Хельмут Вебер: Монголын аялал жуулчлалд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол нэгдсэн концепц

1 цаг 16 мин
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

Азийн аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаад удаагүй байна. Аялал жуулчлалын салбарын эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийн төлөөлөл нэг дор цуглан салбарын хөгжлийн чиг хандлага, тогтвортой аялал жуулчлалын асуудлыг хэлэлцсэн тус форумд нэгэн хүндэт эрхэм алс холын ХБНГУ-аас уригдан ирсэн нь манай өнөөдрийн зочин профессор Хельмут Вебер байсан юм. Их сургуулийн хөгжил болон тогтвортой аялал жуулчлалын менежментийн чиглэлээр олон улсад зөвлөхөөр ажилладаг тэрбээр 1997-2000 онд Германы Засгийн газрын төслөөр Монгол Улсад ажиллаж, манай улсын аялал жуулчлалын менежментийн тогтолцоог хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм. Түүнтэй Монголын аялал жуулчлалын хөгжлийн өнгөрсөн ба өнөөдөр, тогтвортой хөгжлийн бодлого, цаашдын боломжийн талаар ярилцлаа.

 

-Та анх Монголтой хэрхэн холбогдож байснаас тань яриагаа эхэлье. 1995-1996 оны үе гэхээр дөнгөж л хил нээгдээд удаагүй байсан үе байх нь ээ?

-Монголд 1997 оны сүүлээр анх Улаанбаатарт ирж, гурван жил ажиллаж, амьдарсан.

Тухайн үед Аялал жуулчлалын менежментээр мэргэшсэн “Газарчин” дээд сургууль дөнгөж байгуулагдаж байсан бөгөөд би Германы Засгийн газрын дэмжлэгтэйгээр олон улсын зөвлөхөөр ажиллах урилга авсан юм. Анх Монголд өвөл ирж байснаа маш тод санадаг. Яагаад гэвэл маш хүйтэн санагдаж байлаа. Бас Москвагаар дамжин ирэх үед өвлийн хувцас маань хулгайд алдагдсан учраас эхний өдрүүд нэлээд хүнд өнгөрсөн учир би тэр үеийг маш сайн санаж байна. Гэхдээ Монголд ажилласан тэр гурван жил миний амьдралын хамгийн үнэ цэнтэй он жилүүдийн нэг болсон. Учир нь энэ бол асар том сорилт байсан.

-Тэр үеийн Монголыг эргэж дурсвал…?

-Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбар дөнгөж хөгжиж эхэлж байлаа. Зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй байсан учраас аялал жуулчлалыг ямар чиглэлээр хөгжүүлэх вэ гэдэг нь ч тодорхой болоогүй байсан. Оросын зах зээлээ дагах уу, Хятадын зах зээлээ хөгжүүлэх үү, эсвэл Европ руу чиглэх үү гэсэн олон асуудал хэлэлцэж байсан үе.

Ийм шинэ салбарын суурийг тавих ажилд оролцсон нь миний хувьд маш том боломж байсан.

-Тэр үед таны гол зорилго юу байсан бэ?

-Хамгийн том асуудал бол хүний нөөц байлаа. Өнөөдрийнх шиг англи хэлийг олноороо мэддэг байсангүй. Оюутнуудын дийлэнх нь англи хэлний мэдлэг тааруу, дээр нь багш нарт зориулсан ном сурах бичиг ч хомс байсан. Уг нь би менежментийн зөвлөхөөр ирсэн боловч явцын дунд сургалтын түвшин сайжруулах шаардлагатайг ойлгоод өөрөө багшлах хэрэгтэй болсон. Гэхдээ миний зорилго зөвхөн оюутанд мэдлэг өгөх биш байсан. Би Монгол багш нартай хамтран хичээл зааж, тэднийг сургахыг илүүд үзсэн. Өөрөөр хэлбэл бид зөвхөн оюутан биш, багш нарыг бэлтгэхийг зорьсон.

-Тэр үеийн оюутнууд танд ямар дурсамж үлдээсэн бэ?

-Монголд ирээд надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол оюутнуудын хичээл зүтгэл байсан. Тэр үед зарим оюутан сургалтын төлбөрөө хониор төлдөг байсныг би сайн санаж байна. Хөдөөний малчид хүүхдээ сургана гээд төлөрийг нь төлөх гээд хонио хөтлөөд ирэхийг ч харж байсан. Аав ээж нарын хүүдүүдээ сургах гэсэн тэр их хичээл зүтгэлийг хараад багш хүний хувьд бидэнд маш том хариуцлага ногддог гэж боддог.

Эцэг эхийнх нь тэр их зүтгэлийн хариуд бид чанартай боловсрол өгөх ёстой шүү дээ. Тиймээс би өөрөө аль болох олон цагаар хичээл зааж, Монголын багш нарыг сургахыг хичээсэн. Эхний хэдэн сар амар байгаагүй ээ. Германы сургалтын арга барил, миний хичээл заах хэв маяг Монголын системээс их өөр байсан л даа. Гэхдээ аажмаар бид бие биеэ ойлгож эхэлсэн. Удалгүй маш сайн баг бүрдсэн. Хамт олон маань их урам зоригтой ажилласан. Германы Элчин сайдын яам, Германы хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (GTZ) зэрэг байгууллагуудаас ч томоохон дэмжлэг үзүүлсэн.

Жишээлбэл, зөвхөн ном, сурах бичиг авахад 25 мянган еврогийн санхүүжилт олгосон.

Ингэснээр тухайн үедээ Төв Азийн хэмжээнд хамгийн сайн аялал жуулчлалын номын сантай болсон гэж би боддог.

-Монголын аялал жуулчлалын боловсролыг хөгжүүлэхэд өөр ямар ажлууд хийсэн бэ?

-Бид зөвхөн танхимын сургалтаар хязгаарлагдаагүй.

Монголын аялал жуулчлалын боловсролыг олон улсын түвшинд хүргэхийн тулд Европын холбооны TEMPUS боловсролын хөтөлбөрт хамрагдсан. Ингэснээр Бельгийн Чөлөөт их сургууль болон Испанийн аялал жуулчлалын сургалтын байгууллагуудтай хамтын ажиллагаа эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд манай “Газарчин” сургуулийн таван багш Бельги, Испанид нэг сарын хугацаанд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Тэдний ихэнх нь тухайн үед Баруун Европт анх удаа очиж байсан. Энэ нь зөвхөн сургалт биш, дэлхийтэй танилцах боломж болсон. Испанид очиход тэд аялал жуулчлал ямар өргөн цар хүрээтэй салбар болохыг өөрсдийн нүдээр харсан. Далайн эргийн амралт, олон улсын жуулчид, үйлчилгээний соёл, аялал жуулчлалын олон төрөл гээд нүдээ нээсэн энэ сургалт тэдний сэтгэлгээнд том өөрчлөлт авчирсан гэж би боддог. Хамгийн чухал нь тэд улс орон бүр өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй, өөрийн гэсэн зах зээлтэй байдаг гэдгийг маш сайн ойлгож ирсэн. Энэ ойлголт тухайн үеийн Монголын аялал жуулчлалын хөгжлийн хувьд маш чухал байлаа.

-Монголд ажиллаж байхдаа манай орны юуг хамгийн онцгой гэж мэдэрсэн бэ?

-Би онгоцноос буугаад л Монгол өөр гэдгийг мэдэрсэн. Гэхдээ би Монголыг ирээд шууд ойлгосон гэсэн үг биш. Миний хувьд эхлээд Монголыг судлах, танилцах шаардлагатай байсан. Мэдээж миний хувьд аялал жуулчлалын менежментийг мэддэг, их сургуулийн удирдлагын талаар туршлагатай байсан ч гэлээ Монголын түүх, соёл, хүмүүсийн сэтгэлгээ, ажиллах арга барилыг мэдэхгүй байлаа. Тиймээс эхлээд Монголоос суралцах хэрэгтэй гэж өөртөө хэлсэн.

-Монголын бусад орноос ялгарах ялгаа, онцлог ер нь юу байв?

-Тухайн үед Монголд байгууллагын удирдлага ихэвчлэн дээрээс доош чиглэсэн байсныг санаж байна. Харин Барууны орнуудад хүмүүсийг хамтдаа хэлэлцэж, хамтын шийдвэр гаргахыг илүүд үздэг. Тиймээс би монголчуудын энэ хандлагыг өөрчлөхийг хүссэн.

Бид нэг хүний шийдвэрээр ажилладаг байгууллага биш, харин баг болж ажилладаг хамт олон байгуулахыг зорьсон. Манай багийн хүн бүр өөрийн санал бодлоо чөлөөтэй хэлдэг, шийдвэр гаргахад оролцдог байсан. Ингэж чадвал хүмүүс өөрсдөө хөгжиж, өөрсдөө суралцаж эхэлдэг. Миний бодлоор энэ бол Монголд ажилласан хугацаанд бий болгож чадсан хамгийн том амжилт байсан.

-Та Азийн олон оронд ажилласан. Монголыг бусад улстай харьцуулахад юугаараа хамгийн их ялгардаг вэ?

-Би Индонезид долоон жил ажилласан. Мөн Вьетнам, Малайз, Мьянмар зэрэг оронд аялал жуулчлалын чиглэлээр зөвлөхөөр ажиллаж байсан.

Эдгээр улс халуун орны уур амьсгалтай. Жилийн турш жуулчин хүлээн авах боломжтой.

Харин Монгол өөр. Аялал жуулчлалын улирал ч маш богино, үндсэндээ гурав, дөрвөн сарын хугацаанд л идэвхтэй ажилладаг. Энэ нь Монголын аялал жуулчлалын хамгийн том сорилт гэж би хардаг.

-Богино улирал аялал жуулчлалын хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Аялал жуулчлалын бизнес улирлын хэдхэн сард орлого олдог.Гэхдээ ажилчид нь бүтэн жил амьдрах ёстой. Тиймээс хамгийн том асуудал нь өндөр улиралд олсон орлогоороо үлдсэн саруудаа давах явдал байдаг.

Энэ нь үйлчилгээний үнэ өсөх гол шалтгаануудын нэг. Мөн Монгол олон бараагаа импортолдог. Зочид буудал, ресторан, аялал жуулчлалын үйлчилгээний хэрэгцээний олон бүтээгдэхүүн гадаадаас орж ирдэг учраас өртөг нэмэгддэг. Монголд аялал жуулчлал эрхлэх нь өөрөө амаргүй сорилт.

-Сүүлийн жилүүдэд Монгол Улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар их ярьж байна. Энэ боломжтой гэж та үздэг үү?

-Миний бодлоор боломж бий. Гэхдээ маш хязгаарлагдмал хүрээнд.

Өвлийн улиралд ан хийх сонирхолтой жуулчид, эсвэл онцгой адал явдал эрэлхийлдэг хүмүүс ирж болно. Гэхдээ Монголыг өвлийн томоохон аялал жуулчлалын бүс болгоно гэж бодохгүй байна. Тэнд цанын томоохон баазууд байхгүй. Өвлийн -30, -40 хэмийн хүйтэнд олон хоног алхах аялал ч ихэнх жуулчдад тохирохгүй. Тиймээс энэ төрлийн аялал жуулчлал маш бага зах зээлд л сонирхолтой байх боломжтой.

Монголын хамгийн том давуу тал бол өвөл биш, харин зуны улиралд байгаль, нүүдлийн соёл, уудам орон зайгаа санал болгож чаддагт оршдог. Монголын аялал жуулчлалд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол нэгдсэн концепц юм. Үүнд хэд хэдэн бодит шалтгаан бий. Нэгдүгээрт, аялал жуулчлалын улирал богино. Хоёрдугаарт, үйлчилгээний салбарт шаардлагатай олон бүтээгдэхүүнийг Монгол Улс импортоор авдаг. Гуравдугаарт, аялал жуулчлалтай холбоотой бусад салбарууд хангалттай хөгжөөгүй байна.

Жишээлбэл, аялал жуулчлал хүчтэй хөгжихийн тулд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, барилгын материал, тавилга зэрэг олон салбар зэрэг хөгжсөн байх шаардлагатай. Тэгвэл аялал жуулчлалын бизнес дотоодын ханган нийлүүлэлтээс хэрэгцээгээ хангаж чадна.

Монголд энэ тогтолцоо бүрэн бүрдээгүй байгаа учраас өртөг өндөр байдаг. Иймээс өнөөгийн нөхцөлд Монголын аялал жуулчлалыг бусад улстай шууд харьцуулах нь учир дутагдалтай.

-Та 1997 онд Монголд ирж байсан. Бараг 20 жилийн дараа дахин ирээд ямар өөрчлөлт анзаарав?

-Өөрчлөлт маш их хийжээ. Нисэх буудлаас хот руу орох зам, шинэ барилга байгууламжууд, орон сууцны хорооллууд барьсан байна.

Энэ бол хөгжлийн илэрхийлэл. Гэхдээ хөгжлийг зөвхөн тоогоор хэмжиж болохгүй. Чанарыг ч мөн үнэлэх хэрэгтэй. Жуулчны үйлчилгээ, зочид буудал, ресторан, аяллын үйлчилгээний чанар хангалттай сайжирсан уу гэдэг нь өөр асуудал. Миний бодлоор энэ тал дээр хийх ажил их бий.

-Тэгвэл Тэрэлжид очсон сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Үнэнийг хэлэхэд би цочирдсон. Анх 25 гаруй жилийн өмнө Тэрэлжид очиход байгаль үнэхээр гайхамшигтай байсан. Нам гүм орчин, хад чулуу, гол мөрөн, морин аялал бүгд байгалийнхаа унаган төрхөөрөө хадгалагдсан байлаа. Харин сүүлд ирэхэд маш олон том барилга баригдсан байсан. Мэдээж хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэхдээ байгалийг хамгаалахгүйгээр хийгдсэн хөрөнгө оруулалт аялал жуулчлалын үнэ цэнийг бууруулдаг. Байгаль гэдэг зөвхөн мод, уул, гол биш  тэнд очсон хүнд төрөх мэдрэмж юм.

Та уулыг харж, голын чимээг сонсож, адуу бэлчиж байхыг хараад байгалийг мэдэрч байтал эргээд харахад том бетон барилга угтвал тэр мэдрэмж алдагддаг. Энэ бол тогтвортой аялал жуулчлалын зарчим биш. Монголд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэхдээ ямар ч барилга барих бус, урт хугацааны аялал жуулчлалын хөгжлийн төлөвлөгөөнд нийцсэн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Монголын уламжлалт гэр бол өөрөө аялал жуулчлалын үнэт бүтээгдэхүүн.

Тэгэхээр яагаад хаа сайгүй ижил загварын том зочид буудал барих ёстой гэж?

-Тэгвэл шийдвэр гаргагчдад та хамгийн түрүүнд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Юуны өмнө аялал жуулчлалын боловсролд илүү их хөрөнгө оруулах хэрэгтэй.

Би анх Монголд ирснээс хойш бараг 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд өөрчлөлт гарсан. Гэхдээ хангалттай хэмжээнд биш. Хэрэв Вьетнам, Тайланд зэрэг оронтой харьцуулбал тэд илүү богино хугацаанд үйлчилгээний чанараа эрс сайжруулж чадсан. Монгол ч бас чадна. Гэхдээ үүний тулд боловсрол, хүний нөөцөө хөгжүүлэх нь хамгийн чухал.

-Монголын аялал жуулчлалын салбар хамгийн түрүүнд юунд анхаарах ёстой гэж та үзэж байна вэ?

-Миний бодлоор хамгийн түрүүнд тогтвортой хөгжлийн тодорхой концепц хэрэгтэй. Би саяхан эхнэрийнхээ хамт Коста Рика улсаар аялсан. Тэр улс тогтвортой аялал жуулчлалын хамгийн амжилттай жишээний нэг болсон. Бид амрахаар очсон ч мэргэжлийн хүний хувьд хэрхэн хөгжүүлснийг нь судалсан.

Коста Рика аялал жуулчлалын талаар маш тодорхой бодлоготой. Тэд ямар бүсийг хамгаалах, ямар бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх, хаана барилга байгууламж барих, хаана огт барихгүй байхыг урьдчилан төлөвлөдөг.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийнх нь дийлэнх хэсэг жуулчдад хаалттай байдаг. Зөвхөн тодорхой бүсэд л жуулчин нэвтрэх боломжтой. Ингэснээр байгалиа хамгаалахын зэрэгцээ урт хугацаанд аялал жуулчлалаа тогтвортой хөгжүүлж чадсан. Монгол ч мөн ийм урт хугацааны бодлого хэрэгтэй.

-Тэгвэл Монголын аялал жуулчлалын хамгийн том сул тал юунд байна вэ?

-Миний бодлоор хамгийн том асуудал нь нэгдсэн концепцгүй байгаа явдал.Монголыг сурталчлахдаа ихэвчлэн Чингис хаан, нүүдэлчин соёл, хээр тал гэсэн хэдхэн ойлголтыг давтдаг. Энэ бол хангалтгүй. Жуулчин Монголд ирээд зөвхөн нэг дурсгал үзэхийг хүсдэггүй. Тэд Монголын түүхийг ойлгохыг хүсдэг.

Яагаад нүүдэлчин соёл өнөөдөр хүртэл хадгалагдсан юм бэ?

Монгол адуу яагаад ийм чухал вэ?

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бусад орны паркаас юугаараа ялгаатай вэ?

Энэ бүхнийг хооронд нь холбосон нэгэн цогц түүх жуулчинд хүрэх ёстой.

Өнөөдөр энэ холбоос дутагдаж байна. Миний харж байгаагаар бүх зүйл тус тусдаа хөгжөөд байна. Нэг газар нь нүүдэлчин ахуйгаа ярьдаг,өөр газар нь байгалиа танилцуулдаг. Өө нэг хэсэг нь Чингис хааны тухай ярьдаг. Хамгийн гол нь энэ бүгдийг нэг утга санаанд зангидаж, Монгол гэж ямар улс вэ гэдгийг ойлгуулах цогц өгүүлэмж алга. Маркетингийн хувьд ч энэ маш чухал. Монгол өөрийн гэсэн онцлогтой улс.

Гэхдээ тэр онцлогоо хүмүүсийн сэтгэлд хүрэхүйц нэгэн бүхэл түүх болгон ярьж сурах хэрэгтэй.

-Гадаадын жуулчдад Монголыг хэрхэн сурталчлах ёстой гэж та боддог вэ?

-Юуны өмнө жуулчдад бодит мэдээлэл өгөх хэрэгтэй. Монгол бол Европ биш. Монголд аялал жуулчлалын улиралхарьцангуй богино. Замын нөхцөл хаа сайгүй адилгүй. Үнэ бусад орноос өндөр байж магадгүй. Эдгээрийг нуух биш, тайлбарлах хэрэгтэй. Жуулчин өндөр үнэ төлөөд юу авч байгаагаа ойлгож байвал асуудал биш. Аялал жуулчлалд хамгийн чухал ойлголт бол "үнэд тохирсон үнэ цэнэ" юм. Үнэ өндөр байж болно. Гэхдээ тэр үнэдээ тохирсон туршлага, үйлчилгээ, дурсамжийг өгч чадвал жуулчин сэтгэл хангалуун үлддэг. Харин өндөр төлбөр төлөөд үйлчилгээ нь тааруу байвал дараагийн удаа эргэж ирэхгүй.

-Тэгвэл Монголын хамгийн том боломж юу вэ?

-Монголын боломж маш их. Өөр хаана ч байхгүй уудам тал нутаг, нүүдэлчин соёл, морин соёл, онгон байгаль бий. Энэ бол маш том давуу тал. Гэхдээ энэ бүхнийг хамгаалж, зөв удирдах хэрэгтэй.

Байгаль бол шавхагддаггүй баялаг биш. Хэрэв өнөөдөр зөв хөгжүүлж чадвал дараагийн үе ч энэ үнэ цэнийг хүртэнэ. Харин богино хугацааны ашиг харж хөгжүүлбэл Монгол хамгийн үнэ цэнтэй зүйлээ алдах эрсдэлтэй.

-Ярилцлагаа өндөрлөхөд Монголын аялал жуулчлалын талаар нэг өгүүлбэрээр хэлбэл?

-Монгол бол дэлхийд цөөхөн үлдсэн жинхэнэ өвөрмөц аяллын чиглэлүүдийн нэг. Гэхдээ тэр онцлогоо хамгаалж, чанартай үйлчилгээ, боловсрол, урт хугацааны бодлоготой хослуулж чадвал Монголын аялал жуулчлалын ирээдүй маш гэрэлтэй байна гэж би итгэдэг.

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 124 (7866)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Хельмут Вебер: Монголын аялал жуулчлалд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол нэгдсэн концепц

Азийн аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаад

1 цаг 16 мин
Засгийн газар "Рио Тинто" групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Одоогоос 17 жилийн өмнө буюу 2009 онд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байдаг. Улмаар “

1 цаг 16 мин
Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага

Монгол Улсын Засгийн Газар “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлж, төрий

16 цаг 16 мин
Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

УИХ-ын 2026 оны хаврын чуулган энэ долоо хоногт хаалтаа хийнэ. Тэр хүртэл хэдэн том хууль, асуудлыг шийдвэрлэнэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Энхбаяр: Ард түмний нэр барьсан хүмүүстэй хатуу тэмцэх хэрэгтэй

Ж.Энхбаяр: Ард түмний нэр барьсан хүмүүстэй хатуу тэмцэх хэрэгтэй

Уржигдар 16 цаг 17 мин
 Газар олголтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцжээ

 Газар олголтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцжээ

Уржигдар 16 цаг 11 мин
М.Энх-Од: Малын ээмгийг дахин боловсруулах боломжийг бүрдүүлсэн

Монгол Улсын мал сүргийг ээмэгжүүлж, олон улсын стандартад нийцсэн бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэ

Уржигдар 12 цаг 01 мин
140 жилийн хамгийн хүчтэй Эль Нино

2026 оны зургаадугаар сарын 11-нд Далай, агаар мандлын үндэсний удирдлагын газрын (NOAA) Америкийн

Уржигдар 06 цаг 00 мин