
Б.ЭНХЗАЯА
Дорноговь аймгийн Улаанбадрах сум. Гурван жилийн өмнөөс тус усманд 19 тугал хордож үхсэн гэх мэдээлэл түгсэнээс хойш уг сумыг мэдэхгүй хүн ховор болжээ. Тус суманд Францын “Арева” группийн охин компани “Кожеговь”компани ураны хайгуул хийж буй юм. Ураны хайгуулаас болж тугал хордлоо, гажигтай төл гарах боллоо гэсэн мэдээлэл тасрахгүй байгаа ч тухайн нутаг оронд юу болсон, тугал үнэхээр уранаас хордсон уу, одоо малчид ямар байдалтай аж төрж байна зэрэг мэдээлэл олон нийтийн анхаарлаас гараагүй байна. Энэ бүхний хариултыг эрж анх 19 тугалаа хотноосоо алдсан малчин Д.Норсүрэнтэй ярилцлаа. Дашрамд дурдахад тус суманд ХБНГУ-аас хэвлэлийнхэн ирж ураны асуудлаар сурвалжлага бэлтгэхээр болжээ.
-Танай нутгаар өвөлжөө давгүй юу?
-Намар оройхон гандуу байсан ч давгүй байна. Цасгүй. Угаасаа цас ордоггүй нутаг шүү дээ.
-Дорноговь аймагт гурван жилийн өмнө анх 19 тугал хордож үхлээ гэсэн мэдээлэл түгсэн. Тэр үед танай хотонд юу болсон юм бэ?
-Голомтод дөрөв, тавхан айл байсан юм. Манайх, манайхны хэдэн ах дүүс голдуу. Тэнд ямар ч хамгаалалт байхгүй. Аймаг орон нутгийн ч тэр, компанийх ч тэр. Өргөстэй тор, турба зоочихсон төдий. Малчид бид тэмээний хашаа гэж ярьдаг тийм маягаар хоёр давхар тор татаад л хаячихсан. Үхэр, адуу байнга орж гарч байдаг. Тэр жилийн намар бороо ихтэй байснаас шавар шалбааг болчихсон. Манайх ч голомтод ойрхон байсан даг, гуравхан км орчимд. Тэр шавраас уусан уу, эсвэл компанийн ажлын хариуцлагаас болж говиор хог шавхруу байгаад ууж идсэн үү тугал маань үхэж эхэлсэн. Тугал үхсэн үү гэвэл үнэн. 2012 оноос өвлөөс эхлээд 19 тугал үхсэн. Үүнийг төр засгийн сайдаасаа эхлээд сайн мэдэж байгаа. Юунаас болсон судалгааг ч маш сайн хийсэн. Селениэс болсон хордлого гэдгийг тогтоочихсон шүү дээ.
-Голомт гэхээр “Кожеговь” компанийн үйл ажиллагаа явуулж байсан талбайг хэлж байна уу?
-Тийм. Тэр газар бол хоёр сумын зааг. Зүүнбаян Сайншанд сумын хиллэх зааг, Улаанбадрах сумын нутаг дэвсгэр. Одоо ч тэнд маргаантай.
-Ямар маргаан бэ?
-Мал үхсэн нь оросуудын үлдээсэн хуучин хог шорооноос болсон гэсэн маргаан. “Кожеговь”-ийн голомтод 1970-аад оны үед ОХУ-ын хайгуулчдын ухсан нүх байдаг байлаа. Бороо, цасны ус тогтчихдог. Нүхний дэргэд 20 орчим метрийн зайтай хоёр шороо овоолгоостой. Тухайн үед оросууд тэр шороог ашиглаж байсан байх. Харин “Кожеговь” тэр нүхийг томсгоод хайгуулаа хийж эхэлсэн. Одоо болохоор тэд Оросын хог хаягдлаас болж мал үхсэн гээд байдаг юм.
-Өмнө нь малд ямар нэгэн гажиг илэрдэг байсан уу?
-Нутаг орчмоо би 1985 оноос хойш мэдэх юм. Өнгөрсөн хугацаанд мал ингэж үхэж үрэгдээд байсан юм огт байхгүй. Тогтчихсон цас, шавар, борооны уснаас нь тэмээ ууж л байсан. Тэгэхэд тэмээ үхээгүй байхад 20 гаруй жилийн дараа миний тугал уугаад үхчихнэ гэж ямар шинжлэх ухаан бэ. Тийм л маргаан байдаг юм .
-Тугал хордсоноос хойш ямар нэгэн арга хэмжээ авагдсан уу?
-Одоо ч ямар нэгэн хохирол тооцсон юмгүй. Хөл хүрэх бүх газраар явлаа. Сүүлд амьтны ад болж байна. Малын эмч нар, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, аймаг орон нутгийн удирдлагуудад бүх асуудлыг тавьсан. Тэд цаашаа хэлж ярьдаг л байх. Гэхдээ ямар нэгэн шийдэлд хүрсэн зүйл алга. Тэр хавар гэхэд манай нэг нэг малчны 70 гаруй мал зулбасан. Үнэн үү гэвэл гарцаагүй үнэн. Даанч хэн хариуцлага хүлээх юм, цаашид яах вэ гэсэн шийдэл байдаггүй юм. Компани болохоор үргэлжлүүлж ажиллана гээд байдаг. Ирэх хавар том үйлдвэр барина гэсэн сураг гараад байна лээ.
-Малд яг ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ. Одоо ч танай мал өвчлөлтэй байна гэсэн үг үү?
-Шинж тэмдэг гэж сүйдтэй зүйл байхгүй. Үхэр, хонио өнөөдөр услахад хоцорч үлдсэн мал алга байна. Маргааш нь малаа эргэхээр нэг тугал явж чадахгүй муудчихсан байдаг. Нөгөөдөр нь босоод ирэхэд хөөгөөд л үхчихнэ.
-Төл мал ч бас гажигтай төрсөн бил үү?
-Өнгөрсөн хавар гэхэд гурван хөлтэй унага гарлаа. Өрөөсөн хөл дээрээ нэг туурай нь шилбэтэйгээ ургачихсан. Нөгөө үс, ноосгүй хйхтар тугал манай хотонд гарсан. Эх нь сар гаруй болоод үхчихсэн. Өнгөрсөн жилийн долдугаар сарын сүүлчээр нэг малчтны эр үхэр алга болчихоод олдохгүй байна гээд байсан чинь өнгөрсөн арваннэгдүгээр сарын алдад бэлчээрт үхчихсэн байсныг оллоо гэж байна лээ.
-Компани малчидтай ямар харьцаатай байдаг вэ. Тэд хуулийн дагуу ажиллаж байна гэж мэдэгддэг?
-Яах вэ, харьцана. Тэд бүх л ажлаа хууль дүрмээрээ явуулж байна гэж ярина л даа. Бид ч шаардлагаа тавьдаг л юм. Яг нийцэж шийдэлд хүрч чаддаггүй. Малын эмнэлэг 2.3 тэрбум төгрөгийн тендер зарлаад бариулсан гэсэн. Тийм юм бол одоо мал үхэхээ болимоор юм. Бахь байдаг 60, 70 оны эмчилгээгээр явж байна шүү дээ тэр эмнэлгийнхэн нь.
-Засгийн газраас баг гарч дүгнэлт шинжилгээ хийсэн. Ураны хайгуул хийж буй компанийн үйл ажиллагаа нөлөөлөөгүй гэж дүгнэсэн юм билээ?
-Хаанахын ямар лабораториор шалгасан юм бүү мэд. Засгийн газрын хурал цуглаанд нь би сууж байсан. Бид лаборатори биш ураны хорыг мэдэхгүй. Гэтэл аль ч орны лабораториос илүү мал мэдэж үхээд байна шүү дээ. Тэгэхээр ураны хор зайлшгүй мөн байх. Цацраг нь биш юм аа гэхэд усанд элдэв янзын хүнд металууд, селень нь илэрчихсэн. Бид чинь хэдэн жил амьд байхаа бодно биз дээ. Төр засаг ч биднийг эрүүл, аюулгүй орчинд байлгах мөрийн хөтөлбөртэй. Гэтэл бидэнд амьд явах баталгаагүй болчихоод байна. Усанд нь хүнд метал илэрчихсэн. Мэргэжлийн хүмүүсээс асуухаар газрын элемент гэдэг юм. Бараг бүх мал уушгины өвчинтэй болж байгаа. Эмч, мэргэжилтнүүд ийм өвчин хаа сайгүй, ар өвөр хангайгүй, хөвсгөл тайгагүй байдаг гэх юм.
Мэргэжлийн хүмүүс шинжлээд цацраг нь зөвшөөрөгдөх хэмжээнээс доогуур гэж ярьдаг. Бид өвчин хуучнаар ярихдаа гар хөлийн шалбархай, нүдний наалинхайгаар халддаг гэдэг дээ. Хар ухаанаар бодоход цацрагийн хэмжээг эргэн тойрны радиуст нь хувааж үздэг бололтой. Мал радиуст хувааж үнэрлэж, ус өвсийг нь идэж уухгүй байлгүй дээ.
Өмнөх тогтолцооны үед мал үхэхэд иргэн төрдөө төлдөг байлаа. Төр одоо уул уурхайгаас өдий төдий ашиг олчихсон, баялгаа хүртээнэ гэсэн хэрнээ технологийн алдаа ч юм уу, гамшгийн гэж үзмээр ийм байдалд анхаарч чадахгүй болохоор төр гэж байгаад хэрэггүй болчихсон юм биш үү. Ойлгоход хэцүү юм. Энэ жиг өвчин чинь хүнээр бол ДОХ гэсэн. Юу гэсэн үг вэ. Хүнийхээ ДОХ-ыг нууцалдаг болохоор малынхыгаа ч бас нууцлах юм уу.
-Аймаг орон нутгийн удирдлагууд малчдаа эргэж тойрч байна уу?
-Малчдын талд байтугай эрүүл мэндийнхээ талд ч байж чадахгүй. Эмчилдэг бол гурван жил эмчлээд эдгэх хугацаа өнгөрсөн. Тэгэхэд одоо хэвээр л байна. Хэлсэн ярьсан зүйл үр дүнд хүрэхгүй, ойлгогдохоо байлаа. Улс орондоо ярих байтугай баг орон нутгийнхантайгаа ойлголцохгүй болсон.
-Өнгөрсөн жилийн хувьд ямар байв. Дахин мал хорогдов уу?
-Өнгөрсөн жил гэхэд арваннэг, арванхоёрдугаар сард таван хонь үхлээ. Өглөө босоход л үхчихсэн байдаг. Задлаад үзэхээр уушги нь хавагначихсан, хар толбо үүсдэг хэвээрээ. Түүнийг тоох эмч ч байхгүй болсон. Хоёр гурав хоночихсон бол шинжилгээ гарахгүй гэлцэнэ. Уг нь нас барсан хүнийг хэд бол хэд шинжлээд болоод л байдаг юм шиг байгаа юм. Мал яахаараа болдоггүй юм.
-Эмч нар ч гэсэн халшираа болов уу?
-Хэл ам хийгээд байхаар өсөрхдөг юм уу бүү мэд. 19 тугалаас хойш 2013 онд дөрвөөс таван үхэр үхлээ. Шинжлүүлэх гээд дуудлага өгөхөөр утсаа авдаггүй. “Аан нөгөөх чинь мал үхсэн” гэж хэлэх гэж байгаа биз гэж боддог биз. Ер нь бол цөхөрлийн байдалд л байна.
-Одоо танайх хаана амьдарч байна. Голомтоосоо холдсон биз дээ?
-Голомтоосоо 30 гаруй км-т зайлсан. Бүрэн зайлах боломжгүй. Бэлчээрээ дагаад л нутаглаж байна даа.
Эх сурвалж: www.polit.mn