Т.БАТСАЙХАН
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэрэгжилтийг дүгнэх Ерөнхий хяналтын сонсгол явууллаа. Энэ хуулийг 2024 оны зургаадугаар сард буюу хоёр жилийн өмнө баталжээ. Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар аливаа хуулийг баталснаас хойш таван жилийн дараа хэрэгжилтийг нь үнэлдэг. Энэ хуулийг яагаад хоёр жилийн дараа үнэлж, эргэж харж байгааг УИХ-ын гишүүн Б.Уянга асуув.
“11 журмыг батлах ёстой ч батлаагүй”

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Хуулийг дагаж 11 журмыг батлах ёстой ч батлаагүй, хуулийн хэрэгжилт сул байна. Мал аж ахуйн салбарын бүтээмжийг ярих шаардлагатай. Энэ хуульд анх удаа малчны бүтээмжийг оруулсан ч бүтээмжийг хэрхэн хэмжих вэ гэдгийг Засгийн газар тодорхой болгох ёстой юм. Ингэснээр малчны хөдөлмөрийг хэрхэн үнэлэх нь тодорхой болно. Хүн амын бодлого алдагдсан тул залуу малчид цөөрсөн.
УИХ-ын гишүүн М.Мандухай:
-Залуу малчдын залгамж халааг бэлдэх нь сумын засаг дарга нарын үүрэг. Энэ чиглэлд юу хийсэн бэ. Би сая Сүхбаатар аймгийн есөн сумаар явахад малчид ноосны урамшуулал аваагүй байна. Энэ талаар мэдээлэл авъя.
Орон нутгийн төлөөлөл:
-Сумын засаг дарга нарт төсөв байдаггүй. Ямар сургалт яаж хийхээ мэдэхгүй байна гэж хэлсэн. Би энэ сонсголд ирэхээсээ өмнө хамтран ажилладаг хэд хэдэн сумын Засаг даргаас тодруулсан. Ноосны урамшууллыг сүүлийн гурван жилд аваагүй. "Цагаан алт" хөтөлбөрийн талаар сайн мэдэхгүй байна.
ХХААХҮЯ-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун:
-Манай яамны татаасын буюу хөтөлбөрийн санхүүжилтийн найман хувийг мал аж ахуйн салбарт зарцуулсан. Нийт татаасын 60-аас дээш хувийг хүнсний үйлдвэрүүдэд олгосон.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Нийт малчдын 40 хувь нь 400 тэрбум төгрөгийг зээлтэй гэсэн судалгааг 2024 онд гаргасан. Малчид зээл авахад их хүнд. Иймд Малчны хөгжлийн сан байгуулж, амьжиргааг нь дэмжих шаардлагатай. Нийт малчдын 6-7 хувь нь мянгат малчид байна. Арилжааны банкууд жилийн 20-20 хувийн хүүтэй зээл өгдөг. Учир нь тэд мал аж ахуйг эрсдэлтэй гэж үздэг.
“Малчин хүсвэл хүүхдээ гэрээр сургах төслийг дэмжиж байгаа”

Мөн сум бүрд малчны хөгжлийн сан байгуулахаар хуульд тусгажээ. Энэ сангийн эх үүсвэр нь уул уурхайн баялгаас бүрдэнэ гэж заасан ч одоо л энэ сангийн журмыг ХХААХҮЯ боловсруулж байгаа. Малчны хүүхдийн боловсролын талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулав. Тэрээр "Гэрийн сургалтын журмыг боловсруулж байна. Малчин хүсвэл хүүхдээ гэрээр сургаж болно. УИХ-ын гишүүн Р.Сэддорж гишүүний өргөн барьсан хуулийн төслийг бид дэмжиж санал өгсөн.
Жишээ нь таван настай хүүхэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт заавал хамрагдсан байх ёстой. Ингэснээр сургуульд сурах бэлтгэлээ хангадаг. Малчны хүүхдүүд бүгд цэцэрлэгт хамрагдахгүй байна. МСҮТ, политехникийн коллежуудад малчин хөтөлбөр нэвтрүүлж, энэ хавар 70 малчин төгслөө. Нийт 200 орчим малчин суралцаж байна. Мөн насан туршийн боловсролын төвүүдэд түшиглэн сургалт явуулна. МСҮТ багшаа бэлдэж, бэлтгэлээ бүрэн хангасан бол яамнаас зөвшөөрлөө аваад малчны сургалт эхлүүлэх бүрэн боломжтой. Өнгөрсөн жил зүүн аймгуудад сургалт явуулсан. Энэ жил баруун аймгуудад үргэлжлүүлнэ. Гэрийн сургалт нь зөвхөн хүүхэд рүү чиглээгүй. Бүх хүнийг хамруулна. Хэдийгээр энэ хуульд хязгаарласан боловч малчдын хүүхэд зээл авч, их дээд сургуульд сурч болно.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгaлан:
- Малчдыг ипотекийн зээлд яагаад хамруулахгүй байна вэ. Энэ заалт өнөөг хүртэл хэрэгжсэнгүй?
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга В.Рэнцэнханд:
-38 мянган малчин нэг удаад нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлбэл олон тэрбум төгрөг шаардлагатай. Гэвч улсын төсөвт энэ эх үүсвэрийг тусгаагүй тул бид Засгийн газрын гишүүдээс санал авахаар албан бичиг илгээсэн. Малчид тэтгэвэрт гарахдаа давуу эрх эдэлдэг гэлээ.
Харин малчдын зүгээс "Уул уурхай Монголыг тэжээсэн гэж ярьдаг ч биднийг үнэлэхгүй байна. Уул уурхай нэгдүгээрт ус, бэлчээр, газрыг байхгүй болгосон, би яаж оршин тогтнох вэ. Говийн бүсийн малчид тогтвортой хөгжих нөхцөл алга. Өнөөдөр малчдын жендерийн асуудал алдагдсан. Хөдөө амьдрах орчин бүрдэхгүй байгаа учраас гэр бүл төлөвлөлтийн асуудал үүсэж байна. Малчдыг бичил бизнес, хоршоо эрхэл гэдэг. Хоршоо хөдөлгөөн чинь амьдрал дээр бодитоор хэрэгжихгүй байгаа. Малчид жижиг дунд бизнес эрхлээд байдаг ч борлуулалтаар нь дэмждэггүй.Сум орон нутаг дээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэсэн гурван байгууллага бий. Малчид тэнд очоод бүтээгдэхүүнээ өгье гэхээр заавал тендерт орох босго тавьчихсан. Гэтэл энэ босгыг бид давдаггүй. Босго давахгүй болохоор тухайн орон нутгийн төрийн албан хаагчийн хамаарал бүхий компани ирээд өрхийн хэмжээнд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсийн бүтээгдэхүүнийг аваад өгчихдөг.Залуу малчдыг хөдөө байлгах гэж байгаа хийж буй бүтээгдэхүүнээр нь дэмжье" гэх асуудлыг ярилаа.
“Тагнуулын байгууллага шалгаад өвчнийг зориуд тараасан гэж үзээгүй”
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Малчдын өмнө тулгамдсан олон асуудлаа яримаар байна. Малын гаралтай түүхий эд үнэгүй, залуу малчдын гэр бүлийн асуудал, бэлчээрийн тархалтын асуудал бий. Ний малчдыг төлөөлж яриад гишүүдэд ойлгуул гэхээр ойр зуурын юм ярьсаар байгаад таарлаа. Малчны тухай хууль хэрэгжээд хоёр жил болчихсоныг хэрэгжүүлэхгүй байна гээд Г.Тэмүүлэн гишүүн араас нь нэхэл дагуул болоод явж байгаа. Малчны тухай хуулийн 7.3.Газрын тухай хуулийн 52.7-д зааснаас өөр чиглэлээр давхцуулан газар ашиглах, эзэмшүүлэх, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хориглоно гээд та нарын өвөлжөө, хаваржаа дээр лиценз олгож болохгүй гэж энд оруулсан. Энэ нь хэрэгжихгүй байна иймээс хэрэгжүүл гээд төрийнхнийг дуудаж ирээд та нарыг зовлон жаргалаа ярь гэж хэлээд энд цугласан. Өнгөрсөн жил мах үнэтэй байгаад хонь 500 мянган төгрөг хүрээд нуруу тэнийж байсан чинь Хөдөө аж ахуйн яам зохион байгуулалттай шүлхий гаргаад мал үнэгүй болж эхэлж байна. Шүлхийг зохион байгуулалттай тараасан гэж үзэхээр байгаа" гэв.
Харин Мал эмнэлгийн ерөнхий газрын төлөөлөл "Тагнуулын байгууллага шалгаад энэ өвчнийг зориуд тараасан гэж үзээгүй. БНТУ, Казахстан гэх мэт улсуудад мөн шүлхийг оношилсон" гэж хариулав.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 119 (7861)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn