Б.Даваадалай: Уурхайн менежментээс баялгийн удирдлагад шилжиж байна

1 цаг 12 мин
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаа “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалайг урьж,  ярилцлаа.

 

-Засгийн газрын тогтоол батлагдаж, “Эрдэнэс Монгол” нэгдэл “Чингис хаан Үндэсний баялгийн сан” нэртэйгээр үйл ажиллагаа явуулахаар боллоо. Ер нь баялгийн удирдлага дараагийн түвшинд шилжиж байна гэж ойлгож байгаа. Ийм өөрчлөлт хийх цаг үе, хэрэгцээ шаардлага гарсан  гэж ойлгож байна уу. Өөрчлөлтийн гол агуулга, зорилго нь юу вэ.  Энэ талаар яриагаа эхэлье?

-“Эрдэнэс Монгол” нэгдэл 2007 онд байгуулагдсан. Ирэх жил 20 жилийн ойтойгоо золгож байна. Тус нэгдлийг байгуулахаас өмнө төрийн өмчит компаниуд Төрийн өмчийн хороо болон яамдын харьяанд тус тусдаа байсан.

Ер нь олон улсын туршлагаас харахад төрийн өмчит компаниуд тархай бутархай, тус тусдаа үйл ажиллагаа явуулах нь үр ашиг багатай байдаг. Нэгдсэн бүтэцтэй байснаар Засгийн газраас төвлөрсөн хяналт тавих, бодлого хэрэгжүүлэх боломж нэмэгддэг. Энэ утгаараа уул уурхайн нэгдэл компанийн хэлбэрээр “Эрдэнэс Монгол” нэгдэл байгуулагдаж, менежмент, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй ажиллаж ирсэн. Мөн хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдсэн гэсэн үг.  Томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд компаниуд нэгдсэн байдлаар оролцвол хөрөнгийн хэмжээ, санхүүгийн чадавх нь өндөр харагддаг. Нэгтгэсэн тайлан баланс нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс баялагтай улс орон ийм зарчмаар ажилладаг.  Монгол Улс ч мөн адил энэ туршлагыг хэрэгжүүлсэн гэсэн үг. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд  тодорхой хэмжээний туршлага, сургамж хуримтлагдсан. Одоогоор нэгдлийн харьяанд 30 гаруй компани бий. Эдгээрийн гол үүрэг нь хуульд заасны дагуу орлого төвлөрүүлэх, ялангуяа стратегийн ордуудаас олсон ашгаас иргэдэд ногдол ашиг хүртээхэд чиглэдэг. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд “Эрдэнэс Монгол” нэгдэл үндсэндээ ийм үүрэгтэйгээр ажиллаж ирсэн. Харин одоо улс орнуудын ижил төстэй туршлагыг судалж үзсэн ч  уул уурхайн хөгжил дараагийн шатанд гарлаа.  Энэ нь зөвхөн уурхайн менежмент дээрээ төвлөрөх биш хөрөнгөө удирддаг, өгөөжөө эргэлтэд оруулах чиглэлд шилжиж байна. Энэ нь компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохоос илүүтэйгээр хөрөнгө оруулалтын төслүүдээ хөгжүүлэх, хөрөнгө оруулагчидтай ажиллах, дотоод болон гадаадын хөрөнгө оруулалт татахад чиглэдэг үйл ажиллагаа. Тодорхой компаниудыг хөрөнгийн зах зээлд гаргах, IPO хийх замаар нэмэлт хөрөнгө босгох, шинэ төслүүдийг санхүүжүүлэх боломжийг илүү бүрдүүлдэг гэсэн үг. Үүний зэрэгцээ үндэсний баялгийн сангийн хөрөнгийг үр ашигтай удирдах, үнэ цэнийг нь өсгөх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Тиймээс Засгийн газрын зүгээс  “Эрдэнэс Монгол” нэгдлийн үйл ажиллагаанд өөрчлөлт хийж, “Чингис хаан Үндэсний баялгийн сан” нэртэй болгож, хөрөнгө удирдах, баялгийн сангийн өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах тогтоолыг баталсан.

- Ер нь олон улсын туршлага ч энэ чиглэлд шилжиж, баялгаа удирдаж байгаа юм байна. Өмнөх  зохион байгуулалтын хувьд ямар сул тал ажиглагдсан бэ?

-Манай байгууллагын орлого үндсэн гурван эх үүсвэртэй. Ногдол ашгийн орлого. Хоёр дахь нь менежментийн үйлчилгээний орлого. Компанийн дүрэмд зааснаар нэгдлийн харьяанд байгаа компаниудад менежментийн үйлчилгээ үзүүлсний төлбөр авдаг. Компаниудын төсөв, төлөвлөгөөг хэлэлцэж батлах, удирдамж өгөх, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх, хоорондын уялдаа холбоог хангах зэрэг ажлыг хийдэг. Энэ бүхэн нь менежментийн үйлчилгээний нэг хэлбэр юм. Гурав дахь чиглэл нь хууль эрх зүй, шүүхийн маргаантай холбоотой дэмжлэг байдаг. Томоохон шүүхийн хэрэг, маргаан дээр компаниудад хууль эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэг. Ийм үйлчилгээ үзүүлснийхээ төлөө компаниудын борлуулалтын орлогоос 1-2 хоёр хүртэлх хувийн шимтгэл авдаг. Ингэж төвлөрсөн хөрөнгө мөнгийг буцаад шинэ төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулж, ирээдүйн үнэ цэн бүтээхэд ашигладаг гэсэн үг.  Манай харьяанд олон компани байдаг мэт харагддаг.  Гэхдээ ихэнх нь ирээдүйд ашиг өгөх томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан байдаг. Жишээлбэл, гаднын хөрөнгө оруулагчтай хамтран уул уурхай, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх бол хоёр тал заавал хамтарсан компани байгуулдаг. Ийм төслийн шинжтэй компаниуд 20 гаруй бий. Тэд бүгд ашигтай ажиллаж байна гэсэн үг биш. Харин тогтмол орлого олдог компаниудын тоо харьцангуй цөөн. Үндсэндээ “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг компаниуд орлого бүрдүүлдэг. “Монголросцветмет”-ийн орлого тодорхой хэмжээнд буурч байгаа нь нөөцийн асуудал болон олон жил үйл ажиллагаа явуулсантай холбоотой. Мөн “Багануур”, “Шивээ-Овоо” компаниуд бий. Эдгээр нь ашигтай ажилладаггүй. Учир нь нүүрсний үнийг төрөөс зохицуулдаг. Энэ хоёр компани нийлээд Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудын хэрэглэдэг нүүрсний 50 орчим  хувийг хангадаг, стратегийн ач холбогдолтой байгууллагууд юм. “Эрдэнэс Алт”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” зэрэг нь ашигтай ажиллаж байгаа ч эдгээрийн орлогын хэмжээ харьцангуй бага. Харин Газрын тос боловсруулах үйлдвэр, Хийн хоолойн төсөл зэрэг нь ирээдүйд үр өгөөжөө өгөх томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилготой байгуулагдсан. Тиймээс компанийн үйл ажиллагаа, ажилчдын цалин хөлсийг манай нэгдэл хариуцаж ирсэн. Манай нэгдэл харьяа компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд шууд оролцдоггүй. Харин төсөв, төлөвлөгөөг батлах, бодлогын чиглэл өгөх, компаниудын хоорондын уялдаа холбоог хангах зэрэг менежментийн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Компани бүр ТУЗ-төй. ТУЗ нь шийдвэрээ бие даан гаргадаг бөгөөд бидний зүгээс зөвлөмж, чиглэл өгч ажилладаг. Ний нуугүй хэлэхэд, өнгөрсөн хугацаанд байгууллагын нэгдэл компанийн үйл ажиллагаа төрийн яамны шинжтэй болж ирсэн. Үүнийг алдаа гэж хэлэхгүй ч харж анхаарах ёстой асуудал мөн. Үндсэн чиг үүрэг болох хөрөнгө оруулалт татах, IPO гаргах, баялгийн сан удирдах ажлаас илүүтэйгээр харьяа компаниудын өдөр тутмын асуудалд төвлөрч ирсэн нь бодит байдал. Иймээс хөгжлийн дараагийн шат нь хөрөнгө оруулалт, хөрөнгийн удирдлага, баялгийн сангийн менежментэд төвлөрсөн бүтэц рүү шилжих явдал гэж үзэж байгаа.

-“Чингис хаан Үндэсний баялгийн сан”-гийн удирдлагын чиг үүрэгт дээрх гурван төрлийн орлого бүгд хамрагдах уу. Зөвхөн баялгийн сангийн орлогын хэсгийг л удирдах юм уу?

-Ерөнхийдөө гурван төрлийн орлого бүгд хамрагдана. Гэхдээ цаашдаа менежментийн үйлчилгээний шимтгэлийн орлогоос хэт хамааралтай байхыг багасгах зорилготой байна. Харин шинэ төсөл хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын өгөөж бий болгох, хөрөнгийг үр ашигтай удирдах замаар орлогоо нэмэгдүүлэх чиглэлд илүү төвлөрнө. Жишээлбэл, шинэ төсөл хэрэгжүүлээд хөрөнгө оруулалт татлаа гэж бодъё. Тэр төсөл нь тодорхой хэмжээний өгөөжтэй ажиллах ёстой. Эсвэл төрд ногдож буй 66 хувийн хөрөнгийг үр ашигтай төсөлд хөрөнгө оруулж, тэндээс бий болох өгөөжөөрөө өөрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, харьяа компаниудаа дэмжих боломж бүрдэнэ. Мөн Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрсөн хөрөнгийг хэрхэн өсгөх вэ гэдэг асуудал чухал болж байна. Өнөөдөр иргэдийн дансанд байгаа хуримтлалын дүн ойролцоогоор 306 мянган төгрөг байна. Цаашид энэ хөрөнгийг цаашлаад нэг сая төгрөг болгох вэ гэдэг нь хөрөнгийн удирдлагын гол зорилт байх юм. Өөрөөр хэлбэл, иргэн бүрийн хуримтлал зөвхөн ногдол ашиг хуваарилснаар бус, өгөөжөөр нэмэгдэж байх ёстой гэсэн зарчим руу шилжих гэж байна. Одоогийн тогтолцоонд бид харьяа компаниуддаа үйлдвэрлэл, борлуулалт, ашигт ажиллагаагаа сайжруулах чиглэлээр зөвлөмж өгч, улмаар ногдол ашгийг нэмэгдүүлэх замаар иргэдийн хуримтлалыг өсгөхөд анхаарч ирсэн. Өөрөөр хэлбэл, компаниудын ашиг өсөх тусам иргэдийн хуримтлалын данс дахь мөнгө нэмэгддэг. Харин цаашид үүн дээр нэмээд төвлөрсөн хөрөнгийг санхүүгийн зах зээлийн хэрэгслүүдээр дамжуулан өсгөх боломжуудыг ашиглах шаардлагатай гэж үзэж байна. Үүн дээр Узбекистаны сайн туршлага бий. Тус улс ашигтай ажиллаж буй төрийн өмчит компаниудынхаа тодорхой хувийг нэгтгэн хөрөнгө оруулалтын багц үүсгээд олон улсын зах зээлд санал болгосон байдаг. Улмаар багцаа олон улсын шаардлагад нийцүүлэн сайжруулсны дараа хөрөнгө босгож чадсан туршлага бий. Ийм төрлийн үйл ажиллагааг цаашид “Чингис хаан Үндэсний баялгийн сан” хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр баялгийн сан зөвхөн орлого хуваарилдаг бүтэц биш, харин хөрөнгийг өсгөж, ирээдүйн үнэ цэнийг бий болгодог хөрөнгө оруулалтын байгууллага болж хөгжинө.  Тэгэхээр зөвхөн байгууллагын нэр өөрчлөгдөж байгаа асуудал гэхээс илүү агуулгын томоохон өөрчлөлт гэж харах хэрэгтэй.

-“Чингис хаан Үндэсний баялгийн сан” гэж нэрлэх нь үйл ажиллагааг илүү утга учиртай, том хэмжээнд харахыг илэрхийлээд байна уу?

-“Эрдэнэс Монгол” гэх нь гаднын талд үндсэн үйл ажиллагаа маань бүрэн ойлгогдохгүй байх талтай. Харин “Баялгийн сан” гэдэг нэршил бол олон улсын хэмжээнд нэг ойлголтыг илэрхийлдэг. Энэ нь байгалийн баялгаас бүрдсэн орлого, хөрөнгийг төвлөрүүлж, удирдан өсгөдөг институцийг хэлдэг нийтлэг нэр томьёо юм. “Чингис хаан Үндэсний баялгийн сан” гэж нэрлэснээр гаднын хөрөнгө оруулагчид болон олон улсын түншүүд тухайн байгууллагын чиг үүргийг шууд ойлгох боломжтой. “Чингис хаан” нь мэдээж Монгол Улсын түүх, өв соёлыг илэрхийлсэн, танигдахуйц брэндинг мөн.  Тэгэхээр энэ олон улсын түвшинд ч анхаарал татах, сонирхол төрүүлэх давуу талтай.  Нэг талаас байгууллагын үйл ажиллагааны мөн чанарыг тодорхой илэрхийлж, нөгөө талаас хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, сонирхол татахуйц бүтэц болж байгаа гэсэн үг юм.

- Засгийн газрын баталсан тогтоолын дагуу өөрчлөлт хийхэд хууль, эрх зүйн хувьд ямар нэгэн асуудал гарах уу.  Ямар шинэчлэл шаардлагатай гэж үзэж байна вэ?

- Засгийн газрын тогтоолтой уялдуулан компанийн дүрэмд тодорхой өөрчлөлтүүд оруулж баталсан. Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааны чиглэл, зорилтыг илүү тодорхой болгож өгсөн. Хөрөнгө оруулалтын зарчмаар ажиллах, хөрөнгө удирдах, хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх чиг үүргийг дүрэмд тусгаж өглөө. Харин дунд хугацаанд холбогдох хуулиудад өөрчлөлт орж болно.  Ялангуяа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн зарим зохицуулалтыг шинэчлэх шаардлага үүсэж мэднэ. Үндэсний баялгийн сан нь гурван сангаас бүрдэж байгаа. Ирээдүйн өв сан нь ирээдүй үеийнхэнд зориулан хуримтлал үүсгэдэг. Одоогоор санд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө бий. Хөрөнгийн удирдлагыг нь Монголбанк хэрэгжүүлдэг ч эцсийн өмчлөгч нь төр буюу Сангийн яам байдаг. Иргэдэд зориулсан Хуримтлалын сан бий. Иргэдийн нэрийн дансанд хуримтлагдсан хөрөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг зориулалтаар ашиглана.  Иргэд маань одоогийн хуулиар бол 2030 оноос эхлэн өгөөжөө ашиглана. Үүнээс харахад эдгээр сангуудын удирдлага, зохицуулалт тус тусдаа байгаа.   Цаашид “Чингис хаан Үндэсний баялгийн сан” нь баялгийн өгөөжийг зөвхөн хадгалуулах бус, хөрөнгийн удирдлагыг бүхэлд нь хариуцаж, өгөөжийг нэмэгдүүлэх чиглэл шилжих хэрэгтэй. Иргэний данс дахь 300 гаруй мянган төгрөгийг санхүүгийн үр ашигтай хөрөнгө оруулалтад байршуулж, ирээдүйд өсөн нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой. Хэрэв ийм тогтолцоонд шилжвэл Үндэсний баялгийн сангуудын удирдлагыг төвлөрүүлэн хариуцахтай холбоотой хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг хийх шаардлага гарч болно.

-Баялгийн асуудал дээр манайхан нэлээд улстөрждөг шүү дээ.  Тэр ч утгаараа аливаа өөрчлөлт хийхэд эсэргүүцэлтэй тулгардаг тал бий. Олон жил гацсан, гацаасан төслүүд ч байгаа.  Энэ удаа ямар эсэргүүцэлтэй тулж байна вэ. Танд мэдрэгдэж байна уу?

-Өөрчлөлтүүдийг эхлүүлэх үед эсэргүүцэл, шүүмжлэл гарах нь байдаг. Гэхдээ чиг үүрэг нь давхардсан, шаардлагагүй болсон компаниудыг нэгтгэх эсвэл татан буулгах асуудлыг авч үзвэл нийт системд ноцтой сөрөг үр дагавар гарахгүй гэж үзэж байгаа.  Татан буугдсан компаниуд дээр нэг жишээ хэлье. Өнгөрсөн онд “Зэс боловсруулах үйлдвэр” байгуулагдсан. “Эрдэнэт үйлдвэр” дээр энэ төрлийн бэлтгэл, судалгааны ажлыг олон жил хийж байгаа.  Тиймээс  давхардуулсан бүтэц болсон гэж үзэж “Зэс боловсруулах үйлдвэр”-ийн татан буулгасан.  “Эрдэнэт үйлдвэр” өөрөө энэ төслөө хэрэгжүүлэх нь илүү оновчтой. Ийм зарчмаар 14 орчим компанийг татан буулгах шийдвэр гаргасан. Мөн давхардсан чиг үүрэгтэй туслах нэгжүүдийг нэгтгэх ажлыг хийж байна.  Тус бүрдээ нягтлан, хүний нөөц, хууль, санхүүгийн албатай олон жижиг бүтэц байхын оронд тодорхой хэмжээний төвлөрсөн үйлчилгээний бүтэц байх нь зардлыг бууруулна. Олон улсад ч төвлөрсөн үйлчилгээний нэгжээр дамжуулан туслах үйлчилгээг нэг дороос авах хэлбэр түгээмэл байдаг.  Ажил эрхлэлт, нийгмийн асуудалтай холбоотой олон асуудалд нөлөөлж болох учраас  үүнийг үе шаттай хэрэгжүүлнэ.  Мөн Төрийн өмчит компаниуд өндөр түрээстэй оффисуудад төвлөрөх шаардлагагүй гэж үзэж, боломжтой тохиолдолд төрийн эзэмшлийн байр, эсвэл одоо ашиглагдаж байгаа нөөц байр, талбайг илүү үр ашигтай ашиглах бодлого баримтална. Ингэснээр зардал 30 орчим хувиар багасна. Улаанбаатар дахь төлөөлөгчийн газруудын орон тоог дахин хянаж, үндсэн шаардлагатай ажилтнуудыг үлдээж, ажилтнуудыг орон нутаг, уурхайн талбай дээр төвлөрүүлэх бодлого барина. Үндсэн үйлдвэрлэл уурхай дээр явагддаг тул тэндээ ажиллах нь илүү оновчтой. Эдгээр арга хэмжээг нэгтгэж үзвэл эхний шатанд ойролцоогоор 67 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гаргах боломжтой. Энэ хэмжээний хөрөнгөөр улсын хэмжээнд хэд хэдэн сургууль, цэцэрлэг барьж болно. Энэ бүх өөрчлөлтийг хийхэд Засгийн газрын  манлайлал, улс төрийн шийдвэр гаргах зориг чухал нөлөөтэй. Тэгвэл өөрчлөлтүүд бодит үр дүнд хүрэх боломжтой. Мэдээж энэ нь хялбар процесс биш. Нийгмийн болон хүний нөөцийн хувьд тодорхой сорилтууд бий. Зорилго нь хэн нэгнийг ажилгүй болгох бус, харин илүү оновчтой, үр ашигтай бүтэц рүү шилжих юм.

-Уул уурхайн ажилчдад энэ бодлого нөлөөлөхгүй биз дээ?

-Тийм ээ. Уурхайчид, үйлдвэрлэлийн үндсэн ажилтнуудын хувьд өөрчлөлт, цомхотгол хийх асуудал яригдахгүй. Харин удирдлагын давхардсан бүтэц, олон шат дамжлагатай захиргааны нэгжүүдийн хүрээнд яригдана.  Мөн бүтцийн өөрчлөлтөд орж байгаа хүмүүсийг шууд ажилгүй болгох бус, хувийн хэвшил рүү зуучлах бодлого хэрэгжүүлнэ. Тухайн хүний мэргэжил, ур чадварт тохирсон ажлын байрыг хувийн хэвшлийн байгууллагуудаас олж өгөх зарчим баримтална. Ингэхдээ Үйлдвэрчний эвлэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын байгууллагууд болон Худалдаа, аж үйлдвэрийн танхим зэрэг түнш байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөсөн. Ер нь цаашид манай салбарт ч цахим бодлого маш чухал байна. Олон улсын болон хувийн хэвшлийн томоохон компаниудын туршлагаас харахад бүх үйл ажиллагаагаа цахим системээр удирддаг болсон. Ингэснээр өдөр тутмын жижиг шийдвэр, хяналтыг систем өөрөө гүйцэтгэж, удирдлага илүү стратегийн түвшний шийдвэрт төвлөрөх боломж бүрддэг. Энэ чиглэлд анхаарч ажиллана.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 116 (7858)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Б.Даваадалай: Уурхайн менежментээс баялгийн удирдлагад шилжиж байна

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онц

1 цаг 12 мин
Э.Жононбаярын тухай зарим нийтлэлтэй холбоотой гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлж, түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг нь сэргээх няцаалт хийж байна

ШШГЕГ-ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Янжинл

1 цаг 12 мин
Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн х

1 цаг 12 мин
Б.Бат-Эрдэнэ “тэмээ гэхээр ямаа” гэдэг шиг  Ойн хуулийн төслөө Зөвшөөрлийн хуулиар тайлбарлаад байна

“Тэмээ гэхээр ямаа” гэж санаатайгаар тэс өөр, огт хамааралгүй зүйл ярьж ярианы сэдвийг өөрчлөхөд ашиглагддаг монгол ардын хэлц үг байдаг.

1 цаг 12 мин
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох “Какао Банк”-ны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх

19 цаг 13 мин
О.Номинчимэг:Ж.Энхбаяр сайд цагаандаа гарч тамхины хуульд өөрчлөлт оруул гэдэг албан даалгаврыг Сангийн сайддаа өгч байна

О.Номинчимэг: Ж.Энхбаяр сайд цагаандаа гарч тамхины хуульд өөрчлөлт оруул гэдэг албан даалгаврыг Сангийн сайддаа өгч байна

19 цаг 37 мин
Ирэх сарын 1-нээс хэрэгжих Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн онцлох заалтууд

Ирэх сарын 1-нээс хэрэгжих Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн онцлох заалтууд

21 цаг 39 мин
G7-ийн уулзалт өндөрлөж, хамтарсан мэдэгдэл гаргалаа

Францын Эвиан-ле-Бен хотод "Их долоо" (G7)-ийн дээд хэмжээний уулзалт болж өндөрлөлөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

Байгаль орчны сайд байсан хүн яагаад байгальд халтай хууль санаачилсныг ойлгоход хүнд юм. Тодруулбал, Б

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтцийн шинэчлэлийг баталж, төрийн

Өчигдөр 06 цаг 00 мин