
Ц.ЭНХМАА
Монгол Улс 1961 онд нэг, 1988 онд хоёр сая дахь иргэнээ хүлээж авч байлаа. Монголчууд улам олуулаа болж, энэ өдрүүдэд гурван сая дахь иргэнээ угтан авч байна. Ийм түүхэн үйл явдлыг бэлгэшээн, бяцхан иргэдээ угтах гол ажлыг зохион байгуулж буй Хүүхдийн төлөө газрын дарга Ишбадамын Нарантуяаг зочноор урьж ярилцлаа.
-Гурван сая дахь иргэнийг угтах хугацаа юу юугүй тулчихлаа. Ажил их байна уу?
-Гурван сая дахь иргэнээ угтаж авах Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол гарсан. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Эндээс ажлын чиглэл, үүрэг авч ажиллаж байна. Гурван сая дахь иргэнээ хүлээж авах, олон нийтэд мэдээлэх талын ажлуудыг манайх хариуцсан. Хүүхдийн төлөө үндэсний газар орон нутгийн байгууллагууддаа чиг үүрэг өгөөд ажиллаж байна. Монголчууд бид олимпийн аваргатай болоход яаж баярлаж хөөрч байсан билээ дээ, тэр дайтай хүлээж авч ач холбогдол өгөх үйл явц болох гэж байна. Гурван сая дахь иргэнээ тосч авах гэж байгаатай холбоотой салбар салбарынхаа чиглэлээр ач холбогдол өгнө үү гэж төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнесийнхэн, үндэсний үйлдвэрлэгчдэд хандлаа. Гурван сая дахь иргэнд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээнд ашиглах, бахархах логог ашиглахыг санал болгосон.
-Тэднээс ямар хариу ирж байна?
-60 гаруй байгууллагад хандсан. Сайхан хүлээж авч байна. Гурван сая дахь иргэндээ 70 сая төгрөг буюу энэ мөнгөтэй дүйцэхүйц орон сууц, түүний үе чацуутнуудыг тус бүр гурван сая төгрөгөөр урамшуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн.
-Хоёр сая дахь иргэний үе чацуутнууд 25-уулаа байсан гэдэг. Гурван сая дахь иргэний чацуутнууд хэд байхаар байна?
-Зургадугаар сараас хойш өдөрт 250-300 орчим хүүхэд төрж байна гэж үзээд гурван сая дахь иргэний үе чацуутнуудаар 300 хүртлэх хүүхдийг тодруулна гэж тооцсон.
-Яг хэдий үед тодрох бол?
-Тэр ажлыг Үндэсний статистикийн хороо хариуцаж байгаа. Тэдний нарийвчилсан бүртгэл тооцоогоор тодорно. Хүүхдүүд, ээжүүдийг эсэн мэнд төрүүлэх, эх барьж авах ажлыг Эрүүл мэндийн яам, шинэ иргэдээ төрүүлээд авсны дараа тэднийгээ алдаршуулах ажлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам гэх мэт өөр өөр үүрэг чиглэлтэйгээр ажиллаж байна.
Гурван сая дахь иргэнийг Улаанбаатар хот, аймаг орон нутаг тус бүрт нэг нэгийг тодруулна. Орон нутаг өөрсдийн шагналаа өгнө, зарим аймагт орон сууц өгөхөөр бэлтгэж буй таатай мэдээлэл ч сонсогдож байгаа. Мөн дэлхийн аль ч оронд манай гурван сая дахь иргэн төрж магадгүй. Тэднийг ч мөн адил бүртгэж авна гэхээр яг тэдний өдөр төрсөн хүүхэд гурван сая дахь боллоо гээд одоо хэлчихэж чадахгүй байна.
-Сая дахь иргэнээ улс орон бүр ийм дуулиан шуугиантай угтаж авдаг. Манай улс, нэг болон хоёр сая дахь иргэдээ хэрхэн угтаж авч, урамшуулан алдаршуулж байсан юм бол?
-Бүртгэлийн газартай холбогдож энэ талаар судалгаа авсан. 1988 оны хоёр сая дахь иргэн, түүний үе чацуутан 25 иргэний мэдээлэл бидэнд бий.
-Хоёр сая дахь 25 иргэн, гурван сая дахь иргэний үе чацуутнууд 300 байна гэдэг чинь 1988 онд өдөрт 25 орчим шинэ хүн мэндэлж байсан гэсэн үг биз дээ?
-Хоногт 25 хүн л төрж байжээ. Тэгэхээр төрөлт тэр үеийнхээс өнөөдөр 10 дахин нэмэгдсэн гэсэн үг. 27 жилийн дараа манай гурван сая дахь иргэн төрж байна.
-Хоёр сая дахь иргэн, тэдний чацуутнуудын тухай мэдээлэл байгаа гэлээ. Тэд хэдийнэ гэр бүлтэй үр хүүхэдтэй болцгоочихсон байх даа?
-Хоёр сая дахь иргэн, тэдний үе чацуутнууд 27 настай жавхалзаж явна. Бүгдтэй нь холбоо барьсан. Харамсалтай нь тэдний гурав нь нас барсан байна. Залуусынхаа сэтгэгдлийг сонссон. Зарим нь захидлаар сэтгэгдлээ ирүүлсэн байгаа. Тэд бүгд улсынхаа хоёр сая дахь иргэн гэдгээрээ их бахархдаг, хоёр сая дахь иргэн тааруухан явах учиргүй гэцгээсэн. Тэгээд ч тэдний дунд боломж тааруу, амьдрал нь хүндхэн яваа хүн алга, бүгд сайн сайхан амьдарч байна. Зарим нь хоёр хүүхэдтэй болж, бүр гурван сая дахь иргэний үе чацуутныг төрүүлэх гэж байгаа нь ч байна. Энэ нь гурван сая дахь иргэнийг угтаж авах ажлыг зохион байгуулж буй бидэнд анхааруулга болж байна.
-Хоёр сая дахь иргэнийг угтаж авах ажлыг 27 жилийн өмнө ямар байгууллага, ямар хүн удирдаж байсан бол?
-1988 онд Анастасия Ивановна Цэдэнбал Филатова Хүүхдийн төлөө фондыг тэргүүлж байж. БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн хурлын протоколд энэ тухай байна. Энэ хурлын шийдвэрээр хоёр сая дахь иргэнээ хүлээж авах шийдвэрийг гаргасан юм билээ.
Хүүхдийн төлөө фондоос хөрөнгө гаргаж, шагналын байр, хүүхдийн өлгий, хүүхэлдэй, ээж аавуудад нь бэлэг дурсгал, дурсгалын тэмдэг зэргийг хийж өгч байжээ.
-1988 онд Филатова гуай хоёр сая дахь иргэнийг угтаж авах ажлыг зохион байгуулж байж, 27 жилийн дараа гурван сая дахь иргэнээ тосч авах түүх таны үед тохиолоо. Бахархалтай хувь тавилан юм даа?
-Монголын хүүхдийн байгууллагыг удирдаж ахуйд гурван сая дахь иргэн төрнө гэдэг миний хувьд том бахархал. Энэ сайхан гэгээлэг, түүхэн агшинд оролцоно гэдэг үнэхээр том хувь тавилан. Ингэж бодохоор илүү хичээж, илүү зүтгэж ажиллах ёстой гэж бодож байна.
-Хоёр сая дахь иргэд маань хэддүгээр сард төрж байж вэ?
-Долдугаар сарын 10 буюу үндэсний их баяр наадмын өмнөх өдөр тодорч байж. Их бэлгэдэлтэй байгаа биз. Гэтэл гурван сая дахь иргэн Цагаан сарын өмнөхөн ирж байна. Монголчууд бидний хамгийн хүндэтгэлтэй, бэлгэшээдэг хоёр баяр шүү дээ. Гурван сая дахь иргэд маань морь жилийн хүүхдүүд.
-Энэ ажлын бэлтгэлийг хангах нь таны, танай байгууллагын үүрэг. Хувь иргэн Нарантуяа, ээж, эмээ Нарантуяа энэ үйл явцыг юу гэж харж байна?
-Би ер нь сая дахь иргэдтэй их ойрхон явсан байдаг юм. 1961 онд нэг сая дахь иргэн төрсөн. Би 1963 оны хүн. Манай улс 1988 онд хоёр сая дахь иргэнээ угтсан, би 1986 онд ээж болж, том охиноо төрүүлсэн. Цаг хугацааны хэмнэл ойрхон байгаа биз. Олуулаа болно гэдэг хамгийн сайхан. Хүний орчлонд үүнээс том ямар баяр байх билээ, баярлахаас аргагүй. Би их догдолж байгаа. Магадгүй би энэ үед Хүүхдийн байгууллагыг толгойлоогүй, жирийн нэг Нарантуяа байсан бол “Манай улс гурван сая дахь иргэнээ угтжээ, сайхан байна” гээд л явах байсан биз. Энэ агшин, үйл явцад оролцох хэмжээнд ажиллаж байгаа минь бахархал. Тиймээс ч ийм сайхан бахархлыг олон нийтэд, хүмүүст хүргэхсэн гэж хичээж, боломж бололцоо юу байгаагаа шавхаад ажиллаад байхаас аргагүй.
-1961 онд монголчууд нэг сая дахь иргэнээ хэрхэн хүлээж авч байсан юм бол?
-Нэг сая дахь иргэн, түүний үе чацуутнуудын талаар тодорхой мэдээлэл гарч ирээгүй, нотлогдохгүй байгаа юм. Тухайн үеийн нийгмийн байдалтай холбоотой, нууцалсан байж болох юм. Хэрэв тодруулж, алдаршуулж байсан бол тэр хүмүүс өөрсдөө бидэнд хандаасай гэж хүсч байна.
-Монгол Улс гурван саяулаа болоход Нарантуяа ээжийн оруулсан хувь нэмэр хэр байгаа вэ?
-Манайх хоёр хүүхэдтэй. Охин минь энэ гуравдугаар сард төрнө. Энэ чинь манай гэр бүл гурван сая дахь иргэний үе чацуутныг төрүүлэх гэж байна гэсэн үг биз дээ. Гурав гэдэг тоо намайг тойрч аз жаргал өгөөд ч байгаа юм шиг санагддаг. Би хоёр зээ хүүтэй. Одоо гурав дахь нь төрөх гэж байна. Гурав дахь зээ минь гурван сая дахь иргэний үе чацуутан болж байгаад эмээ нь туйлын их баяртай байгаа даа. Гурван сая дахь иргэн тодорсон жилд төрж байгаа юм чинь үе чацуутан нь мөн биз дээ. Энэ бол намайг дайрч байгаа аз жаргал юм.
-Та бизнесийн салбараас төрийн байгууллагад ирж, Хүүхдийн төлөө газрыг удирдаж байна. Өмнө нь төрийн байгууллагад ажиллаж байсан уу?
-1980 онд сургуулиа төгсөөд төрийн байгууллагад ажиллаж байсан. Тэр үе бол социалист нийгэм. Хувь хүн хүссэн, эс хүссэн ч сургууль төгсөхөөр нь ажилд хуваарилдаг байсан цаг. Манай улс зах зээлийн нийгэмд шилжихэд бид 30 хүрээгүй залуус байлаа. Тэр үед бид наймаа хийж хөл дээрээ тогтсон. Бизнесийн салбарт 20-иод жил ажиллалаа, боломжийн сайхан явж иржээ. Энэ туршлага маань төрийн алба хашихад хэрэг болж байна аа. Олон хүнтэй харилцаж яваагүй бол энэ байгууллагыг удирдахад амаргүй байх байсан биз.
-Төрийн байгууллагад гэхээр яг хаана ажиллаж байв?
-Говьсүмбэр, хуучин Дорноговийн Сүмбэр сум буюу Чойр хотод байлаа, манайх. Оросууд олонтой. Энэ нь нийгэмшихэд минь давуу тал болсон байх. аравдугаар анги төгсөөд Санхүүгийн техникумд сурсан, сүүлд Их сургуулийн хуулийн анги төгссөн. Дөнгөж сургуулиа төгсөөд төмөр замын байгууллагад ажилд орсон, ээж аав хоёр минь энд ажиллаж байсан юм. Харин дараа нь одоо энэ байгууллагынхаа харьяа Октябрийн районы Хүүхэд залуучуудын төвд ажилладаг байлаа. Мөн 24 дүгээр сургуульд байсан. Ер нь л хүүхэд залуучуудын байгууллагад нэлээд ажиллажээ.
Хүүхдийн төлөө байгууллага уяачдын аранга болсон шүү дээ
-Та УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан, бизнесээ орхиод энэ салбарт оръё гэж шийдсэн хэрэг үү?
-Чи улс төрийг оролдохгүй бол улс төр чамайг оролдоно гэдэг байх аа, яг энэ болсон. Бизнесийн салбарынхан улс төр рүү гулгаж орох нь олон. Бизнес эрхэлдэг хүмүүс идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдралтай байдаг, энэ нь нөлөөлдөг байх. Бизнес хийж, амьдралын боломж хангагдаад ирэхээр нийгэмд хандсан ажил, үйл хийе гэсэн бодол хэнд ч төрдөг. Энэ нь улс төр рүү чиглэдэг юм билээ. “Гэр бүлд ээлтэй шийдэл” гэж төрийн бус байгууллага болон миний бизнес хүмүүсийг ажил төрөлтэй байлгах, түүнд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг нийгэмд хандсан үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Ингэж явж явж хүүхдийн байгууллагад ирлээ. Анх С.Эрдэнэ сайд “Чи их сайхан байгууллагад ирлээ, энэ бол чиний хувь заяа. Хүүхдийн байгууллага их сайхан газар” гэж хэлж байж билээ.
-Үнэхээр сайхан газар санагдсан уу?
-Сайхан газар шүү дээ. Анхандаа бизнесийн хүн хүүхдийн байгууллагад хөл гараа олохгүй яана даа гэж бодогдож л байлаа. Ажлаа авчихаад хүмүүстэй нь уулзаж ярилцахад гадаад хэлээр яриад буй юм шиг сонсогдож байж билээ.
Хүүхдийн эрхийг хамгаалахад анхаарч ажилладаг байгууллага. Ямар ч зохицуулалт, тогтолцоо байхгүй. Хүүхдийн төлөө гэдэг айхавтар нэртэй. Энэ нэрнээсээ болоод асуудалд унадаг. Үнэнээ хэлэхэд, эхлээд айж байлаа. Гэсэн ч ажиллахаас өөр арга байгаагүй, зүтгэж байна. Энэ хоёр жилд энэ ширээний араас үнэндээ босоогүй гэхэд худлаа болохгүй дээ. Үстэй толгой ер нь цайсан шүү. Үнэхээрийн бэрх ажил байдаг юм. Манай байгууллага босоо тогтолцоотой биш, чиг үүрэг удирдлага менежментээ хүчээр хангаж ажиллаж байна. Босоо тогтолцоотой бол шууд чиг үүргээ хангаад явчихна.
Монгол Улсын төрөөс баримтлах хүн амын цогц бодлого гэж бий. Энэ бол манай Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны гол бодлого бөгөөд бид ч хүрээнд ажилладаг.
-Хүүхдийн байгууллага төрийн статустай болсон нь яг хэдий үеэс юм бэ?
-1990 оноос хойш төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг хүүхдийн байгууллага бий болсон. Өмнө нь пионерийн, эвлэлийн байгууллагууд ийм чиг үүрэгтэй явж ирсэн байдаг. Хууль эрх зүйн тогтолцоо бага, энэ байгууллага өөрөө ямар чиг үүрэгтэй оролцох юм, тогтолцоо нь ямар байх тухай ямар ч хуульд байхгүй. Чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана гэсэн ганц өгүүлбэр л бий.
-Хүүхдийн төлөө гэсэн байгууллага учраас хүүхэд бэртэж гэмтэхээс өгсүүлээд бүхий л тохиолдолд хүмүүс гэнэт л Хүүхдийн төлөө байгууллага юу хийж байна, хаана байна аа гээд нэхээд эхэлдэг. Энэ нь бас л чанга биз?
-Би ийм л газарт ирсэн. Миний өмнөх үед сошил орчин ингэтэл хөгжөөгүй, мэдээлэл хаагдмал, гэр бүлд болж байгаа асуудал тухайн айлын л хүрээнд яригддаг байсан. Хажуугийн айл хүүхдээ зодож байхад хэн ч хэлдэггүй, энэ айлын асуудал хэнд ямар хамаатай юм гэдэг л байлаа. Нийгэм өөрчлөгдөөд бүх зүйл ил тод болсон, ардчилал утга агуулгаа олсон энэ цаг үед гэр бүл, хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдлууд ил гарч, faceboook, twitter-ийн орчинд мэдээлэл идэвхжлээ. Сошил орчин моод болсон үед энэ байгууллагад ирснээрээ хохирогч болж байна гэж бодогдох үе ч байлаа. Хэн нэгэн хүүхэд хохирогч болбол Нарантуяа буруутан болж байлаа. Энэ нь намайг хүүхдийн эрхийг хамгаалах ажил руу түлхсэн.
-Хамгийн их сенсаац тарьсан нь унаач хүүхдүүдийн асуудал уу?
-60 мянган хүүхэд морь унаж бэртэж байна, 20 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна, Нарантуяа гуай гээд л бичиж эхэлсэн шүү дээ. Ажлаа аваад удаагүй байтал өвлийн морин уралдаанууд зохиогдож, сошил орчин тэр чигээрээ над руу дайрсан. Энэ чинь юу болоод байна аа гэж эхлээд гайхсан, ёстой шооконд ордог юм байна билээ. Тэгээд л асуудал руу ханцуй шамлаад орчихсон.
Яагаад ийм уралдаан хийгээд байдаг юм бол гээд асуудлын араас хөөлөө.
Хүүхдүүд унаж бэртэн эрх нь зөрчигдөөд байгаа нь гарцаагүй надад хамаатай, манай байгууллагын ажил гэж бодлоо.
Хоёрдугаар сард хаврын нэртэй ч өвлийн уралдаан болж, хүүхдүүд бэртсэн, би хариуцлагаа хүлээж номхон л зогсож байлаа. Ингэхдээ үндэсний их баяр наадмын өмнө энэ асуудлыг цэгцэлнэ гэж өөртөө хэлж байв.
-Өвлийн уралдаан зохион байгуулахыг зөвшөөрсөн Засгийн газрын шийдвэр гардаг. Уг нь танай байгууллагын шууд хамаарах ажил ч бас биш юм биш үү?
-Засгийн газраас шийдвэр гардаг. Гэхдээ яагаад Засгийн газар ийм шийдвэр гаргаад байна вэ гэж эхлээд бодож чадаагүй, уралдаан болох нь тодорхой юм байна. Хүүхдүүдээ яаж хамгаалах вэ л гэж бодсон. Унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцасны стандартыг манай байгууллагаас гаргаж батлуулсан юм билээ. Гэсэн ч хамгаалалтын хувцас өмсдөг хүүхэд гэж алга байв. Тиймээс наадмын өмнөөс эхлээд хүмүүсээ аваад Хүй долоон худагт ажилласан. Хамгаалалтын хувцас байгаад ч уяачид өмсүүлдэггүй юм байна. Гутал ч үгүй, нүцгэн шахуу л хүүхдүүд уралдаж байгаа болохоор унаж бэртэхээс аргагүй харагдлаа. Тэр үед унаач хүүхдүүийнхээ тоог ч гаргаад авсан. Хүмүүсийн хэлээд байгаа шиг 60 мянга ч биш юм. Ойролцоогоор 15-16 мянган хүүхэд морь унадаг юм байна гэсэн багцаа тоотой ч болсон. Нэг хүүхэд нэг морь унана гэж бараг байхгүй. Зарим нь 4-5 насны морь унадаг. Энэ бүхний эцэст унаач хүүхдүүдээ бүртгэж, бүртгэлийн системтэй болгохоор шийдлээ. 21 аймаг, есөн дүүргийн Тамгын газарт байгаа хүмүүстээ чиг үүрэг өглөө. Хөдөө аймгуудаар хүмүүсээ явууллаа, өөрөө ч их явлаа. Ингэж хүүхдүүдээ бүртгээд авсан. Одоо бол хэн, хаана ямар уралдаанд оролцож байна, бүх мэдээллийг авдаг болсон. Улмаар хамгаалалтын хувцас өмсөөгүй, даатгалгүй хүүхдийг морь унуулахгүй, байх шийдвэр гаргаж, наадмын талбайд хамгаалалтын хувцас зарах зөвшөөрөл олгосон.
-Даатгалын суурь үнийг өндөрсгөсөн санагдаж байна?
-Тэгсэн. Олонх нь 5000 төгрөгөөр л морины хүүхдээ даатгуулдаг байсныг хамгийн бага нь 25 мянга болгосон. Даатгалын компаниудтай хамгийн багадаа 5,0 сая төгрөг олгогдохоор санамж бичиг байгуулсан. Ингээд энэ шийдвэрийг яс мөрдөхийг уяачдад анхааруулсан.
-Хамгаалалтын хувцас үнэхээр сайн хамгаалж чадах уу?
-Стандарт хангасан малгайтай хүүхэд унахад малгай нь хагарна, хүүхдийн толгойд гэмтэл өгөхгүй. Өвдгөвч, тохойвч бүгд бий. Одоо уяачид хувцсаа өгөөч гэдэг болсон. Стандарт бус хувцас зарим хүн авчраад байх юм, хямд болохоор нь хүмүүс авдаг. Гэхдээ хямд, стандарт бус ч гэсэн гэмтлийг тодорхой хэмжээгээр багасгаж байгаа. Өмсөх нь л чухал, шат ахисан алхам болсон.
-Сүүлийн хоёр жил өвлийн уралдаан зохион байгуулах нь зөв, буруу гэж их ярих боллоо. Өнгөрсөн жил л өвлийн уралдаан болоогүй байх аа?
-Хамгаалалтын хувцасгүй бол уралдуулахгүй гэхээр хамгаалалтын хувцас үнэтэй байна гэж байсан хүмүүс чинь ямар ч үнээр хамаагүй худалдаж авч өмсгөөд гаргаж байгаа юм. Ер нь их аятайхан болоод байгаа. Үүнийг цэгцэлсний дараа тогтоол шийдвэртэйгээ ноцолдож эхэлсэн. Засгийн газарт хандаж, Ерөнхий сайдад хэллээ “Өвлийн уралдаан зохион байгуулмааргүй байна. Бид уяачдын гох дэгээнд ороод байна. Ийм уралдаан зохион байгуулах шийдвэр гаргамааргүй байна. Хүүхдийн амь эрсэдвэл шийдвэр гаргагчдад хариуцлага тооцох механизм байгаа шүү” гэсэн. Н.Алтанхуяг сайд дэмжсэн,. Харамсалтай нь уяачид голдуу бизнесмэнүүд, улстөрчид байдаг. Тэд эсэргүүцдэг, шантаажилдаг. Гэсэн ч өнгөрсөн хоёр жилд өвлийн уралдаан болоогүй, үүнээс болоод Нарантуяа гэж хүүхэнтэй нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлалцана л боллоо. Өнгөрсөн жил гэхэд адууны ханиад гарсан нэрээр уралдаан зохион байгуулахыг хориглосон.
Хүүхэд бэртээд байна, зэрлэг балмад уралдаан болж байна гэж хүмүүс ойлгож биднийг дэмжиж эхэлсэнд баяртай байгаа. Манай байгууллага “Уяачдын хадны мангаа” болсон шүү дээ. Одоо уяачид өвлийн уралдаан хийхгүй бол шийдвэрээ эрт хэлээрэй гэдэг болсон. Асар их мөнгө зарж бэлтгэдэг юм билээ. Тиймээс одоо л нэг инээмсэглэж чадахаар болоод байна даа.
-Уяачид өвлийн уралдаан зохион байгуулахгүй болсонд уурлаж, дайрч байсныг санаж байна?
-Өвлийн уралдаан зохион байгуулахыг олонх нь дэмждэггүй ч болсоор байгаа нь уяачдын цол тэмдэгт байна гэдгийг ойлгосон. Олон уралдаанд түрүүлбэл манлай уяач гэсэн цол тэмдэг авдаг. Тэрнийхээ төлөө л ийм олон уралдаан тэмцээн явуулдаг юм билээ. Дунд нь орж байж мэдэж байна шүү дээ.
-Уяачидтай уулзахаар таныг “бариад идчихгүй” гайгүй юү?
-Морь унана гэдэг ухаан байдаг юм. Эцэг эхгүй, тэнэмэл гудамжинд байгаа хүүхдийг бид морины нуруунд тавихгүй, хийморь лундаагаа бодно шүү дээ. Ингэж байж морь түрүүлнэ. Хүүхдийг өсгөхгүй тариа хийж давжаа болгодог, хаягдсан хүүхдээр морь унуулдаг гэдэг бол ор үндэсгүй. Бид ойлголцох ёстой, уяачид гэдэг бол адгууснаас дор амьтад биш шүү. Хаана хаанаа зөв ойлголцож ярилцаж байх ёстой гэдэг. Эцэг эхчүүдтэй нь ч уулздаг. Хүүхдээ морь унуулж байгаа бол эрүүл мэндэд нь анхаарах ёстой. 500 мянга, нэг сая төгрөгөөр хүүхдээ үнэлж болохгүй гэж зөвлөгөө зааварчилгаа өгдөг. Ер нь морин уралдааныг спорт болгож, унаач хүүхдүүдийг мэргэжлийн тамирчин болгох ёстой. Ц.Оюунгэрэл сайд энэ асуудлыг их сайн дэмжиж байсан.
-Морь унах дуртай хүүхдүүд бас байдаг даа?
-Ер нь бол дургүй хүүхдүүд морь унадаггүй, хүчээр унуулдаггүй. Их багаас нь сургаж, ойртуулж байж ээнэгшүүлж байж уралдуулдаг. Түүнээс биш “Алив чи хүрээд ир” гээд тааралдсан хүүхдээ унуулчихдаг юм биш гэж уяачид ярьдаг нь үнэний ортой.
-Унаач хүүхдүүдийг алдаршуулах, тэднийг шагнаж урамшуулдаг болсон нь ч таны үед хийсэн ажил байх шүү?
-Уяачдад шагнал өгнө, морио шагнана, манай хүүхдүүдэд л өгөхгүй. Энэ хоёр жилд хүүхдүүдийнхээ шагналыг томсгож чадсан шүү. Унаач хүүхдүүдийг нь урамшуулаад байхаар уяачид ч их дуртай болсон. Чичлэхийгээ урамшуулалтай нь хамт хийгээд эхлэхэд бид ойлголцож эхэлсэн дээ. Бид оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулахдаа унаач, харваач, бөх хүүхдүүдийг хамруулдаг болсон. Унаач хүүхдүүд бол жинхэнэ эрэмгий зоригтнууд.
Хүүхдийн байгууллагын мэргэжлийн хяналт манай гэрт ажилладаг
-Телевиз радио, сонин хэвлэлээр хүүхэд гэж үг сонсоод л та сортос хийдэг болсон бололтой?
-Ёстой тэгсэн. Тэр байтугай манай хоёр зээ “Хүүе эмээ, хүүхэд гэж хэллээ. Таны ажлыг яриад байна” гэж байх вэ. Хүүхдээ хазсан хүний тухай зурагтаар гарлаа. Тэгсэн манай нөхөр “Ямар зэрлэг балмад юм бэ, чи энийг асууж сурагласан юм уу” гэж уурласан. Яг л нөгөө сошил орчныхон над руу дайрдаг шиг юм манай гэрт болдог (инээв).
-Сошил ертөнцийнхөн одоо өөрөөр ханддаг болсон уу?
-Нээрэн би, сошил орчноос бүрмөсөн гарсан. Энэ байгууллагад ирэхээс өмнө facebook, twitter бол миний имиж байсан. Арван хэдэн мянган дагагчаа хакердуулсан даа. Энэчлэн эрхээ хасуулах юм төрийн байгууллагад орсноос хойш тохиолдох болжээ. Тусгаарласан шугамын наана цаана ордог юм байна.
-Гурван жилийн өмнө бол таны ярианы сэдэв юун хүүхэд, тэс өөр байсан биз дээ?
-Бизнес, шинэ санаа оноо, гэрээгээ ямар нөхцөлөөр байгуулах вэ, яаж ашиг олох вэ л гэж ярьдаг байлаа. Тэнгэр газар шиг өөрчлөгдсөн, би.
-Найз нөхөдтэйгөө уулзахад ярианы сэдэв тань бас өөрчлөгдсөн үү?
-Өө тэгэлгүй яах вэ. Би энэ хоёр жил дэлгүүрээр ч ховор орсноо саяхан мэдсэн. Картууд минь хаагдчихсан, хугацаа нь дуусчихсан байж билээ. Ерөөсөө мөнгө үрэхгүй, зарцуулахгүй байсан байгаа юм. Ажил гэр, гэр ажил гээд ер нь бол их хэмнэлттэй болсон. Би хамаг мөнгөө кофе шоп, хоол унданд зарцуулдаг байжээ. Найз нөхөдтэйгөө ч уулзахаа больсон. Тэд намайг тэнгэрийн амьтан болж гэж шүүмжилдэг болсон.
-Та айлын том гэсэн. Дүү нарыг бол командалж байсан биз?
-Айлын том хүүхэд гэдэг манлайлагчийн ордод төрсөн л гэсэн үг. Манайлагч болох эсэх өөрөөс нь шалтгаална, эцэг эх боломжийг нь тавьж өгсөн. Миний дор дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй дүү бий. Ээж минь цэцэрлэгт тогооч. Дүү нар өвөө эмээ дээр өссөн. Ээж төрөөд 45 хоноод л ажилдаа орох тул дүү нарыг эмээ өвөө рүү явуулчихна. Цэцэрлэг, сургуулийн насанд хүрэхээр нь авдаг байж. Би л ээж аав дээрээ өссөн юм. Дүү нар өсгөж, ядраагүй. Хоёр эмэгтэй дүү хойно гарсан тул дөрвөн эрэгтэй дунд би ноёлж байсан байх.
Харин олон дүүгийн зовлон, жаргалыг хүнтэй сууж айл гэр болоод л амссан. Дүү нар сургуулиа төгсөөд манайхаар дамжаастай. Эхнэр хүүхэдтэй болж асуудал үүсэхэд зохицуулна, орон байртай болох, муудалцаж сайдалцахад нь менежер хийнэ. Ийм тааруухан мэдээг ээж, аавд сонсгохгүй л зохицуулдаг байсан. Гэр бүлийнхээ зовлон, жаргалын менежер олон жил хийж явна аа.
Эх сурвалж: Улаанбаатарын сонин