
- Монгол Улсын эдийн засгийн суурь нь аж үйлдвэрийн салбар-
Э.Дарь
МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн багш, олон улсын эдийн засгийн ухааны доктор Б.Санжмятавтай Аж үйлдвэрийн салбарын асуудлаар ярилцлаа.
-Аж үйлдвэрийн салбар бие даасан яамтай боллоо. Ач холбогдлыг нь аль өнцгөөс харж байна вэ?
-Миний хувьд Аж үйлдвэрийн яам байгуулагдсан нь үнэхээр ач холбогдолтой, цагаа олсон ажил боллоо гэж бодож байна. Яагаад гэвэл Монгол Улс 1990 оноос хойш үндсэндээ аж үйлдвэрээ гээсэн. 1990 онд ДНБ-ий 20 гаруй хувийг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн эзэлж байв. Гэтэл өнөөдөр үндсэндээ 10 хувь хүрэхтэй, үгүйтэй байна. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрийн салбарын ДНБ-нд эзлэх жин нь даруй хоёр дахин буурсан үзүүлэлт харагдаж байгаа юм. Монголчууд нийт хэрэглээнийхээ 20 хүрэхгүй хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Үндэсний эдийн засаг суурьгүй болчихсон байсан юм. Тиймээс ч үндэсний эдийн засгийн суурь ганхсан энэ үед Аж үйлдвэрийн яамыг байгуулж, дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байгаа нь цагаа олсон, оновчтой шийдвэр болсон гэж бодож байна.
-“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигтэй болох гэж байна. Өмнө нь бодлогогүй явж ирсний уршгаар бид өнөөдөр хэрэглэгч орон болчихож тийм үү?
-Манай аж үйлдвэрийг байхгүй болгосон гол үндэслэл нь монголчуудын өөрсдийнх нь алдаа байсан. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд зах зээлийн харилцаанд шилжиж, туурга тусгаарлахдаа ОХУ-тай чөлөөт худалдааны гэрээ, хэлцэл байгуулсан. Өөрөөр хэлбэл, аж ахуйн харилцаагаа бүтнээр нь авч үлдсэн. Тухайлбал, Оросоос Казахстан руу бараа гаргахдаа Казахстанаас Белорус руу бараа ороход чөлөөт худалдааны гэрээ, хэлцлийн дагуу татваргүй явагддаг. Татваргүй учраас зах зээлийн харилцаагаа хадгалж авч үлдсэн. Манайх яасан гэхээр Оростой бие даасан орны төвшинд харилцаа тогтоохгүй гэсэн учраас Оросын тал гуравдагч орны бараанд ногдуулдаг татвараа ногдуулсан. Улмаар манай үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн хойд хөршийн зах зээл дээр өрсөлдөх боломжгүй болсон юм. Үүний дараа үйлдвэрүүдээ хувьчлаад тоног, төхөөрөмжийг нь урагшаа метал болгож гаргаад, ажилчид нь гудамжинд гарсан ийм л дүр, зураг бий болсон шүү дээ. Гол үндэслэл энэ байхгүй юу. Тэгэхээр энэ алдаагаа засч, шинээр яам байгуулж, бодлогын баримт бичигтэй болох гэж байгаа нь сайшаалтай. Хэдийгээр Аж үйлдвэрийн яам байгуулагдаад удаагүй боловч бодлогын баримт бичгээ гаргасан нь маш зөв зүйтэй алхам боллоо. Бодлогын баримт бичигт тусгагдсан гол, гол үзэл санаа, аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар тавьж байгаа зарчим, авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд үндсэндээ зөв, зүйтэй ажил болсон байна билээ. Би хэлэлцүүлэгт нь хоёр удаа сууж, санал бодлоо солилцсон учраас бодлогын баримт бичгийн талаар нэлээн ойлголттой байна. Энэ бодлогын баримт бичгийн эхний хэсэгт Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн суурь нь аж үйлдвэрийн салбар гэдгийг тодотгож, баталгаажуулж өгсөнд ач холбогдлын нэгээхэн хэсэг орших болов уу. Нэгэнт бодлогын баримт бичиг батлагдсаны дараа хийх ажлууд тодорхой тусгагдсан байгаа. Хамгийн түрүүнд аж үйлдвэрийн чиглэлээр барьж, байгуулах үндэсний паркуудын төлөвлөгөөг гаргах, тодорхой хэмжээгээр нөхцөл бүрдүүлж, дэмжих талаар тусгасан. Үүний дараа дотоодын зах зээлээ хамгаалах, шинээр байгуулагдаж байгаа үндэсний үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжих асуудал бий. Мөн дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийн асуудал байгааг орхигдуулаагүй. Монголчууд бид гурван саяулаа боллоо. Тэгэхээр гурван сая хүнд зориулсан үйлдвэр, зах зээл гэдэг хангалттай том биш. Нөгөөтэйгүүр үйлдвэр байгуулаад ашигтай ажиллахад харьцангуй бэрхшээлтэй. Тиймээс нэгдүгээрт Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагаанд түлхүү оролцох ёстой.
-Тэгэхээр сүүлийн жилүүдэд хил дамнасан худалдааны чөлөөт бүс байгуулах талаар яригдах болсон. Нэг л урагшилж өгөхгүй байна. Манай улсын хувьд худалдааны чөлөөт бүс байгуулах ажилд хэрхэн оролцох шаардлагатай вэ?
-Монгол Улс ОХУ-тай чөлөөт худалдааны бүс байгуулж, хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэдэг нь эрдэмтдийн судалгаанаас харагддаг. Өөрөөр хэлбэл, монголчуудад хойд хөршийн зах зээл илүү ойр, дөхөм, ээл, ивээлтэй байх юм. ОХУ-тай болж өгвөл чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бүтээгдэхүүнээ худалдах таатай нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Үүний дараа Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд үндэсний аж үйлдвэрийг дэмжих тодорхой нөхцөл нь эрхзүйн орчин байдаг юм. Түүнийг маш сайн ашиглах ёстой. Тухайлбал, урдаас орж ирж байгаа чанаргүй, хямдхан бүтээгдэхүүнээс шинээр байгуулагдаж байгаа үйлдвэрээ, дотоодын зах зээлээ хамгаалах нь чухал. Үүний тулд хамгийн түрүүнд дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй ижил, төстэй бараанд ногдуулах татвараа нэмэх ёстой. Тодруулбал, дотоодын үйлдвэрийг хамгаалахын тулд тодорхой арга хэмжээ авч болно. Саармагжуулах арга хэмжээ авах боломжтой. Энэ мэтчилэн Засгийн газар амьд, тодорхой шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна дотоодын үйлдвэрлэгчид гадаад зах зээлд өрсөлдөх боломжийг бий болгох, дэд бүтцийг нь шийдэж, туслах ёстой. Төр, засгийн хэмжээнд үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, дэмжих чиглэл рүү бодлогоо гаргаад ажиллаж эхэллээ. Үүнийг нь хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэгчид ч ялгаагүй дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл, төр, үйлдвэрлэгч, хувийн хэвшил нэг зүгт харж, нэг бодлого дор зангигдаж ажиллах юм бол амжилтад хүрэх боломж бүрдэнэ. Чөлөөт худалдааны бүсийг байгуулж, амжилттай ажиллахын тулд хамгийн түрүүнд хоёр хөрштэйгөө ойлголцох хэрэгтэй. Дараа нь бодлогоо уялдуулах шаардлагатай. Нэгэнт л хөрш зэргэлдээ оршиж байгаа цагт бодлогоо уялдуулж ажиллахаас өөр сонголт бидэнд байхгүй. Хятад, ОХУ хоёр яаж ажиллаж байна вэ гэхээр нэг бодлогоор эн тэнцүү ашиг хүртдэг, эрх тэгш байдлаар хамтраад ажиллачихаж байгаа юм. Дэлхийн худалдааны байгууллагын тайланд жил бүр Монгол Улсын талаар хэдэн мөр мэдээлэл багтсан байдаг. Тэр нь юу гэхээр Монгол Улс бол Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн 160 орноос ганцаараа ямар нэгэн улстай чөлөөт худалдааны гэрээ, хэлцэл байгуулаагүй, бүс нутгийн интеграчлалд хамрагдаагүй ганцхан улс гэж дурдсан байдаг. Тэгэхээр манай улс цаашид хоёр хөрштэйгөө бодлогоо уялдуулахгүйгээр хөгжих боломжгүй.
-Монгол Улсын эдийн засгийг хамгийн ихээр тэлэх, цаашилбал олон улсад нэрийн хуудас нь болох бүтээгдэхүүн юу вэ?
-Нөхцөл, байдал үндсэндээ тодорхой болчихлоо. Учир нь дэлхийн дулаарлын нөлөөгөөр 10-20 жилийн дараа үндсэндээ бэлчээрийн мал аж ахуй монголд үгүй болно. Тэгэхээр бидэнд үлдэж байгаа нь юу вэ гэхээр аж үйлдвэр, ашигт малтмал. Дэлхийн дахинд байгалийн баялаг шавхагдах тийшээ хандаж байна. Тиймээс монголчууд байгалийнхаа баялгийг бүрэн боловсруулж, үнэ, цэнийг нь өсгөхийн тулд үйлдвэрээ барьж, байгуулж, хүнд үйлдвэрлэлийг урагшлуулах ёстой. Энэ асуудал үндсэндээ бодлогын баримт бичигт туссан байгаа. Тэгэхээр үйлдвэрээ барьж, түүхийгээр нь байгалийн баялгийг гаргахгүйн тулд экспортын татварыг нэмэгдүүлэх ёстой. Экспортын татвар тавилаа гээд танай баялгийг авахгүй гэх ганц ч улс байхгүй. Тэртээ тэргүй дэлхий дахинаа байгалийн баялгийн нөөц шавхагдах тийшээ хандсан. Тухайлбал, алтны дэлхийн хэмжээний нөөц 10 жилийн дараа дуусна. Дэлхийд зэсийн баяжмалын 31 жилийн нөөц үлдсэн. Гэтэл монголчуудад алт, зэс байна уу гэвэл байгаа. Хамгийн гол нь бид зөв бодлогоор ашигт малтмалаа бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортод гаргах ёстой. Үүний тулд хүнд үйлдвэрийг эн тэргүүнд хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Бусад улс орны туршлагаас харахад жилд экспортлох байгалийн баялгийн хэмжээнд квот тогтоож байна. Ингэж байж бид ирээдүй, хойч үедээ жаахан зүйл өвлүүлнэ шүү дээ. Ер нь амархан зүйл гэж нэг ч байхгүй. Гагцхүү зориод, зориглоод хөдлөх хэрэгтэй. Тухайлбал, “Чингис бонд”-ын мөнгөөр бид нефть боловсруулах үйлдвэрээ бариад, төмрийн үйлдвэртэй болчих боломж байлаа. Гэтэл бондын мөнгөөр зам тавиад дуусгачихсан. Хөрөнгө оруулалт талаас нь харвал зам хэнд ч ашиггүй. Учир нь зам зээлийн мөнгийг эргүүлж төлөхгүй. Тиймээс нэн түрүүнд монголчууд үйлвэрээ л барих ёстой. Тэвчиж болох зарлагаа тэвчиж, хэрэглээгээ танаж, зардлаа багасгая гээд байгаа шүү дээ. Тэгвэл зам бол тэвчиж болох зүйл байхгүй юу. Харин үйлдвэр барихад мөнгөө зарцуулах ёстой.
-Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүн өндөр ханштай байна гэх шүүмжлэл үргэлж гарах юм?
-Гол асуудал жижиг зах зээлд л байгаа юм. Тухайлбал, манай нэг үйлдвэр 10 мянган ширхэг оймс үйлдвэрлэж байна шүү дээ. Гэтэл Хятад үйлдвэр 100 сая ширхэг оймс үйлдвэрлээд зах зээлд нийлүүлж байна. Тэгэхээр зөрүү нь тодорхой. Монголчууд том зах зээл рүү орж, бүс нутгийн интеграчлалд хамрагдахгүй байгаагийн уршиг нь өнөөдрийн үнийн асуудал. Өөрөөр хэлбэл, 10 мянгыг биш саяыг үйлдвэрлээд эхлэх юм бол аяндаа үнэ буурна. Тэгэхээр зах зээлээ тэлэх асуудал маш чухал. Тухайлбал, Казахстан Евро Азийн эдийн засгийн холбоонд элсч, 180 сая хүний хэрэгцээг хангах асуудал яригдахаар гадны хөрөнгө оруулагчид мөнгөө оруулж, тэр зах зээл рүү үйлдвэрлэгчид орж байна. Тэгэхээр монголчууд зах зээлээ тэлээгүй цагт хөрөнгө оруулалтын талаар бодох ч хэрэггүй. Эдийн засаг тэлэх ёстой, тэлэхийн тулд үйлдвэржих ёстой. Ердөө л маш энгийн ойлголт шүү дээ.