан нэгнийгээ хооллочихдог байвал хүнлэг байгаагийн захын жишээ. Манай зарим хүний заяа их муудсан шиг.
-Яаж байна?
-Нохой үнэрлэчихээд идэхгүй яваад өгч байгаа зүйлийг хүн идэж байх юм. Хүний заяа тийм дор орчихсон байна шүү дээ. Нүглийг тоохоо байснаас хүнлэг чанар алга болж байна.
-Хотын залуус өнгө зүс сайхантай болж гэж хүмүүс ярих нь элбэг. Харин сэтгэл санаагаа өмссөн зүүсэн шигээ яавал сайхан байлгаж болох вэ?
-Сайн явах санааных гэдэг. Сэтгэл санаа сайхантай байхын тулд гагцхүү үнэн шударгаар хөдөлмөрлөх хэрэгтэй. Залуучууд үс сахлаа ургуулах нь түгээмэл болж. Харин түүнийгээ сайхан арчилдаг байх хэрэгтэй. Барууныхан сахал үс ихтэй. Гол нь түүнийгээ маш ихээр арчилж цэвэрлэдэг.
-Бурхны садан лам нар үс сахлаа орчин үеийн залуу шиг яагаад ургуулдаггүй вэ. Ямар нэг учир байна уу?
-Цэвэр цэмцгэр байхын үндэс тэндээс эхэлнэ шүү дээ. Сахилд байгаа. Үс сахал дунд амьтан үржинэ. Амьтан үржвэл түүнийг устгах болно. Өөрөөр хэлбэл, нүгэл хийнэ гэсэн үг. Тэр нүглийг хураахгүйн тулд, тэр орчныг бүрдүүлэхгүйн тулд цэвэрхэн байх шаардлагатай болно оо доо. Тийм л юм.
-Манай Улаанбаатар хот цаг улирлын ямар үед хамгийн сайхан, сэтгэл амирламаар байдаг вэ?
-Бороо орсны дараа. Үнэхээрийн тансаг шүү дээ.
-Хотын хөгжил дэвшилд шашны байгууллагууд, бурхны албат шавь нар ямар нэгэн байдлаар оролцож, нөлөө үзүүлж чаддаг болов уу?
-Чадахгүй байна, үнэнийг хэлэхэд. Уг нь бол оролцох ёстой л юм. Арга билэг гэж хоёр том ухагдахуун байдаг. Арга нь төр, билэг нь шашин юм. Хос ёс гэж монголчууд ярьдаг. Үүнийгээ хослуулж чадахгүй байна.
Уламжлалт зан үйлийг хүүхэд багачуудад таниулах хэрэгтэй байгаа юм. Болно, болохгүй гэдэг хоёрхон үгээр асар ихийг таниулж байсан байна шүү дээ, манай монголчууд.
-Улаанбаатарт христийн 300 гаруй сүм идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл байдаг. Харин буддын хэдэн хийд хүрээ байна вэ?
-Саяхны нэг бүртгэлээр 60 гаруй хийд байдаг гэж байна лээ. Тэднээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь хорь гаруй.
-Лам нарынх нь тоо толгойг мэдэх арга байдаг бол уу?
-Намайг 1989 онд лам болоход Монголд уртаашаа 200 гаруй л лам байсан. Дөнгөж лам болчихоод Дорнод аймагт очиход “Ийм залуу лам байдаг юм байх даа” гэж хүмүүс гайхаж байж билээ. Тухайн үед хотод л лам хувцастай хүн байснаас хөдөө орон нутагт байсан биш.
-Танай аав нэг хэсэг Гандангийн да лам байсан гэсэн. Да лам чухам ямар үйл эрхэлдэг хүн бэ?
-Бүх сүм хийдийг хариуцдаг хүн. 1990 оноос бүх аймаг сум хийдтэй болох эхлэл тавигдсан. Түүнийг хариуцдаг байлаа.
-Гандан гэж ямар утгатай үг вэ?
-Төгс баясгалант гэсэн үг. Тэгчинлэн гэдэг нь их хөлгөн хийд гэж байгаа юм. Лин гэдэг бол ерөөсөө л хийд гэсэн үг, төвдөөр. Манай Зүүн хүрээ бол 30 аймгаас бүрддэг том хийд байж.
-Аймаг гэж...?
-Нэг дуганыг нэг аймаг гэдэг. Аймаг болгон нэртэй. Аймгууд нийлж хүрээ үүсгэдэг. Сангаа аймаг, Баргын аймаг, Эрхэмсэг дагинын аймаг, Хүүхэн хутагтын аймаг... гээд явж өгнө.
-Хүрээ хийдийн нэршлээс үүдэж хожим нь Өмнөговь аймаг, Дорноговь аймаг гэж нэрлэсэн байх нь ээ, тэгвэл?
-Угтаа бол тийм.
-Шинийн нэгэнд уул овоонд гарч идээ будаа өргөх нь түгээмэл. Гэвч овооны эзэн үдээс өмнө л байдаг, үдээс хойш явчихдаг гэдэг юм билээ. Энэ үнэн үү?
-Үгүй л дээ. Өөрөө эзгүй ч хэн ирж, юу өргөв гэдгийг цаг үргэлж мэдээлж байдаг олон албаттай шүү дээ, лус савдаг.
Тэд нь хорхой шавьжнаас эхлээд араатан, жигүүртэн гээд олон амьтан байдаг юм. Харин лусын буулттай өдөр бол үргэлж байдаг. Гадаадад явж байгаа юм уу, ажиллаж, амьдарч байгаа хүмүүст би хэлдэг л дээ.
-Юу гэж хэлдэг вэ?
-Үдшийн харуй бүрийгээр нутаг орон руугаа идээ, цайныхаа дээжийг сайн өргөж бай гэж. Яагаад гэвэл лус савдаг орой үдэш гэртээ байдаг болохоор тэр.
-Лус савдаг гэртээ харьчихсан байдаг юм бол шөнө дөлөөр уул овоонд өргөл өргөж болохгүй нь ээ?
-Болохгүй юм байхгүй. Хүмүүс шөнө гэдэг утгаар нь л тэгдэггүй, ингэдэггүй гэж ярьдаг болохоос биш албатууд нь мэдээлэл өгч л байдаг.
-Тэгвэл овоо бүр эзэнтэй байдаг гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав.
-Хүмүүсийн өөрсдийн дур зоргоор босгосон овоонд ч гэсэн байх уу?
-Үгүй. Зарим хүн саваагүйтээд ч юм уу чулуу овоолчихдог. Хажуугаар нь өнгөрч байгаа хүмүүс овоо байна гээд чулуу нэмээд байдаг. Энэ бол буруу. Хүн болгон овоо босгодоггүй юм. Тэгж чулуу овоолоход лус уурлаж, хилэгнэж догширдог. Овоог лусаас гуйж, тусгай номын дагуу босгодог.
Хүн болгон өөрийн дур зоргоор яваад байвал лус хилэгнүүлнэ. Овоог буруу босгож, тахиж шүтэх нь хүн, малд хорлолтой. Зуд турхан, эсвэл ган болоод байдаг чинь лусын л хорлол юм шүү дээ.
-Зуд зурхан, ган гачиг болохоор овооны эзэн явчихаж гэж хөгшчүүд ярьдаг?
-Байгальтай буруу харьцсанаас эзэн нь тэнд амьдрах аргагүй болохоороо явахаас өөр аргагүй болно биз дээ. Харин хангай дэлхийгээ тахиж, баярлуулах юм бол эзэн нь эргэн ирдэг.
-Их эрдэс баялагтай газар нутгаа элдэв халдлагаас хамгаалах гэж нутгийнхан овоо босгож тахиж шүтдэг тал байдаг уу?
-Зарим газарт тийм ёс бий л дээ. Байгалиа хамгаалах нэг арга болгож, айхар догшин, хүчтэй лустай газар хүн малын хорлол, өвчин зовлон гаргахгүй дарж байхын тулд ч овоо босгодог.
Тэгээд алтаар хийсэн морь мал лусдаа өргөж аргаддаг.
-Тухайлбал...?
-Богд уулын Цэцээ гүн бол улсын тахилгатай овоо. Эрт үеэс тахиж байсан энэ овооны цалинг нь аваачиж өргөдөг байсан гэж байгаа.
-Цалин гэдэг нь юу юм бэ?
-Хүншүүлж гүн цол олгоод олон лан мөнгөөр өргөл барьж тахиж шүтдэг. Энэ нь лусыг аргадаж байгаа хэрэг л дээ. Лус л хамгийг хурааж байдаг учраас тэр. Лусын эзэн нь могой. Могойн чуулгантай таарвал баяждаг гэдэг нь ч үүнтэй холбоотой шүү дээ. Могой бол өглөгийн талыг хариуцаж манаж байдаг. Тэр ч бүү хэл аварга могой байгалийн гайхамшигтай зүйлийг хамгаалаад ходоодныхоо мухарт хадгалчихсан байдаг гэж ярих нь ч бий.
-Таныг Богд уулын Ум аа хум толгойг нэлээн хэдэн жил тахиж байгаа гэсэн?
-Тийм ээ. Лус байдаг гэдэгт зарим хүн итгэдэггүй. Лус байдгийг үзүүлэх гэж хэдэн жилийн өмнөх өвөл хэдэн шавиа дагуулж Туулын тохойд очлоо л доо. Гол хөлдөхөөр жараахайнууд захаар нь ярзайтал гараад ирдэг юм билээ. Мөстэй барьцалдаад хөлдчихсөн, зарим нь амьд.
Тэгэхээр нь лусын ном уншиж, тэрүүхэн тэнд нь дүлцэн хийчихээд яваад өгсөн. Дүлцэн гэдэг нь лусыг эмчилдэг зүйл. Маргааш нь буцаад очтол нөгөө жараахайнууд байгаагүй. Мөс нь хагараагүй хэвээр хэрнээ жараахайнуудын ором нь үлдчихсэн байсан. Тэднийг лус татаад авчихгүй юу. Тийм гайхамшигтай. Өндөр гэгээнтэн лусыг аргадаж, өөрөө гүнцэг барьж байсан тухай түүхийн сурвалж бичигт байдаг.
-Тэр сурвалж бичигт юу гэж байдаг юм бол оо?
-Гэгээнтэн “Лусуудтай уулзана. Хэнийг ч өргөөнд битгий оруулаарай. Та нар ч харж болохгүй” гэж албатууддаа захиж. Гэтэл нэг албат нь саваагүйтэн цавагны завсраар шагайтал буга, арслан гээд янз бүрийн толгойтой хүмүүс ирчихсэн гэгээнтэнтэй уулзан суугаа нь харагджээ.
Харамсалтай нь тэр албатынх нь мэлмий тэр дороо хаагдсан гэдэг. Лусууд түүнийг цээрлүүлсэн хэрэг л дээ.
-Богд уулын Ум аа хум толгойг тахих болсны учраа тодорхой хэлсэнгүй?
-Богд уулын Цэцээ гүнийг жилд нэг л удаа тахьдаг. Бусад үед лусын буулттай өдөр Ум аа хум толгойгоос тахьдаг байсан байгаа юм. Умаа хум толгойг тахих нь Богд уулыг тэр чигээр нь тахисантай адил. Тэр утгаар нь VIII Богд Ум аа хум гэдэг үгийг язгуурын гурван бурхны өнгөөр бичүүлсэн байдаг.
-Язгуурын гурван бурхныг нэрлэнэ үү?
-Живар ум гарву буюу тэргүүнд байрлах цагаан өнгөтэй Жанрайсиг бурхан, динбар а марбу буюу хоолойд байрлах оюун билгийн улаан шаргал өнгөтэй Манзушир бурхан, түггар хум онбу буюу зүрхэнд байрлах хүч чадлын ногоон өнгөтэй Очирваань бурхан. Гурван өнгөөр бие, хэл, сэтгэлийг төлөөлүүлдэг. Нүгэл, бузрыг арилган хүмүүнийг ариусгах үүднээс.
-Туул гол, Сэлбэ голоо унаган байдлаар нь хамгаалахын тулд юуны түрүүн юу хийвэл зохилтой вэ?
-Ай савынх нь бургасыг маш ихээр тайрч огтолсон нь түмэн буруу. Бургасыг нь олноор тарих хэрэгтэй. Модыг төвдөөр гантун гэдэг.
-Юу гэсэн үг вэ?
-Хөлөөрөө явагч гэсэн үг юм. Үндсэндээ асар их усны ундаргыг барьж байдаг, мод бол. Усыг үндсэндээ хураагч гэж хэлж болно. Энэ нь мод их байх тусам ус их байна гэсэн үг.
-Таныг Жанрайсиг бурхныг бүтээхэд шүншиглэсэн хүний нэг гэж дуулсан. Өөр хотод, магадгүй өөр улсад бурхан шүтээн шүншиглэж явав уу?
-Явсаан. Халимагийн Жалеку гэж тосгонд очиж суварга босгосон. Гэхдээ анхныхыг нь шүү. Одоогоос хориод жилийн өмнө, ерөн долоон онд.
Манай улс буддын шашнаа ерээд оноос сэргээсэнтэй адил халимагууд ерэн гурав, дөрвөн оноос шашнаа хөгжүүлсэн улс. Тухайн үед манай Шашны сургуульд Халимагаас цөөн тооны лам ирж суралцсан болохоор хэдэн сайхан найзтай болсон. Мөн ерэн зургаан онд манай ангийн Энэбиштогтох гэдэг залуу лам урилгаар Халимаг явсан байхгүй юу. Тэгэхэд тэндхийн ард түмэн ихэд баяссан байдаг. Найз маань ирснийхээ дараа надад хэлсэн.
-Юу гэж тэр вэ?
-Хоёулаа Халимагт очиж суварга бүтээе. Тэнд нэг ч суварга байдаггүй юм байна гэж. Тэгээд л хамт явсан даа.
-Суварга бүтээх, шүншиглэх... гээд нарийн дэг жаягтай. Тэр болгоныг мэддэг байсан болоод л зориг гаргасан байх даа?
-Мэдээж чадахгүй юмныхаа төлөө юу гэж явахав. Тэнд суварганы тухай ойлголттой хүн байгаагүй. Яахав, суваргаа бүтээлээ. Вагарам гэдгийм даа. Суварганы дээд талын үенүүдийг.
Түүнийг модоор зорж, голыг нь ган төмрөөр хийгээд тосгоны хийдийн хажууд босгож байлаа, суваргаа. 3,5 м өндөр Бодь суварга.
Халимагт буддын шашин хэсэг хугацаанд зогсонги байх зуур бөөгийн шашин ихэд хөгжсөн юм билээ. Олон бөө автобусаар ирж суварганд мөргөж байсан нь санаанд тодхон байна. Их ухаантай улсын л явдал юм. Энэ нь нийцтэй, эв нэгдэлтэйг нь харуулж байсан.
400 жилийн өмнө гараад явчихсан улс шүү дээ, халимагууд чинь. Түүхэндээ маш олон бэрхшээл, хэлмэгдүүлэлттэй таарсан улс. Гэвч олон зуун жилийн туршид үндэснийхээ ёс заншил, уламжлалаа авч үлдэж чадсан нь гайхалтай санагдсан. Халимагууд Оросыг Германтай байлдахад их гарамгай гавьяа байгуулсан байдаг юм билээ. Дөчин гурван онд л гэхэд Оросод 20 гаруй улсын баатар төрсөн байдаг. Түүний 11 нь халимаг хүн байсан гэдэг. Оросын анхны улсын баатар нь халимаг хүн байдгийм билээ.
-Та хэллээ. Уламжлал, ёс заншлаа олон жилийн туршид хадгалж авч үлдсэн гэж. Тухайлбал?
-Залбиргаатай, ахас ихсээ хүндлэхдээ гойд. Цайны ерөөл гэж ёслол хийдэг дээ, манай баруун аймгийнхан. Тэнд ч мөн ялгаагүй хөгшчүүл нь цайныхаа ерөөлийг хэлдэг нь хэвээрээ.
Хот, тосгоны ямар ч дарга ирсэн байлаа гэсэн ламыг заавал дээд талд нь суулгана. Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар нь ч ялгаагүй ламаа дээшээ дээшээ л гэх жишээний.
Намар очсон болохоор ургацын баяраа хийхтэй нь таарсан. Жилдээ хоёр удаа ургац авдаг юм билээ. Усан үзмийг саравчин дээгүүрээ өлгөчихсөн. Хойшоо урагшаа өнгөрөхдөө авч идээд л. Ургацаа хурааж авсны дараа ламаараа эхэлж адислуулан рашаан цацуулсны дараа баяр нь эхэлдэг нь их сайхан. Сургуулийн нээлт болж байгаа юм. Тэгэхэд мөн л ламаар эхэлж ном уншуулаад дараа нь орос захирал үг хэлж байсан. Муж, тосгоны дарга нар нь дандаа оросууд.
-Шашнаа тийм дээгүүрт тавьдаг хэрэг үү?
-Өөрийн яс үндсээ, уламжлал, ёс заншлаа ихэд хүндлэн юу юунаас дээдэлж, дээгүүр тавьдгийн л илрэл байх. Эрхэм нандин бүхнээ тэр орос захирлаас дээгүүр тавихын тулд ламаа өмнөө барьчихаж байгаа нь анзаарагдсан.
Ламаараа дамжуулж уламжлалаа хадгалж авч явж байгаа хэрэг. Үндсэрхэг үзлийг зөв төлөвшүүлснээр одоо үнэхээр сайхан хөгжиж байна шүү дээ. Өөрийн үндэс, хэл соёлоо дээдэлж, шашнаараа дамжуулаад хучирхэгжүүлчихсэн нь оносон байгаа юм.
“Жангар”, “Гэсэр”-ээ ихэд шүтдэг юм билээ, бараг айл болгон нь. Түүнээс гадна биширмээр хөдөлмөрч ард түмэн гэдэг нь юм юмнаас харагдаж байсан. Шавар сайхантай. Шавраараа тоосго цохиод байшин барьчихсан. Тоосго нь хатуу бөх гэдэг нь аюулын. Айл болгон том том байшинтай. Сайхан амьдардаг юм билээ.
-Монгол ламаар, өөрөөр хэлбэл, танаар ном уншуулж байв уу, хүмүүс нь?
-Өө олон хот, тосгодоор нь явсан. Бахархалтай сайхан юм их. Төвийнх нь хийдүүдээр ч орсон. Тэндхийн зарим лам хонхныхоо очирын толгой дээр очир алмаз шигтгэсэн байсан.
Тэгэхэд манайд тийм эрдэнийн чулуун шигтгээтэй хонхтой хамба алга. Бүгдийг нь устгуулчихгүй юу. Халимагууд ном уншуулсаан. Гэхдээ мэргэ төлөг тавиулна гэж олон долоон юм ярихгүй. Насаа уртасгая гэж Ногоон дарь эх уншуулна, эд баялгаа аривжуулья гэж Сан тавиулна. Мөн хавх тавиулна.
-Хавх аа. Үүнийгээ жаахан тодруулна уу?
-Хонхоор адислахыг хэлж байгаа юм. Хонхны дуу долгионоор цохиж хүнийг ариусгадаг. Бурхны шашнаа олон жилийн туршид хадгалж ирсэн нь гайхамшиг юм. Асар их зовлон бэрхшээл дундуур гарч ирэхдээ алдаж асгасангүй.
Эх сурвалж. Улаанбаатарын сонин